Д.Дуламсүрэн: Гаалийн байгууллага дахь авлигын эрсдлийг тодорхойлохоор ажиллаж байна

A- A A+
Д.Дуламсүрэн: Гаалийн байгууллага дахь авлигын эрсдлийг тодорхойлохоор ажиллаж байна

Авлигатай тэмцэх газраас гаалийн салбарт ээлжит хяналт шалгалтыг оруулсан тухай мэдээлэл өнгөрсөн долоо хоногт гарав. Үүнтэй холбогдуулан Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч, ахлах комиссар Д.Дуламсүрэнтэй дараах асуудлаар тодруулж ярилцав. 

-АТГ-аас гаалийн байгууллагад ажиллаж байгаа гол зорилго чиглэл нь юу вэ? 

-Ерөөсөө 2 зүйлд голлон чиглэж ажиллана. Гаалийн байгууллага дахь эрсдэлтэй ажлын байр, албан тушаалыг эхлээд тодорхойлно. Хаана нь ямар эрсдэл байгааг судалж тогтооно гэсэн үг. Үүний дараа тэдгээр эрсдэлтэй ажлын байр, албан тушаалыг сонгож аваад тэр эрсдлийг бууруулах, арилгах чиглэлээр ямар арга хэмжээ авч болох вэ гэдэгт төвлөрч ажиллана. Энэ ажлыг АТГ гаалийн байгууллагатай хамтарч хийнэ. Тэгэхээр энэ удаад тодорхой нэг хүн, албан тушаалтан, гаалийн байцаагч руу манай үйл ажиллагаа чиглэхгүй, харин эрсдэлтэй ажлын байр, албан тушаал руу нь анхаарч ажиллана гэсэн үг.

Түүнээс гадна нэгэнт илэрсэн хэрэг, зөрчил дутагдлын шалтгаан, нөхцөлийг нь илрүүлж тогтооно. Үүний үндсэн дээр цаашид энэ төрлийн хэрэг, зөрчил дутагдлыг дахин гаргуулахгүй байх чиглэлээр хамтарч ажиллах юм. Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтэс, Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтэс, Судалгаа шинжилгээний албаны ажилтнууд оролцсон ажлын хэсэг Гаалийн ерөнхий газар, Улаанбаатар хотын гаалийн газарт ажиллаж байна.

Ажлын хэсэг гаалийн байгууллагын үйл ажиллагаанд мөрдөгдөж буй дүрэм, журмыг хянаж, хүний нөөцийн томилгоо, сэлгэн ажиллуулж буй үйл явцтай танилцана. Гаалийн байгууллагын албан тушаалтнуудын хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлгийн бүрдүүлэлтэд хяналт шалгалт хийнэ. Улаанбаатар хотын гаалийн газар, түүний харьяа 13 хяналт шалгалтын бүсийн өдөр тутмын үйл ажиллагаа, ажиллаж буй орчин нөхцөл зэрэгтэй биечлэн танилцаж, гаалийн байгууллагын ажилтнууд, үйлчлүүлэгчид, иргэдтэй уулзаж эрсдлийн судалгаа авах, санал сэтгэгдэл сонсох, ажлын байрны зураглал хийх, эрсдэл үүсгэж болзошгүй гадаад хүчин зүйлийг судлан тогтоох, өргөдөл гомдол, мэдээллийг хянан шалгах зэрэг ажлуудыг гүйцэтгэнэ.

-Яагаад гаалийг сонгож авсан юм бэ? Иргэдийн гомдол, мэдээллийн мөрөөр үү? Эсвэл АТГ-ын төлөвлөгөөт ажил юм уу? 

-АТГ-аас хийгддэг “Төрийн байгууллагын шударга байдлын түвшний үнэлгээ”, Авлигын индексийн судалгаа, “Төрийн байгууллагуудын авлигын эсрэг үйл ажиллагааны 2015 оны үнэлгээ”, Азийн сангийн санхүүжилтээр хийгдсэн “Бизнес эрхлэлтийн орчин дахь авлигын шалтгаан, нөхцөлийн судалгаа”-ны дүнтэй холбоотойгоор АТГ-ын 2016 оны үйл ажиллагааны төлөвлөгөөнд төрийн зарим байгууллагад ажиллаж, авлигаас урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх чиглэлээр тусгайлсан арга хэмжээг авч хэрэгжүүлэх, авлигын эсрэг үйл ажиллагааны үр дүнг дээшлүүлэх, энэ чиглэлээр зөвлөх, арга зүйн удирдлагаар хангах, авлигын гэмт хэрэг, зөрчил гарч буй шалтгаан нөхцөлийг тогтоох ажлуудыг хийхээр төлөвлөсөн. Үүний нэг нь гаалийн байгууллага болно. Он гарснаас хойш бид Дорнод, Сэлэнгэ аймаг болон Зам-Үүд дэх гаалийн газруудад ажилласан. Энэ удаад Гаалийн ерөнхий газар, Улаанбаатар хотын гаалийн газарт ажиллаж байна.

-АТГ гаалийн салбар дахь эрсдэлтэй ажлын байр, албан тушаалын судалгаа хийж, байгууллагын эрсдлийг тодорхойлох юм байна. Гааль өөрөө авлигын ихээхэн эрсдэлтэй салбар. Энэ ажлыг хэрхэн хэрэгжүүлэх вэ? 

-АТГ-аас 2015 онд зохион байгуулсан Шударга байдлын судалгааны дүнгээс харахад судалгаанд оролцогчдын 36,8 хувь нь гаалийн байгууллагад авлига тархсан гэж үзсэн байдаг. Судалгааны дүнд үндэслэн гаалийн байгууллага дахь авлигын эрсдлийг тодорхойлох, эдгээр эрсдэлд нөлөөлж буй хүчин зүйлийг тогтоох шаардлагатай. Энэ дагуу гаалийн байгууллагатай хамтран дээрх судалгааг зохион байгуулан ажиллаж байна. Судалгааны хүрээнд гаалийн байгууллагад ажиллаж байгаа албан хаагчид, мөн түүнчлэн гаалийн байгууллагаас үйлчилгээ авч буй иргэд, аж ахуйн нэгж, байгууллагын төлөөллийг асуулгын судалгаанд хамруулж байна.

-Гаалийн байцаагчдыг сэлгэн ажиллуулах нөхцөл байдлыг судалж үзэх юм байна. Сэлгэн ажиллуулахтай холбоотой гомдол, санал нэлээд гардаг бололтой. Тухайлбал, Замын-Үүдийн гааль руу гаалийн байцаагчдыг шагналын журмаар томилдог гэсэн яриа хүртэл бий. Энэ тал дээр АТГ ямар ажил зохион байгуулах вэ? Хэрвээ ийм үзэгдэл байгаа бол үүнийг яаж таслан зогсоох боломжтой вэ?

-Гаалийн байцаагчийг томилох, сэлгэн ажиллуулахтай холбоотой тушаал, шийдвэр олон гарсан, үүнтэй холбоотой гомдол, санал ч багагүй байдаг бололтой. Гаалийн байгууллагаас гаргаж өгсөн судалгаагаар давхардсан тоогоор 2015 онд 482, 2016 онд 314 гаалийн улсын байцаагчийг сэлгэн ажиллуулжээ. Ийм учраас бид энэ асуудлыг зохицуулж, одоо байгаа дүрэм, журам, тэдгээрийн хэрэгжилттэй газар дээр нь танилцаж ажиллана. Боловсон хүчнийг сонгон шалгаруулах, сэлгэн ажиллуулахад баримталдаг шалгуур үзүүлэлт юу байна, энэ нь өөрөө гаалийн байцаагчийн авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх арга хэрэгсэл болж чаддаг эсэх, эсвэл хэн нэг албан тушаалтны хувийн үзэмжээр шийдэгдэж байна уу гэдгийг тусгайлсан судалгааны үндсэн дээр илрүүлэн тогтоож зохих арга хэмжээ авах, урьдчилан сэргийлэх асуудлаар Зөвлөмж хүргүүлнэ.

Харин олон нийтийн дунд “Замын-Үүдийн гааль руу гаалийн байцаагчдыг шагналын журмаар томилдог” гэх яриа бодит байдалд нийцэх эсэхэд хараахан дүгнэлт хийх боломжгүй. Авлигын эрсдэл бүхий ажлын байранд нийтийн албан хаагчдыг тодорхой хугацаанд сэлгэн ажиллуулах нь авлигаас урьдчилан сэргийлэх нэг арга хэрэгсэл мөн, албан хаагч тухайн ажлын байран дээр байнга ажиллах бус, хэдий хугацаанд ажиллаад өөр ажлын байранд очиж ажиллах ёстой гэдгээ мэддэг, тодорхой шалгууртай, энэ нь хууль тогтоомжид нийцсэн байх ёстой.

-Шалгалтын үр дүнг яаж тооцох вэ? АТГ дараагийн удаад ямар байгууллагад ажиллах вэ?

-Гаалийн байгууллагад ажиллах үед илэрсэн зөрчил дутагдал, гарсан санал гомдол, эрсдэл үүсгэж буй шалтгаан нөхцөл, хүндрэл бэрхшээлтэй асуудлуудыг Гаалийн ерөнхий газрын удирдлагад танилцуулж, зөвлөмж хүргүүлэхийн зэрэгцээ цаашид зарим ажил, арга хэмжээг хамтран зохион байгуулж, гаалийн байгууллагын хамт олон, иргэд, олон нийтэд мэдээлснээр тодорхой үр дүн гарна гэдэгт итгэж байна.

Авлигаас урьдчилан сэргийлэх үйл ажиллагааны үр дүнг сайжруулах, хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангуулах, арга зүйн туслалцаа үзүүлэх чиглэлээр энэ ажил үргэлжилнэ. Дараагийн удаа ШШБЕГ, Нийслэлийн шийдвэр гүйцэтгэлийн алба, Эрүүл мэндийн яам, Нийслэлийн эрүүл мэндийн газар, түүний харьяа эрүүл мэндийн төвүүд гээд хэд хэдэн байгууллагад очиж ажиллана.

 Т.ТУНАМАЛ