ГАДААДЫН ХЭВЛЭЛ, МЭДЭЭЛЛИЙН ХЭРЭГСЭЛ, ВЕБ САЙТАД НИЙТЛЭГДСЭН МЭДЭЭ, НИЙТЛЭЛ, ҮЙЛ ЯВДЛЫН ТОЙМ /2016.09.10-16/

A- A A+
ГАДААДЫН ХЭВЛЭЛ, МЭДЭЭЛЛИЙН ХЭРЭГСЭЛ, ВЕБ САЙТАД НИЙТЛЭГДСЭН МЭДЭЭ, НИЙТЛЭЛ, ҮЙЛ ЯВДЛЫН ТОЙМ /2016.09.10-16/

Тянжин хотын захирагч авлигын хэрэгт татагдав

Гардиан. 2016.09.10. Хятадын хойд хэсгийн гол боомт хот болох Тянжингийн захирагч Хуанг Шингуо авлигын хэрэгт сэжиглэгдэн байцаагдаж байгаа талаар Хятадын Коммунист намын Сахилгын хэргийг хянан байцаах төв комиссоос мэдээлэв. Тянжин хотын даргаар 2008 онд томилогдсон тэрээр мөн тус хотын намын даргын үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж байгаа юм. Сахилгын хорооноос түүний талаар намын сахилга батыг ноцтой байдлаар зөрчсөн гэж тайлбарлаж байгаа бөгөөд энэ нь авлигын хэрэгт шалгагдаж байгааг илэрхийлсэн нэр томьёо ажээ.

Тянжин хот нь мужийн зэрэглэл бүхий 4 хотын нэг бөгөөд бусад нь Бээжин, Шанхай, Чунцин хотууд юм.

Эх сурвалж: https://www.theguardian.com/world/2016/sep/11/tianjin-mayor-accused-corruption-china

Бразилийн хамгийн хүчирхэг бөгөөд хамгийн авлигач улс төрчийн бүрэн эрх дуусгавар боллоо

Форбс. 2016.09.12. Өөрийн орны улс төрийн тогтолцоон дахь авлигын нөхцөл байдалд санаа зовнидог бразилчуудын хувьд баяр хөөрт автах нэг шалтгаан гарч ирсэн нь тус улсын хамгийн их авлигад автсан улс төрч гэж олон хүний тооцдог Эдуардо Куяны бүрэн эрхийн хугацаа дуусгавар болсон явдал юм.

Бразилийн Дээд шүүх энэ оны 5 дугаар сард түүнийг Үндэсний Конгрессийн доод танхим болох Депутатуудын танхимын Ерөнхийлөгчийн албан тушаалаас огцруулах шийдвэр гаргаж байсан юм. Өнгөрсөн шөнө Парламентын дээд танхим болох Конгрессийн гишүүдийн дунд явуулсан санал хураалтаар 450 конгрессийн гишүүн түүний парламентын гишүүний бүрэн эрхийг зогсоохоор санал өгч, ердөө 10 гишүүн түүний бүрэн эрхийг хэвээр үлдээх санал гаргажээ. Куян Швейцарийн банкинд эзэмшдэг оффшор дансныхаа талаар худал хэлсэн болох нь саяхан илэрсэн бөгөөд өөрийн эхнэрийн данс гэж мэлзсэн байна.

Куяны парламентын гишүүний бүрэн эрхийг ийнхүү цуцалсан явдал нь Бразил дахь авлигын эсрэг тэмцэл шинэ үе шатандаа орсны илэрхийлэл байж болох юм. Куяныг дэмжигч цөөн тооны хүмүүс түүнтэй холбоотой асуудлыг хуулийн дагуу бус харин олон нийтийн санал асуулгын дагуу шийдвэрлэх ёстой гэж мэдэгдэж байгаа бөгөөд яг ийм саналыг саяхан суудлаасаа огцорсон ерөнхийлөгч асан Дилма Руссефийг дэмжигчид гаргаж байсан билээ.

Эх сурвалж: http://www.forbes.com/sites/shannonsims/2016/09/12/brazils-most-powerful-and-corrupt-politician-just-went-down/#68a2ca7212b6

Дараагийн 20 жилд хээл хахуулийг устгана гэж Тайландын Ерөнхий сайд мэдэгдэв

Бангкок Пост. 2016.09.12. Тайланд Улс дараагийн 20 жилд авлигаас ангид байх болно гэж тус улсын Ерөнхий Сайд Прают Чан-о-ча мэдэгдэв. Авлигын эсрэг үндэсний өдрөөр зохион байгуулсан цуглаан дээр хэлсэн үгэндээ Ерөнхий сайд авлигын эсрэг урт хугацааны стратегийн төлөвлөөг хэрэгжүүлж эхэлснээ зарлажээ.

Энэхүү төлөвлөгөө нь нилээд тооны салбар хүрээг хамарч байгаа бөгөөд жишээлбэл дунд сургуулийн сурагчид, оюутнуудын дунд авлигын талаар ойлголт, мэдлэг олгох арга хэмжээ зохион байгуулахаас авахуулаад авлигаас урьдчилан сэргийлэх, авлигын гэмт хэрэгт ял шийтгэл оноох арга хэрэгслийг сайжруулах арга хэмжээ авах зэрэг үйл ажиллагаа багтаж байна.

Тайландын Авлигатай тэмцэх газраас нийт ард иргэдэд хандан авлигын эсрэг тэмцэлд иргэн хүнийхээ хувьд идэвхтэй оролцохыг уриалав.

Эх сурвалж: http://www.bangkokpost.com/news/politics/1083820/no-graft-in-20-years-says-pm

Элсэн чихрийн нөлөөлөлтэй холбоотой судалгааны үр дүнд авлига нөлөөлж байжээ

Инквиситр. 2016.09.13. Элсэн чихрийн үйлдвэрлэлийн салбарт үйл ажиллагаа явуулдаг компаниуд 1960-аад оноос эхлэн элсэн чихэр хэрэглэсний улмаас гарч болох хор уршгийг нуун дарагдуулахын тулд хүний биед үзүүлэх элсэн чихрийн нөлөөллийн талаарх судалгааг санхүүжүүлж байсан нь одоо Элсэн чихрийн Ассоциац гэж нэрлэгдэх болсон бөгөөд тухайн үедээ Элсэн чихрийн судалгааны сан нэртэй байсан байгууллагын дотоод бичиг баримтуудад тусгагдсан байна. Эдгээр бичиг баримт саяхан нийтэд илэрхий болжээ. Зүрхний судасны өвчлөлд нөлөөлөх элсэн чихрийн үүргийг багасгаж, өөх тосны хэрэглээний үр дагаварт анхаарал хандуулах зорилготой судалгааг элсэн чихрийн үйлдвэрлэл эрхлэгчид санхүүжүүлж байжээ.

Нэр хүнд бүхий анагаах ухааны сэтгүүл болох Шинэ Английн Анагаах Ухааны Сэтгүүлд 1967 онд үр дүн нь нийтлэгдсэн нэгэн судалгааг Харвардын эрдэмтэд хийсэн бөгөөд санхүүжүүлэгч нь Элсэн чихрийн судалгааны сан байжээ. Энэ судалгаагаар зүрх судасны өвчлөлтэй холбоотой эрдэм шинжилгээний олон тооны туршилт, судалгааны үр дүнг шинжлэн дүгнэсэн. Судалгааны эцэст зүрх судасны өвчлөлд өөх тосны хэрэглээ хамгийн их сөрөг үр дагавартай гэж дүгнээд элсэн чихрийн хэрэглээний үр дагаварыг нилээд багасгажээ. Элсэн чихэр үйлдвэрлэгчид энэ судалгааны санхүүжүүлэгч нь байсан талаар огт мэдэгдэлгүй өнгөрсөн юм. Судалгаанд зориулж бараг 50 мянган доллар төлсөн нь одоо илэрхий болжээ.

Эх сурвалж: http://www.inquisitr.com/3507364/sugar-research-tainted-by-industry-curruption/

Хятадын цахилгааны машины үйлдвэрлэлийн салбар авлигын хэрэг явдалд доргиж байна

Куйнт. Ассошиэтэд Пресс. 2016.09.13. Таван компани огт үйлдвэрлээгүй автобусны төлөө олон сая долларыг хармаалсан нь баригдсанаар Хятадын өргөжин тэлж буй цахилгаан машины үйлдвэрлэл цочролд ороод байна. Цахилгааны машины үйлдвэрлэл нь Бээжингийн технологийн салбарын тэргүүлэх чиглэлүүдийн нэг билээ.

Хятадын Санхүүгийн Сайдын мэдэгдсэнээр цахилгаан машин үйлдвэрлэгчдэд засгийн газраас өгч байсан дэмжлэгийн мөнгөнөөс нийтдээ 1 тэрбум юань буюу 120 сая ам.долларыг дээрх таван компани хууран мэхлэх замаар авсан болох нь илэрч торгууль төлсөн байна. Сайдын хэлснээр ийм үйл ажиллагаа нилээд түгээмэл байж болзошгүй бөгөөд цаана нь өөр олон компани байгааг үгүйсгэхгүй гэжээ.

Нэр нь үл мэдэгдэх эх сурвалж дээр үндэслэн хятадын хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээлж байгаагаар нийт 72 компани, үүнд Ниссан Мотор компани, Хьюндай Мотор компани зэрэг гадаадын компаниуд болон Чери, Гийли зэрэг автомашин үйлдвэрлэгч дотоодын томоохон компаниуд мөн сэжиглэгдэж байгаа аж. Эдгээр компанийн удирдлагыг эрүүгийн гэмт хэрэгт татах эсэх талаар засгийн газраас ямар нэг мэдэгдэл хийгээгүй байна. Хятадын Сангийн сайд 90 компани энэ хэрэгт шалгагдаж байгаа гэж хэлсэн ч тодорхой нэр дурдсангүй.

Авлига ардчиллыг сааруулж байгааг судалгааны дүн харуулж байна

Темпо Ко. Жакарта. 2016.09.13. Индонезийн Стратеги, Олон Улсын судалгааны төвийн Улс төр, олон улсын харилцааны газрын дарга Виндхяндика Д.Перкасагийн батлан хэлж байгаагаар Индонезийн ардчиллын хөгжлийг боомилж байгаа гурван хүчин зүйл бол авлига, эдийн засгийн тэгш бус байдал, шударга бус сонгууль ажээ.

Тус байгууллагаас саяхан зохион байгуулсан судалгаанд оролцогчдын 16 хувь нь Индонезийн ардчилалын нөхцөл байдал тун тааруу байна гэж үзсэн бөгөөд шалтгааныг нь шүүхийн муу тогтолцоо болон хуулийн хэрэгжилт сул байгаатай холбон үзжээ.

Эх сурвалж: http://en.tempo.co/read/news/2016/09/13/055803835/Corruption-Bars-Democracy-CSIS-Survey-Says

Гватемал Улсын Ерөнхийлөгчийн хүү болон дүү нь авлигын хэрэгт холбогдов

Ассошиэтэд Пресс. Гватемал хот. 2016.09.13. Гватемал Улсын Ерөнхийлөгч Жимми Моралэсын хүү Хосэ Мануэл Моралэс болон дүү Самуэл Эвэрардо Моралэс нар төрийн сангийн хөрөнгийг зүй бусаар ашигласан гэмт хэрэгт холбогджээ. Ерөнхийлөгчийн ард түмэндээ хандаж хийсэн мэдэгдэлд тэднийг Ерөнхий прокурорын газар дээр биечлэн очиж мэдүүлэг өгсөн болон ямар гэмт хэрэгт холбогдсон талаар дурдсан байна.

Гватемалын Ерөнхий Прокурорын газартай хамтран тус улс дахь өндөр түвшний авлигын хэргийг мөрдөн шалгаж байгаа олон улсын хороо төрийн өмчийг хууль бусаар ашигласан энэхүү хэрэг дээр нийт 22 хүнийг баривчилжээ. Ерөнхийлөгчөөс өөрийн эхнэрийг байлцуулан олон нийтэд хийсэн мэдэгдэлд мөн тэдний хүү нь прокурорт мэдүүлэг өгөхийн тулд гадаадаас буцаж ирсэн тухай дурдсан байна.

Эх сурвалж: http://abcnews.go.com/International/wireStory/son-brother-guatemalas-president-corruption-case-42071000

Өмнөд Суданы сонины газар авлигын талаар мэдээлэл бичсэнийхээ дараа хаагдав

БомонЕнтерпрайз. Жуба. 2016.09.14. Өмнөд Судан Улсын төрийн өндөр албан тушаалтнуудын холбогдсон авлигын талаарх нийтлэлийг тэргүүн нүүрэндээ гаргасан Нейшн Миррор сонины газрыг засгийн газрын шийдвэрээр хаажээ. Өөрийн цахим хуудас болон өдөр бүр 3 мянган хувь хэвлэгдэн гардаг сонингоороо дамжуулан олон нийтэд дуу хоолойгоо хүргэдэг тус хэвлэлийн газрын эрхлэгч Аурэлиус Саймон Чойэ хэлэхдээ Үндэсний Аюулгүй Байдлын газраас засгийн газрын шийдвэрийн үндэслэлийг тайлбарлаж өгөөгүй гэжээ.

Өмнөд Судан Улсын Хэвлэл мэдээллийн Сайд болон Засгийн газрын хэвлэлийн төлөөлөгч нар энэ асуудалтай холбогдуулан ямар нэг тайлбар одоогоор өгөөгүй байна.

Нийтлэлд тус улсын Ерөнхийлөгч Салва Кийр, дэд ерөнхийлөгч асан Риек Мачар нар болон тэдэнд ойр байдаг хүмүүс төрийн хөрөнгөөр гадаад улс оронд өндөр зэрэглэлийн автомашин, компаниудын хувьцаа, тансаг орон сууцууд хувьдаа худалдан авах замаар улс орноо тонон дээрэмдэж байгаа талаар өгүүлсэн юм.

2015 онд Өмнөд Суданд ажиллаж байсан 5 сэтгүүлч амь насаа алдсан талаар АНУ-д төвтэй Сэтгүүлчдийг хамгаалах хороо ТББ-аас мэдээлээд байна.

Эх сурвалж: http://www.beaumontenterprise.com/news/world/article/South-Sudan-newspaper-shut-down-after-corruption-9222366.php

Мумбай: Хүнс, эмийн хяналтын газрын албан тушаалтан хээл хахууль авч байгаад баригдав

Индиан Экпрес. Мумбай. 2016.09.15. Энэтхэг Улсын Хүнс, эмийн хяналтын газрын Бандра дахь салбарын орлогч дарга Правин Мундада өөрийн ажлын байран дээрээ хээл хахууль авч байхад нь Авлигатай тэмцэх товчооны ажилтнууд баривчилжээ. Зөвшөөрлийн лиценз нь хүчингүй болсон эмийн сангийн эзэн түүнд 40 мянган рупи санал болгосон байна. Энэ мөнгийг авч байхад нь түүнийг үйлдэл дээр нь барьсан бөгөөд Мундада өмнө нь хоёр удаа байгууллагын дотоод хяналтаар шалгагдаж авлигатай холбоотой асуудлаар нэг удаа ажлаасаа түр чөлөөлөгдөж байв.

Эх сурвалж: http://indianexpress.com/article/mumbai/mumbai-food-and-drug-administration-official-caught-accepting-bribe-3031621/

Сингапурын 2 иргэн АНУ-ын Тэнгисийн Цэргийн Хүчний авлигын хэрэгт буруутгагдав

Войс оф Америка. 2016.09.15. Сингапурт төвтэй Гленн Дефенс Марин Асиа компанийн захирлууд болох Нэйл Петерсон, Линда Ража нарыг бараа бүтээгдэхүүн нийлүүлсэн тухай хуурамч баримт материал бүрдүүлэх замаар АНУ-ын Тэнгисийн Цэргийн Хүчинд 5 сая гаруй долларын хохирол учруулсан хэрэгт буруутгаж байна. Тэднийг АНУ-ын Засгийн газрын хүсэлтээр Сингапурын холбогдох албаныхан баривчлан саатуулжээ.

Гленн Дефенс Марин Асиа компанийн гүйцэтгэх захирал Леонард Франфис нууц мэдээлэл олж авахын тулд АНУ-ын Тэнгисийн Цэргийн дээд тушаалын офицеруудад 500 мянган ам.долларын бэлэн мөнгө өгөх, биеэ үнэлэгчдээр үйлчлэх, тансаг зочид буудлын өрөөний төлбөрийг даах болон янз бүрийн үнэтэй бэлэг өгөх хэлбэрээр хээл хахууль өгч байсан хэргээ хүлээж гэм буруугаа зөвшөөрсөн бөгөөд одоо ялаа сонсохоор хүлээж байгаа юм. АНУ-ын Тэнгисийн Цэргийн 11 офицер болон бусад 5 хүн мөрдөн байцаалтын шатанд байцаагдаж байгаа бөгөөд хамгийн өндөр албан тушаалтан нь АНУ-ын Тэнгисийн Цэргийн Дэд Адмирал Роберт Гилбо болоод байна.

Эх сурвалж: http://www.voanews.com/a/two-singaporeans-indicted-us-navy-bribery-case/3511028.html

Европын Холбооноос Украйнд хэрэгжүүлэх авлигатай тэмцэх хөтөлбөрийг Дани Улс гардан зохион байгуулна

Фокс Ньюс. Копенхаген. 2016.09.15. Европын Холбооноос Украйн Улсад авлигатай тэмцэх чиглэлээр хэрэгжүүлэх 16 сая долларын хөтөлбөрийг удирдах улс орноор Дани Улс сонгогдсон талаар Данийн Гадаад Хэргийн сайд Кристиан Женсен мэдэгдэв. Тэрээр Европын Холбооны Тэлэлтийн Бодлого хариуцсан Комиссар Иоханнес Ханы хамт Киевт удахгүй очиж энэ асуудлаар албан ёсны мэдэгдэл хийнэ.

Авлига нь Украйн Улсын хувьд туйлын хүндрэлтэй асуудал болж, бизнесийн үйл ажиллагаа болон ард иргэдийн өдөр тутмын аж амьдралд бэрхшээл үүсгэж байгааг Женсен цохон тэмдэглээд Дани Улс 2015 оны авлигын төсөөллийн индексээр хамгийн бага авлигатай орноор шалгарсныхаа хувьд энэхүү жагсаалтын 130-д орсон Украйнд туслах үнэнхүү хүсэл эрмэлзэлтэй байна гэлээ.

Эх сурвалж: http://www.foxnews.com/world/2016/09/15/danes-chosen-to-lead-eu-fight-against-corruption-in-ukraine.html

СУДАЛГАА ШИНЖИЛГЭЭНИЙ АЛБА