ГАДААДЫН ХЭВЛЭЛ, МЭДЭЭЛЛИЙН ХЭРЭГСЭЛ, ВЕБ САЙТАД НИЙТЛЭГДСЭН МЭДЭЭ, НИЙТЛЭЛ, ҮЙЛ ЯВДЛЫН ТОЙМ /2016.09.18-23/

A- A A+
ГАДААДЫН ХЭВЛЭЛ, МЭДЭЭЛЛИЙН ХЭРЭГСЭЛ, ВЕБ САЙТАД НИЙТЛЭГДСЭН МЭДЭЭ, НИЙТЛЭЛ, ҮЙЛ ЯВДЛЫН ТОЙМ /2016.09.18-23/

Баруун Африкийн орнуудын авлигатай тэмцэх хурал Либер Улсад болж байна (20.09.2016)

Монровиа. Даваа гарагт Либер Улсын нийслэл Монровиад авлигатай тэмцэх байгууллагын албан тушаалтнууд, цагдаагийн ажилтнууд, хууль боловсруулагчид гэх мэт 60 орчим албаны хүмүүс цуглан Баруун Африкийн улсуудад авлигатай тэмцэх ажлыг хэрхэн идэвхжүүлэх талаар уулзалт ярилцлага хийжээ. Эдгээр нь Баруун Африкийн авлигатай тэмцэх байгууллагын сүлжээний (БААТБС) гишүүн улсын төлөөлөгчид юм. Хууль тогтоомж сул, эсхүл авлигыг илчилж байгаа иргэдийг хамгаалах тогтвортой бодлого байхгүй байгаа нь авлигад нөлөөлж байна хэмээн уулзалтад орлцогчид онцолжээ. Улс төрийн хүчнүүдийн авлигатай тэмцэх хүсэл эрмэлзэл бага, хууль тогтоомж сул байгаа нь авлигатай тэмцэх ажлын гол асуудал болоод байна хэмээн Нигер Улсын Ёс зүйн хорооны мониторинг, мөрдөн шалгах болон тагнуулын хэлтсийн дарга Агом-Тор Нгутша тэмдэглэжээ. БААТБС-ийн орнуудаас Гана Улс “шүгэл үлээгч”-ийг хамгаалах маш сайн хуультайг Либерийн Авлигатай тэмцэх хорооны дарга Жайм Вердиер онцолсон байна. НҮБ-ын Хар тамхи, мансууруулах бодис, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх газрын Баруун болон Төв Африкийн бүсийн газрын авлигатай тэмцэх чиглэлийн зөвлөх Самуэл Де Жагери “Анадолу агентлаг”-т өгсөн ярилцлагадаа “гүйцэтгэх болон хууль тогтоох засаглалын авлигад автсан байж болзошгүй хүмүүсээс авлигатай тэмцэх байгууллагууд хамааралтай байх тутам авлигатай тэмцэх үйл ажиллагаа сул байна. Иймд авлигатай тэмцэх ажлыг эрчимжүүлэхийн тулд авлигатай тэмцэх чиг үүрэг бүхий байгууллагуудын бие даасан, хараат бус байдлыг бий болгосон хууль эрх зүйн орчныг бүрдүүлэхэд шийдвэр гаргах түвшний хүмүүсийн анхаарлыг хандуулах нь чухал юм” гэжээ. Авлигатай тэмцэх байгууллагын хараат бус, бие даасан үйл ажиллагаа нь уулзалтын гол асуудлуудын нэг байв.

Эх сурвалж: http://www.worldbulletin.net/africa/177555/liberia-hosts-west-african-anti-corruption-forum 

Олон улсын валютын сангаас Украин Улс дахь авлигын түвшнээс болж тус улсад үзүүлэх тусламжийн асуудалд хүндрэл гарч болзошгүй (20.09.2016).

Киев. Европдоо хамгийн ихээр авлигад автсан улс бол Украин Улс аж. Яагаад ямар нэг томоохон албан тушаалтныг авлигын хэрэгт баривчлахгүй байгаа тухай асуултад Украин Улсын Ерөнхий сайд Гройсман “жижигхэн дэгээгээр том загасыг барьж чадахгүй биздээ” хэмээн хариулжээ. Мөн энэ талаар Украины Ерөнхийлөгч Петр Порошенкогийн эргэн тойрныхон авлигад ихээр автсан учир хэмээн Порошенкогийн намаас сонгогдсон депутат Сергей Лешенко үзэж байна. Тэрээр украины удирдлага авлигатай тэмцэх хүсэл эрмэлзэл сул гэжээ. Ерөнхийлөгч Порошенко энэ 7 хоногт НҮБ-ын Ерөнхий ассамблейн чуулганд оролцоно. Ингэхдээ Владимир Путиныг Украин Улсын дотоод нөхцөл байдлыг тогтворгүй байдалд оруулж, ОХУ-ын парламентын сонгуулийг “Кремлийн эзлэн авсан” Крымд хүртэл явуулж буй талаар гомдол мэдүүлнэ хэмээн ажиглагчид үзэж байна. Ерөнхийлөгч Порошенко авлигын асуудалд холбогдоогүй хэдий ч Ерөнхийлөгч Барак Обаматай Нью-Йоркт хийх уулзалтын үеэр авлигын асуудал ярилцах гол сэдвийн нэг байх юм. АНУ-ын дэд ерөнхийлөгч Жо Байден урьд нь тус улсыг авлига “яг хавдар шиг” идэж байгаа нь олон улсын тусламжийг эрсдэлд оруулж байна хэмээн онцолж байжээ. Транспарэнси интернэшнл байгууллагын Авлигын төсөөллийн индексээр Украин Улс хамгийн доогуур байр эзэлдэг хэдий ч авлигын асуудалтай тэмцэх чиглэлээр дорвитой арга хэмжээ авахгүй байгаад өрнөдийн дипломатчид ундууцдаг аж. Ерөнхийлөгч Виктор Януковичийг огцруулсан хувьсгал болоод хоёр жил өнгөрсөн ч энэ чиглэлээр ямар ч ахиц гарахгүй байгааг тэд анхааруулж байна. Энэ оны 2 дугаар сард тус улсын Засгийн газарт авлигатай хийх тэмцэл болон эдийн засгийн шинэчлэлийг эрчимжүүлэх үүрэг өгч түр зогсоогоод байсан Олон улсын валютын сангийн тусламжийн хэмжээг нэмж нэг тэрбум ам.доллар болгохооор болсон байна.

Тус улсад өгөх тусламжийг нэмсэн нь Олон улсын валютын сан болон дэлхий дахин Украин Улсад шинэчлэл явагдаж энэхүү шинэчлэлийн үйл явц зөв чиг хандлагатай байгааг хүлээн зөвшөөрсний илэрхийлэл хэмээн Ерөнхийлөгч Порошенко мэдэгдсэн байна. Гэвч Украин Улс бүх нөхцлийг хангаагүй, эдгээрийг зайлшгүй хангах ёстой хэмээн ОУВС-ийн гүйцэтгэх зөвлөл тэмдэглэжээ. Харин Украин Улс ОХУ-д 3 тэрбум ам.долларын өртэй тул ОУВС-ийн тусламжийн хэмжээг нэмж буйд ОХУ шүүмжлэлтэй хандаж байгаа аж. “Зохих дүрэм журмыг зөрчиж байна” хэмээн ОХУ-ын Сангийн сайд Силуанов мэдэгдсэн юм. Нэхэмжилж буй үнийн дүнтэй украины тал санал нийлэхгүй байгаа бөгөөд уг асуудлыг ирэх 1 дүгээр сард Лондонд болох шүүх хурлаар эцэслэх аж.

Түүнчлэн Европын Холбооноос тус улсад авлигатай тэмцэх чиглэлээр гурван жилийн хугацаатай 17.5 тэрбум ам.долларын шинэ хөтөлбөр хэрэгжүүлэхээр болсныг Дани Улсын Гадаад хэргийн сайд Кристиан Женсен Ялтагийн Европын Стратеги бага хурлын үеэр мэдэгдсэн байна. Бага хурлын үеэр авлига, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж буй асуудлын талаар Гройсман, Лешенко нар онцлон тэмдэглэсэн аж. Украины болон олон улсын 200 гаруй нийгмийн зүтгэлтнүүд оролцсон тус бага хурлын үеэр Украин Улсын Засгийн газар авлигатай тэмцэж буй эсэхийг тодруулахад зөвхөн хоёр хүн хүлээн зөвшөөрч гараа өргөсөн байна. Януковичийг огцорсноос хойш чинээлэг бизнес эрхлэгч, томоохон улс төрч хүн авлигын асуудалд шалгагдаагүй гэдгийг хүлээн зөвшөөрсөн хоёр дахь Ерөнхий сайд бол Гройсман юм. Өнгөрсөн жил Ерөнхий сайд асан Арсений Ярсенюк мөн үүнийг хүлээн зөвшөөрч байсан юм. Нэр нөлөө бүхий хүмүүсийг шалгадаггүй, шалгасан ч хэрэгсэхгүй болгосоор байна. Байгаль орчны сайд асан Микола Злочевскийгийн 23 сая ам.долларын хөрөнгийг өнгөрсөн жил Лондонд царцаасныг АНУ-ын Элчин сайд асан Жефри Пят олон нийтэд дэлгэж байсан. Гэтэл Ерөнхий прокурор Виктор Щукин Злочевскийг буруутгах ямар нэгэн асуудал алга байна гээд буцаан олгосон юм. Европын холбоо болон АНУ-ын шахалтаар Ерөнхийлөгч Порошенко Щукиныг долоон сарын өмнө огцруулсан. Гүн гүнзгийн бохирдсон системд эрс шийдэмгий арга хэмжээ авч хэрэгжүүлэх шаардлагатай байдаг хэмээн Варшавын гэрээний орнуудын шинэчлэлийн үйл ажиллагаанд чухал үүрэг гүйцэтгэсэн Шведийн нэрт эдийн засагч Андерс Аслунд бага хуралд оролцогчдод хандан хэлжээ. Гүрж Улс шиг бүгдийг халаад нэр цэвэр албан хаагчдыг шинээр авч ажиллуулах хэрэгтэй. Сүүлийн 5 жил нэг ч томоохон албан тушаалтныг шалгаж шүүхээр шийдвэрлээгүй байна. Шүүгчдийн зөвхөн 5 хувийг шударга гэж иргэд үзсэн байна. “Прокурорын ерөнхий газрыг дээрээс нь доош нь цэвэрлэх шаардлагатай. Гэтэл тэд үүнийг хийхгүй байна” хэмээн Прокурорын Ерөнхий газрын дэд дарга асан одоо Транспарэнси интернэшнл байгууллагад ажилладаг Виталий Каско хэлсэн байна.

Эх сурвалж: http://www.independent.co.uk/news/world/europe/corruption-overshadows-ukraine-imf-aid-bailout-a7317066.html

Лотте группын тэргүүнийг авлигын асуудалд холбогдуулсан байна (20.09.2016).

Сөүл. БНСУ-д хэмжээгээрээ 5 дугаарт тооцогдох томоохон үйлдвэрлэгч Лотте группын тэргүүн Шин Донг-биныг прокурорын байгууллагаас авлигын асуудалд холбогдуулан дуудсан байна. Сөүлийн прокурорын байгууллагаас 61 настай бизнес эрхлэгчийг хөрөнгө шамшигдуулсан хэрэгт сэжигтнээр тооцохоор дуудсан аж. Нийслэлийн прокурорын газрын үүдэнд тэрээр сэтгүүлчдэд хандан хүлцэл өчөөд, шалгах ажиллагаанд дэмжлэг үзүүлэхээ мэдэгдсэн байна. Харин прокурорын байгууллагаас түүнд холбогдуулаад байгаа асуудалд ямар нэгэн тайлбар өгөхөөс татгалзсан байна. Компани нэгдэх, худалдан авах ажиллагааны явцад хувьцааг зах зээлийн үнээс доогуур үнээр борлуулсан асуудалд түүнийг буруутгаад байгаа бөгөөд жил бүр 10 тэрбум вон буюу 8.88 сая ам долларын хөрөнгө шамшигдуулсан байж болзошгүй хэмээн үзэж прокурорууд шалгаж байгаа аж. 6 дугаар сард эхэлсэн шалгалтын явцад тус группын томоохон албан тушаалтнуудыг авлигын сүлжээнд холбоотой гэж сэжиглээд байна. Энэ сарын эхээр Шин Донг-бины ах Донг-жуг Лотте группын салбаруудаас хэдэн тэрбум вон шамшигдуулсантай холбогдуулан мөн шалгасан аж. Дараа нь прокурорууд ах дүү хоёрын эцэг буюу Лотте группыг үүсгэн байгуулагч Шин Кук-хогоос тайлбар, мэдүүлэг авсан байна. Лотте групп нь БНСУ болон Япон Улсад бизнес эрхэлдэг. Өнгөрсөн жилээс эхлэн ах, дүү хоёр эрх мэдлийн төлөө зөрчилдөж уг компанид асуудал үүсээд байсан. Өнгөрсөн 3 дугаар сард болсон хувьцаа эзэмшигчдийн хурлаар ах дүү хоёрын зөрчилдөөн нэг тийш болж одоогийн удирдлага буюу Шин Донг-биныг ихэнхи хувьцаа эзэмшигч дэмжсэн юм.

Эх сурвалж: http://www.koreaherald.com/view.php?ud=20160920000263

Аргенти Улсын Ерөнхийлөгч Маурисио Макри оффшор бүсэд хэд хэдэн компанитай байж болзошгүй (19.09.2016). 

Буэнос Айрэс. Панамын баримтууд илчлэгдэхэд Аргентин Улсын Ерөнхийлөгч Макри Багамын арлуудын Флэг трэйдинг компанийн захирал, дэд ерөнхийлөгч байсан нь олон нийтэд ил болсон. Уг компанийг Бразил Улсад бизнес эрхлэх зориулттай байгуулсан боловч ямар нэгэн үйл ажиллагаа эрхлэлгүй 2009 онд татан буулгасан хэмээн Ерөнхийлөгч Макри мэдэгдэж байсан. Гэтэл “Пагина 12" сонин эрэн сурвалжилснаар уг компани сая сая ам.долларын арилжаа хийж, Бразилд хөрөнгө оруулсан нь тогтоогджээ. Уг асуудлыг шалгаж буй албаныхан Макригийн нягтлан бодогч Сантьяго Диего Луссич Торенделээс оффшор компанийн талаар асууж тодруулсан байна. Луссич Торенделийн нэр Фрег трэйдинг компанийн удирдлагын нэрсийн жагсаалтад мөн нэрлэгдсэн байжээ. Ерөнхийлөгч Макригийн эцэг Франциско Макригийн хүсэлтээр 1998 оны 3 дугаар сард байгуулсан гэж мэдүүлжээ. Ерөнхийлөгчийн найз, хамаатнууд оффшор бүсэд 8 компани байгуулсан хэмээн урьд нь “Эл Дестапэ” сонин мэдээлж байсан. Эдгээрийн заримыг нь Моссак Фонсека (Панамын баримтуудыг илчилсэн)-ийн тусламжтай байгуулж байжээ. Эдгээр компаниудын захирал, хувь эзэмшигчээр Ерөнхийлөгч Макригийн дотны нөхөр Доменико Каппелли, Армандо Амасанти гэх мэт хүмүүс байна. Армандо Амасанти нь Аргентин дахь машин үйлдвэрлэлийн Севел компанийн захирал байсан бөгөөд 1990-ээд оны сүүлээр Маурисио Макритэй хамтран автомашины хууль бус экспортын үйл ажиллагаа явуулсны төлөө шүүхээр шийтгүүлж байжээ. Шалгалтын явцад эдгээр компаниуд идэвхтэй үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд Данае Алиянс компанийг өнгөрсөн жил байгуулжээ.

Эх сурвалж: http://www.telesurtv.net/english/news/Macris-Accountant-Ties-President-To-More-Panama-Paper-Firms-20160919-0006.html

Өмнөд Африк Улсад авлига, хээл хахууль өссөн болохыг судалгааны дүн харуулжээ (22.09.2016).

Өмнөд Африк. ЭнСафрика хуулийн компаниас явуулсан авлига, хээл хахуулийн эсрэг судалгааны үр дүнгээр Өмнөд Африк Улс тус тив дэх хамгийн ихээр авлигад автсан 8 улсын нэгээр тодорчээ. Африк тивд хээл хахууль, авлигын тохиолдлууд нэлээд хэмжээгээр өссөн харин Өмнөд Африкт уг үзүүлэлт 79 хувь болжээ. Судалгаанд 132 хүн оролцсоноос 80 хувь нь Өмнөд Африк Улсых аж. Тэдгээр нь ихэвчлэн санхүү, үйлдвэрлэл, жижиглэн болон бөөний худалдаа эрхэлдэг байна. Судалгаанд оролцогчдын 39 хувь нь сүүлийн 24 сарын хугацаанд Өмнөд Африкт авлига, хээл хахуулийн тохиолдолтой учирсан хэмээн хариулжээ. Мозамбик Улсад 12 хувь нь, Кени Улсад хувьд 9 хувь нь, Намиб болон Гана Улсад тус бүр 7 хувь нь, Танзани Улсад 5 хувь нь, Аардчилсан Конго Улсад 5 хувь нь болон Уганда Улсад 5 хувь нь хээл хахууль, авлигын тохиолдолтой учирч байсан гэжээ. Судалгааны гол үр дүнгээс тоймловол:

  • 2015 онд судалгаанд оролцогчдын 17 хувь нь хээл хахууль, авлигын тохиолдолтой учирсан гэж хариулж байсан бол 2016 онд 27 хувь болон өсчээ
  • “гуравдагч талыг ашиглах” явдал компанийн үйл ажиллагаанд эрсдэл учруулж байна гэж судалгаанд оролцогчдын 76 хувь нь хариулсан ба энэ үзүүлэлт 2015 онд 68 хувь, 2014 онд 65 хувь байжээ.
  • Судалгаанд оролцогчдын 52 хувь нь хээл хахууль өгөх эрсдэлд орсон гэж хариулсан бол 48 хувь нь элдэв төлбөр, хураамж төлөх эрсдэлд орсон байна. Төрийн албан хаагчдын зүгээс албан тушаалын байдлаа ашиглах, төрөл садандаа давуу байдал олгох явдал 2015 онд 8 хувь байснаа 2016 онд 21 хувь болж нэмэгджээ.
  • Судалгаанд оролцогчдын 92 хувь нь “корпорацийн нэр хүнд”-эд хээл хахууль, эсхүл авлига санхүүгийн алдагдалд оруулах, төрийн гэрээ хэлцэл, тендерт оролцох явдлыг хориглох, хувьцааны үнэ үнах зэргээр нөлөөлнө гэжээ.
  • Судалгаанд оролцогчдын 53 хувь нь “ямар нэгэн байдлаар” хээл хахууль, авлигын эсрэг бэлтгэлтэй байсан гэж хариулсан бол судалгаанд оролцогчдын 10 хувь нь “бэлтгэлгүй” байсан гэжээ.

Компаниудыг хээл хахууль, авлигын тохиолдлыг мэдээлэх дүрэм, журамгүй байх явдлын аюулын талаар ЭнСафрика компанийн Стивен Повелл сэрэмжлүүлсэн ба тэрээр “Шүгэл үлээх явдал бол чухал асуудал. Шүгэл үлээх явдал нь компанийн албан хаагчид болон гуравдагч талуудыг хээл хахууль, авлигын тохиолдлыг компанийн дээд удирдлагад мэдээлэх боломжийг бүрдүүлж өгч буй юм. Судалгаанд оролцогчдын 20 хувь нь ийм төрлийн мэдээлэх дүрэм, журам тодорхойгүй гэж хариулсан байна. Ийм системгүй компаниуд шүгэл үлэгчийн сувгийг бий болгох шаардлагатай” гэжээ. Мөн хилийн чанадад хээл хахууль, авлигын асуудалд холбогдох нөхцөлд хариуцлагад татагдах боломжтойг анхааруулсан байна. Дэлхий дахинд авлига, хээл хахуультай тэмцэж байна. Африкийн компаниуд гадаадад зугтаж хариуцлагаас мултарна гэж буруу бодож байж болно. Тухайлбал, Габон Улсын Ерөнхий сайд асан Самуэл Мебиамэгийн хүүг АНУ-ын компанийн нэрийн өмнөөс Зимбабвэ, Конго, Ливи Улсад хээл хахууль өгсөн хэргээр АНУ-ын Холбооны мөрдөх товчооноос баривчилсан байна. Гадаадын төрийн албан хаагчдад хээл хахууль өгч ашигт малтмалын зөвшөөрөл авч байсан Мебиамэд эрүүгийн хэрэг Нью-Йоркд үүсгэсэн байна.

Эх сурвалж: http://www.timeslive.co.za/local/2016/09/22/Survey-%E2%80%98highlights-a-marked-increase-in-bribery-and-corruption-in-SA%E2%80%99

Нутагт нь авлигын асуудал үүсээд байхад өөрөө НҮБ-ын индрээс авлигыг буруушаав (01.09.2016).

НҮБ. Гватемал Улсын Ерөнхийлөгчийн хүү, ах хоёрыг нь улсын хилээр зорчихыг нь түдгэлзүүлээд долоо хонож байхад Ерөнхийлөгч Жимми Моралес НҮБ-ын индрээс авлигыг буруушаан үг хэлэв. Моралес нь телевизийн хошин шогч байсан нэгэн бөгөөд авлигатай тэмцэнэ хэмээн кампанит ажлынхаа уриа болгон өнгөрсөн жил Ерөнхийлөгчөөр сонгогдсон. Гэвч түүний ойрын зөвлөх болон том ах Самуэл Моралес, түүний дөрвөн хүүгийн нэг Хосэ Мануэл Моралес нарыг бизнесийн сэжигтэй үйл ажиллагаа эрхэлснийх нь төлөө шалгаж буй аж. Энэ асуудал Ерөнхийлөгчийн нэр хүндийг сэвтээж болзошгүй юм. Өмнөх Ерөнхийлөгч Отто Перес шоронд ял эдэлж байгаа юм. Хосэ Мануэл Моралес Улсын бүртгэлийн газарт 564 өглөөний хоолны үнэ буюу 12 мянган ам.доллартай тэнцэх хэмжээний мөнгөний нэхэмжлэл гарган тус байгууллагаас мөнгө авчээ. Гэтэл Прокурорын ерөнхий газарт гэрчийн мэдүүлж байгаагаар өглөөний хоолыг огт нийлүүлж байгаагүй. Харин Самуэл Моралесийн хувьд дүүдээ туслах үүднээс л холбогдсон ба ямар нэгэн луйврын үйл ажиллагаанд оролцоогүй хэмээн “Пренса Либрэ” сонин мэдээлжээ. Тэр хоёрыг албан ёсоор хэрэгт холбогдуулан шалгаагүй байна. Ерөнхийлөгч төрөл садантайгаа холбоотой асуудалд хөндлөнгөөс нөлөөлөхгүй, тэгэхдээ ах, хүү хоёр маань шударга хүмүүс гэдэгт итгэдэг хэмээн өнгөрсөн долоо хоногт мэдэгджээ.

Эх сурвалж: http://www.channelnewsasia.com/news/world/guatemala-denounces-corruption-at-un-while-scandal-brews-at-home/3149330.html

 СУДАЛГАА ШИНЖИЛГЭЭНИЙ АЛБА