ГАДААДЫН ХЭВЛЭЛ, МЭДЭЭЛЛИЙН ХЭРЭГСЭЛ, ВЕБ САЙТАД НИЙТЛЭГДСЭН МЭДЭЭ, НИЙТЛЭЛ, ҮЙЛ ЯВДЛЫН ТОЙМ /2016.09.24-30//

A- A A+
ГАДААДЫН ХЭВЛЭЛ, МЭДЭЭЛЛИЙН ХЭРЭГСЭЛ, ВЕБ САЙТАД НИЙТЛЭГДСЭН МЭДЭЭ, НИЙТЛЭЛ, ҮЙЛ ЯВДЛЫН ТОЙМ /2016.09.24-30//

Банкны луйвар, авлигын хэргийн шүүх хурал эхэллээ (2016.09.27)

Их Британи [BBC]. Шотландын Халифакс Банк (HBOS) дахь луйвар, авлигын хэрэгт холбогдон буруутгагдаж буй зургаан этгээдийг шүүх хурал эхэллээ. Өмнөд Английн Рэдин дэх “HBOS” банкны хэлтсийн дарга асан Линден Скоурфилдийн удирдан зохион байгуулсан хууль бус үйл ажиллагаанд оролцсон гэх зургаан хүнийг уг шүүх хурлаар авч хэлэлцэх юм.

Шүүгдэгчид болох Дэвид Миллс, Майкл Бэнкрофт, Марк Добсон, Элисон Миллс, Жонатан Коэн, Тони Картрайт нар гэм буруугүй гэдгээ илэрхийлсээр байгаа билээ.

Өмнөд Англид санхүүгийн хүндрэлд орсон жижиг бизнес эрхлэгчдэд зээл олгох, тэдэнд хяналт тавих чиг үүрэг бүхий тус банкны хэлтсийн даргаар ажиллаж байсан Скоурфилд нь 2003-2007 онд албаны эрх мэдлээ урвуулан ашигласан гэж прокуроруудын үзэж байна. Өөрөөр хэлбэл, Скоурфилд нь “HBOS” банкнаас бизнес эрхлэгчдэд маш их хэмжээний мөнгө нэмэлт байдлаар зээлүүлдэг байсан байна. Прокурор Брайн Онейллийн хэлснээр “ямар ч банкны шударга ажилтан харахад хэзээ ч буцаан төлөгдөхгүй гэдэг нь илэрхий зээлийг олгож байсан” аж. Шүүх хурал нь болоогүй байгаа Скоурфилд нь дээрх хууль бус үйл ажиллагааныхаа хариуд бэлэн мөнгө, бэлэг, тансаг амралт болон өндөр зэрэглэлийн сексийн үйлчилгээ авдаг байсан гэж прокурорууд мэдэгдсэн юм.

Скоурфилдийн энэхүү хууль бус үйл ажиллагаанд оролцсон гэх банкны ажилтан асан Дэвид Миллс, Майкл Бэнкрофт болон нягтлан бодогч асан Жонатан Коэн, Тони Картрайт, HBOS-ийн менежер Марк Добсон нарыг авлига, луйврын хуйвалдаан хийсэн, гэмт хэргийг нуун дарагдуулсан зэрэг хуулийн зургаан зүйл ангиар буруутгаж байгаа юм.

Скоурфилдийн хяналт, удирдлага дор жижиг бизнес эрхлэгч нарт “HBOS”-оос олгосон зээлийн алдагдлын хэмжээ 245 сая фунд болсон хэмээн прокурор Брайн Онейлл шүүхэд мэдэгдээд байгаа юм. HBOS нь одоо “Lloyds Banking” группийн нэг хэсэг болоод байгаа билээ.

Эх сурвалж: http://www.bbc.com/news/business-37476334

Авлигын хэрэгт Израилийн “Yisrael Beiteinu” намын 16 албан тушаалтан холбогдов (2016.09.26)

Израиль [JewishPress]. Авлигын хэрэгт холбогдуулан батлан хамгаалахын сайдын намаас сайд асан болон бусад албан тушаалтнууд нийтдээ 10 гаруй хүнийг яллахаар болоод байна. Өөрөөр хэлбэл, тус улсын “Walla” цахим хуудасны мэдээлснээр Израилийн Аялал жуулчлалын сайд асан Стас Мишэзников, дэд сайд асан Пайна Киршэнбаум болон бусад 14 албан тушаалтныг яллах хангалттай үндэслэл байгаа хэмээн Улсын прокуророос мэдэгджээ.

Анх 2013 оны Улсын аудиторын тайланд дурдсанаар Мишэзниковыг өөрийн эрх мэдлийн хүрээнд олон сая долларын өртөг бүхий тендерүүдийг тойрон хүрээлэгчиддээ өгсөн байж болзошгүй хэмээн сэжиглэж байсан юм. Мөн аудиторын тайланд тус яамны нарийн бичгийн дарга Лимор Барзилайг ч дурдсан байсан юм.

Мишэзниковыг хээл хахууль авах, луйвар, итгэл эвдэх, аюултай эм бэлдмэл хэрэглэсэн, эзэмшсэн зэрэгт буруутгаж байгаа аж. Мөн түүнчлэн “Israel Beiteinu” намын ерөнхий нарийн бичгийн дарга, дотоод хэргийн дэд сайд Киршэнбаумыг хээл хахууль, луйвар, итгэл эвдэх, мөнгө угаах, татвараас зайлсхийсэн хэрэгт сэжиглэн Улсын прокурорын Эдийн засгийн хэлтсээс шалгаж байгаа аж.

Бусад албан тушаалтнуудын дунд “Israel Beiteinu” намын Зохион байгуулалтын хэлтсийн дарга Дэвид Годовски, Хөдөө аж ахуйн сайд асан Рами Кохэн болон түүний эхнэр Батя Кохэн, Тамарын бүсийн Зөвлөлийн тэргүүн Дов Литвиноф Аялим зэрэг өндөр албан тушаалтай хүмүүс багтаж байгаа юм.

Улсын залилантай тэмцэх байгууллагын “Lahav 433” хэмээх тагнуулын хэлтсээс хоёр жилийн хугацаанд хамтран шалгасан “Хэрэг 242” хэмээх хэргийн мөрдөн байцаалтад үндэслэн дээрх хүмүүсийг ийнхүү буруутгаж байгаа аж. Мөрдөн байцаалтын үеэр нийтдээ 480 хүнийг шалгаж, олон мянган баримт, тайланг хураагаад байсан юм. Мөн одоогийн байдлаар цагдаа нар уг хэрэгт холбогдуулан 6.65 сая ам.долларын өртөг бүхий эд хөрөнгийг битүүмжлэн, түр хураан аваад байгаа юм.

Эх сурвалж: http://www.jewishpress.com/news/breaking-news/16-senior-yisrael-beiteinu-officials-to-be-indicted-on-corruption/2016/09/26/

Өмнөд Азийн бүс нутгийн хамтын ажиллагааны холбооны улсууд авлигатай тэмцэх чиглэлээр хамтарч ажиллахаар болов

Исламабад [radio.gov.pk]. Бүс нутгийн хэмжээнд гарч буй авлигатай тэмцэх, авлигыг бууруулах арга замыг тодорхойлох, бүсийн улс орнуудад байгаа авлигын шалтгааныг тогтоох зорилгоор Өмнөд Азийн бүс нутгийн хамтын ажиллагааны холбоо (SAARC)-ны улс орнууд хамтарч ажиллах шийдвэр гаргаад байна.

Уг шийдвэрийг Пакистаны Исламабад хотноо SAARC-ийн улс орнуудын авлигатай тэмцэх байгууллагын удирдлагуудын хоёр өдрийн уулзалтын төгсгөлд буюу мягмар гарагт гаргасан байна.

Мөн гишүүн улс орнуудын дунд авлигатай тэмцэх чиглэлээр хамтран туршлага солилцох, арга, ажиллагааны туршлагаа хуваалцах шийдвэрт хүрсэн байна. Авлигатай тэмцэх болон хамтын ажиллагааны хүрээний бусад асуудлаар тогтмол харилцааг үүсгэх зорилгоор SAARC-ийн Авлигатай тэмцэх форумыг мөн бий болгох хэрэгцээ шаардлага байгааг уулзалтад оролцогчид санал нэгтэйгээр хүлээн зөвшөөрсөн байна.

Улмаар гишүүн улс орнууд Өмнөд Азийн ард түмнүүдийн дунд авлигын эсрэг боловсрол олгох, олон нийтийг соён гэгээрүүлэх асуудлаар SAARC-ийн платформ /индэр/ байгуулах чиглэлээр хамтран ажиллах шийдэлд хүрсэн байна.

Өмнөд Азийн бүс нутгийн хамтын ажиллагааны холбоонд Афганистан, Бангладеш, Бутан, Энэтхэг, Балба, Мальдив, Пакистан, Шри-Ланка улсууд багтдаг бөгөөд 2015 оны байдлаар дэлхийн хүн амын 21 орчим хувь, дэлхийн эдийн засгийн 9 орчим хувийг эзэлдэг холбоо юм.

Эх сурвалж: http://www.radio.gov.pk/27-Sep-2016/saarc-states-vow-to-work-collectively-to-eliminate-corruption

Бразилийн Сангийн сайд асан Петробрасийн гэмт хэрэгт холбоотойгоор баривчлагдав (2016.09.27)

Сан-Паулу [UPI]. Петробрасийн хээл хахуулийн гэм хэрэгт холбоотойгоор Бразилийн Сангийн сайд асан Антонио Палоччи Сан-Паулу хотод баривчлагдаад байна.

Палоччийг эрх барих Ажилчдын намд хандив авах зорилгоор “гэмт хэргийн харилцаа холбоотой” байсан барилгын “Odebrecht” компанид төрийн өмчит нэгэн банкнаас зээл авч өгөхдөө Петробрас компаниар дамжуулж авч өгсөн хэмээн прокурорууд буруутгаад байгаа юм.

Палоччигийн өмгөөлөгч Роберто Баточио “O Globo” агентлагт мэдээлснээр түүний үйлчлүүлэгч ямар гэмт хэрэгт шалгагдаж байгаагаа ч мэдэхгүй байгаа аж.

Баривчлагдаад байгаа Палоччи нь сайдын албан тушаалаас буусны дараа ч мөн хээл хахуульд зуучлагчийн үүрэг гүйцэтгэсэн хэмээн өмнө нь буруутгагдаж байсан юм.

Мөн Петробрасийн хэрэгт холбоотойгоор Ажилчдын намыг удирдаж байсан тус улсын Ерөнхийлөгч асан Луис Инасио Лула да Силвагийн хэрэг шүүхийн шатанд шилжээд байгаа бол 2014 оны ерөнхийлөгчийн сонгуулийн кампанит ажлынхаа үеэр конгрессийн зөвшөөрөлгүй мөнгө зарцуулсан, төрийн банкнуудаас зөвшөөрөлгүй зээл авч төсвийн алдагдлын хэмжээг нэмэгдүүлсэн зэрэг хэрэгт буруутгагдан Бразилийн Холбооны Сенатаас Ерөнхийлөгч асан Дилма Руссефф-д итгэл үл үзүүлж өнгөрөгч 8 дугаар сарын 31-нд албан тушаалаас нь зайлуулаад байгаа билээ.

Палоччигийн баривчилгаа нь Ажилчдын намд 5 сая ам. долларын хээл хахууль авсан хэрэгт буруутгагдан өмнөх долоо хоногт баривчлагдсан Бразилийн Сангийн сайд асан Гвидо Мантегагийн дараа болж байгаагаараа онцлогтой юм.

Эх сурвалж: http://www.upi.com/Top_News/World-News/2016/09/27/Brazils-former-Finance-Minister-Antonio-Palocci-arrested-in-Petrobras-scandal/1991474989099/?spt=rrs&or=3

Өмнөд Солонгост авлигын эсрэг хууль хэрэгжиж эхэллээ (2016.09.28)

Өмнөд Солонгос [Inquirer.net]. Бага түвшний авлига өргөн тархсан байдлыг арилгах зорилготой батлаад байсан авлигатай тэмцэх нэгэн шинэ хууль БНСУ-д энэ лхагва гарагаас хэрэгжиж эхэллээ.

Уг хуулийг Дээд шүүхийн шүүгч асан Ким Ён-Ран боловсруулсан бөгөөд хуулийг боловсруулсан хүнийх нь нэрээр “Ким Ён-Раны хууль гэж олон нийт нэрлэх болсон юм. Тус хууль нь 50 сая хүн амтай БНСУ-ын 4 сая төрийн албан хаагчдад хамаарах юм.

Хуулийн зорилго нь хүүхэддээ сайн үнэлгээ авах зорилгоор эцэг, эхчүүдээс багш нарт, төрийн албаны процессыг хурдасгах зорилгоор бизнес эрхлэгчдээс албан тушаалтнуудад өгөх хахуулийг бууруулахад чиглэж байгаа юм. Өөрөөр хэлбэл, төрийн албан хаагч 50000 вонь болон түүнээс дээш үнэтэй бэлэг авах, эсхүл 30000 вонь болон түүнээс дээш үнэтэй дайлуулж, цайлуулахыг хориглосон байгаа бөгөөд хууль зөрчигчдөд торгууль оногдуулах, эсхүл шоронд хорих шийтгэл оногдуулах аж.

“Шинэ хууль бол өмнөх хуулиудаас үнэхээр өөр. Энэ хуульд маш олон буруу зүйлийг хамруулсан бөгөөд хууль зөрчигчдөд хатуу шийтгэл оногдуулахаар заасан. Энэ хууль хүмүүсийг тогтсон муу зуршлаа хаяхад туслах болно. Хүмүүст таагүй санагдаж байж магадгүй ч, сайн эм гашуун байдаг” хэмээн тус улсын Үндэсний Ассамблейн дарга Чун Си-Кун сэтгүүлчдэд өгсөн ярилцлагын үеэрээ хэлсэн юм.

Мөн Ерөнхийлөгчийн хэвлэлийн төлөөлөгч Жун Ёон Кук “шударга, цэвэр нийгэм байгуулах...үндэсний шударга ёсыг бэхжүүлэхэд чухал алхам болно” хэмээн онцолсон юм. Уг шинэ хуулийн төрийн бус байгууллагынхан мөн дэмжиж байгаа юм.

Уг хуультай холбогдуулан борлуулалтын хэмжээн буурна хэмээн орон нутгийн бизнес эрхлэгчид, зоогийн газрын эзэд гомдол гаргасаар байгаа юм. Улмаар сүүлийн өдрүүдэд зарим зоогийн газрууд “Ким Ён-Ран”-ны хоолны зэс буюу 29900 вонь болон түүнээс бага үнэтэй хоолыг зэсэндээ нэмээд байгаа аж.

БНСУ нь дэлхийд 11 дэх, Азид 4 дэх том эдийн засагтай улс бөгөөд өнгөрсөн онд ТИ-ийн Авлигын төсөөллийн индексээр 37 дугаар байрт, Дэлхийн эдийн засгийн форумын Дэлхийн өрсөлдөх чадаврын тайлангийн Бодлого боловсруулах үйл явц дахь ил тод байдлын үзүүлэлтээр 123 дугаар байрт тус тус орсон юм.

Тус улсын хувьд улс төрчдийн холбогдсон, эсхүл өндөр албан тушаалтнууд, баян бизнес эрхлэгчдийн оролцоотой хээл хахуулийн гэмт хэрэг гарах явдал сүүлийн хэдэн арван жилийн турш түгээмэл байсан юм.

Эх сурвалж: http://newsinfo.inquirer.net/819878/tough-anti-corruption-law-takes-effect-in-south-korea#ixzz4LWdzlEAK

Шинжаан мужийн Хотан хотын өндөр албан тушаалтныг авлига, албан тушаалыг хэрэгт буруутган яллахаар болоод байна (2016.09.28)

Бээжин [Japan Times]. Хятад улсын дарга Си Зиньпин сүүлийн жилүүдэд авлигыг эсрэг тууштай тэмцэл явуулж байгаа билээ. Тус улсын авлигатай тэмцэх байгууллага болох Коммунист намын Сахилгын хяналтын төв хорооноос лхагва гарагт мэдээлснээр хятадын үймээнт Шинжаан мужийн Хотан хот дахь Коммунист намын дарга асныг яллахаар болсон байна.

Сахилгын хяналтын төв хорооны цахим хуудсанд мэдэгдсэнээр “сахилгын ноцтой зөрчил гаргасан” 50 настай Чэн Юаньхуаг Коммунист намаас хөөж, Хотан хот дахь намын нарийн бичгийн даргын албан тушаалаас буулгасан байна. Тус байгууллагаас энэ оны эхээр Чэнийг мөрдөн шалгаж эхэлсэн гэдгээ мэдэгдэж байсан билээ.

Чэн нь бусдаар зочид буудлынхаа төлбөрийг төлүүлсэн, бусдад давуу байдал олгох зорилгоор албан тушаалаа ашигласан, асар их хэмжээний хөрөнгө, мөнгө, бэлгийн карт зэргийг хахуульд авсан, “төсвийн хөрөнгийг залилсан”, “урт хугацаанд зохисгүй бэлгийн харилцаагаа хадгалсан” хэмээн тус хорооны мэдэгдэлд онцолсон байна. Мөн хорооноос мэдэгдсэнээр түүний хэргийг шүүхийн шатанд шилжүүлэхээр болсон гэж мэдэгдсэн нь Чэнийг ялласан, эсхүл яллахаар болсон байгааг илэрхийлж байна.

Тус улсыг удирдаж эхэлснээс хойш бараг 4 жил болж байгаа Си Зиньпин нь авлигын эсрэг амбицтай кампанит ажиллагаа явуулж байгаа юм. Энэ хугацаанд олон арван өндөр албан тушаалтнуудад ял оногдуулсны дотор тус улсын дотоод аюулгүй байдлын дарга Жоу Юнкан ч багтаж байгаа билээ.

Лалын угсаатай үндэсний цөөнх Уйгарууд амьдардаг Шинжаан муж руу Сахилгын хяналтын төв хороо өнгөрсөн онд мөрдөн байцаагчдаа илгээж байсан юм. Үндэсний цөөнх Уйгар ястан болон Хятадын олонх Хан үндэстний хоорондын мөргөлдөөний улмаас сүүлийн хэдэн жилийн хугацаанд олон зуун хүн амь насаа алдаад байгаа билээ.

Эх сурвалж: http://www.japantimes.co.jp/news/2016/09/28/asia-pacific/crime-legal-asia-pacific/china-prosecute-former-chief-xinjiang-city-hotan-corruption-abuse-power/#.V-ydqjWwvkG

Английн хөл бөмбөгийн холбоо авлигын асуудлуудтай тулгарав (2016.09.28)

Их Британи [Reuters]. Английн хөл бөмбөгийн шигшээ багийн Ерөнхий менежер Сэм Эллардайс хөлбөмбөгийн наймааны зах зээлийн нэгэн фирмийг төлөөлөхөөр 400’000 фунтийн өртөг бүхий нууц гэрээ байгуулахаар хэлэлцээр хийж байсныг илрүүлснээс үүдэлтэйгээр 9 дүгээр сарын 27-нд (менежерээр томилогдсоноос 67 өдрийн дараа) албан тушаалаа өгсөн билээ.

Улмаар Эллардайсыг албан тушаалаа өгсөнөөс 24 цагийн дараа Английн хөлбөмбөгийн холбоог авлигын өөр нэг асуудал нөмрөөд байна. Өөрөөр хэлбэл, “Telegraph” сониноос урт хугацаанд явуулсан эрэн сурвалжлах ажиллагааны дүнд одоогийн болон өмнө нь тус улсын хөл бөмбөгийн дээд лиг (Премьер лиг)-т байсан багуудын найман менежер тоглогчдыг зарах, худалдан авах наймаа болон тоглогчдын цалинг нэмэг зэргээс хууль бус төлбөр авч байсныг илрүүлээд байна.

Британийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр мэдээлж байгаагаар тус сонин дээрх мэдээллээ Английн Хөл бөмбөгийн холбоо болон цагдаагийн газарт өгөхөөр болсон байна.

“Telegraph” сониноос дээрх найман менежерийн хууль бус үйлдлийн талаар мэдээлсэн бөгөөд ямар нэгэн хүний нэрийг тодорхой хэлээгүй юм.

Эх сурвалж: http://uk.reuters.com/article/uk-soccer-england-corruption-idUKKCN11Y02I

Мексикчүүдэд авлигыг тайлбарлах 300 өөр үг, хэллэг байна (2016.09.28)

Мексик [qz.com]. Тухайн ард түмний амьдралын хэв маягаас үүдэлтэйгээр хэл хөгжсөн байдаг. Эскимосчуудын дунд цасыг нэрлэх 50 гаруй үг байдаг бол Хавайчуудын хувьд загас барих торыг илэрхийлэх 65 өөр үг байдаг юм. Харин Мексикт авлигыг илэрхийлэх 300 үг, хэллэг байдаг аж.

Мексикийн эдийн засагт жил бүр олон тэрбум долларын хохирол учруулж буй асуудал бол авлига юм. Харин өнгөрсөн сард явуулсан судалгааны дүнгээр авлига бол Мексикийн иргэдийн хувьд аюулгүй байдал, гэмт хэргийн дараа орох хоёр дугаар асуудал болоод байгаа аж.

Уг судалгааны дүн болон дээрх үг, хэллэгийг багтаасан “Mexican Corruptionary” хэмээх шинэ номыг судалгааг зохион байгуулсан иргэний нийгмийн бүлэг болох “Opciona” байгууллагаас гаргасан байна.

Эх сурвалж: http://qz.com/795459/the-pangolin-the-worlds-most-trafficked-mammal-is-finally-a-highly-protected-species/

Авлигын хэргийн ихэнх нь хувийн хэвшлээс үүдэлтэй (2016.09.29)

Индонез [Jakarta Post]. Тус улсын авлигатай тэмцэх байгууллага болох Авлигыг устгах хорооноос мэдэгдсэнээр Индонезод гарч буй авлигын хэргүүдийн ихэнх нь хээл хахууль, худалдан авах ажиллагаа, тусгай зөвшөөрөлтэй холбоотой хувийн хэвшлээс улбаатай байгаа аж.

Шалгагдаж байгаа авлигын гэмт хэргийн 500 гаруй сэжигтнүүдийн 30 орчим хувь нь хувийн хэвшилд ажиллаж байна гэж тус хорооны авлигаас урьдчилан сэргийлэх хэлтсийн орлогч дарга Пахала Найнгголаны мэдэгдэв. “Бизнес эрхлэгчид бизнесээ өргөжүүлэхийн тулд Засгийн газар, эсхүл Төлөөлөгчдийн танхимын албан тушаалтнуудад хахууль өгөх хандлагатай байдаг. Харин төрийн албан хаагчид бол хээл хахуульд шалгагдаж буй хэмжээгээрээ яг дунд нь байгаа” хэмээн Жакарта хотноо болсон бизнесийн ёс зүйг нэмэгдүүлэх нэгэн арга хэмжээний нээлтийн үеэр тэрээр онцолсон байна.

Индонез улсад бизнес хийх, эсхүл өрсөлдөх чадварын хүндрэлтэй байдалтай холбоотойгоор хүмүүс гомдол гаргадаг. Харин тэд засгийн газраас өрсөлдөх чадвараа нэмэгдүүлэх чиглэлээр гаргаж буй хүчин чармайлтыг сааруулж, өөрсдийнхөө бизнесийг дэмжихээр хээл хахууль өгсөөр байгааг шүүмжилсэн бөгөөд Энэ нөхцөл байдалтай холбоотойгоор хувийн хэвшил дэх бизнесийн ёс зүйг нэмэгдүүлэх талаарх аливаа санаачилгыг дэмжин хүлээн авах болно. Бид энэ байдлыг өөрчилж чадвал, Индонез улсад бизнес хийх хүндрэл аяндаа алга болно хэмээн Пахала хэлсэн юм.

Хувийн хэвшлийнхний холбогдож буй авлигын хамгийн эрсдэлтэй салбарууд бол худалдан авах ажиллагаа, логистик, борлуулалт болон маркетинг, татвар болон санхүү, компанийн нийгмийн хариуцлагын асуудал юм” хэмээн “Indonesia Business Links” ашгийн бус холбооны Захирлын тогтвортой хөгжлийн асуудлын зөвлөх Янти Тривадиантини нэмж хэлсэн юм.

Эх сурвалж: http://www.thejakartapost.com/news/2016/09/29/most-corruption-cases-come-from-private-sector-kpk.html

Гуанжоу дахь Коммунист намын дарга асан авлигын хэргээр бүх насаараа хоригдох ял авлаа (2016.09.30)

БНХАУ [ABC.net]. Хятадын шүүхээс Гуанжоу хотын Коммунист намын дарга асан Ван Цинлианыг авлигын хэрэгт буруутай болохыг нь тогтоож бүх насаар нь хорих ял оногдуулаад байна.

Хууль хяналтын байгууллагынхан Ванг яллахаас өмнө буюу 2014 оноос түүнийг мөрдөн шалгаж эхэлсэн юм.

Наньнин хотын шүүх өөрийн блог хуудсандаа мэдээлснээр Ван нь төслүүдийг батлуулах болон дэмжсэнийхээ хариуд бэлэг, хээл хахуульд 19.6 сая гаруй ам. доллар (100 сая юань)–ыг нэхэж авсан гэжээ. Шүүхээс шийдвэрлэснээр түүнийг бүх хөрөнгийг мөн хураан авахаар болсон байна.

Мөрдөн байцаалтын үед буруугаа хүлээж, илрүүлээгүй байгаа баримтуудыг хүлээлгэн өгсөн бол илүү хөнгөн ял авах байсан юм гэж шүүхийн мэдэгдэлд дурджээ.

Намын хяналт шүүхийн системд байдаг тус улсад ялангуяа авлигын хэрэгт Ванг буруутай болох нь тогтоогдоно гэдэг бол ямар ч эргэлзээгүй зүйл юм. Шүүхийн мэдэгдэлд дурдсанаар түүний дээр дурдсан гэмт хэрэг нь Гуандун мужийн Гуанжоу хотын Коммунист намын Залуучуудын холбооны даргын үүргийг гүйцэтгэж байсан 2000 оны үетэй холбогдож байгаа аж.

Гуандун муж бол Хятадын экспортын нэг төв бөгөөд Гуанжоу нь тус мужийн төв нь билээ. Нэгэн үе Гуанжоу хот дахь намын даргын хувьд Вангийн эрх мэдэл тус хотын даргынхаас ч өндөр байсан юм.

Эх сурвалж: http://www.abc.net.au/news/2016-09-30/china-jails-former-guangzhou-party-boss-for-life/7892814

Уэльсийн шигшээ багийн менежер Крис Колман: хөл бөмбөгийн авлигачдыг бүх насаар нь эрхийг нь хасах хэрэгтэй (2016.9.29)

Их Британи [BBC]. Тус улсад “Daily Telegraph” сонины сэтгүүлчид хөл бөмбөг дэх авлигын хэд хэдэн хэргийг илчлээд байгаа билээ. Үүнтэй холбоотойгоор хөл бөмбөгт авлигын асуудлаар буруутай нь тогтоогдсон хэнийг ч хөл бөмбөгт оролцох эрхийг нь бүх насаар нь хасах хэрэгтэй гэж үзэж байгаагаа Уэльсийн шигшээ багийн менежер Крис Колман хэлсэн байна.

Колманы хэлснээр тэрээр хэзээ ч хууль бус төлбөр авч байгаагүй аж. Түүний үзэж байгаагаар спортын удирдах байгууллагууд авлигыг үл тэвчих бодлогыг хэрэгжүүлэх ёстой болоод байна. “Хэрэв нэг жилд 50000 фунтийн цалинтай бол жирийн иргэний хувьд боломжийн. Харин долоо хоногт 50000 фунтийг олж байгаа бол өөр юу хэрэгтэй гэж?” хэмээн тэр хэлсэн юм.

“Daily Telegraph”-аас сүүлийн өдрүүдэд хөл бөмбөгтэй холбоотой хэд хэдэн хууль бус үйл ажиллагааг илчилсний дотор “Far East” хэмээх хуурамч фирмээс “Barnsley” баг тоглогчид худалдан авах үйл ажиллагаанд тусалсныхаа хариуд тус багийн туслах менежер Томму Врайт дугтуйтай мөнгө хүлээн авч байгаа бичлэгийн олон нийтэд ил болгосон юм. Харин үүний дараагаар “Barnsley” баг туслах менежер Томму Врайтыг албан тушаалаас нь түдгэлзүүлээд байгаа юм.

Эх сурвалж: http://www.bbc.com/sport/football/37504374

СУДАЛГАА ШИНЖИЛГЭЭНИЙ АЛБА