ГАДААДЫН ХЭВЛЭЛ, МЭДЭЭЛЛИЙН ХЭРЭГСЭЛ, ВЕБ САЙТАД НИЙТЛЭГДСЭН МЭДЭЭ, НИЙТЛЭЛ, ҮЙЛ ЯВДЛЫН ТОЙМ /2016.10.01-03/

A- A A+
ГАДААДЫН ХЭВЛЭЛ, МЭДЭЭЛЛИЙН ХЭРЭГСЭЛ, ВЕБ САЙТАД НИЙТЛЭГДСЭН МЭДЭЭ, НИЙТЛЭЛ, ҮЙЛ ЯВДЛЫН ТОЙМ /2016.10.01-03/

Киргизийн парламент хувийн өмчийг хамгаалах тухай хууль болон авлигын гэмт хэргийг мэдээлсэн хүнийг хамгаалах тухай хууль баталлаа

Таймс оф Сентрал Асиа. Бишкек. 2016.10.01. Киргизийн парламентад энэ долоо хоногт “Хувийн өмчийн халдашгүй байдлын тухай” хуулийн төсөл болон “Авлигын гэмт хэргийг мэдээлсэн хүнийг хамгаалах тухай “ хуулийн төслийг хэлэлцэж батлав.

Хувийн өмчийн халдашгүй байдлын талаар хэлэлцэх үед парламентын гишүүн, Сангийн сайд асан Акылбек Жапаров бизнес эрхлэгчдэд зэвсэг эзэмшихийг зөвшөөрөх хэрэгтэй гэсэн санал гаргажээ. Тэрээр хэлэлцүүлгийн үеэр “хэрэв засгийн газар хувийн өмчийг хамгаалж чадахгүй бол бизнес эрхлэгчид АНУ-д зөвшөөрдөг шиг галт зэвсгээр өөрсдийгөө хамгаалах эрхтэй байх хэрэгтэй” гэжээ.

Авлигын гэмт хэргийг мэдээлсэн хүнийг хамгаалах тухай хуулийг нийтийн ашиг сонирхлыг хамгаалах үүднээс төрийн болон орон нутгийн захиргааны байгууллага, төрийн өмчийн оролцоотой аж ахуйн нэгжийн албан тушаалтнууд, бизнес эрхлэгчдийн хууль бус үйл ажиллагааны талаар мэдээлсэн хүнийг хамгаалах зорилгоор баталсан байна. Мэдээлэгчийн өгсөн мэдээллийн дагуу мөрдөн шалгах ажиллагаа явуулж авлигын гэмт хэрэг үйлдэгдсэн нь нотлогдвол уг гэмт хэргийн улмаас учирсан хохирлын 30 хувьтай тэнцэх хэмжээний урамшууллыг мэдээлэгчид өгч байхаар хуульд тусгасан байна. Гэхдээ урамшууллын хэмжээ нь 1 сая сом хүртэл хэмжээнээс хэтрэхгүй байхаар хязгаарлажээ.

Хуулийн төслийг хэлэлцэх үеэр парламентын зарим гишүүд урамшуулалд зарцуулах хөрөнгө нь үндэсний төсөвт хүндрэл учруулна гэж үзэж байгаагаа илэрхийлжээ. Урамшуулалд зарцуулах хөрөнгийн эх үүсвэр бүрдтэл урамшууллын талаарх заалтыг хэрэгжүүлэхгүй байхаар шийдвэрлэсэн байна.

Мэдээлэгчийг хамгаалах зохицуулалтын хүрээнд мөн мэдээлэгчийг гурван жилийн хугацаанд ажлаас нь халахгүй байх, өөр ажилд шилжүүлэн томилохгүй байхаар хуульд тусгасан бөгөөд энэ нь шүгэл үлээгчийг мөрдөж мөшгих, дайрч довтлох, дарамт шахалт учруулахаас сэргийлэх зорилготой юм.

Хуулийг хэлэлцэж байх үед парламентын гишүүн Омурбек Текебаев цахим шуудангийн хаяг нээгээд энэ хаягаараа авлигын аливаа хэрэг, зөрчлийн талаар мэдээлэхийг киргизийн иргэдээс хүсчээ. Иргэд болон хэвлэл мэдээллийнхэн энэхүү үйл ажиллагаанд янз янзын байр сууринаас хандаж байна. Зарим нь ихэд дэмжиж байгаа бол зарим хэсэг нь сэжиглэнгүй байгаа аж.

Эх сурвалж: http://www.timesca.com/index.php/news/17172-kyrgyz-parliament-approves-bills-to-protect-private-property-fight-corruption

АНУ-ын Өвчин эмгэгийн хяналтын төв авлигад автагджээ

Лайв Трайдинг Ньюс. 2016.10.01. АНУ-ын Өвчин эмгэгийн хяналтын төвд бугшсан ашиг сонирхлын зөрчил нь тэрхүү байгууллагыг ажил үүргээ хэвийн явуулахад тээг болж байгаа ганц хүчин зүйл биш бөгөөд авлигын асуудал энд маш түгээмэл байна.

ӨЭХТ нь улаан бурхан, гахайн хавдар, эсэргэнийн вакцин болон аутизм өвчний хоорондын холбоог нуун дарагдуулсан гэж ӨЭХТ-ийн харьяа Дархлаажуулалт, амьсгалын замын өвчний үндэсний төвийн судлаач, доктор Виллиам Томпсон 2015 онд мэдэгдсэн юм. Судалгаагаар 36 сар хүрэхээсээ өмнө уг вакциныг хийлгэсэн африк гаралтай америк хөвгүүдийн аутизм өвчнөөр өвдөх эрсдэл нэмэгдэж байжээ. Энэхүү үр дүнгийн улмаас судалгааг явуулсан эрдэмтэд холбогдох материалыг устгахаар шийдсэн гэдгийг доктор Томпсон нотолсон байна.

ӨЭХТ-ийн зүгээс тус байгууллага нь бизнесийн зорилготой ямар нэг хандив тусламж авдаггүй гэж мэдэгдсэн ч Британийн Анагаах Ухааны Сэтгүүлд гарсан, тус сэтгүүлийн туслах редактор Жеанн Лензерийн бичсэн өгүүлэлд “Олон нийтийн эрүүл мэндийн чиглэлээр тус байгууллагын тавьдаг хяналт нь маш их эрх мэдлийн хүрээнд хэрэгждэг бөгөөд санал зөвлөмжүүдийг нь зайлшгүй хэрэгжүүлэх шаардлагыг хуульд тусгасан байдаг. Байгууллагын удирдлагын зүгээс үгүйсгэдэг хэдий ч тус байгууллага эрүүл мэндийн салбарт үйл ажиллагаа явуулдаг бизнесийн байгууллагуудаас олон сая долларыг бэлэг болон санхүүжилт хэлбэрээр шууд болон шууд бусаар авсан. Тус байгууллагын саяхны үйл ажиллагаа болон гаргасан зөвлөмжүүд нь судалгаандаа ашигласан эх сурвалжууд, боловсруулсан гарын авлага, зааварчилгууд, хүлээн авсан мөнгө, хөрөнгөнийхөө хувьд нэлээд асуудал үүсгэж байна” гэжээ.

Эх сурвалж: http://www.livetradingnews.com/widespread-corruption-reported-cdc-17625.html#.V_HiN_l95QI

12 дугаар сарын 9-ны өдөр Шри Ланкад зохион байгуулагдах авлигын эсрэг чуулга уулзалтад 700 төлөөлөгч оролцоно

Кач Ньюс. Коломбо. 2016.10.02. Шри Ланк Улсын Засгийн газар ирэх 12 дугаар 9-ний өдөр Авлигын Эсрэг Үндэсний Чуулга Уулзалт зохион байгуулахаар төлөвлөж байна. Энэхүү арга хэмжээнд үндэсний болон гадаадын 700 орчим төлөөлөгч оролцоно. Хууль, дэг журам, өмнөд бүсийн хөгжлийн яамны сайд Сагала Ратнаякегаас Чуулга уулзалттай холбогдуулан өргөн барьсан төслийг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцээд баталсан байна. Чуулга уулзалтаар улс төрчид, төрийн өндөр албан тушаалтнууд, хувийн хэвшлийнхэн, бусад холбогдох талууд, нийт ард иргэдэд авлигаас ангид нийгэм байгуулах талаар мэдлэг мэдээлэл олгох, нийгэм дэх хээл хахууль, авлигыг арилгах талаар хэлэлцүүлэг өрнүүлэх зорилго тавьжээ.

Эх сурвалж: http://www.catchnews.com/world-news/700-representatives-to-attend-anti-corruption-summit-in-sri-lanka-on-9-december-1475402793.html

Тайланд Улсад авлигын хэргийг шүүн таслах шинэ шүүх байгуулагдав

Ал Жазира. Бангкок. 2016.10.03. Тайландын Ерөнхий Сайд Праяут Чан-оча авлигыг 20 жилийн дотор ул мөргүй устгана гэж амласны дараахан тус улсад авлигын гэмт хэргийг шүүн таслах тусгай шүүх байгууллаа. Тайландын түүхэнд анх удаа байгуулагдаж байгаа энэ шүүхэд одоогоор 70 хэрэг очоод байна. Хэргийн тоо улам нэмэгдэж хувийн хэвшил болон засгийн газрын доод түвшнийг хамарна гэж засгийн газрын албаны хүмүүс үзэж байна. Шинжээчдийн зүгээс энэхүү тусгай шүүх нь авлигын хэргийг ердийн шүүхээс илүү түргэн хугацаанд шийдвэрлэж чадна гэж дүгнэж байна.

“Улс төрч, эсхүл хувийн хэвшил хутгалдан оролцсон л байвал авлигын хэргийг энэ шүүхэд шилжүүлж байх болно” гэж Тайландын Чулалонгкорн Их Сургуулийн профессор, засгийн газрын бодлогын судлаач Вирасак Круеатап хэлэв.

Эх сурвалж: http://www.aljazeera.com/news/2016/10/thailand-introduces-anti-corruption-court-161002162235702.html

Австралийн уул уурхайн Санданс Ресурс компани Конго улсад хээл хахуулийн хэрэгт холбогдов

Сидней Морнинг Хералд. Сидней. 2016.10.03. Австралийн нээлтэй хувьцаат компани болох Санданс Ресурс компанийн холбогдсон хээл хахуулийн хэрэг дахин шинэ үйлдлээр зузаарч байна. Тус компани Бүгд Найрамдах Конго Улсын Ерөнхийлөгч болон Уул уурхай, геологийн сайд нарт хээл хахууль өгсөн байж болзошгүй байна.

Австралийн хэвлэлийн Файрфакс Медиа компанийн олж авсан баримтанд тусгагдсанаар Конго Улсын Уул уурхай, геологийн сайд Пьер Оба нь өөрийн дүүгээр дамжуулан Санданс компанийн олон сая долларын үнэ бүхий хувьцааг бэлгэнд авсан байна. Сайдын дүү Корниел Оба нь Коминвест нэртэй компанийг байгуулсан бөгөөд 2008 онд Санданс компани Коминвест компанид хувьцааныхаа зарим хэсгийг шилжүүлжээ. Коминвест компанийн захирлуудын зөвлөлд Корниел Обагаас гадна Фабрис Сил багтдаг бөгөөд Санданс компани нь олон сая долларын хувьцаагаа энэ хүнээр дамжуулан Конго Улсын Ерөнхийлөгч Нгуессогийн гэр бүлийн мэдэлд бэлэглэсэн байна. Ийнхүү Санданс компани их хэмжээний хувьцаагаа ерөнхийлөгч болон сайдад хээл хахууль болгох өгөхдөө тус улс дахь төмрийн хүдрийн ордыг ашиглах онцгой лицензээ баталгаатай болгох, үйл ажиллагаандаа засгийн газрын дэмжлэгийг авах зорилготой байжээ.

Эх сурвалж: http://www.smh.com.au/business/mining-and-resources/bribery-scandal-enveloping-listed-australian-miner-sundance-resources-widens-20161001-grt199.html

 СУДАЛГАА ШИНЖИЛГЭЭНИЙ АЛБА