ГАДААДЫН ХЭВЛЭЛ, МЭДЭЭЛЛИЙН ХЭРЭГСЭЛ, ВЕБ САЙТАД НИЙТЛЭГДСЭН МЭДЭЭ, НИЙТЛЭЛ, ҮЙЛ ЯВДЛЫН ТОЙМ /2016.10.03-04/

A- A A+
ГАДААДЫН ХЭВЛЭЛ, МЭДЭЭЛЛИЙН ХЭРЭГСЭЛ, ВЕБ САЙТАД НИЙТЛЭГДСЭН МЭДЭЭ, НИЙТЛЭЛ, ҮЙЛ ЯВДЛЫН ТОЙМ /2016.10.03-04/

Украйны хууль тогтоогчдыг авлигын эсрэг тэмцэлд саад учруулж байна гэж буруутгав

Киев Пост. 2016.10.03. Авлигын эсрэг үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллагын идэвхтнүүд 10 дугаар сарын 3-ны өдөр Украйны парламентын ордны гадаа жагсаал зохион байгуулж зарим хуулийн төслүүдийг буцаан татахыг шаардав.

Тэдний үзэж байгаагаар парламентад хэлэлцүүлэхээр өргөн бариад байгаа зарим хуулийн төслүүд нь тус улс дахь авлигын эсрэг шинэчлэлийг зогсоож, авлигад автагдсан төрийн албан тушаалтнуудыг ял шийтгэлээс зайлсхийх боломж олгох зорилготой юм. Тухайлбал төрийн албан тушаалтнуудаас хөрөнгө, орлогоо цахим хэлбэрээр мэдүүлэхтэй холбоотой хуульд өөрчлөлт оруулах хуулийн төсөлд албан тушаалтнуудын цахим мэдүүлгийн зарим хэсгийг олон нийтэд ил болгохыг хориглох заалт тусгасан байна. Өөр хоёр хуулийн төсөлд тусгаснаар төрийн өндөр албан тушаалтнуудын холбогдсон авлигын хэргийг Үндэсний авлигатай тэмцэх товчоо мөрдөн шалгах боломжгүй болохоор байгаа юм.

Иргэний шинэчлэлийн зөвлөл ТББ-ын тэргүүн Саша Дрикийн хэлснээр Украйны Дээд Рад буюу парламентаас 2014 оны 10 дугаар сард төрийн албан тушаалтнуудын хөрөнгө, орлогын цахим мэдүүлгийн тухай хууль баталснаас хойш нийтдээ 9 удаа энэ хуулийг хүчингүй болгох, зохицуулалтыг нь сулруулахаар оролджээ.

Европын Холбооноос Украйн улсыг визгүй зорчих дэглэмд оруулахын тулд тавьсан гол шаардлагуудын нэг нь тус улсын төрийн албан тушаалтнуудаас хөрөнгө, орлогоо цахимаар мэдүүлж байх шаардлага байсан юм. Гэвч энэ оны 9 дүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхэлж байгаа цахим мэдүүлгийн үйл ажиллагааг зогсоох оролдлого ердөө нэг сарын дараагаас ахин гарч эхэллээ гэж иргэний хөдөлгөөний идэвхтнүүд үзэж байна.

Эх сурвалж: https://www.kyivpost.com/ukraine-politics/activists-accuse-lawmakers-blocking-fight-corruption.html

Панамын бичиг баримтуудад нэр нь дурдагдсан энэтхэгийн иргэдийн асуудлыг шалгаж тодруулах ажлын хэсэг байгуулагдав

Индиан Экспресс. Шинэ Дели. 2016.10.03. Энэтхэгийн Шууд татварын төв зөвлөл, Энэтхэгийн Нөөцийн Банк, Санхүүгийн мэдээллийн алба болон эдийн засгийн хуулиудыг сахиулах, эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх чиг үүрэг бүхий байгууллага болох Энфорсмент Директорат зэрэг байгууллагууд хамтран Хамтын ажиллагааны бүлэг байгуулж Панамын бичиг баримтад нэр нь дурдагдсан, гадаад улсад данстай энэтхэгийн иргэдийн асуудлыг хурдан хугацаанд, нэгдсэн байдлаар шалгаж байна. Эдийн засгийн яамнаас мэдэгдсэнээр хэдийгээр Швейцарийн Засгийн газраас ямар нэг мэдээллээр хангаагүй боловч 81.9 тэрбус рупигийн нууцлагдмал хөрөнгийг илрүүлэн татварын хуулиар шийдвэрлээд байна. Мөн түүнчлэн 164 үйлдэл бүхий 75 эрүүгийн хэргийг шүүх дээр хэлэлцэж байгаа юм. Эдгээр хэрэг дээр Панамын бичиг баримтын асуудал нэмэгдээд байгаа бөгөөд хамтарсан ажлын хэсгээс одоогийн байдлаар 5 тайлан бэлэн болгож засгийн газарт илгээжээ.

Панамын бичиг баримтуудад Энэтхэгийн нэр алдартай болон бизнес эрхлэгч 500 шахам хүний нэр дурдагдсан бөгөөд тэдгээр хүмүүс оффшор дансанд хөрөнгөө байршуулсан болон оффшор бүс дэх хуулийн компаниудаар дамжуулан шилжүүлэг хийсэн үлйдэлдээ буруутгагдаж тооцогдож байна.

Эх сурвалж: http://indianexpress.com/article/india/india-news-india/multi-agency-group-to-probe-indians-named-in-panama-papers-set-up-govt-3063654/

Өмнөд Солонгосын папарацци-тэмцэгчид авлигыг илчилж шагнал авна

Ройтерс. Сөүл. 2016.10.04. Сөүлийн Гангнам дүүрэгт саяхан болсон хуримны үеэр хоёрын зэрэг папараци сэтгүүлч эргэлдэж байсан ч алдар нэртэй оддыг онилсонгүй. Тэдний бай нь саяхан батлагдсан авлигын эсрэг хатуу хуулийг зөрчин бэлэг сэлт авч магадгүй төрийн албан хаагчид байлаа. Авлигатай тэмцэх энэхүү шинэ хуулийн үйлчлэлд нийтийн албан тушаалтнууд, төрийн өмчит үйлдвэрийн газрын албан тушаалтнууд, багш нар, сэтгүүлчид зэрэг нийтдээ 4 сая орчим хүн хамаарч байгаа бөгөөд тэдний хүлээн авч болох бэлэгний үнийн хэмжээ болон дайлуулж цайлуулах хоол ундны үнийн хязгаарыг энэ хуулиар хатуу тогтоож өгсөн юм.

Мөн түүнчлэн зөрчил гаргагчдыг бармтттайгаар мэдээлсэн тохиолдолд 200 сая вон хүртэлх хэмжээгээр урамшуулал олгохоор зарласан нь зургийн аппаратаар зэвсэглэсэн папараци нар, эрэн сурвалжлах сэтгүүлчид, хувийн мөрдөгчид, мөнгө хэрэг болсон энгийн иргэдийг үнэтэй зоогийн газрууд болон тансаг хурим болж байгаа газруудаар эргэлдэхэд хүргээд байна. Тэдэнд зориулсан сургууль, дамжаа хүртэл байгуулагдсан бөгөөд Нийтийн эрх ашгийн төлөө мэдээлэл хайх төв нэртэй ажээ. Дамжааны захирал Мүүн Сеоун Ок нууцаар тагнах, мөрдөх урлагийг оюутнууддаа заадаг. Тэрээр зургийн аппарат болон нууц камер ашиглах талаар заахын зэрэгцээ “Та нар эх оронч зүтгэл гаргаад баяжиж болно” гэж зоригжуулах ажээ. Хичээлийн үеэр авлигын эсрэг шинэ хуулийг хэвлэсэн гарын авлагыг оюутнууддаа танилцуулахын хамт нотлох баримт олж авахын чухлыг тодорхой тайлбарлаж зоогийн газрын хогийн савнаас кредит картаар тооцоо хийсэн баримтыг олох гэх мэт зарим нэг арга замыг зааж өгдөг байна.

Өмнөд Солонгос Улс нь Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагад багтдаг 34 улсын нэг бөгөөд Транспаренси Интернейшнл байгууллагаас гаргасан 2015 оны Авлигын төсөөллийн индексээр эдгээр улсууд дотроо 27 дугаар байранд орсон юм.

Хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээлж байгаагаар 9 дүгээр сарын 28-нд шинэ хууль үйлчилж эхэлснээс хойш гольфийн талбайн захилга эрс буурч, хурим найранд очих зочдын тоо цөөрч, эмнэлгүүдийн захиргаанаас эмч нарт бэлэг өгөхийг байхыг анхааруулах болжээ. Энэ хуулийн үйлчлэлийн улмаас өргөн хэрэглээний болон энтертаймент компаниуд 11.6 их наяд шахам воны алдагдал хүлээж магадгүй гэж Солонгосын Эдийн засгийн судалгааны институт өнгөрсөн 6 дугаар сард хийсэн судалгааныхаа үндсэн дээр мэдэгдсэн юм.

“3-5-10”-ийн дүрэм гэж нийтээр нэрлэх болсон энэ хориг хязгаарын дагуу нийтийн албан тушаалтнууд болон бусад хамаарах хүмүүс 30 мянган вон хүртэл хэмжээний хоол ундаар үнэгүй дайлуулах, 50 мянган воны үнэтэй бэлэг авах, хурим болон оршуулгын ёслолын үеэр 100 мянган воны бэлэн мөнгө авах эрхтэй ба үүнээс хэтэрвэл торгуулийн арга хэмжээ авахуулна. Илүү ноцтой зөрчилд эрүүгийн ял шийтгэл ч хүлээж болзошгүй бөгөөд тухайлбал 1 сая воноос илүү хэмжээний бэлэг авсан, эсхүл жилийн турш авсан бэлэгний хэмжээ нь 3 сая воноос хэтэрсэн бол чанга хатуу ял авахаар байгаа юм.

Бизнесийн хүрээнийхэн энэхүү хориг хязгаарлалтад дасан зохицох гэж арга чаргаа барж байна. Солонгосын том корпораци буюу чаеболуудын лобби бүлэг болох Солонгосын Үйлдвэр эрхлэгчдийн Холбооноос саяхан зохион байгууллсан семинарт 400 орчим бизнес эрхлэгч оролцсон бөгөөд энэ үеэр компанийн албан тушаалтнууд шинэ хуулийг хэрхэн дагаж биелүүлж байх талаар сургалт хийсэн байна.

Өмнөд Солонгост “папараци” гэдэг нэр томьёо нь алдар нэртэй оддын араас хөөцөлддөг гэрэл зурагчдыг илэрхийлээд зогсохгүй гэмт хэрэг, мөн түүнчлэн гэрэл дохио зөрчсөн, гудамжинд тамхиа хаясан зэрэг захиргааны зөрчил гаргасан хүмүүсийн үйлдлийг баримтжуулж зохих газар нь өгөөд бэлэн мөнгөний шагнал, урамшуулал авдаг хувь хүмүүст ч бас хамаатай байдаг.

Боловсруулан, санал болгож батлуулсан хүнийх нь нэрээр “Ким Ёнг Раны авлигатай тэмцэх хууль” гэж нэрлэх болсон энэ хууль нь “ран-параци” гэдэг шинэ нэр томьёог бий болгоод байна.

Ран-параци нарыг бэлтгэх дамжааны захирал ноён Мүүний хэлснээр мэдээлэл олж авахыг хүссэн хүн хурим найр болон оршуулгад очих арга замаа яаж ийгээд олох ёстой гэнэ. Сонин дээр нийтлэгдсэн оршуулгын ёслолын тухай зар мэдээнээс тэр арга хэмжээнд дээд зиндааны ямар ямар хүмүүс очихыг мэдэж авах боломжтой байдаг ажээ. Ноён Мүүний дамжаа нь суралцагч нар буюу ран-параци нараас ямар нэг төлбөр авдаггүй боловч мэдээлэл олж авахад хэрэгтэй камертай үзэг, далд камер зэрэг янз бүрийн хэрэгслийг санал болгодог байна. Саяхан дууссан нэг сургалтад 10 хүн хамрагджээ.

Тэдний нэг болох 46 настай монгол эмэгтэй Очирын Отгонтөгс сэтгүүлчид хэлэхдээ орон сууц худалдаж авах хангалттай мөнгө олж чадна гэж итгэж байгаа гэжээ. Мөнгөний сонирхлоос гадна амьдарч байгаа улс орныхоо төлөө зүтгэх эрмэлзэл нь түүнийг ийм зүйл хийхэд түлхэж байгаа гэсэн байна. Тэрээр энэ тухайгаа “хууль бус арга замаар хөрөнгө мөнгө хураадаг хүмүүсийн тоо цөөрвөл миний хүүхдүүд илүү сайн сайхан орчинд амьдрах болно” гэж тайлбарлажээ.

СУДАЛГАА ШИНЖИЛГЭЭНИЙ АЛБА