ГАДААДЫН ХЭВЛЭЛ, МЭДЭЭЛЛИЙН ХЭРЭГСЭЛ, ВЕБ САЙТАД НИЙТЛЭГДСЭН МЭДЭЭ, НИЙТЛЭЛ, ҮЙЛ ЯВДЛЫН ТОЙМ /2016.10.09-10/

A- A A+
ГАДААДЫН ХЭВЛЭЛ, МЭДЭЭЛЛИЙН ХЭРЭГСЭЛ, ВЕБ САЙТАД НИЙТЛЭГДСЭН МЭДЭЭ, НИЙТЛЭЛ, ҮЙЛ ЯВДЛЫН ТОЙМ /2016.10.09-10/

Авлигад автсан байж болзошгүй Дээд шүүхийн шүүгчдээс 800.000 ам.доллартай тэнцэх хэмжээний бэлэн мөнгө хураан авлаа (10.10.2016)

Нигер Улс. Тагнуулын байгууллага зохион байгуулалттай арга хэмжээ авч авлига, хээл хахуульд холбогдсон байж болзошгүй шүүгчдийг шалгасны үр дүнд хэд хэдэн шүүгчийг баривчилж бэлэн мөнгийг хураасан байна. Харин уг арга хэмжээг нигерийн хуульчдын холбоо шүүгчдыг суллахыг шаардан “Гестапо маяг”-ийн арга хэмжээ явуулж байна хэмээн буруушаав. 

Олон нийтийн зүгээс ирсэн зарим нэг мэдээллийн дагуу амьдралын тансаг хэв маягтай шүүгчдийг шалгах тусгай ажиллагаа явуулсны үр дүнд шүүгчдээс их хэмжээний нигерийн үндэсний мөнгөн тэмдэгт болон гадаад валют, түүнчлэн шүүгчдийн гэм буруутайг нотлох баримтуудыг хураан авсан гэж Тагнуулын байгууллага мэдэгдсэн байна. Эдгээр шүүгчид нь хяналтын шатны болон Дээд шүүхийн шүүгчид бөгөөд нэрсийг олон нийтэд одоогоор зарлаагүй байна. Тусгай арга хэмжээ зохион байгуулсны дараа Нигерийн хуульчдын холбоо Ерөнхийлөгч Бухарид хандан “Хууль хяналтын байгууллагуудын үйл ажиллагаанд анхаарал хандуулах, хууль ёсыг дээдэлж ажиллах ёстой”-г онцолсон байна. Бид цэргийн дэглэмтэй улс биш, иймэрхүү “Гестапо маяг”-ийн үйл ажиллагааг хүлээн зөвшөөрч болохгүй хэмээн Хуульчдын холбооны тэргүүн Абубакар Махмуд мэдэгдсэн байна. 

Өнгөрсөн жил Ерөнхийлөгч Бухари сонгогдсныхоо дараахан тус улсын эдийн засгийн өсөлтийг сулруулаад байгаа авлигатай тууштай тэмцэхээ илэрхийлсэн юм. Хэд хэдэн төрийн өндөр албан тушаалтнуудтай холбоотой авлигын асуудал шалгагдсан боловч шүүхийн шатанд очоод сураг алдарсан хэмээн Нигер дэх ББС-ийн сурвалжлагч Мартин Патинесэ онцолж байна. Хууль хяналтын салбарт өргөн тархсан авлига нь нөлөө бүхий хүмүүсийг яллахад нэлээд хүндрэл учруулдаг хэмээн тэрээр тэмдэглэсэн байна.

Эх сурвалж: http://www.bbc.com/news/world-africa-37603857

Хятадын авлигатай тэмцэх кампанит ажил болон түүний үр дагавар (10.09.2016)

Бээжин. Гуанжоугийн Сан Яатсений их сургуулийн Засаглал, олон нийттэй харилцах Хүрээлэнгээс явуулсан судалгааны үр дүнгээр Ши Жинпиний эхлүүлсэн авлигатай хийж буй тэмцэл Коммунист намын нэр хүндийг өргөхөөс илүүтэйгээр хохирол учруулж байна гэсэн үр дүн гарчээ. Уг судалгааны ажлыг гүйцэтгэсэн тус сургуулийн Ни Шинг болон Ли Зэн нар үүнийг эрх мэдлийн төвлөрөлтэй холбоотой, орон нутагт авлигын хэрэг их гарч байгаа нь төвийн удирдлагын алдаа хэмээн судалгааны тайланд дурдсан байна. Улсын хэмжээнд 83300 хүнээс утсаар ярилцлага авсан ба судалгааны тайланг Хятадын төрийн албаны сэтгүүлд нийтэлсэн байна.

Мао Зэдун 1976 онд нас барснаас хойшхи хугацаанд тус улсад явагдсан хамгийн томоохон, үр дагавар бүхий кампанит ажил бол Хятадын Ерөнхийлөгчийн дөрвөн жилийн өмнө эхлүүлсэн авлигатай хийж буй тэмцэл юм. Гэвч олон нийт орон нутгийн засаг захиргаанаас илүү төв аппарататад шүүмжлэлттэй хандаж байгааг судалгааны үр дүн харуулж байна. Харин “Файнэншиал таймс” сонины онцолж байгаагаар авлигын хэргээр албан тушаалтнуудад хариуцлага хүлээлгэх магадлал тун бага байна. Кампанит ажил эхэлсэн эхний гурван жилд 36.000 намын гишүүний авлигын хэргийг шүүхээр хянан хэлэлцсэн нь 2015 онд ажиллаж буй 7.5 сая төрийн албан хаагчийн дөнгөж 0.5 хувийг эзэлж байгаа юм. 2013-2015 онд төрийн 7.395.000 намын гишүүн төрийн албанд ажиллаж байснаас 750.000 намын гишүүнд арга хэмжээ авсан нь зөвхөн сануулах, эсхүл донгодох арга хэмжээ байжээ. Эдгээрийн 35.600 намын гишүүнийг намаас хөөж, авлигын хэргээр ялласан байна.

“Хамгийн доод түвшинд авлигад автсан албан тушаалтнуудад хариуцлага тооцно гэх улс төрийн тодорхой хүсэл эрмэлзлийг би олж харахгүй байна.” хэмээн Гон Конгийн Их сургуулийн хуулийн профессор Фу Хуалинг хэлсэн байна. Авлигатай тэмцэх кампанит ажлын гол зорилго бол албаны эрх мэдлийг урвуулан ашиглах, гэмт хэрэг, зөрчилд Хятадын бүх шатны албан тушаалтанд хариуцлага ногдуулах явдал. Харин зарим эрдэмтэн, судлаачид болохоор уг кампанит ажлын гол зорилго нь Коммунист намын нэр хүнд, имижийг өөрчлөхөд дээрээс өгч буй захиалгад намын боловсон хүчин түргэн шуурхай хариу үзүүлж, хөдөлгөх явдал гэж үзэж байна.

Эх сурвалж: https://www.ft.com/content/02f712b4-8ab8-11e6-8aa5-f79f5696c731

Зимбабвэ Улс дахь авлига (10.09.2016)

Зимбабвэ Улс. 1983-1985 онд миний удирдаж байсан компаниас 6 сая ам.доллар хулгайлсныг мэдээд гурван жилийн хугацааг шударга ёсыг тогтоох, уг мөнгийг буцаан олж авах гэж хөөцөлдөж өнгөрөөсөн. Үр дүнд нь мөнгөө буцаан авч чадаагүй ч уг хэргийг хэрхэн үйлдсэн, ямар хүмүүс оролцсон гэдгийг олж мэдсэн. Ихэнхи улс орнуудад банкуудын нууцлал бий болгосон нь гэмт хэрэгтнүүдэд хамгаалалт болдог нь тогтоогдсон. Тухайн үед миний ажиллаж байсан компани Анголын Засгийн газартай хэдэн сая ам.долларын гэрээ хэлцэл хийгдэж байх үед тус улсын төрийн албан хаагч Щвейцарийн банкны дансанд гэрээний 15 хувийг хийх санал тавив. Би түүнийг нь эсэргүүцэхэд Харар дахь Нөөцийн банкнаас “хэлцэл” хий гэсэн удирдамж өгсөн. Ингээд хэлэлцээр үргэлжилж ямар нэгэн саад тотгор үүсээгүй ба харин гэрээний үнэ 5 хувиар буурсан түүхтэй гэжээ.

2012 онд Маранг дахь очир эрдэнэ олборлох үйл ажиллагаа 35 сая каратаас хол давж 4 тэрбум ам.долларт хүрсэн юм. Тухайн үед Ерөнхийлөгч 15 тэрбум ам.доллартай тэнцэх очир эрдэнэ алга болсныг хүлээн зөвшөөрч байв. Африкийн орнууд жилдээ 60 тэрбум ам. долларыг авлигын улмаас алддаг гэсэн тооцоо, судалгааг Транспарэнси интернэшл байгууллага хийжээ.

Ангол Улсад нефть бүтээгдэхүүний нийт олборлолтын гуравны нэгтэй тэнцэх хэмжээний хөрөнгийг авлигын улмаас алддаг. Ангол Улс дэлхийн нефтийн олборлолтын ойролцоогоор 8 хувийг нийлүүлдэг. Ангол Улсын Ерөнхийлөгчийн охин дэлхийн хамгийн баян эмэгтэйчүүдийн нэгд тооцогддог ба тэрээр хувьдаа нисдэг тэрэг, дэлхийн олон улсад үл хөдлөх хөрөнгө эзэмшдэг аж.

Нигер Улсад авлига мөн л газар авсан ба газрын тосны салбарт маш түгээмэл нүүрлэсэн аж. Өрнөдийн олон компаниуд авлигын асуудалд орооцолдож байдаг. Тэгвэл энгийн аспиринээр эмнэлгүүдээ хангаж чадахгүйд хүрсэн эдийн засагтай Зимбабвэ Улсад төрийн удирдлага нь тэрбум ам.долларыг жилд хэрхэн хулгайлж чадав аа? Хулгай хийх болохоор манай удирдлага ухаантай болдог. Маранга дахь очир эрдэнэ олборлох уурхайгаас мөнгөний уо мөрийг мөшгих гэж оролдвол Гон Конгид юм уу, Ойрхи Дорнодод очиж төгсөж мэднэ. Ингээд нэг мэдэхэд ямар нэгэн хууль ёсны орлогын эх үүсвэргүй байж манайхан тансаг орд харштай, хувийн онгоцтой, хотын төв хэсэгт оффисын барилгатай болох жишээтэй. Тэгэхдээ зарим талаараа энэ нь аюултай. Би хувьдаа манай хоёр иргэнийг мэднэ. Тэдгээр нь Марангын очир эрдэнэ уурхайн олборлолтын орлогыг шамшигдуулснаас болж алуулсан юм. Эрэн сурвалжлах ажиллагаа хийснээс үүдэлтэй би өөрөө хүртэл аюултай байдалд орж байсан. Миний биед 2 ч удаа халдсан. Би энэ талаар Цагдаагийн байгууллагад нэр, утасны дугаар, таних тэмдэг бүх мэдээллийг өгсөн боловч ямар ч үр дүн гараагүй. Энэ нь төрийн оролцоо байгааг илтгэж байгаа бус уу. Газрын тосны наймааны асуудал ихэвчлэн Сингапурт явагддаг. Үүнийг 2014-2015 оны статистик мэдээллээс харж болно. 6 тэрбум ам.доллартай тэнцэх хэмжээний олборлолт явуулж байж зөвхөн 380 сая ам.долларыг л төсөвт оруулж чадаж байна. Маранг дахь очир эрдэнэ олборлох уурхайгаас сайн чанарын бус очир эрдэнэ олборлож байна хэмээн шамшигдуулна. Орд газрыг хүч түрэн дэрэмдэн авах явдал ч мэр сэр гардаг. Ер нь авлигын бүхий л хэлбэр газар авч байна. Төрийн худалдан авалтын ажиллагаанд тогтмол үнийг өсгөдөг. Энэ мэтчилэн жагсаалтыг үргэлжлүүлж болно. Гэтэл авлигын улмаас алдаж буй үнийн дүнг тус улсын боловсрол (1.1 тэрбум ам.доллар), эрүүл мэндийн (330 сая ам.доллар) салбарт зарцуулж буй төсвийн хөрөнгөтэй харьцуулахад тус улсын үнэн байдлыг ойлгох болно хэмээн “Дэ Зимбабвиен” сонинд Эдди Кросс тэмдэглэсэн байна.

Эх сурвалж: http://www.thezimbabwean.co/2016/10/corruption-in-zimbabwe/

 СУДАЛГАА ШИНЖИЛГЭЭНИЙ АЛБА