ГАДААДЫН ХЭВЛЭЛ, МЭДЭЭЛЛИЙН ХЭРЭГСЭЛ, ВЕБ САЙТАД НИЙТЛЭГДСЭН МЭДЭЭ, НИЙТЛЭЛ, ҮЙЛ ЯВДЛЫН ТОЙМ /2016.10.10-11/

A- A A+
ГАДААДЫН ХЭВЛЭЛ, МЭДЭЭЛЛИЙН ХЭРЭГСЭЛ, ВЕБ САЙТАД НИЙТЛЭГДСЭН МЭДЭЭ, НИЙТЛЭЛ, ҮЙЛ ЯВДЛЫН ТОЙМ /2016.10.10-11/

Шүүгчдийг шалгаж байна (10.10.2016)

Нигер Улс. Тагнуулын байгууллага өнгөрсөн баасан, бямба гарагт Дээд шүүхийн шүүгчид Силвестэр Нгвута, Инянг Окоро, Хяналтын шатны шүүхийн шүүгч Тохамад Тсамия, Кано мужийн Дээд шүүхийн шүүгч Кабиру Аута болон Абужа мужийн Дээд шүүхийн шүүгч Адениюи Адемола, Энугу мужийн шүүхийн шүүгч асан Умезуликэ, Холбооны Дээд шүүхийн Муазу Пиндига нарыг баривчилсан. Эдгээрээс гадна найман шүүгч, шүүхийн гурван ажилтныг шалгаж байна. Тагнуулын байгууллага нь Үндсэн хуулиар хүлээлгэсэн эрх хэмжээг хэтрүүлээгүй хэмээн албаны эх сурвалж мэдээлэв.

Эх сурвалж: http://punchng.com/corruption-eight-judges-investigation/

Намын өндөр албан тушаалтан асанд хээл хахуулийн хэргээр цаазаар авах ял оноосныг хоошлуулав (10.10.2016)

Бээжин. Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын гишүүн асан Бай Энпэйд авлигын хэрэгт холбогдуулан ногдуулсан цаазаар авах ялыг 2 жилийн хугацаагаар түр хойшлуулсан талаар өнгөрсөн Ням гарагт Хэнан мужийн шүүх мэдэгдэв. Түүнчлэн цаазаар авах ялыг бүх насаар нь хорих ялаар өөрчлөх нөхцөлд түүнийг хугацаанаас нь өмнө тэнсэн суллах, эсхүл ялыг хөнгөрүүлэх боломжгүй талаар Шүүхээс мэдэгдсэн байна. Бай өдгөө 70 настай бөгөөд 2000-2013 онд Юнан болон Шинхай мужийн намын дарга, Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын Байгаль орчин, нөөцийг хамгаалах хорооны дэд дарга зэрэг албан тушаалыг хашиж байхдаа 247 сая юань буюу 37 сая ам.долларын хөрөнгийг хууль бусаар олж авсан хэмээн буруутгагджээ. Энэ нь төрийн өндөр албан тушаалтанд 2012 оноос хойш хариуцлага хүлээсэн хамгийн том хэрэг аж. Тэрээр албан тушаалын байдлаа урвуулан ашиглан өөрийн танил талд үл хөдлөх хөрөнгө олж өгөх, уул уурхайн зөвшөөрөл олгох, албан тушаал дэвшүүлэх зэрэг хууль бус үйлдэл хийж байсан хэмээн шүүхээс мэдэгдсэн байна. Түүнчлэн төрийн өндөр албан тушаалтнуудад 2012 оноос хойш ногдуулсан ялаас түүнд ногдуулсан ял хамгийн чанга нь юм. Тухайлбал, Хятадын Тагнуулын газрын дарга асан Чоу Ёнгканг, Цэргийн төв зөвлөлийн орлогч дарга асан Гуо Бошионг болон Хятадын Ардын улс төрийн зөвлөлдөх зөвлөлийн Үндэсний хорооны дэд дарга асан Линг Жихуа нарт бүх насаар хорих ял ногдуулсан байна. Хятадын хуулиар цаазаар авах ялыг 2 жилийн хугацаатай түр хойшлуулсан тохиолдолд бүх насаар нь хорих ял ногдуулж болдог. Улмаар хорих ялыг хоригдогчийн (ялтны) нөхцөл байдлаас шалтгаалан хугацааг богиносгож болдог аж. Гэтэл 2015 оны 10 дугаар сард Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурал Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж их хэмжээний хээл хахуультай холбоотой, эсхүл төр болон хувь хүнд үлэмж хэмжээний хохирол учруулсан авлигын хэрэгт хорих ялын хугацааг бууруулах нөхцөлийг хассан байна. Аньан дахь шүүх энэхүү тохиолдолд уг нэмэлт, өөрчлөлтийг баримталсан бололтой байна. Байгийн бүх насаар хорих ял ногдуулах тухай хүсэлтийг шүүх хүлээн авахаас татгалзсан нь сайд нарын түвшинд түр хугацаагаар батлан даалтад гарах хүсэлтийг нь түдгэлзсэн анхны тохиолдол юм.

Эх сурвалж: http://english.caixin.com/2016-10-09/100994844.html

Бразилийн Ерөнхийлөгч асан дахиад авлигын хэрэгт холбогдов (10.11.2016)

Бразил Улс. Холбооны прокурорын байгууллага Ерөнхийлөгч асан Луис Инасио Лула да Силваг дахин авлигын хэрэгт холбогдуулан шалгаж эхлэв. Ерөнхийлөгч асан Силва болон түүний гэр бүлийнхэн газрын тосоор баялаг Ангол Улсад сүүлийн арав гаруй жил үйл ажиллагаа явуулж байсан Бразилийн компанийг ашиг орлогоо үлэмж хэмжээгээр нэмэгдүүлэхэд тусалсан хэмээн олон нийтийн зүгээс ирж буй дарамт шахалтаас үүдэн дахин шалгахаар болжээ. Тэрээр анхны эхнэрийн хамаатан болох Тайгуара Родригесийн Одебрехт компанид давуу байдал олгосон хэмээн буруутгагдаж байгаа аж. Ангол Улс дахь төслүүдийг санхүүжүүлэх зорилгоор Одебрехт компанид Бразилийн үндэсний төв банкаас зээл олгох зэргээр тус компанид давуу байдал олгож байсан бөгөөд харин үүний хариуд Одебрехт компаниас сүүлийн жилүүдэд Силваг санхүүжүүлж байгаа хэмээн прокурорын байгууллага буруутгаж байна.

Хэдийгээр нөхцөл байдал ийм байгаа ч, Силва 2018 онд болох Ерөнхийлөгчийн сонгуульд хүчтэй өрсөлдөгч хэвээр байгаа юм. Ихэнхи сонгогчид түүнийг дундаж давхаргыг бэхжүүлэх чиглэлээр хэрэгжүүлсэн хөтөлбөрүүдийг өнөө хэр нь мартаагүй байгаа аж. Прокурорын байгууллага Силвад ялгавартай хандаж байна хэмээн түүний өмгөөлөгчид үзэж байгаа бөгөөд Ерөнхийлөгчөөр ажиллаж байхдаа ч, албан тушаалаа өгсний дараа ч ямар нэгэн хууль бус зүйл хийгээгүй хэмээн удаа дараа мэдэгдээд байна. Түүний өмгөөлөгчид нь Силваг дараагийн сонгуулиас өмнө нэр хүндийг нь гутаах оролдлого хийж байна хэмээн шинээр хэрэгт холбогдуулсантай холбоотой зарласан хэвлэлийн бага хурлын үеэр мэдэгдсэн байна. Ганцхан Силва нь Одебрехт компанитай холбоотой улс төрч биш юм. Уг компанийн удирдлагууд улс төрчдөд хээл хахууль өгсөн хэрэгт ногдуулах хариуцлагыг хөнгөрүүлэх талаар гэрээ, хэлцэл хийж буй тухай Бразилийн хэвлэл, мэдээллээр шуугиж байна. Одебрехт компанийн гүйцэтгэх захирал Марсело Одебрехт авлига, мөнгө угаах гэмт хэрэгт яллагдан 19 жилийн хорих ял эдэлж байгаа юм. Прокурорууд Одебрехтийг Силва болон түүний гэр бүлийн хоёр гишүүнд хууль бус төлбөр өгсөн хэрэгт шинээр буруутгаж байгаа юм. Силва нь Латин Америкийн нөлөө бүхий улс төрчдийн нэг байсан бөгөөд тэрээр 2003-2010 тус улсын Ерөнхийлөгчийн албыг хашиг байсан одоо 70 настай аж.

Эх сурвалж: http://www.nytimes.com/2016/10/11/world/americas/brazil-lula-angola-odebrecht-petrobras.html?_r=0

 СУДАЛГАА ШИНЖИЛГЭЭНИЙ АЛБА