ГАДААДЫН ХЭВЛЭЛ, МЭДЭЭЛЛИЙН ХЭРЭГСЭЛ, ВЕБ САЙТАД НИЙТЛЭГДСЭН МЭДЭЭ, НИЙТЛЭЛ, ҮЙЛ ЯВДЛЫН ТОЙМ /2016.10.15-17/

A- A A+
ГАДААДЫН ХЭВЛЭЛ, МЭДЭЭЛЛИЙН ХЭРЭГСЭЛ, ВЕБ САЙТАД НИЙТЛЭГДСЭН МЭДЭЭ, НИЙТЛЭЛ, ҮЙЛ ЯВДЛЫН ТОЙМ /2016.10.15-17/

Бэлэн мөнгө цуглуулсан Хятадын албан тушаалтныг авлигын хэрэгт буруутай болох нь тогтоогдов (2016.10.17)

БНХАУ [Reuters]. Гэртээ 200 сая гаруй юань (29.99 сая ам. доллар) хадгалж байсан Хятадын эрчим хүчний салбарын удирдах албан тушаалтан асанг шүүхээс авлигын хэрэгт буруутай болохыг нь тогтоож, цаазаар авах ял оногдуулсан талаар тус улсын төрийн мэдлийн Синхуа агентлагаас Даваа гарагт мэдээллээ.

Тухайн үед албан тушаалтнуудын хэлж байснаар гэртээ хадгалж байсан мөнгөний хэмжээгээрээ хамгийн ихэд тооцогдож байсан Вэй Пэнгуан нь 2014 онд хэрэгт холбогдон, шалгагдах хүртлээ Үндэсний эрчим хүчний агентлагийн Нүүрсний газрын дэд даргын албан тушаалыг хашиж байв.

Баодин хотын шүүхээс Вэйд цаазаар авах ял оногдуулсан бөгөөд цаазын ялыг 2 жилийн дараа гүйцэтгэх аж. Вэй нь нүүрсний төслүүдийг батлахдаа албан тушаалаа урвуулан ашигласан, хээл хахуульд 212 сая юань авсан хэмээн шүүхийн шийдвэрийг иш татан Синхуа агентлагаас мэдээлсэн юм. Вэйгийн хөрөнгийн хэмжээ түүний хууль ёсны дагуу олж байсан орлогоос асар их байгаа бөгөөд тэрээр хөрөнгийнхөө эх үүсвэрийг тодорхой тайлбарлаж чадахгүй байсан хэмээн Синхуа агентлаг мөн онцлоод байна.

Өмнө нь 2014 онд мөн Үндэсний эрчим хүчний агентлагийн дарга Лиу Тиэнанийг хээл хахуулийн хэрэгт буруутган бүх насаар нь хорих ял оногдуулж байсан юм.

Эх сурвалж: http://www.reuters.com/article/us-china-corruption-idUSKBN12H0BB?feedType=RSS&feedName=worldNews&utm_source=feedburner&utm_medium=feed&utm_campaign=Feed%3A+Reuters%2FworldNews+(Reuters+World+News)

Малайзын мөнгө угаах хэрэгт холбогдсон ДиКаприог НҮБ-ын албан тушаалаа өгөхийг шаардав (2016.10.16)

АНУ [Washington Times]. АНУ-ын Хууль зүйн яамнаас мөрдөн шалгаж буй Малайзын “1MDB” гэмт хэрэгтэй холбоотой байж магадгүй болоод байгаа жүжигчин Леонардо ДиКаприог НҮБ-ын уур амьсгалын өөрчлөлтийн албан тушаалаа өгөхийг байгаль хамгаалагчид шаардаад байна. Өөрөөр хэлбэл, Швейцарийн ой хамгааллын бүлэг болох “Bruno Manser” сангаас төсвийн хөрөнгийг зүй бусаар зарцуулсан хэрэгт сэжиглэгдэж буй Малайзын Ерөнхий сайд Нажиб Разактай ямар холбоотой болон холбоогүй болохоо олон нийтэд ил тод болгохыг ДиКаприогоос шаардаж байгаа аж.

Хэрэв ДиКаприо мэдээллээ олон нийтэд ил болгохоос татгалзвал уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаар НҮБ-ын энх тайвны элч гэсэн албан тушаалаасаа татгалзах ёстой хэмээн уг байгууллагаас мэдэгдсэн юм. “Леонардо ДиКаприо нь Малайзын ‘1MDB’ гэх гэмт хэргийн нөлөө бүхий хүмүүстэй хувийн болон санхүүгийн холбоотой гэдгээ тайлбарлахаас удаа дараа татгалзаж байгаа” хэмээн “Bruno Manser” сангийн захирал Лукас Страуманн Лондон хотноо өнгөрсөн Баасан гарагт болсон хэвлэлийн бага хурлын үеэр онцолсон юм.

“Энэ бол хүлээн зөвшөөрч болохгүй асуудал. Хэрэв ДиКаприо Малайзын авлигын хэргээс өөрийгөө тусгаарлаж чадахгүй бол тэр уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаас НҮБ-ын эх тайвны элч хэмээх албан тушаалаа өгөх ёстой. Бид авлигыг зогсоож чадахгүй бол, бид байгаль орчныг ч хамгаалж чадахгүй” хэмээн Лукас мэдэгдсэн юм.

Эх сурвалж: http://www.washingtontimes.com/news/2016/oct/16/leonardo-dicaprio-urged-quit-un-post-amid-malaysia/

Тэнгисийн цэргийн ажилтан хээл хахуулийн хэргээр 12 жилийн ял авлаа (2016.10.15)

АНУ [Foxnews]. Тэнгисийн цэргийн эрүүгийн мөрдөн шалгах алба (NCIS)-ийн ажилтан асанд 12 жилийн ял оногдууллаа. Өөрөөр хэлбэл, ажилтан Жон Бэливэй нь 2013 онд хээл хахуулийн гэмт хэрэг үйлдэх зорилгоор хуйвалдаан зохион байгуулсан, ‘бүдүүн Леонардын хэрэг’-тэй холбоотой нууц материалыг Леонард Францист өгснийхөө хариуд бэлэн мөнгө болон тансаг зэрэглэлийн зочид буудалд байрлаж, биеэ үнэлэгчийн үйлчилгээг авч байсан гэдгээ хүлээн зөвшөөрсөн юм.

Прокурорууд 15 жилийн ял оногдуулахыг хүсч байсан ч шүүхээс Жон Бэливэйд дээрх ялыг оногдуулсан бөгөөд нэмэлтээр 20 сая долларын нөхөн төлбөр төлүүлэх шийдвэр гаргасан байна.

Харин гэрээнд үндэслэн АНУ-ын тэнгисийн цэргээс илүү төлбөр авах, өрсөлдөгчдийг нь зайлуулахад тусалж байсны хариуд тэнгисийн цэргийн албан тушаалтнуудад нийтдээ 500,000 гаруй ам. долларыг хээл хахууль болгон өгсөн, биеэ үнэлэгч, бусад үнэ бүхий зүйлсийг мөн бэлгийг өгсөн гэдэг гэм буруугаа хүлээн зөвшөөрөөд байгаа Леонард Францис одоогоор ямар ял авахаа хүлээж байгаа юм. Түүнийг 2013 оны 9 дүгээр сард баривчилснаас хойш холбооны шоронд саатуулж байгаа билээ.

Бүдүүн Леонардын хэрэгт холбоотойгоор нийтдээ 16 хүнийг буруутгаад байгаагийн дотор 10 гаруй хүн нь тэнгисийн цэргийн ажилтан байгаа юм.

Эх сурвалж: http://www.foxnews.com/us/2016/10/15/former-ncis-agent-sentenced-to-12-years-in-bribery-case.html

СУДАЛГАА ШИНЖИЛГЭЭНИЙ АЛБА