ГАДААДЫН ХЭВЛЭЛ, МЭДЭЭЛЛИЙН ХЭРЭГСЭЛ, ВЕБ САЙТАД НИЙТЛЭГДСЭН МЭДЭЭ, НИЙТЛЭЛ, ҮЙЛ ЯВДЛЫН ТОЙМ /2016.10.17-18/

A- A A+
ГАДААДЫН ХЭВЛЭЛ, МЭДЭЭЛЛИЙН ХЭРЭГСЭЛ, ВЕБ САЙТАД НИЙТЛЭГДСЭН МЭДЭЭ, НИЙТЛЭЛ, ҮЙЛ ЯВДЛЫН ТОЙМ /2016.10.17-18/

Ерөнхийлөгчийн шүүмжлэлийн дараа авлигатай тэмцэх байгууллагын дарга албан тушаалаа өгөв (2016.10.17)

Шри Ланка [Reuters]. Тус улсын авлигатай тэмцэх байгууллагын дарга даваа гарагт албан тушаалаа өгсөн байна. Энэхүү үйл явц нь авлигатай тэмцэх байгууллага одоогийн Ерөнхий сайдын намд илүү таатай ханддаг хэмээн Ерөнхийлөгч Майтрипала Сирисенагийн шүүмжлэлээс хэдхэн өдрийн дараа болж байгаагаар онцлог юм.

Өмнөх Ерөнхийлөгч Махинда Ражапакша болон түүний хүү, ах нар нарын оролцсон авлигын хэргийг мөрдөн шалгах ажлыг албан тушаалаа өгөөд байгаа Дилрукши Викрамасинхэ удирдаж байсан билээ.

Гэхдээ нэгэн цаг үед өмнөх Ерөнхийлөгч Ражапакшагийн эрх мэдлийн суурь болж байсан, одоогийн Ерөнхийлөгч Сирисенагийн “Шри Ланкийн эрх чөлөө” нам нь Ерөнхий сайдаар удирдуулсан “Нэгдсэн үндэстний нам”-тай хамтран эвсэж улс орныг удирдаж байгаа юм. Тус улсад төрийн эрх барьж буй эвслийн хоёр намын хооронд авлигын хэргийг шалгах асуудал ихээхэн маргаантай байдаг.

Тухайлбал, авлигатай тэмцэх байгууллагаас батлан хамгаалахын нарийн бичгийн дарга болон экс Ерөнхийлөгчийн дүү, бусад албан тушаалтнуудыг авлигын хэрэгт буруутган саатуулсны дараагаар буюу өнгөрөгч долоо хоногт Ерөнхийлөгч Сирисена уг асуудалд тааламжгүй байгаагаа илэрхийлсэн юм.

Өөрөөр хэлбэл, Ерөнхийлөгч армийн албан тушаалтнуудад хандан үг хэлэхдээ хэрэв авлигатай тэмцэх байгууллага болон цагдаагийн авлигатай тэмцэх хоёр хэлтэс “улс төрийн зорилгоор үйл ажиллагаагаа явуулбал, би арга хэмжээ авах ёстой” хэмээн мэдэгдэж байсан юм.

Викрамасинхэгийн албан тушаалаа өгч байгаа үйлдэл нь Ерөнхийлөгчийн дээрх мэдэгдэлтэй ямар ч холбоогүй хэмээн Сирисенагийн туслах, Хууль зүйн дэд сайд Дилан Перера мэдэгдсэн юм.

Сирисена нь сонгуулийн кампанит ажлынхаа үеэр авлигыг устах амлалт өгч байсан бөгөөд улс төрийн нөлөөллөөс үүдэлтэйгээр авлигын хэргийг бараг шалгадаггүй хэмээх шүүмжлэл дагуулж байсан авлигатай тэмцэх байгууллагын даргаар Викрамасинхэг томилж байсан билээ.

Эх сурвалж: http://www.reuters.com/article/us-sri-lanka-corruption-probe-idUSKBN12H2FO

Америкчууд авлигаас хамгийн их айж байна (2016.10.17)

АНУ [Seeker]. Төрийн байгууллага дахь авлигын асуудлаас америкчууд хамгийн их айж байгааг “Chapman” их сургуулийн “Америкчуудын айдас судалгаа”-аар тогтоогоод байна. Судалгаанд хамрагдсан хүмүүсийн 60 гаруй хувь нь төрийн байгууллага дахь авлигын асуудлаас “айж байна”, эсхүл “маш их айж байна” гэж хариулсан байна.

Энэ судалгааны хувьд, “Chapman” их сургуулийн судлаачид үндэсний хэмжээнд 1511 насанд хүрэгчийг санамсаргүй байдлаар түүвэрлэн судалгаанд хамруулсан бөгөөд гэмт хэрэг, засаглал, технологи зэрэг нийт 79 зүйлээс айж байгаа эсэхийг асуусан байна.

Судалгаанд үндэслэн америкчуудын хамгийн их айж байгаа 10 зүйлсийг жагсаавал: 

1) Төрийн байгууллага дахь авлига 

2) АНУ доторх террорист халдлага 

3) Санхүүгийн аюулгүй байдал 

4) Террорист халдлагын хохирогч болох, 

5) Гар бууны хяналт 

6) Ойр дотнын хүн нас барах 

7) Эдийн засаг, санхүүгийн уналт 

8) Санхүүгийн зорилгоор хувь хүний мэдээллийг хулгай хийх, 

9) Ойр дотнын хүн өвчин тусах 

10) Обамагийн эрүүл мэндийн тухай хууль

Сүүлийн хоёр удаагийн дараалсан судалгаагаар энэ жагсаалтыг төрийн байгууллагын авлига тэргүүлээ. Энэ нь уг асуудалд илүү анхаарал хандуулахыг иргэд хүсч байгааг илэрхийлж байна хэмээн тус сургуулийн социологийн профессор Кристофер Бадер хэлсэн байна.

Мөн судалгаанд оролцогчдын 60 гаруй хувь нь 9 дүгээр сарын 11-ний халдлагатай ижил хэмжээний цар хүрээтэй халдлага ойрын үед болж магадгүй гэж үзсэн байна. Терроризмын айдастай холбоотойгоор нийт америкчуудын хагас нь хилийн чанадад аялахаас айдаг, 1/5 нь концерт, хөлбөмбөгийн тэмцээн зэрэг олон нийтийг хамарсан арга хэмжээнд оролцохгүй гэж хариулсан байна.

Эх сурвалж: http://www.seeker.com/what-do-americans-fear-most-2050785770.html

Хятад улс эрхтэн шилжүүлэх тогтолцоон дахь авлигатай тэмцэж байна (2016.10.17)

Бээжин [Reuters]. Олон жилийн туршид олон улсын хүний эрхийн байгууллагууд, эрүүл мэндийн ажилтнуудын эсэргүүцэлтэй тулгарч байсан хятад улс цаазлагдсан ялтнуудаас эрхтэн шилжүүлэн авч байсныг албан ёсоор зогсоосон.

Хятадын өсч буй нэр хүндийн хамт эрхтэн шилжүүлэх тогтолцооны дүр төрхийг өндөрт өргөх оролдлогыг тус улсын төрийн байгууллагууд хийж байгаа хэдий ч эрхтэн шилжүүлэх өндөр эрэлттэй холбоотой эрхтний хууль бус худалдаа их байдаг билээ. Дээрх бэрхшээлээс гадна энэ тогтолцоонд хууль бус эрхтний худалдаан дахь авлигын асуудал онцгой анхаарал татаж байгаа бөгөөд уг тогтолцооны ил тод байдлыг нэмэгдүүлэх, авлигатай тэмцэх зорилгоор Хятад улс хүчин чармайлт гарган ажиллаж байна гэж тус улсын Эрхтний донор, түүнийг шилжүүлэн суулгах хороо[6]-ны захирал Хуан Жифу мэдэгдсэн байна.

"2015 оноос хойш, 100 хувь манай системд иргэдийн сайн дурын донорт тулгуурлаж байна. Хятад улс бол 1.3 тэрбум хүн амтай их гүрэн бөгөөд заримдаа хууль зөрчигдөх явдал гарахыг үгүйсгэх боломжгүй” хэмээн Дэлхийн эрүүл мэндийн байгууллага, олон улсын шинжээчдийн оролцсон хурлын үеэр Хуан хэлсэн юм.

Өнгөрсөн онд Хятад Улсад 11000 гаруй эрхтэн шилжүүлэн суулгах хагалгаа хийгдсэн хэмээн Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас мэдэгдсэн бөгөөд хууль бус, эсхүл албан ёсны баримтад бүртгэгдээгүй эрхтэн шилжүүлэн суулгах хагалгааны тоо хэмжээ энэ тооноос илүү олон байж магадгүй аж.

Эрхтний хууль бус худалдааг хязгаарлах зорилгоор тус улсад 2007 оноос өөрийн эхнэр, нөхөр, цусан төрөл, гэр бүлийн гишүүдээс бусад амьд донороос эрхтэн шилжүүлэхийг хориглосон билээ.

Эх сурвалж: https://www.yahoo.com/news/china-touts-reforms-vows-battle-corruption-organ-donation-093207541.html

СУДАЛГАА ШИНЖИЛГЭЭНИЙ АЛБА