ГАДААДЫН ХЭВЛЭЛ, МЭДЭЭЛЛИЙН ХЭРЭГСЭЛ, ВЕБ САЙТАД НИЙТЛЭГДСЭН МЭДЭЭ, НИЙТЛЭЛ, ҮЙЛ ЯВДЛЫН ТОЙМ /2016.10.18-20/

A- A A+
ГАДААДЫН ХЭВЛЭЛ, МЭДЭЭЛЛИЙН ХЭРЭГСЭЛ, ВЕБ САЙТАД НИЙТЛЭГДСЭН МЭДЭЭ, НИЙТЛЭЛ, ҮЙЛ ЯВДЛЫН ТОЙМ /2016.10.18-20/

Авлигын хэргээр Эдуардо Кунаг баривчлав (2016.10.20)

Бразил [Aljazeera]. Үндэсний хэмжээний авлигын хэрэг болох Петробрасийн авлигын хэрэгт холбогдуулан Конгрессын доод танхимын дарга асан Эдуардо Кунаг баривчлаад байна. Түүнийг авлигын хэргийг мөрдөн шалгах ажиллагааг удирдаж буй шүүгч Серхио Морогийн шийдвэрээр баривчилсан байна. Өөрөөр хэлбэл, Бразилын газрын тосны Петробрас компанийн гэрээнээс олон сая долларыг хээл хахуульд авсан хэрэгт Эдуардо Кунаг буруутган баривчилсан хэмээн тус улсын цагдаагийн ажилтнууд лхагва гарагт мэдэгдсэн юм.

“Кунаг хилийн чанадад нуусан хөрөнгөө захиран зарцуулж болзошгүй, давхар иргэншлийн боломж” зэрэг эрсдлийг харгалзан шүүгч Моро шийдвэрээ гаргасан хэмээн Морогийн ажилладаг Парана муж улсын шүүхээс мэдэгдсэн юм. Хэдий тийм ч 58 настай Куна өөрийг нь буруутгаж байгаа уг асуудлыг үндэслэлгүй хэмээн үзсээр байгаа билээ.

Кунаг Конгрессын доод танхимын дарга байх үед буюу өнгөрөгч 12 дугаар сараас тус улсын Ерөнхийлөгч Дилма Руссэфэд итгэл үл үзүүлэх үйл явц эхэлсэн байдаг. Уг үйл явц нь өнгөрөгч 8 дугаар сард Ерөнхийлөгчийг албан тушаалаас нь огцруулах хүртэл үргэлжилсэн билээ. Улмаар хоёр долоо хоногийн дараа Кунаг Конгрессын доод танхимын даргын албан тушаалаас нь зайлуулсан юм.

Одоогийн байдлаар Бразилын газрын тосны Петробрас компанийн авлига, хээл хахууль, залилангийн схемийн хэрэгт холбогдуулан олон арван улс төрчид, бизнес эрхлэгчдийг буруутган заримд нь ял хүлээлгээд байна.

Эх сурвалж: http://www.aljazeera.com/news/2016/10/brazil-arrests-key-figure-rousseff-impeachment-161019171830208.html

Солонгосын Лоттэ группийн гэр бүл авлигын хэрэгт холбогдов

БНСУ [New York Times]. Бүгд найрамдах Солонгос улсын “том” гэр бүлүүдийн нэг удирдсан жижиглэн худалдааны Лоттэ группийн тэргүүн татвараас зайлсхийх, завших болон бусад гэмт хэргүүдэд холбогдоод байгаа нь бизнесийн орчин дахь хамгийн шуугиант мэдээллийн нэг болоод байна.

Лоттэ группийн тэргүүн 61 настай Шин Дон-бин болон түүний гэр бүл, садан төрлийн хэд хэдэн гишүүдийг нийтдээ 76 сая долларын татвараас зайлсхийсэн, завших болон итгэл эвдэх гэмт хэрэг үйлдэн тус группийн зардлыг 165 сая доллараар нэмэгдүүлсэн хэрэгт буруутгаж байгаагаа тус улсын прокурорын газраас мэдэгдээд байна.

Тус улсад гэр бүлүүдийн удирдаж байгаа группүүд авлигын хэрэгт холбогдох явдал байдаг ч эдгээр группийг удирдаж буй гэр бүлийн гишүүдийг олноор нь авлигын хэрэгт буруутгасан тохиолдол ховор байдаг.

Сүүлийн арав гаруй жилийн турш тус групп нь Өмнөд Солонгосын экспортод суурилсан эдийн засгийн хөгжилд тэргүүлэн оролцож ирсэн билээ.

Солонгосын зоогийн газрын салбарт үйл ажиллагаа явуулдаг “CJ” группийн тэргүүн Ли Жей-Хуныг авлигын хэрэгт буруутган 2013 онд саатуулж байснаас хойшхи хугацаанд энэ төрлийн хэрэгт холбогдоод байгаа хамгийн нэр нөлөө бүхий группийн тэргүүн бол Ноён Шин болоод байна. “CJ” группийн тэргүүн Ноён Ли Жей-Хуныг 2014 онд татвараас зайлсхийсэн хэрэгт яллаж байсан боловч 8 дугаар сард нь Ерөнхийлөгчийн өршөөлөөр шоронгоос сулласан.

Энэ лхагва гарагт ноён Шингийн хамт прокуроруудын буруутгаж буй этгээдүүдийн дунд Шиний 62 настай ах Шин Дон-жо; Лоттэ группийн үүсгэн байгуулагч, Шингийн аав Шин Киок-хо болон түүний эхнэр; “Miss Lotte” гоо сайхны тэмцээний ялагч 57 настай Сео Ми-Кун нарын нэрс байгаа юм. Гэвч, дээрх этгээдүүдээс одоогийн байдлаар баривчлаагүй байгаа юм.

Өнгөрөгч 7 дугаар сард ноён Шингийн эгч 73 настай Шин Ёон-жаг 3.1 сая долларын хээл хахуулийн хэрэгт буруутган баривчлаад байсан юм. Мөн түүнээс хэдэн долоо хоногийн дараа мөрдөн байцаагчид тус группд шалгалт хийсэн бөгөөд тус группийн дэд тэргүүн прокуроруудтай уулзахаасаа хэдэн цагийн өмнө нас барсан байдалтай олдсон юм. Хууль хяналтын байгууллагаас түүнийг амиа хорлосон гэж үзсэн байдаг.

Ноён Шинг Лоттэ группд ажилладаггүй аав болон бусад хамаатнууддаа группээс цалин өгч байсан. Мөн Лоттэгийн охин компаниудыг зарим нэг бизнесийн түншээсээ хэт өндөр үнэтэй үл хөдлөх хөрөнгө худалдан авах, өрсөлдөөний бус зарчмаар өндөр ашигтай гэрээ байгуулах ажлыг зохион байгуулсан хэмээн прокурорууд үзэж байгаа юм.

Нэг гэр бүлээр удирдуулж буй Лоттэ групп нь их дэлгүүр, татваргүй барааны дэлгүүр, худалдааны төв, зочид буудал, зугаа цэнгэлийн парк, кино театр, түргэн хоолны газар зэрэг олон төрлийн үйл ажиллагаа эрхэлдэг юм.

Гэр бүлийн шуналын бэлэг тэмдэг болсон ноён Шин болон түүний ах Дон-Жо нар нь эцгийнхээ үүсгэн байгуулсан Лоттэ группд хяналт тавих асуудлаас үүдэлтэйгээр авлигын асуудалд харилцан бие биеэ буруутгадаг юм. Улмаар прокурорууд тэдний хууль бус үйл ажиллагааг илрүүлэхэд ах дүүсийн энэхүү маргаантай байдал ихээхэн дэмжлэг болж байна.

Эх сурвалж: http://www.nytimes.com/2016/10/20/business/international/south-korea-lotte-chaebol-conglomerate-indicted.html

Телевизийн шинэ цувралаар Хятадын албан тушаалтнууд гэмээ наманчилж байна (2016.10.18)

БНХАУ [BBC]. Хятадын авлигач албан тушаалтнуудын гэмээ наманчилж байгааг харуулсан телевизийн шинэ цуврал олны анхаарлыг ихээхэн татаж эхэллээ.

Коммунист нам дахь авлигын эсрэг өргөн хүрээтэй кампанит ажлыг илэрхийлсэн “Always on the road” хэмээх 8 ангит телевизийн цувралаар авлигын хэрэг үйлдэж гутамшиг болсон 10 гаруй албан тушаалтнуудын гэмээ наманчилж байгааг зэргийг баримтжуулан харуулаад байна.

Энэ долоо хоногт гарсан эхний цувралаар уйлсан, гэмшсэн хүмүүсийг онцлон харуулсан юм. Уг цувралыг өнгөрөгч даваа гарагаас цацаж эхэлснээс хойш олон сая хүн үзээд байна. ‘Хүмүүс хаа сайгүй л “Always on the road” цувралын талаар ярилцаж байна’ хэмээн Хятадын төв телевиз “CCTV”-тэй хамтран уг цувралыг бүтээсэн, авлигын хэргийг мөрдөн шалгах чиг үүрэг бүхий Коммунист намын Сахилгын хянан шалгах төв хорооны мэдэгдэлд дурдсан байна.

Коммунист нам дахь авлигатай тэмцэх ажлынхаа хүрээнд эрх мэдэл бүхий “бар”, түүнээс доогуур түвшний “ялаа”-тай тэмцэхээ амласан тус улсын дарга Си Зиньпиний амлалтаас бараг дөрвөн жилийн дараа энэхүү баримтат цуврал гарч байна. Хэдий тийм ч, шүүмжлэгчид тус улсын авлигатай тэмцэх үйл ажиллагааны ил тод бус байдал нь улс төрийн өрсөлдөгчдөө намнах Си Зиньпиний боломж гэж харсаар юм.

Эхний цувралаар хээл хахууль авсан, эрх мэдлээ урвуулан ашигласан “бар” хэмээн нэрлэгдэж буй гурван албан тушаалтныг харуулсан юм. Өөрөөр хэлбэл, уг цувралын нэг дүгээр ангид бүх насаараа хорих ял авсан Хөхнуур, Юньнаны Коммунист намын нарийн бичгийн дарга асан Бай Энпэй, Хэбэй мужийн Коммунист намын нарийн бичгийн дарга асан, шүүх хурлаа хүлээж буй Жоу Бэншун, 13 жилийн ял авсан Сычуань мужийн намын дарга асан Ли Чунчэн нарыг харуулсан юм.

Дээрх гурван этгээдийн гэмээ наманчилж байгааг цувралаар харуулсан бөгөөд энэхүү бичлэгийг тэдний сайн дурын үндсэн дээр хийсэн эсэхийг тодруулах зорилгоор “Ройтерс” мэдээний агентлагаас тэдний өмгөөлөгч, гэр бүлийн гишүүдтэй холбоо тогтоох гэж оролдсон боловч боломжгүй байв.

Авлигатай тэмцэх мэргэжилтнүүдэд зориулсан нэгэн вэбсайт нээгдэв

Базелийн институцийн Хөрөнгө буцаан олгох олон улсын төвөөс авлигатай тэмцэх мэргэжилтнүүдэд зориулан “E-learning CAMPUS” хэмээх интернет сургалтын вэбсайтыг нээгээд байна. Уг вэбсайтаар хөрөнгө илрүүлэх, мэдээлэл цуглуулах, санхүүгийн дүн шинжилгээ хийх зэрэг асуудлын хүрээнд вэбсайтад суурилсан үнэгүй сургалт олгох аж.

Сургалтад хамрагдах, эсхүл сургалтын талаар нэмэлт мэдээлэл авахыг хүсвэл доорх хаягаар орж үзнэ үү. CAMPUS link: https://forum.assetrecovery.org/elearning/courses

Эх сурвалж: http://www.bbc.com/news/world-asia-37695109

Эрүүл мэндийн салбар дахь авлигыг тодорхойлох нь сэдэвт ном гарав

ТИ [Alpha Phi Omega org.]. Эрүүл мэндийн салбарт авлига түгээмэл байдаг. Дэлхий дахинд томоохон улс төрчөөс эхлээд жирийн өвчтөн хүртэл эрүүл мэндийн салбартай холбогдоход авлигын асуудал тулгарч байна. Транспэрэнси интернэшнл байгууллагын “Pharmaceuticals & Healthcare Programme (PHP)” хөтөлбөрийн судлаачдын тогтоосноор тухайн эрүүл мэндийн салбарын үйл ажиллагаанд оролцож буй этгээдүүд авлига гэж юу болох тэдний үйл ажиллагаанд авлига хэрхэн нуугдаж байгаа зэргийг тэр бүр ойлгодоггүй юм. Нөгөө талаас, авлигатай тэмцэх ажилтнууд эрүүл мэндийн системийн нарийн төвөгтэй байдлыг тэр бүр ойлгодоггүй байна.

Тиймээс, эрүүл мэндийн системийн төвөгтэй байдал, үйл ажиллагаа болон энэ салбарт гарч болох авлигын асуудлыг тусган тайлбарласан бүтээлийг Транспэрэнси интернэшнл байгууллага гаргаад байна. Уг бүтээлд эрүүл мэндийн салбарын 8 үйл ажиллагаа (эрүүл мэндийн салбарын удирдлага, дүрэм журам, судалгаа-хөгжил, маркетинг, худалдан авах ажиллагаа, бүтээгдэхүүн хадгалах-түгээх, санхүүгийн болон ажиллах хүчний менежмент, эрүүл мэндийн үйлчилгээг хүргэх үйл ажиллагаа)-нд илрэх боломж бүхий авлигын 37 төрлийг харуулсан байна.

Уг бүтээлтэй танилцахыг хүсвэл, дараахь хаягаар орж үзнэ үү. http://apo.org.au/files/Resource/transparencyinternational_diagnosingcorruptioninhealth_oct_2016.pdf

СУДАЛГАА ШИНЖИЛГЭЭНИЙ АЛБА