ГАДААДЫН ХЭВЛЭЛ, МЭДЭЭЛЛИЙН ХЭРЭГСЭЛ, ВЕБ САЙТАД НИЙТЛЭГДСЭН МЭДЭЭ, НИЙТЛЭЛ, ҮЙЛ ЯВДЛЫН ТОЙМ /2016.10.20-21/

A- A A+
ГАДААДЫН ХЭВЛЭЛ, МЭДЭЭЛЛИЙН ХЭРЭГСЭЛ, ВЕБ САЙТАД НИЙТЛЭГДСЭН МЭДЭЭ, НИЙТЛЭЛ, ҮЙЛ ЯВДЛЫН ТОЙМ /2016.10.20-21/

Хууль дээдлэх ёсны индексийн 2016 оны үр дүнг зарлав (2016.10.21)

WJP [worldjusticeproject.org]. “Дэлхийн хууль дээдлэх ёсны төсөл” ашгийн бус, бие даасан байгууллагаас улс орнуудын хууль ёсыг дээдлэн сахиж буй байдлыг судлан гаргадаг “Хууль дээдлэх ёсны индекс”-ийн 2016 оны дүнг 10 дугаар сарын 20-ны өдөр Вашингтон хотноо зарлаад байна.

Энх тайван, эрх тэгш байдал, сайн сайхан бүхнийг бий болгохын тулд хууль ёсыг дээдлэх байдлыг улам бүр нэмэгдүүлэх нь зайлшгүй билээ. Тиймээс бодит байдалд улс орнуудын хууль ёсыг дээдлэх байдал ямар түвшинд байгааг судлан тогтоох үйл явц нь уг асуудлын хүрээнд улс орнуудыг харьцуулах, үйл ажиллагааг нь идэвхжүүлэх, шинэчлэлд хүргэх, ойлголтыг улам бүр бататгах зэрэгт нэн тэргүүлэх алхам байх болно.

“Хууль дээдлэх ёсны индекс” нь дэлхийн өнцөг булан бүрт хүмүүс хууль ёсыг хэрхэн сахин хэрэгжүүлж байгааг хэмжих зорилгоор 100000 гаруй өрх, шинжээчдээс судалгаа авдаг бөгөөд энэ нь хууль ёсыг дээдлэх байдлын талаар дэлхийн тэргүүлэх мэдээллийн эх сурвалж болдог юм. “Хууль дээдлэх ёсны индекс”-ийн 2016 оны судалгаанд нийтдээ 113 улс орныг хамруулсан бөгөөд тухайн улс орнуудын засаглалын нээлттэй, хариуцлагатай байдал, шүүх засаглалын үйл ажиллагаа, авлига, хүний эрх, аюулгүй байдал зэрэг асуудлыг үнэлүүлдэг юм.

Монгол Улс 2016 оны дүнгээр 0.54 оноо (0-1-ийн хооронд үнэлэгдэх бөгөөд 1 бол хамгийн сайн)- тойгоор судалгаанд хамрагдсан дэлхийн 113 улсаас 55 дугаар байрт, Зүүн ази, номхон далайн бүсийн 15 улсаас 7 дугаар байрт тус тус орсон байна.

Уг индекс нь 8 дэд индекс (засгийн газрын эрх мэдлийн хязгаарлалт, суурь эрх-эрх чөлөө, иргэний хэргийг хянан шийдвэрлэж буй байдал, авлигаас ангид байдал, дэг журам-аюулгүй байдал, эрүүгийн хэрэг шийдвэрлэж буй байдал, нээлттэй засаглал, хуулийн хэрэгжилтийг хангах үйл ажиллагаа)-ээс бүрддэг бөгөөд эдгээрийн дотор авлигаас ангид байдлын индексээр 0.41 оноо авч дэлхийн 113 улсаас 80 дугаар байрт, бүсийн 15 улсаас 13 дугаар байрт тус тус оржээ. Авлигаас ангид байдлын индекс нь 4 дэд үзүүлэлтээс бүрддэг бөгөөд эдгээр үзүүлэлтэд Монгол Улсын авсан оноог доорх байдлаар харуулав. Үүнд:

  • i. Гүйцэтгэх засаглал авлигаас ангид байдал 0.42
  • ii. Шүүх засаглал авлигаас ангид байдал 0.48
  • iii. Цагдаа/батлан хамгаалах салбар авлигаас ангид байдал 0.58
  • iv. Хууль тогтоох байгууллага авлигаас ангид байдал 0.14

“Airbus”-тай цуцлаад байгаа тохиролцоог авлигатай тэмцэх байгууллага шалгана (2016.10.20)

ВАРШАВ [Reuters]. Францын “Airbus” компанитай цуцлаад байгаа нисдэг тэрэг худалдан авах тохиролцоог Польшийн авлигатай тэмцэх байгууллага шалгах болно хэмээн тус улсын Батлан хамгаалахын сайд Антони Макирэвиз мэдэгдээд байна.

Уг тохиролцооны дагуу Польш улс Францын нисэх онгоц үйлдвэрлэгч “Airbus” компаниас 50 ширхэг нисдэг тэрэг худалдан авах ёстой байсан юм. Тохиролцооны урьдчилсан нөхцөл ёсоор тодорхой тооны ажлын байрыг Польш улсад бий болгох байсантай холбоотойгоор олон нийтийг төөрөгдөлд оруулсан хэмээн “Airbus”-ийг Макирэвиз буруутгасан байна.

Дотоодын эдийн засагт ямар ч үр ашиггүй хэмээн үзэж Польшийн талаас энэ сарын эхээр тус компанитай байгуулсан тохиролцоог цуцалсан бөгөөд уг асуудалтай холбоотойгоор Францын талаас дургүйцлээ илэрхийлж, улмаар Францын Ерөнхийлөгч Франсуа Олланд Варшавд хийхээр төлөвлөгдөөд байсан айлчлал цуцлагдахад ч нөлөөлөөд байгаа юм.

Польш улсад 6000 ажлын байр бий болгох “зорилт”-той байсан бөгөөд нисдэг тэрэг худалдан авах тохиролцооны хүрээнд 3800 ажлын байр, үүнээс Польшийн Лодзь, Радом, Дэблин хотуудад 1250 шууд ажлын байр бий болгох боломжтой байсан хэмээн “Airbus”-аас Польшийн талд ирүүлсэн ил захидалд дурдсан байдаг.

“Тохиролцооны аль ч баримтад....13.5 тэрбум злоты (3.4 тэрбум доллар)-ийн өртөг бүхий гэрээний хариуд Польш улсад 6000 ажлын байр бий болгох ямар ч баталгаа байхгүй. Би маш сайн судалж үзсэн” хэмээн Макирэвиз парламентад үг хэлэхдээ онцолсон юм. Улмаар “эдгээр баримтыг Польшийн Авлигатай тэмцэх товчооноос шалгах болно” хэмээн тэрээр нэмж хэлсэн байна.

Түүний хэлснээр тохиролцооны яг аль хэсэгт Авлигатай тэмцэх товчооны шалгалтыг оруулах гэж байгааг тодорхой дурдаагүй боловч сөрөг хүчний зарим гишүүдийг төрийн эсрэг үйл ажиллагаа явуулсан хэмээн тэрээр буруутгасан юм. Өнгөрөгч оны сонгуульд ялагдал хүлээсэн “Civic Platform” намын тэргүүлж байсан тус улсын өмнөх Засгийн газраас нисдэг тэрэг худалдан авах урьдчилсан тохиролцоог хүлээн зөвшөөрөөд байсан билээ.

Энэхүү тохиролцоо улс төрийн шалтгааны улмаас цуцлагдсан, үүний дүнд Польшийн арми “жил алдсан” хэмээн урьдчилсан тохиролцоог хийсэн, өмнөх Засгийн газрын Батлан хамгаалахын сайд Томаз Сиемониак хэвлэлд ярилцлага өгөх үедээ онцолсон байдаг.

Хэлэлцээрийн үеэр компанийг төөрөгдөлд оруулсан, ямар ч мэдээлэл өгөлгүйгээр цаашдын үйл ажиллагаанд хүндрэл учруулсан хэмээн Польшийн талыг “Airbus” группийн гүйцэтгэх захирал Том Эндэрс мөн буруутгаад байгаа юм.

Эх сурвалж: http://www.dailymail.co.uk/wires/reuters/article-3856348/Poland-says-anti-corruption-body-examine-scrapped-Airbus-deal.html#ixzz4NgBFkEPq

Их Британийн орон сууц барилга угсралтын хамгийн том компанийн Лондонгийн салбарын захирал авлигын хэрэгт холбоотойгоор баривчлагдав

Их Британи [Business Insider UK]. Их Британийн орон сууцны барилга угсралтын хамгийн том компанийн Лондонгийн салбарын захирал авлигын хэрэгт сэжиглэгдэн баривчлагдаад байна. Лондон дахь салбарын захирал Аластер Байрд[5]-ын албаны эрх мэдлийг түдгэлзүүлж, Лондон хотын Цагдаагийн газраас баривчилсан хэмээн “Barratt Developments” компанийн Лхагва гарагийн мэдэгдэлд дурдсан байна. Байрдын хамт түүнтэй өмнө нь хамт ажиллаж байсан нэр нь тодорхойгүй нэгэн ажилтныг мөн баривчилсан аж.

Тус хотын Цагдаагийн газраас 52 настай Байрдыг хээл хахуулийн хэрэгт сэжиглэн Өмнөд Уэльс дэх гэрээс нь баривчилсан болохыг “Business Insider UK” мэдээний агентлагийн мэдээнд дурдсан байна. Мөн түүний хэрэгт 47 настай, нэр нь тодорхойгүй нэг эмэгтэйг баривчилсан байна. Дээрх хоёр этгээд нь цагдаагийн мөрдөн шалгах ажиллагааны явцад батлан даалтад байсан хэмээн тус Цагдаагийн газрын хэвлэлийн төлөөлөгч “Business Insider UK” агентлагтай утсаар холбогдохдоо мэдэгдсэн байна. Мөн мэдэгдэлд “авлига болон тендерийн процесстой холбоотой хууль тогтоомж зөрчсөн хэрэгт холбогдуулан” энэ оны 4 дүгээр сард мөрдөн шалгах ажиллагааг эхлүүлсэн гэжээ.

Байрд нь “Barratt Developments” компанид 1987 онд ажилд орсон бөгөөд Лондонгийн салбарын менежерийн албан тушаалыг хашиж байсан аж.

Байрдын удирдаж байсан “Barratt London” компани нь нийслэл Лондон хотноо дунд зэрэглэлийн орон сууцны барилга угсралтын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг бөгөөд өнгөрсөн онд Их Британийн хэмжээнд 17000 гаруй орон сууцны барилга барьсан “Barratt Developments”-ийн салбар компани юм.

Эх сурвалж: http://www.businessinsider.com/house-builder-barratts-london-md-arrested-in-corruption-probe-2016-10

СУДАЛГАА ШИНЖИЛГЭЭНИЙ АЛБА