ГАДААДЫН ХЭВЛЭЛ, МЭДЭЭЛЛИЙН ХЭРЭГСЭЛ, ВЕБ САЙТАД НИЙТЛЭГДСЭН МЭДЭЭ, НИЙТЛЭЛ, ҮЙЛ ЯВДЛЫН ТОЙМ /2016.10.24-25/

A- A A+
ГАДААДЫН ХЭВЛЭЛ, МЭДЭЭЛЛИЙН ХЭРЭГСЭЛ, ВЕБ САЙТАД НИЙТЛЭГДСЭН МЭДЭЭ, НИЙТЛЭЛ, ҮЙЛ ЯВДЛЫН ТОЙМ /2016.10.24-25/

Мөнгө угаах гэмт хэргийн өсөн нэмэгдэж байгаа аюул заналтай тэмцэх нь

АНУ-ын Холбооны мөрдөх товчоо. Вашингтон. 2016.10.24.  Дэлхий даяар жил бүр 1.5 тэрбум долларын гүйлгээ нууцаар хийгддэг. Эдгээр хууль бус, далд мөнгөн гүйлгээний 20 орчим хувь нь АНУ-ын нутаг дэвсгэрт хамаарч байгааг тус улсын Сангийн яамнаас гаргасан мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэх үйл ажиллагааны талаарх тайланд дурджээ.

Үндэстэн дамнасан гэмт хэргийн бүлэглэлүүд, гадаадын тагнуулын байгууллагууд, алан хядагч байгууллагууд, мөн түүнчлэн цахим сүлжээг ашиглан залилагчид, бусад гэмт хэрэгтнүүд хөрөнгө, орлогынхоо эх үүсвэрийг нуун дарагдуулахын тулд жил бүр олон тэрбум долларыг олон улсын банк, санхүүгийн тогтолцоогоор дамжуулан шилжүүлж байна. Энэхүү эрсдлийг илүү үр дүнтэй тодорхойлохын тулд бэлэн мөнгөний далд урсгалыг гардан зохион байгуулдаг зуучлагчдыг илрүүлэхэд ХМТ анхаарал хандуулдаг болсон.

“Бид мөнгөн шилжүүлгийг гүйцэтгэгчдэд анхаарлаа төвлөрүүлж байна. Тэд бол гэмт хэргийн бүлэглэлүүдэд үйлчилж, мөнгийг нь шилжүүлэх үйл ажилллагааг гүйцэтгэдэг хуульчид, нягтлан бодогчид, зуучлагчид болон бусад хүмүүс юм. Тэд бол манай үйл ажиллагааны гол бай болох ёстой хүмүүс” гэж ХМТ-ны Мөнгө угаахтай тэмцэх албаны дарга Жеймс Барнакл хэлэв.

Эдгээр гүйцэтгэгчид жил бүр хууль бус арга замаар олсон асар их хэмжээний мөнгийг уламжлалт болон уламжлалт бус арга хэрэгслээр угаадаг. Цахим шуудангийн бизнес тохиролцоо гэгддэг залилан, бусад хэлбэрийн залилан болон виртуал мөнгөний хэрэглээний хэмжээ өсч байгааг Барнакл дурдлаа.

Эх сурвалж: https://www.fbi.gov/news/stories/combating-the-growing-money-laundering-threat

Экваторын Гвивей Улсын ерөнхийлөгчийн хүүг Парисын шүүхээр шүүнэ

Дейли Мейл. 2016.10.24. Парис хотын шүүхээс Экваторын Гвиней улсын Ерөнхийлөгч Теодоро Обианг Нгуемагийн хүү Теодорин Обиангийг улс орныхоо өмч хөрөнгийг хувьдаа завшсан гэмт хэрэг үйлдсэн гэж үзээд холбогдох шүүх хурлыг 2017 оны 1 дүгээр сарын 2-нд эхлүүлэх шийдвэр гаргав. Баруун африкийн энэхүү улс нь газрын тосны баялаг нөөцтэй бөгөөд Ерөнхийлөгч нь энэ оны 6 дугаар сард өөрийн хүүгээ Дэд ерөнхийлөгчийн албан тушаалд томилсон байна. Теодорин Обианг нь хээл хахууль, улсын өмч хөрөнгийг ашиглан завших замаар олсон хөрөнгийг хувийн тансаг хэрэгцээндээ зарцуулж, хувийн нисэх онгоц, поп дуучин асан Майкл Жексоны өмсдөг байсан алдартай цагаан бээлий зэргийг худалдан авч байжээ.

Эх сурвалж: http://www.dailymail.co.uk/wires/afp/article-3868066/French-trial-E-Guinea-leaders-son-set-January-2.html

Бирмингем хотын хуульч хээл хахуулийн хэргээр шүүгдэж байна

Патч.ком. Бирмингем. Мичиган. 2016.10.24. АНУ-ын Мичиган муж улсын Бирмингем хотын өмгөөлөгч Чарлз Бюссе болон Дотоодын аюулгүй байдлын албаны тусгай төлөөлөгч Клифтон Дайверс нар хууль бус цагаачдаас бэлэн мөнгөөр хээл хахууль авч тэднийг мөрдөн шалгагдаж байгаа янз бүрийн эрүүгийн хэрэгт чухал шаардлагатай мэдээлэл дамжуулдаг мэдээлэгч гэж тодорхойлон Нэгдсэн Улсад үлдэх боломж олгодог байсан нь илрэв.

Бюссе, Дайверс нар 2009 оноос 2015 оны хооронд энэхүү хууль бус үйл ажиллагааг явуулж хэдэн арван мянган долларын ашиг олжээ. Тэд албадан буцаах шийдвэр нь гарсан хууль бус цагаачдыг гэмт хэргийн мэдээлэгч гэсэн үндэслэлээр шийдвэрийн хэрэгжилтийг нь хойшлуулдаг байжээ. Нэгдсэн Улсын хуулийн дагуу хууль сахиулах байгууллагын мөрдөн байцаах үйл ажиллагаанд туслалцаа үзүүлж байгаа хууль бус цагаач этгээдийн албадан гаргах хугацааг 1 жилээр хойшлуулах боломжтой байдаг.

Эх сурвалж: http://patch.com/michigan/birmingham/birmingham-lawyer-indicted-bribery-immigrant-scheme

Бразилийн Сангийн сайд асанд хээл хахуулийн хэргээр ял тулгав

Плюс55.ком. 2016.10.24. Бразилийн Холбооны Цагдаагийн Газрын ажилтнууд тус улсын Сангийн Сайд асан Антонио Палоччиг барилгын компаниас хээл хахууль авдаг байсан хэрэгт сэжиглэн баривчиллаа.

А.Палоччи нь Ерөнхийлөгч Лула Да Силвагийн үед Сангийн Сайдын, Ерөнхийлөгч Дилма Руссефийн үед Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргын алба хашиж байсан юм. Тэрээр авлигын хэрэгт сэжиглэгдсэн гэсэн үндэслэлээр дээрх албан тушаалуудаас огцорч байжээ.

Палоччигийн хамт өөр таван хүнд ял тулгаж байна. Үүнд Ажилчны намын улс төрийн лидер Жоао Сантана болон түүний эхнэр, Бразилийн хамгийн том барилгын компаний гүйцэтгэх захирал асан Марсело Одебрехт, Палоччигийн туслах асан 2 хүнийг хэрэгт татлаа.

М.Одебрехт нь Холбооны Засгийн газар болон төрийн өмчийн банкуудтай ашигтай гэрээ хэлцэл хийхэд нь тусалсны хариуд А.Палоччи болон түүний харьяалагддаг Ажилчны намд 38 сая орчим долларын хээл хахууль өгчээ. Хахуулийн мөнгийг компанийнхаа Бүтцийн Үйл Ажиллагааны Газар нэртэй нэгжээр дамжуулдаг байсан бөгөөд энэ хэлтэс нь үндсэндээ авлига, хээл хахуультай холбоотой хууль бус үйл ажиллагааг хариуцах чиг үүрэгтэй байгуулагдан ажиллаж байв.

Эх сурвалж: http://plus55.com/politics/2016/10/petrobras-probe-brazil-finance-minister

 СУДАЛГАА ШИНЖИЛГЭЭНИЙ АЛБА