ГАДААДЫН ХЭВЛЭЛ, МЭДЭЭЛЛИЙН ХЭРЭГСЭЛ, ВЕБ САЙТАД НИЙТЛЭГДСЭН МЭДЭЭ, НИЙТЛЭЛ, ҮЙЛ ЯВДЛЫН ТОЙМ /2016.10.22-24/

A- A A+
ГАДААДЫН ХЭВЛЭЛ, МЭДЭЭЛЛИЙН ХЭРЭГСЭЛ, ВЕБ САЙТАД НИЙТЛЭГДСЭН МЭДЭЭ, НИЙТЛЭЛ, ҮЙЛ ЯВДЛЫН ТОЙМ /2016.10.22-24/

НҮБ-ын шинжээч татварын диваажингуудын үйл ажиллагааг зогсоох шаардлагатай гэв

Си-Эн-Би-Эс. 2016.10.22. НҮБ-ын хүний эрхийн шинжээч Алфред де Заяас2 тус байгууллагын дараагийн Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутеррест хандан том корпорациуд, тэрбумтнууд болон улс орныхоо төрийн өмч хөрөнгөөр баяжигчдаас шударга татвар авч байх тогтолцоог бүрдүүлэхийн тулд татварын хөнгөлөлт эдлүүдэг бүс болон газар нутгуудийн үйл ажиллагааг зогсоохын төлөө анхаарал хандуулахыг уриаллаа.

Де Заяс судалгааны үр дүнгийн тайланг НҮБ-ын Ерөнхий Ассемблейд чуулганд танилцуулсныхаа дараа хэвлэлийнхэнд мэдэгдэхдээ дэлхий нийтээр татвараас зайлсхийхийн тул 32 их наяд долларыг оффшор бүсүүдэд нууцалж байгаа ба үүний улмаас улс орнууд жил бүр 3 их наяд долларыг алдаж байна гэв. Түүний үзэж байгаагаар гол асуудал ил тод байдлыг тогтооход оршиж байгаа ба мэдээллийн ил тод байдал тогтвол татварын диваажингууд ямар ашиггүй болох ажээ. Гэсэн хэдий ч улс орнуудын санхүүгийн мэдээллийн нууцлал гол хүндрэлийг учруулж байна гэлээ.

Де Заясын тайланд “Хууль ёсны татварын сүлжээ”4 байгууллагын гаргадаг Санхүүгийн нууцлалын индекс5-ийг иш татан дурджээ. Энэхүү индексээр улс орнуудын оффшор санхүүгийн үйл ажиллагааны нууцлалын байдал болон хэр хэмжээг эрэмбэлж зэрэглэдэг бөгөөд 2015 оны индексээр Швейцар, Хонконг, АНУ эхний байруудыг эзэлсэн байна. Өндөр нууцлал бүхий бусад улс орнуудад Их Британи болон түүний эзэмшлийн газар нутаг6, хараат бүсүүд7, Люксембург, Нидерланд, Бельги, Мальта, Кипр, Сингапур, Либер, Панам улсууд багтаж байна.

Де Заяс НҮБ-ийн Ерөнхий Ассемблейд хандан татварын хөнгөлөлттэй бүсүүдийг хууль бус гэж үзэх олон улсын конвенцийн төсөл бэлтгэхийг уриаллаа.

Эх сурвалж: http://www.cnbc.com/2016/10/22/un-expert-urges-next-un-chief-to-focus-on-ending-tax-havens.htm

АНУ-ын Калифорн мужийн сенатор хээл хахуулийн хэргээр 3 жил хагас шоронд сууна

КалКостНьюс.ком. 2016.10.22. Калифорн муж улсын сенатор асан Роналд Калдерон хээл хахууль авсан хэрэгт гэм буруутай нь тогтоогдож 3 жил хагас буюу 42 сарын хорих ялаар шийтгүүллээ. 

Тэрээр Лонг Бич дэх хувийн эмнэлгийн захирлаас хээл хахууль авсан болохоо хүлээн зөвшөөрсөн юм. Энэхүү хувийн эмнэлэг нь муж улсын эрүүл мэндийн даатгалын хуулийн зохицуулалтын дагуу жилдээ хэдэн арван сая долларыг төрийн даатгалын сангаас шилжүүлэн авдаг байсан бөгөөд үүнтэй холбоотой хуулийн зохицуулалтыг хүчинтэй хэвээр байлгахын тулд сенаторт хахууль өгсөн байна.

Рон Калдерон нь мөн Калифорн муж улсын Киноны татварын хөнгөлөлтийн хөтөлбөрт өөрчлөлт оруулах сонирхол бүхий этгээдээс хээл хахууль авсан ба түүнд авлига өгсөн хүн нь үнэн хэрэгтээ Холбооны мөрдөх товчооны тусгай ажилтан байв. Татварын хөнгөлөлтийг 1 сая доллараас дээш хэмжээний өртөг бүхий киноны санхүүжилтэд олгодог бөгөөд Калдерон энэ хэмжээг буулгаж 750 мянган доллар болгохоор амлан 60 орчим мянган долларын хээл хахууль авчээ. Үүний 30 мянган долларыг өөрийн охины нэр дээр, түүний огт хийгээгүй ажил үйлчилгээний төлбөр болгон авсан бол 25 мянган долларыг хүүгийнхээ коллежийн төлбөрт шилжүүлэн авсан байна.

“Р.Калдерон нь муж улсын Сенат дах өөрийн байр суурийг тус муж улсын ард иргэдийн төлөө биш харин хээл хахуулийн замаар олж авсан мөнгөөр тансаг амьдралаа хангахад ашиглаж ирсэн бөгөөд түүний гэмт хэргээ үйлдсэн арга мэх, сүлжээг мөрдөх товчооны ажилтнууд болон прокурорууд хэрэг илрүүлэх, мөрдөн шалгах хамгийн сүүлийн үеийн шинэлэг, дэвшилтэт арга хэрэгсэл, технологи ашиглан илрүүлснийг бахархаж байна” гэж Лос Анжелес дахь Холбооны мөрдөх товчооны салбарын дэд захирал Дейрдре Файк мэдэгджээ.

Эх сурвалж: https://calcoastnews.com/2016/10/california-senator-sentenced-42-months-prison-bribery/

Аргентин улс бизнесийн үйл ажиллагаа болон төрийн албан дахь авлигатай тэмцэх шинэ хууль батлахаар зэхэж байна

Ройтерс. Буенос Айрес. 2016.10.22. Аргентин Улсын Засгийн газар төрийн албан тушаалтны авлигын хэрэгт холбогдсон компаниудад чанга хатуу ял шийтгэл оноох зохицуулалт агуулсан хэд хэдэн хуулийн төслийг Конгресст өргөн барьжээ.

Аргентины хуулийн одоогийн зохицуулалтаар бол авлигын хэрэгт холбогдсон хувь хүнийг шийтгэдэг ч компаниудад ямар нэг хариуцлага тооцдоггүй. Сая өргөн барьсан төслүүдэд тусгаснаар хэрэгт холбогдсон компаниудад өндөр хэмжээний торгууль ногдуулах, бизнесийн үйл ажиллагааг нь түр хугацаагаар зогсоох болон бусад өөр төрлийн хариуцлага ногдуулахаар болж байна. Торгуулийн хэмжээ нь тухайн компанийн жилийн нийт орлогийн 20 хүртэл хувь байхаас гадна бизнесийн үйл ажиллагааг нь 10 жил хүртэл хугацаагаар зогсоох юм.

Мөрдөн байцаалтын үйл ажиллагаанд идэвхтэй хамтран ажилласан, туслалцаа дэмжлэг үзүүлсэн компанид хүлээлгэх хариуцлагыг хөнгөрүүлэх, авлигын хэрэгт холбогдсон компаниудад авлигаас урьдчилан сэргийлэх тусгай бодлого, арга хэмжээ хэрэгжүүлэх үүрэг хүлээлгэх, компанийн удирдах албан тушаалтнууд тухайн компани нь авлигын гэмт хэрэгт холбогдож байгааг мэдэж байсан, мөн түүнчлэн компанийн холбогдсон авлигын хэргийн улмаас байгаль орчинд хор хөнөөл учруулсан бол илүү хүнд ял шийтгэл оногдуулах талаар тодорхой зохицуулалтууд шинэ хуулийн төслүүдэд тусгагдсан байна.

Эх сурвалж: http://www.reuters.com/article/us-argentina-corruption-idUSKCN12M0NI

Перу улсын улс төрчид ядууст зориулсан нийгмийн халамжаас хувь хүртжээ

Шинхуа. Лима. 2016.10.23. Перу улсын хэд хэдэн улс төрч тус улсын ядуу гэр бүлүүдэд зориулсан эрүүл мэндийн халамжийн сан болох Эс-Ай-Эс-ээс хувь хүртсэн болох нь илрээд байна. Хамгийн ядуу хүмүүст зориулан бий болгосон байтал Перугийн ерөнхийлөгч асан Олланта Хумалагийн ах Алексис Хумала 2015 оны 9 дүгээр сард энэ санд бүртгүүлсэн байсан талаар конгрессийн гишүүн Биенвенидо Рамирез твиттерт бичжээ. Сангийн бүртгэлд хийсэн шалгалтаар конгрессийн гурван гишүүн, мөн Тумбс мужийн захирагч асан болон нийслэл Лима хотын захиргааны өндөр тушаалтан зэрэг хүмүүс бүртгэгдсэн болохыг илрүүлсэн байна.

Энэ бүх хэрэг явдал саяхан сонгогдсон ерөнхийлөгч Педро Пабло Кучинскигийн засгийн газраас авч хэрэгжүүлж байгаа авлигатай тэмцэх өргөн цар хүрээтэй үйл ажиллагааны хүрээнд өрнөж байна. Ерөнхийлөгч Кучински авлигатай эрч тэмцэж улс орноо цэвэрлэнэ гэсэн ам тангараг өгсөн юм. Авлигын гэмт хэрэгт холбогдсон төрийн албан хаагчдыг “иргэний хувьд үхмэл байдалд оруулах”11 хуулийг Ерөнхийлөгч саяхан баталсан юм. Энэ нэр томьёо нь төрийн албан хаагчийн иргэний зарим эрхийг хязгаарлана гэсэн утгатай бөгөөд тухайлбал, төрийн алба хаших эрхийг нь 6 сараас 20 жил хүртэл хугацаагаар хязгаарлах зэрэг шийтгэл багтаж байгаа ажээ.

Ядуучуудад зориулсан эрүүл мэндийн халамжийн сангийн хөрөнгийг хууль бус үйл ажиллагаанд зарцуулсан болох нь илэрсэн өөрийн эрүүл мэндийн асуудал хариуцсан зөвлөх Карлос Мореног ерөнхийлөгч ямар нэг эргэлзээгүйгээр албан тушаалаас нь огцруулсан юм.

Эх сурвалж: http://news.xinhuanet.com/english/2016-10/23/c_135774300.htm

Хятадын 1 сая албан тушаалтан авлигын хэргээр шалгагджээ

Глобал таймс. Бээжин. 2016.10.24. Хятадын Коммунист Намын Сахилга батыг хянан шалгах төв комиссоос гаргасан мэдээнд дурдсанаар 2013 оноос 2016 оны 9 дүгээр сарын хооронд нийтдээ 1.01 сая албан тушаалтан авлигын хэрэгт шалгагджээ. Эдгээрээс сайдын болон түүнээс дээш түвшний нийтдээ 34 албан тушаалтан ял шийтгэл хүлээгээд байна. Нийгмийг аюулаас хамгаалах яамны статистик мэдээнд дурдсанаар 2016 онд зохион байгуулсан “Үнэгний ав” ажиллагааны үеэр гадаадад оргон зайлсан 409 хүнийг баривчилснаас 15 нь эрэн сурвалжлагдаж байсан ноцтой 100 гэмт хэрэгтний жагсаалтад багтаж байжээ. 

Эх сурвалж: http://www.globaltimes.cn/content/1013265.shtml

Шри Ланкийн 90 улс төрч авлигын гэмт хэрэгт шалгуулж байна 

Сандэй Лидер. Коломбо. 2016.10.24. Шри Ланк Улсын Хээл хахууль, авлигын гэмт хэргийг мөрдөн шалгах комисс 90 улс төрчийн авлигын гэмт хэргийг мөрдөн шалгаж байгаа энэ үед тус комиссын дарга Дилрукши Диас Викрамасингхе албан тушаалаасаа огцорлоо. Зарим улс төрчдийн мэдэгдэж байгаа шиг ямар ч хэргийн мөрдөн байцаалтыг зогсоож, хэргийг хаагаагүй бөгөөд комиссын үйл ажиллагаанд улс төрийн зорилго байхгүй гэж Викрамасингхе хэвлэлд өгсөн ярилцлагынхаа үеэр мэдэгдсэн байна.

Шри Ланкийн Ерөнхийлөгч Майтрипала Сирисенагийн зүгээс тус улсын Санхүүгийн гэмт хэргийг мөрдөн шалгах алба, Эрүүгийн цагдаагийн газар, Хээл хахууль, авлигийн гэмт хэргийг мөрдөн шалгах комиссын үйл ажиллагаа улс төржиж байгааг таслан зогсоохын тулд тодорхой арга хэмжээ авна гэж мэдэгдсэний дараа өдөр нь Викрамасингхе Комиссын даргын албан тушаалаас огцрох хүсэлт гаргасан байна. Хууль сахиулах байгууллагуудын улс төржсөн үйл ажиллагааны талаарх мэдэгдэл Ерөнхий сайд Ранил Викремесингхед зориулагдсан гэдгийг Ерөнхийлөгч мөн хэлсэн байна. Ерөнхийлөгчийн мэдэгдэл иргэний нийгмийн байгууллагууд болон сөрөг хүчний зарим намуудын ширүүн эсэргүүцэлтэй тулгарч байна.

Эх сурвалж: http://www.thesundayleader.lk/2016/10/23/police-shot-as-students-did-not-stop/

Авлигатай тэмцэх Комиссын төсвийг багасгасан нь тааруухан сэтгэгдэл төрүүлж байна

Фри Малайзиа Түдэй. Петалинг Жаяа. 2016.10.24. Малайзын Авлигатай тэмцэх Комиссын 2017 оны төсвийг багасган баталсан нь тус улсын засгийн газар авлигатай тэмцэх талаар төдийлөн хүчин чармайлт гаргахгүй байна гэсэн төсөөлөл бий болгож байна гэж улс төрийн шинжээч үзэж байна.

Малайзын Авлигатай тэмцэх газрын төсөв 2015 онд 294 сая ринггит, 2016 онд 251 сая ринггит байсан бол 2017 онд 216 сая ринггит15 болж буурчээ.

Малайзын Их Сургуулийн шинжээч Аван Азман Пави хэлэхдээ хэрэв засгийн газар авлигатай тэмцэх асуудал, ялангуяа өндөр түвшний авлигатай тэмцэх талаар анхаарал хандуулж байгаа бол ихээхэн хэмжээний хөрөнгө зарцуулах шаардлагатай, авлигатай тэмцэхийн тулд Хонконгод байдаг шиг өндөр технологи хэрэгтэй, мөн түүнчлэн ажилтнуудыг сургах, бусад байгууллагуудын шинжээчдийг ажиллуулах шаардлагатай гэв. Тэрээр “оногдох төсвийг багасгасан атлаа үндэстэн дамнасан авлига, мөнгө угаах гэмт хэрэг зэрэг авлигын хүнд төвөгтэй хэлбэрүүдтэй тэмцэж чадах уу?” гэсэн байна.

Эх сурвалж: http://www.freemalaysiatoday.com/category/nation/2016/10/24/cut-in-macc-funding-creates-bad-impression/

СУДАЛГАА ШИНЖИЛГЭЭНИЙ АЛБА