ГАДААДЫН ХЭВЛЭЛ, МЭДЭЭЛЛИЙН ХЭРЭГСЭЛ, ВЕБ САЙТАД НИЙТЛЭГДСЭН МЭДЭЭ, НИЙТЛЭЛ, ҮЙЛ ЯВДЛЫН ТОЙМ /2016.10.05-06/

A- A A+
ГАДААДЫН ХЭВЛЭЛ, МЭДЭЭЛЛИЙН ХЭРЭГСЭЛ, ВЕБ САЙТАД НИЙТЛЭГДСЭН МЭДЭЭ, НИЙТЛЭЛ, ҮЙЛ ЯВДЛЫН ТОЙМ /2016.10.05-06/

Хэлбэр болон хэмжээнээс үл хамааран авлига бол байж болшгүй зүйл

Өмнөд Хятадын Өглөөний Сонин. Гонконг. 2016.10.06. Эх газрын хятадад төрийн албан тушаалтнаар өөртөө ашигтай шийдвэр гаргуулах, хүндрэлтэй асуудлаа хялбархан шийдвэрлүүлэхийн тулд гарыг нь хүндрүүлэх нь хэвийн үзэгдэл болсон байдаг. Гэтэл Гонконг гэх мэт авлигад өршөөлгүй ханддаг газарт ийм байдал гаргавал үр дагавар, хариуцлага нь нэлээд хатуу тусна. Данс нээлгэхээр өргөдөл материалаа бүрдүүлж байхдаа банкны ажилтанд Шанелийн №5 үнэртэй ус өгөхийг оролдсон эх газрын бизнесменд зургаан сарын хорих ял оноосон нь Гонконг дахь авлигатай тэмцэх хүчин чармайлт ямар түвшинд байгааг илтгэн харуулж байна. Эх газраас ирсэн бизнесмен, 44 настай Чен Зенши Эйч-Эс-Би-Си банкны салбарт данс нээлгэхээр өргөдөл гаргасан бөгөөд банкны зүгээс нэмэлт бичиг баримт шаардсаны дараа тэрээр банкны туслах менежерт 1350 долларын үнэтэй үнэртэй ус өгөхийг оролджээ.

Хэрэв эх газарт (Хятадад) ийм явдал болсон бол хэн ч гайхахгүй байлаа. Үнэ цэнэтэй бэлэг сэлт, чамин тансаг хүлээн авалт, дайллага нь бизнес эрхлэгчид, төрийн албан тушаалтнуудын хоорондын харилцааны нэг хэсэг бөгөөд тэрхүү харилцааны түвшинг илэрхийлэгч зүйл юм.

Тэр ч байтугай зарим эцэг эхчүүд өөрийн хүүхдэд сайнаар хандаасай гэсэндээ багш нар болон сургуулийн захирлуудад үнэтэй бэлэг илгээдэг. Энэхүү нөхцөл байдал ерөнхийлөгч Ши Жинпингийн эхлүүлсэн авлигатай тэмцэх үйл ажиллагааны үр дүнд зарим талаараа хяналтад ороод байна.

Гэсэн хэдий ч манай бизнесийн болон нийтийн албаны үйл ажиллагааны хүрээнд “бэлэг өгөх соёл”-ыг багтаах зай байхгүй билээ. Шүүгчийн онож хэлснээр шударга, ёс зүйтэй байдал бол дэлхий нийтээр хүлээн зөвшөөрсөн үнэ цэнэт зүйл юм. Эх газарт хэвийн болсон хэм хэмжээг бусад газруудад хүлээн зөвшөөрөх албагүй. Соёлын ялгаагаар далимдуулан манай тогтолцоог бохирдуулахыг уучлах аргагүй билээ.

Эх сурвалж: http://www.scmp.com/comment/insight-opinion/article/2025491/corruption-unacceptable-any-way-shape-or-form

Грекийн Засгийн газар болон ЕАБХАБ авлигатай тэмцэх хөтөлбөр хэрэгжүүлж эхлэв

Грек Репортер. Афин. 2016.10.05 Европын Аюулгүй Байдал, Хамтын Ажиллагааны Байгууллага болон Грекийн Засгийн газар хамтран авлигатай тэмцэх хөтөлбөр хэрэгжүүлж эхэллээ. Энэ хөтөлбөрт Европын Комиссын зүгээс мөн дэмжлэг үзүүлнэ. Хөтөлбөрийн үйл ажиллагаанд Грекийн Засгийн газрын талаас голлон оролцох байгууллага нь Авлигатай тэмцэх ерөнхий газар бөгөөд холбогдох бусад яам, агентлагууд өөр өөрсдийн чиг үүргийн хүрээнд хамтран ажиллана. Эдгээр байгууллагууд хөтөлбөрийн хүрээнд ажиллахдаа олон улсын шилдэг туршлага дээр үндэслэн боловсруулж баталсан Авлигатай тэмцэх үйл ажиллагааны төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд голлон анхаарч ажиллах юм.

Засгийн газрын шинэчлэлийн хөтөлбөрийн үйл ажиллагаанд шударга, ёс зүйтэй байдлыг бий болгох үр дүнтэй арга хэмжээг хэрэгжүүлэх, худал хуурмаг байдал, авлигатай тэмцэх чиглэлээр хийгдэх төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг дэмжих, авлигын улмаас Грекийн нийгэмд үүсч байгаа сөрөг үр дагаврын талаарх олон нийтийн ойлголтыг дээшлүүлэх нь Авлигатай тэмцэх үйл ажиллагааны төлөвлөгөөний гол зорилт юм.

Авлигатай тэмцэх хөтөлбөр нь 18 сар үргэлжлэх ба хөтөлбөрийг хэрэгжүүлснээр дараах үндсэн 10 үр дүнд хүрэх зорилго тавьжээ. Үүнд:

  • Дотоод болон гадаад аудитын тогтолцоог боловсронгуй болгох,
  • Өндөр эрсдэл бүхий салбарын бодлогын шийдвэр гаргах үйл ажиллагаанд авлигын эрсдлийг харгалзан үзэх хандлагыг хэвшүүлэх,
  • Авлигатай тэмцэх ерөнхий газрын үйл ажиллагааны чадавхийг бэхжүүлэх,
  • Нийтийн алба болон хувийн хэвшил дэх шүгэл үлээгчийг хамгаалах тогтолцоог бэхжүүлэх,
  • Авлигын талаарх гомдол, мэдээллийг шалгах шийдвэрлэх үйл ажиллагааг сайжруулах,
  • Хөрөнгө орлогын мэдүүлэг, ашиг сонирхлын зөрчил болон улс төрийн санхүүжилтийн тогтолцоог зохих ёсоор бүрдүүлэх замаар шударга, ёс зүйтэй байдлыг сахин хамгаалах нөхцөлийг сайжруулах,
  • Боловсролын салбарт шударга, ёс зүйтэй байдлыг нэвтрүүлэх,
  • Авлигатай тэмцэх чиглэлээр төр, хувийн хэвшлийн түншлэлийг бий болгох,
  • Хөрөнгө хураах, буцаан олгох тогтолцоог сайжруулах.

Эх сурвалж: http://greece.greekreporter.com/2016/10/05/greek-government-and-oecd-launch-project-to-fight-corruption/

Акиногийн засаглалын сүүлийн 2 сард Засгийн газрын авлига нэмэгдсэнийг судалгааны дүн харуулж байна

Инкуайрер. Манила. 2016.10.06. Филиппиний Ерөнхийлөгч асан Акиногийн засаглалын сүүлийн саруудад засгийн газрын үйл ажиллагаан дахь авлига нэмэгдсэн болохыг Сошиал Витер Стейшнс байгууллагын хийсэн судалгааны дүн харуулжээ. Авлигын нөхцөл байдлын талаар компаниудын дунд явуулсан энэ судалгаанд хамрагдсан Филиппиний бизнес эрхлэгчдийн 63 хувь нь тус улсын нийтийн албанд авлига “маш их” байгаа гэж үзсэн байна. Энэ үзүүлэлт 2012 онд 43 хувь, 2013 онд 56 хувь байжээ.

Энэ онд 13 дахь удаагаа зохион байгуулагдаж байгаа энэ судалгаанд Филиппиний 950 компанийн гүйцэтгэх захирлууд хамрагдсан бөгөөд тэдний авлигын талаарх төсөөлөл болон тэдэнд тулгарсан авлигын бодит тохиолдлын талаар асуулгад тусгадаг. 2 дугаар сараас 5 дугаар сард зохион байгуулсан энэ судалгаагаар төрийн байгууллагуудын авлигатай тэмцэх үйл ажиллагааг үнэлүүлэхэд гаалийн байгууллага -68 оноотойгоор “маш муу” гэсэн үнэлгээ авсан бол зам тээврийн асуудал хариуцсан байгууллага -49 оноотойгоор мөн “муу” гэж үнэлэгджээ. Зөвхөн ганц байгууллага буюу Үнэт цаас, валютын зохицуулалтын комисс энэ үзүүлэлт дээр +69 оноотойгоор “маш сайн” гэсэн үнэлгээ авсан байна.

Эх сурвалж: http://newsinfo.inquirer.net/822273/govt-corruption-rose-in-last-2-months-of-aquino-govt-sws

Авлигын уг үндэс

Ньюс. Исламабад. 2016.10.06. Пакистаны Засгийн газрын үйл ажиллагааг бүрмөсөн сүйрүүлэх, ерөнхийдөө эмх замбараагүй байдал бий болгох аюул занал бий болгоод байгаа улс төрийн авлига болон түүний үр дагаврын талаар маргаан шүүмжлэл ид өрнөж байна. Мэдээж хэрэг авлига нь аливаа улс орон, түүний засгийн газрын үйл ажиллагаанд асар их сөрөг нөлөөтэй боловч тогтолцооны хамгийн оройн хэсэг дэх авлига нь янз бүрийн түвшний хүмүүсийн зан үйлийн хэм хэмжээг тодорхойлж байдгаараа нийгэм болон улс гүрний төрх байдал бүрэлдэн бий болоход илүү гүн гүнзгий нөлөөлдөг.

Асуудлын гол нь зөвхөн мөнгийг хууль бус зүйлд зарцуулахад ч оршдоггүй. Ер нь хүн амын маш цөөхөн хувь нь л хээл хахуульд зарцуулах бэл бэнчинтэй байдаг. Эсхүл тэрхүү хэсэг л эрх мэдэл, нэр нөлөөтэй хүмүүсийн хэрэглэдэг арга тактикт оролцож байдаг. Гэвч дээд түвшнийхний хийдэг муу муухай зүйл нь янз бүрийн арга замаар доод түвшин рүү нэвчин ордог. Энэ байдал магадгүй үл анзаарагдам бөгөөд энэ асуудлаар хэд хэдэн улс орнуудад хийгдсэн судалгааний үр дүн дотор тэмдэглэн үлдээсэн байдаг.

Авлига нь ихэнхдээ непотизм гэх мэт бусад ёс зүйгүй, шударга бус үйлдлүүдтэй холбоотой байдгийг бид өөрсдийн үзэж өнгөрүүлсэн туршлага болон ажиглалт дээрээ үндэслэн мэдэх билээ. Улс төрийн лидерүүд засаг төрийн чухал албан тушаал дээр тавих хүмүүсийг тааллаараа сонгож томилоод дараа нь тэднийг өөрсдийн хэрэгцээ шаардлагадаа нийцүүлэн ашиглах ба хариу болгож шагнал урамшуулал хүртээдэг.

Улс төрийн хүрээний дээдчүүлийн зан авир нь хүмүүсийн өдөр тутмын амьдралдаа гаргадаг үйл хөдлөл, шийдвэрт нөлөө үзүүлдэг үү, үгүй юү гэсэн асуулт гардаг. Бидэнд байгаа баримт нотолгоогоор бол энэ асуултад “тийм” гэж хариулахаар байна. Тиймээс ёс зүйн доройтол, ёс суртахуунгүй байдал амьдралын янз бүрийн хүрээнд газар авсаар байгааг авлига нэмэгдсэнтэй холбон тайлбарлаж болох юм.

Эх сурвалж: https://www.thenews.com.pk/print/155105-The-roots-of-corruption

СУДАЛГАА ШИНЖИЛГЭЭНИЙ АЛБА