ГАДААДЫН ХЭВЛЭЛ, МЭДЭЭЛЛИЙН ХЭРЭГСЭЛ, ВЕБ САЙТАД НИЙТЛЭГДСЭН МЭДЭЭ, НИЙТЛЭЛ, ҮЙЛ ЯВДЛЫН ТОЙМ /2016.10.25-26/

A- A A+
ГАДААДЫН ХЭВЛЭЛ, МЭДЭЭЛЛИЙН ХЭРЭГСЭЛ, ВЕБ САЙТАД НИЙТЛЭГДСЭН МЭДЭЭ, НИЙТЛЭЛ, ҮЙЛ ЯВДЛЫН ТОЙМ /2016.10.25-26/

Шувууны ханиадтай холбоотой “хуйвалдааны онол”-ыг тараасан Индонезийн Эрүүл мэндийн сайд асан авлигын хэргээр баривчлагдав

Зохион байгуулалттай болон авлигын гэмт хэргийг мэдээлэх төсөл. 2016.10.25. Дэлхий нийтээр шувууны ханиад өвчин ид дэгдэж байсан үед Индонезийн Эрүүл мэндийн сайдын алба хашиж байсан Сити Фадила Супари нь шувууны ханиадны эсрэг эм нийлүүлж байсан компаниас авлига авсан хэргээр баривчлагдав. Индонезийн Авлигатай тэмцэх комиссоос түүнийг 2007 онд эм үйлдвэрлэгч Прасасти Митра компаниас 1.37 тэрбум рупия буюу 105 425 ам.долларын хахуулийг зорчигчийн чек хэлбэрээр авсан хэрэгт буруутгаж байна.

Прасасти Митра компани нь шувууны ханиадны тархалт өндөртэй байсан тухайн үеийн нөхцөл байдалд чухал шаардлагатай байсан эмнийхээ үнийг үндэслэлгүй нэмснээс улсад 6.8 тэрбум рупиягийн хохирол учирсан гэж Жакарта Глоб сонинд мэдээлжээ.

Шувууны ханиад өвчин 2007- 2008 онд ид дэлгэрч байсан бөгөөд сайд асан Ситигийн тухайн үед хийсэн мэдэгдэл болон үйлдэл нь дэлхий нийтэд түгшүүр төрүүлсэн юм. Тэрээр Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагад H1N5 вирусийн дээжийг хүлээлгэн өгөхөөс татгалзаж, тус байгууллага болон Нэгдсэн Үндэстний Байгууллага хамтран ашиг олох зорилгоор шувууны ханиад өвчнийг биологийн зэвсгийн хэлбэртэйгээр санаатайгаар бүтээж тараасан гэж мэдэгдэж байв.

Индонезийн Авлигатай тэмцэх комисс нь Зүүн Өмнөд Азийн бүс нутаг дахь хамгийн их итгэл хүлээсэн, шударга ажилладаг байгууллагуудын нэг бөгөөд авлигад маш их идэгдсэн байгууллагууд болох цагдаа, прокурор, шүүхээс хараат бусаар үйл ажиллагаагаа явуулж нилээд өргөн хэмжээний эрх эдэлдэг.

Эх сурвалж: https://www.occrp.org/en/daily/5738-indonesia-former-health-minister-and-fan-of-bird-flu-conspiracy-theories-detained

Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч авлигын гэмт хэргийн сэжигтэнтэй хэлхээ холбоотой байсандаа уучлал гуйв

ЮПИ.ком. Сөүл. 2016.10.25. Өмнөд Солонгос Улсын Ерөнхийлөгч Пак Геүн-хе авлигын хэрэгт холбогдсон Чой Сүүн-силтэй холбоо харилцаатай байсандаа ард түмнээсээ уучлал гуйж, олон нийтийн өмнө тэргүүнээ бөхийлгөлөө.

Авлигын хэрэгт буруутгагдаад байгаа хатагтай Чой нь Ерөнхийлөгчтэй олон жилийн өмнөөс танилын харилцаатай байсан бөгөөд улсын тэргүүний албан тушаал хашиж эхэлсэн эхний жилүүдэд түүний ерөнхийлөгчийн хувьд хэлсэн үг, мэдэгдэлд нууц байдлаар тодорхой нөлөө үзүүлж байжээ. Тэдний хоорондын харилцааны талаар хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээлсний дараа өдөр нь Ерөнхийлөгч ийнхүү ард түмнээсээ уучлал гуйсан байна.

Чой Сүүн-сил нь “Мир”, К Спорт” гэсэн нэрээр олонд танигдсан ашгийн төлөө бус, олон нийтийн сангуудыг ажиллуулдаг бөгөөд хэдэн долоо хоногийн өмнөөс эхлэн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр түүнийг болон эдгээр сангуудыг авлигад холбоотой тухай мэдээлэл цацагдах болсон.

Эх сурвалж: http://www.upi.com/Top_News/World-News/2016/10/25/South-Korea-leader-apologizes-for-affiliation-with-woman-suspected-of-corruption/4231477450093/

Австралийн Умард Нутаг Дэвсгэр (муж)-ийн Сайдын Тамгын газрын дарга асан авлигын хэрэгт буруутай болох нь тогтоогдов

СкайНьюс. 2016.10.25. Австралийн Умард Нутаг дэвсгэрийн сайд Бесс Прайсын Тамгын газрын даргын албан тушаал хашиж байсан Пол Мосман 2013, 2014 онд Латитюд Тревэл компанид 300 мянган авст.долларын өртөг бүхий засгийн газрын гэрээ байгуулах эрх олгуулсныхаа төлөө хэд хэдэн удаагийн нислэгийн үнэгүй болон хөнгөлөлттэй тийзийг тус компаниас авсан хэрэгт буруутай болох нь тогтоогдов.

Мужийн Дээд шүүх дээр болсон шүүх хуралдаанаас түүнийг хоёр удаагийн үйлдлээр хахууль авч хувьдаа ашиг олсон болохыг тогтоожээ. П.Моссман Латитюд Тревел компаниас үнэгүй тийз авч Куала Лумпур хот руу ниссэнээс гадна хүүгийнхээ Нью Йорк руу, охиныхоо Сидней рүү ниссэн онгоцны тийзийг мөн уг компаниас авчээ.

Эх сурвалж: http://www.skynews.com.au/news/national/2016/10/25/former-nt-chief-of-staff-guilty-of-corruption.html

Италийн прокурорууд газрын тосны ЕНИ компанитай холбоотой авлигын хэргийг хаав

Ройтерс. Милан. 2016.10.25. Милан хотын прокурорын газраас ЕНИ компанийн Казакстан дахь бизнесийн үйл ажиллагаатай холбоотой авлигын хэргийг хаахаар болсон тухай компаний зүгээс мэдэгджээ.

ЕНИ компанийн тухайн үеийн удирдлагуудыг 2007 онд Казакстаны Засгийн газартай газрын тосны их хэмжээний нөөц бүхий Кашаган ордыг ашиглахтай холбоотой гэрээг байгуулах үедээ 15 сая еврогийн хээл хахууль өгсөн хэргээр Италийн прокурорууд мөрдөн байцаалт явуулсан юм.

Италийн хуулийн дагуу компанийн ашиг тусын тулд ажилтны үйлдсэн гэмт хэргийг компанийн удирдлага урьдчилан сэргийлж таслан зогсоож чадаагүй, эсхүл урьдчилан сэргийлэх оролдлого хийж чадаагүй бол компанид нь хариуцлага ногдуулдаг бөгөөд ЕНИ-гийн авлигын хэрэг дээр нийтдээ 25 хүнийг мөрдөн шалгаж байсан боловч ийнхүү хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэсэн байна.

Эх сурвалж: http://www.reuters.com/article/us-eni-kashagan-prosecutors-idUSKCN12P1CU

 СУДАЛГАА ШИНЖИЛГЭЭНИЙ АЛБА