Д.Дуламсүрэн: Гэнэт шалгалтаар очоод баахан зөрчил илрүүлж, сүржигнэн мэдээлэхийг чухалчлахгүй

A- A A+
Д.Дуламсүрэн: Гэнэт шалгалтаар очоод баахан зөрчил илрүүлж, сүржигнэн мэдээлэхийг чухалчлахгүй

АТГ гааль, эрүүл мэнд, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад ажиллаж байна. Энэ ажлын явц, үр дүнгийн талаар сонирхож, АТГ-ын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч, ахлах комиссар Д.Дуламсүрэнтэй ярилцав. 

-АТГ гааль, эрүүл мэнд, шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн байгууллагуудад ямар зорилготой ажиллаж байна вэ? 

-Бид өмнө нь эдгээр байгууллагад авлигаас урьдчилан сэргийлэх, мөн хяналт шалгалтын чиглэлээр ажиллаж байсан. Харин энэ удаа нэлээд онцлогтой. Хоёр зүйлд ажлаа чиглүүлж байгаа. Юун түрүүнд гааль, эрүүл мэнд, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагуудын эрсдэлтэй ажлын байр, албан тушаалыг тодорхойлно. Хаана ямар албан тушаал, үйл ажиллагаа нь авлигын эрсдэл үүсч байгааг судалж тогтооно гэсэн үг. Дараа нь тэдгээр эрсдэлтэй ажлын байр, албан тушаалыг сонгож аваад тэр эрсдлийг бууруулах, арилгах чиглэлээр хамтарч ажиллана. АТГ энэ ажлыг гааль, эрүүл мэнд, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагатай хамтарч хийнэ. Тэгэхээр манай энэ удаагийн үйл ажиллагаа тодорхой хувь хүн, албан тушаалтан руу чиглээгүй. Харин эрсдэлтэй ажлын байр, албан тушаал, үйлчилгээ, үйл ажиллагааг тодорхойлох, эрсдлийг арилгах зорилготой.

Хоёр дахь зорилго нь нэгэнт үйлдэгдсэн хэрэг, зөрчил дутагдлын шалтгаан, нөхцөл юу байсныг тогтооно. Шалтгаан, нөхцөлийг нь тогтоож, шаардлагатай арга хэрэгслийг авч чадвал тухайн төрлийн хэрэг, зөрчил дутагдал дахин давтагдахгүй байхаас урьдчилан сэргийлэх юм. Тиймээс бид энэ ажлыг чухалчилж байгаа.

-Ямар нэгэн зөрчил илрүүлж, буруутай албан тушаалтанд хариуцлага тооцохгүй гэсэн үг үү? 

-Мэдээж, хяналт шалгалтын явцад илэрсэн зөрчлийг арилгуулах арга хэмжээ авна. Гэхдээ хэн нэг албан тушаалтны мууг үзэх гэдэг утгаар гэнэт шалгалтаар очиж, баахан зөрчил илрүүлж, сүржигнэн мэдээлэхийг чухалчлахгүй. Харин тухайн салбарт, газар дээр нь очиж, алдаа дутагдал байгааг нь засч залруулах, авлигын эрсдлийг нь тогтоож арилгах чиглэлээр хамтарч ажиллах нь авлигаас урьдчилан сэргийлэх үйл ажиллагааны нэг хэсэг юм.

-Энэ үйл ажиллагааны хүрээнд ямар ямар ажил хийж байна вэ? 

-Тухайн салбарт даган мөрдөж байгаа хууль тогтоомж, дүрэм журмыг хянан үзнэ. Эрх бүхий албан тушаалтнаас батлан гаргасан зарим шийдвэрт авлига үүсгэж болзошгүй хэм хэмжээ, харилцааг агуулсан байдаг. Хэрвээ ийм хэм хэмжээ бүхий шийдвэр, дүрэм журам байвал тэдгээрийг хүчингүй болгуулахаар санал гаргах эрх АТГ-т бий. Тухайн байгууллагаар үйлчлүүлж буй иргэд, аж ахуйн нэгж, байгууллага, мөн зарим ажилтан, албан хаагчдаас асуулгын аргаар судалгаа авсан. Одоо дүнг нэгтгэж байгаа. Жишээ нь гаалийн байцаагч нартай уулзаж, тэднийг сэлгэн ажиллуулах удирдлагын шийдвэрийн талаар тусгайлан ярилцсан. Гаалийн байцаагч нар өөрсдийнх нь ажил албанд авлигын эрсдэл үүсгэж болох олон хүчин зүйлийн талаар санал бодлоо чөлөөтэй илэрхийлсэн. Тэр бүхнийг бид нэгтгэж, үр дүнг удахгүй тайлагнана. Мөн тэдгээр байгууллагуудын албан тушаалтнуудын хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлэг, мэдэгдэл, тайлбарыг хянаж үзэж байна. Иргэдээс тухайн салбартай холбоотой ирүүлсэн өргөдөл, гомдол, мэдээллийг хүлээн авч, хянан шалгаж, газар дээр нь шийдвэрлүүлэхээр ажиллаж байгаа.

-Эрүүл мэндийн салбарт ажиллаж байгаа гэсэн. Ямар эмнэлгүүдийг сонгож авав? 

-Одоогийн байдлаар нийслэлийн төвийн 6 дүүргийн өрхийн эрүүл мэндийн төв, Хавдар судлалын үндэсний төв, Чингэлтэй, Баянзүрх, Сонгинохайрхан дүүргийн эрүүл мэндийн нэгдэл зэрэг II, III шатлалын эмнэлгүүдэд ажиллаад байна. Мөн л эрсдэлтэй ажлын байр, албан тушаалын судалгаа хийж, байгууллагын эрсдлийг тодорхойлно. Эрүүл мэндийн салбартай зэрэгцээд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар, Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн газарт ажиллаж байгаа. Салбар тус бүртээ нэлээд онцлог асуудлууд бий. Тэр бүх онцлогийг харгалзаж, авлигаас урьдчилан сэргийлэх ажлын үр дүнтэй арга хэрэгслийг тодорхойлох нь бидний зорилго. Танай сониноор дамжуулан иргэд, олон нийтэд хандан хэлэхэд гааль, эрүүл мэнд, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад ажиллаж байгаа энэ цаг үед дээрх байгууллагуудын үйл ажиллагаатай холбоотой өргөдөл, гомдол, мэдээллээ Авлигатай тэмцэх газарт ирүүлээрэй.

Д.Маргад

Эх сурвалж: "Өдрийн сонин". 

2016.10.27.