ГАДААДЫН ХЭВЛЭЛ, МЭДЭЭЛЛИЙН ХЭРЭГСЭЛ, ВЕБ САЙТАД НИЙТЛЭГДСЭН МЭДЭЭ, НИЙТЛЭЛ, ҮЙЛ ЯВДЛЫН ТОЙМ /2016.10.26-27/

A- A A+
ГАДААДЫН ХЭВЛЭЛ, МЭДЭЭЛЛИЙН ХЭРЭГСЭЛ, ВЕБ САЙТАД НИЙТЛЭГДСЭН МЭДЭЭ, НИЙТЛЭЛ, ҮЙЛ ЯВДЛЫН ТОЙМ /2016.10.26-27/

Словак Улс авлигатай хийх тэмцлээ өргөжүүлж байна

Ройтерс. 2016.10.26. Словак Улс авлигатай тэмцэх үйл ажиллагааны хүрээнд эцсийн өмчлөгч нь тодорхойгүй компаниудтай төрийн хөрөнгөөр ажил, үйлчилгээ гүйцэтгүүлэх гэрээ, хэлцэл хийхийг хориглосон гэж тус улсын Хууль зүйн сайд мэдэгдэв.

Тус улс Транспаренси Интернейшнл байгууллагын Авлигын төсөөллийн индексээр 2015 онд 168 улсаас 50 дугаар байранд эрэмбэлэгдсэн бөгөөд өнгөрсөн онд төрийн худалдан авах ажиллагаанд оролцож байгаа компаниудын эцсийн өмчлөгчийг бүртгэж байхаар хуульдаа тусгажээ.

Словак Улс 2011 онд төрийн худалдан авах ажиллагааны бүх гэрээ, хэлцлийг интернетэд нээлттэй тавьж байх шийдвэр гаргасан бөгөөд шинжээчдийн үзэж байгаагаар энэхүү үйл ажиллагаа нь засгийн газрын худалдан авалтын зардлыг бууруулсан байна.

Эх сурвалж: http://www.reuters.com/article/us-slovakia-corruption-idUSKCN12Q2BI

Европын хамгийн их авлигатай орон Болгар авлигад ахин цохилт өглөө

Дойче Велле. Брюссел. 2016.10.26. Болгар Улс Европын Холбооны гишүүнээр элсээд арваад жил болж байгаа хэдий ч авлигыг таслан зогсоож чадахгүй байгаа нь тус улсын өмнө тулгарч байгаа хамгийн том сорилт болж байгааг Европын Комиссын гаргасан явцын тайланд онцлон тэмдэглэсэн байна.

Болгар улсын хувьд өндөр түвшний авлига болон зохион байгуулалттай гэмт хэргийн асуудлыг нэн тэргүүнд анхаарах шаардлагатай байгааг тайланд дурдсан байна. Энэхүү зөвлөгөөг хэрэгжүүлэх боломж Болгарын холбогдох байгууллагад ахин гарч ирлээ.

Европын Холбооноос Болгарын загасны аж үйлдвэрийн салбарт зориулан өгсөн санхүүжилтийн хөрөнгийг ашиглан завшсан болон баримт бичиг хуурамчаар үйлдсэн хэргийн мөрдөн байцаалтын үйл ажиллагааны хүрээнд гурван албан тушаалтныг баривчлан саатууллаа. Нийслэл Софи хот, Хар тэнгисийн боомт болох Бургас болон Болгарын өмнөд хэсгийн Ямбол хотуудад нэгэн зэрэг хийгдсэн үзлэг, нэгжлэгийн дараа эдгээр хүмүүсийг баривчилжээ.

Хэрэгт холбогдож байгаа Загасны аж үйлдвэрлэл хариуцсан агентлагийн дарга болон байцаагч зэрэг хүмүүс хэдэн сая еврогийн хээл хахууль авсны зэрэгцээ компаниудыг ЕХ-ны санхүүжилтэд хамруулахын тулд холбогдох бичиг баримтуудыг хуурамчаар үйлдэж байжээ.

Эх сурвалж: http://www.dw.com/en/bulgaria-europes-most-corrupt-country-cracks-down-again/a-36164379

Ерөнхийлөгч Дутерте 8888 дугаарын утсаар авлигын мэдээлэл авах үйл ажиллагааг бие даасан байгууллага болгон өргөжүүлэх зарлиг гаргалаа

Апдейт. Манила. 2016.10.26. Филиппиний Ерөнхийлөгч Родриго Дутерте 8888 дугаарын утсаар авлигын талаарх иргэдийн гомдол, мэдээллийг хүлээн авч байгаа үйл ажиллагааг дагнан зохион байгуулах Гомдол хүлээн авах төв /ГХАТ/-ийг байгуулах зарлиг гаргав. Энэхүү төвийн үйл ажиллагаанд тус улсын ЗГХЭГ болон Ерөнхийлөгчийн ТГ хамтран хяналт тавьж удирдлагаар хангах бөгөөд засгийн газрын бусад байгууллагууд тухайлбал Төрийн албаны комисс хамтран ажиллахаар зарлигт заасан байна.

ГХАТ нь 8888 дугаарын утаснаас гадна бусад хэрэгсэл, тухайлбал, мессеж, цахим шуудан, цахим сайт болон цахим хуудас, нийгмийн сүлжээ болон олон нийтийн дунд өргөн хэрэглэгдэж байгаа бусад хэрэгслийг ашиглан авлигын талаарх гомдол, мэдээллийг иргэдээс хүлээн авах юм. Төвийн үйл ажиллагаа ажил, амралтын өдрүүдийг ялгалгүй долоо хоногийн өдөр бүр 24 цагаар ажиллах ба зөвхөн үндэсний баярын өдрүүдэд л түр завсарлахаар байна. Иргэд, байгууллагаас хүлээн авсан аливаа гомдол, мэдээллийн дагуу 72 цагийн дотор тодорхой арга хэмжээ авч байхыг Ерөнхийлөгч зарлигджээ.

Эх сурвалж: http://www.update.ph/2016/10/president-duterte-signs-eo-institutionalizing-anti-corruption-hotline-8888/10528

Их Британийн менежерүүд олон улсын авлигад холбогдож байгааг судалгааны дүн харуулж байна

Smallbusiness.co.uk. 2916-10-26. Их Британийн менежерүүдийн 85 хувь нь олон улсын түвшинд бизнес хийх үедээ авлигад холбогдож байгааг Хенли Бизнесийн сургууль[5]-ийн зохион байгуулсан судалгааны үр дүн харуулж байна. Судалгааг 12 жилийн турш зохион байгуулж, 900 орчим компанийн удирдах албан тушаалтантай ганцаарчилсан ярилцлага хийсэн бөгөөд удирдлагын зөвлөлийн түвшинд ажилладаг захирлуудын 80 хувь нь өөрийн компанийн авлигатай холбоотой үйл ажиллагааны талаар тодорхой мэдээлэлтэй байдгаа хүлээн зөвшөөрчээ.

Хенли Бизнесийн сургуулийн засаглал, манлайллын профессор Какабадсе хэлэхдээ “Энэхүү төсөл нь анх 2004 онд компаниудын өндөр түвшний удирдах албан тушаалд ажиллаж байгаа менежерүүдэд зориулсан сургалт хэлбэрээр эхэлсэн бөгөөд ярилцлагын явцад бизнесийн зорилгоо биелүүлэхийн тулд хэрэгтэй хүнд нь хахууль өгөхгүй бол тэдний өрсөлдөгчид нь хахууль өгч хэргээ бүтээнэ гэсэн ойлголт менежерүүдийн ой тоонд шингэсэн болохыг тогтоосон гэв”

Санхүүгийн залиланг илрүүлэх мэргэшсэн шинжээчдийн ассоциац[6]-иас 2014 онд зохион байгуулсан судалгаанаас үзвэл залилан мэхлэлт, олон улсын хээл хахууль, авлигын улмаас бизнесийн байгууллагууд жилийн орлогынхоо 5 орчим хувийг алддаг бөгөөд энэ нь дэлхий даяар нийтдээ 3.7 их наяд долларын алдагдал болж байна.

ПрайсУотерхаусКүпер[7] компанийн Дэлхий нийтийн эдийн засгийн гэмт хэргийн 2016 оны судалгаа[8] нийт компанийн 1/3 нь өмч хөрөнгийг зүй бусаар ашиглах, цахим гэмт хэрэг, нягтлан бодох үйл ажиллагааны хууран мэхлэлт зэрэг эдийн засгийн гэмт хэрэгт холбогдож байгааг харуулж байна. Сэтгэл түгшүүлж байгаа нэг баримт бол компанийн удирдах албан тушаалтнуудын 18 хувь нь эдгээр гэмт хэрэгт биечлэн оролцож байгаа ба удирдах зөвлөлийн түвшний захирлуудын 80 хувь нь энэ талаар мэдэж байгаа явдал юм.

Дэлхийн маш олон улс орон авлигад гүн гүнзгий автагдаад байгаагаас компаниуд бизнес хийхийн тулд тухайн оронд хэвшиж тогтсон үйл ажиллагаанд нийцэхээс өөр аргагүй байдалд ордог, тэгэхгүй бол бизнес явагдахгүй гэж профессор Какабадсе үзэж байна.

Эх сурвалж: http://smallbusiness.co.uk/uk-managers-international-bribery-2534703/

Буркина Фасо Улс хээл хахуулийн улмаас 10 жилийн дотор уул уурхайн салбарт 1 тэрбум доллар алджээ

Ройтерс. Абижан. 2016.10.26. Буркина Фасо Улссын парламентын хорооны хийсэн мөрдөн шалгалтаар өнгөрсөн 10 жилийн хугацаанд авлига, хээл хахууль болон удирдлагын буруу үйл ажиллагааны улмаас тус улсын уул уурхайн салбарт 1 тэрбум шахам долларыг алдсан болохыг тогтоожээ.

Парламентын хороо гурван сарын турш ажлынхаа дүнг саяхан танилцуулаад засгийн газрын сайдын албан тушаал хашиж байсан гурван хүн болон Ерөнхийлөгч асан Б.Компаорегийн ахыг авлигын гэмт хэрэгт холбогдуулан шалгах шаардлагатай гэжээ.

Мөрдөн шалгалтыг хийсэн хорооны даргын мэдэгдсэнээр 2005 -2015 оны хооронд уул уурхайн салбараас улсын санд орох ёстой байсан 551 тэрбум швейцар франк буюу 920 сая доллар ор мөргүй алга болсон байна.

Баруун Африкийн энэ орныг сүүлийн 30 жилийн турш удирдсан ерөнхийлөгч Компаоре ард түмний шахалтаар 2014 онд суудлаасаа огцорсон юм. Энэхүү өөрчлөлтийн дараа шинээр байгуулагдсан Засгийн газар авлигатай тэмцэх талаар амлалт өгсөн бөгөөд хуучин засгийн үед сайдын албан тушаал хашиж асан хэд хэдэн хүнийг 2015 онд баривчлан шалгаж эхэлсэн боловч авлигатай тэмцэх үйл ажиллагаа нь нилээд хүнд хэцүү сорилттой тулгараад байна.

Эх сурвалж: http://www.reuters.com/article/us-burkina-mining-corruption-idUSKCN12Q2QO

СУДАЛГАА ШИНЖИЛГЭЭНИЙ АЛБА