ГАДААДЫН ХЭВЛЭЛ, МЭДЭЭЛЛИЙН ХЭРЭГСЭЛ, ВЕБ САЙТАД НИЙТЛЭГДСЭН МЭДЭЭ, НИЙТЛЭЛ, ҮЙЛ ЯВДЛЫН ТОЙМ /2016.10.27-28/

A- A A+
ГАДААДЫН ХЭВЛЭЛ, МЭДЭЭЛЛИЙН ХЭРЭГСЭЛ, ВЕБ САЙТАД НИЙТЛЭГДСЭН МЭДЭЭ, НИЙТЛЭЛ, ҮЙЛ ЯВДЛЫН ТОЙМ /2016.10.27-28/

Бизнест амжилт олоход авлига зайлшгүй нөхцөл болж байна

Мексико Ньюс Дейли. Мехико. 2016.10.27. Мексикийн бизнес эрхлэгчдийн 43 хувь нь хээл хахууль өгдгийг судалгаагаар тогтоолоо. Бизнесээ амжилттай явуулахын тулд тэд хахууль төлдөг гэж авлигын судалгааг зохион байгуулагч хэлэв. Мексикийн бизнес эрхлэгчдийн тал хувь яагаад хахууль төлдгийг тогтоох зорилгоор энэ судалгааг зохион байгуулжээ.

“Мексик: Авлигын Анатоми” нэртэй энэхүү судалгааг хоёр дахь удаагаа зохион байгуулж байгаа бөгөөд судалгаанд оролцсон бизнес эрхлэгчдийн 43 хувь нь төрийн албан тушаалтнаар шийдвэр хурдан гаргуулах, олон шат дамжлагаас зайлсхийх, цагдаагийн албан хаагчдын хөндлөнгийн оролцоо, дарамтнаас зайлсхийхийн тулд авлига өгсөн гэжээ. Оролцогчдын 32 хувь нь тусгай зөвшөөрөл, лиценз авахын тулд, 21 хувь нь төрийн албан хаагчдын хууль бус дарамтаас хамгаалахын тулд, 16 хувь нь төрийн албаны хүрээнд тодорхой танил талтай болохын тулд хахууль өгсөн гэж хариулсан бол 11 хувь нь төрийн худалдан авах ажиллагаа, тендерт оролцохын тулд гэсэн хариулт өгчээ.

“Хариуцлагаас ангид байдал, авлигын эсрэг Мексикчүүд” ТББ-аас үр дүнг нь зарласан энэхүү судалгааны голлон зохион байгуулагч М.А.Касар хэлэхдээ “Бизнес эрхлэгчид хахууль өгч байхдаа нэг л зүйлийг удирдлага болгодог, энэ нь бизнесээ цааш нь өргөжүүлэх тухай бодол юм. Шинэ зах зээлд нэвтрэхийн тулд бизнес эрхлэгчид их хэмжээний зардал гаргахаас аргагүй байдалд ордгийг бид харж байна. Латин Америкийн бусад орнуудтай харьцуулбал Мексик улсын шинээр бизнес эхлүүлж байгаа түвшин нь доогуур байгаагийн шалтгаан нь энэ юм” гэв.

Хэрэв хахууль төлөхгүй бол төрийн үйлчилгээний хурд нь маш удааширдаг гэж судалгаанд оролцогчдийн 47 хувь нь хариулсан бол 27 хувь нь шударга бус торгууль хүлээдэг гэж, 21 хувь нь гэрээ, хэлцлээ алддаг гэж, 7 хувь нь илүү их дарамт шахалт мэдэрч эхэлдэг гэжээ.

“Бид авлигын тухай ярихдаа бизнес эрхлэгчдийг ердөө л хохирогч гэж хардгаа болих хэрэгтэй, тэд бас авлигын үйл ажиллагаанаас ашиг хүртэгчид юм” гэж судалгааны тайланд анхааруулжээ.

Эх сурвалж: http://mexiconewsdaily.com/news/bribery-necessary-for-business-success/

Каддел: Хиллари Клинтон сонгогдвол авлига гуравдагч ертөнцийн тоглоомын улсуудад байдаг шиг албан ёсны тогтолцооны шинжтэй болно

Брейтбарт.ком. 2016.10.27. Ардчилсан намын олон нийтийн санал бодлын судлаач, шинжээч Пат Каддел нэр дэвшигч Хиллари Клинтон ерөнхийлөгч болсон тохиолдолд үүсэх нөхцөл байдлын талаар “хэрэв тэр сонгогдвол гуравдагч ертөнцийн Гадилын Бүгд Найрамдах улсуудад байдаг шиг тогтолцоожсон авлига бий болно. Авлигыг эрс эсэргүүцдэг, энэ асуудлаар санаа зовнидог Америкийн ард түмэн энэ талаар анзаарахгүй байна” гэлээ.

Хэвлэл мэдээллийн хэрэгслүүд Клинтоны гэр бүлтэй холбоотой санхүүгийн эргэлзээтэй асуудлуудын ард байгаа нарийн ширийн зүйлүүдийг сөхөхөөс илүүтэйгээр Доналд Трампийн талаарх сөрөг мэдээлэлд анхаарал хандуулж байгааг Каддел мөн шүүмжлэв.

Эх сурвалж: http://www.breitbart.com/radio/2016/10/27/caddell-electing-hillary-clinton-institutionalize-corruption-third-world-banana-republic/

Касабланка: Цагдаагийн офицер авлигын хэргээр баривчлагдав

Марокко Уорлд Ньюс. Касабланка. 2016.10.27. Мароккогийн цагдаагийн газрын ажилтан нийслэл Касабланкагийн ойролцоох аялал жуулчлал, ресторан, зочид буудлаараа алдартай Айн Диабын нэгэн баарны эзнийг айлган сүрдүүлж хахууль авсан хэргээр баривчлагдлаа.

Цагдаагийн ажилтан хахууль өгөхгүй бол баарыг нь хаана гэж сүрдүүлэн мөнгө нэхсэн байна. Гэхдээ зөвхөн нэг удаа бус харин тодорхой давтамжтайгаар байнга мөнгө өгч байхыг шаарджээ. Баарны эзэн эмэгтэй бизнесээ алдахаас айж цагдаагийн нөхцлийг зөвшөөрч мөнгө өгч эхэлсэн байна. Гэсэн хэдий ч цагдаагийн мөнгө нэхэх давтамж улам ойртож дарамт нь нэмэгдэх болсноос энэ талаар прокурорт мэдээлжээ.

Холбогдох байгууллагаас баарны эзэн эмэгтэйгийн утсанд чагнах төхөөрөмж тавьж цагдаагийн ажилтны хууль бус үйлдлийг баталгаажуулснаар энэ хэрэг илэрсэн байна.

Марокко Улсын Засгийн газраас авлигатай тэмцэх амлалт өгсөн хэдий ч авлига нь энэ улсын хувьд тулгарсан нийгэм-улс төрийн хүнд сорилт, бэрхшээл хэвээр байсаар байна. Тус улс Транспаренси Интернейшнл байгууллагын Авлигын төсөөлийн 2015 оны индексээр 168 орноос 88 дугаар байранд орсноороо өмнөх оны үзүүлэлтээс 8 байр ухарсан хэрэг болжээ.

Эх сурвалж: https://www.moroccoworldnews.com/2016/10/199945/casablanca-police-officer-arrested-corruption/

Гэмт хэргийн улс: Ардчилсан Бүгд Найрамдах Конго Улс дахь тогтолцоожсон авлига болон хүчирхийллийн талаарх ойлголт, шүүмжлэл

Релифвеб.инт. 2016.10.27. Леополд хааны үеэс өнөөг хүртэлх хугацаанд Конгын төрийн албан тушаалтнууд болон тэдний хамсаатнууд клептокрасийн долоон тулгуурыг бий болгоод байна. Үүнд:

  • Зэвсэгт хүчин, хууль сахиулах цэрэгжсэн байгууллагын албан хаагчдыг өөрөө өөрсдийгөө санхүүжүүлэх боломж олгосон. Мобуту “Хэрэв чамд буу байгаа бол цалин хэрэггүй” гэж хэлсэн. Урьд өмнөх дэглэмийн толгойлогчид зэвсэгт хүчин болон бусад цэрэгжсэн байгууллагуудыг бослого, цэргийн эргэлт гаргах эрсдлээс зайлсхийж командлагч нарт нь улс орны нөөц баялаг, ард иргэдийг тонон дээрэмдэж баяжих боломжийг нээлттэй өгсөн бөгөөд ингэснээрээ байнгын зөрчил, мөргөлдөөнийг дэвэргэж байна.
  • Эрх мэдлээ хадгал, эс тэгвэл бүхнээ алдана гэсэн зарчмыг хэрэгжүүлсэн. Эрх баригч дэглэмтэй холбоо сүлбээ бүхий элит хэсгийнхний хувьд төрийн эрх мэдэл, албан тушаалаа алдах нь хууль бусаар олж авсан хөрөнгө баялаг болон зэмлэл, шийтгэл, хариуцлагаас ангид байх дархлаагаа алдаж ял шийтгэл хүлээхэд хүргэдэг. Авлигач тогтолцоонд аюул занал учруулдаг учраас л ардчиллын төлөөх хөдөлгөөнийг заримдаа бүх хүчирхийллийн аргаар нухчин дардаг.
  • Эрх баригч дэглэмтэй холбоотой элит хэсгийхэн бага зэргийн эсхүл бүр огт хариуцлага хүлээдэггүй болсон. Зэмлэл, шийтгэлээс ангид байх дархлаа бол тогтолцоог бүхэлд нь тогтоон барьж, бүрэлдэхүүн хэсгүүдийг холбож байх “цавуу” юм. Шүүхийн систем нь өндөр албан тушаалтнууд, нөлөө бүхий этгээдүүдийн үйлдсэн авлигын гэмт хэрэг, хүний эрхийн зөрчлийг бус харин тогтсон дэглэмийг эсэргүүцэгчид болон доод түвшний албан тушаалтнуудыг онилдог.
  • Улс төрийн эрсдлийг сулруулах зорилгоор төрийн тогтолцооны зэрэгцсэн бүтэц болон босогчдын бүлэглэлийг бий болгосон. Дээдэстээ үнэнч байх тогтолцоог хангах зорилгоор зэрэгцсэн бүтэц бүхий удирдлагын тогтолцоог бүрэлдүүлдэг.
  • Өндөр албан тушаалтнууд авлигаар ашиг олох боломжийг бүрдүүлсэн.
  •  Байгалын нөөц баялгийг ашиглуулах гэрээ, хэлцлээс хувьдаа ашиг олох тогтолцоог бий болгож, төрийн үйлчилгээний хүртээмжийг бага түвшинд байлгаж, шинэчлэлийг гуйвуулсан. 
  •  Авлигыг нэмэгдүүлэхийн тулд бодлогын тодорхойгүй байдлыг бий болгох замаар хүмүүсийг төөрөгдүүлж, эргэлзээтэй байдалд оруулсан. 

Эх сурвалж:  http://reliefweb.int/report/democratic-republic-congo/criminal-state-understanding-and-countering-institutionalized

СУДАЛГАА ШИНЖИЛГЭЭНИЙ АЛБА