ГАДААДЫН ХЭВЛЭЛ, МЭДЭЭЛЛИЙН ХЭРЭГСЭЛ, ВЕБ САЙТАД НИЙТЛЭГДСЭН МЭДЭЭ, НИЙТЛЭЛ, ҮЙЛ ЯВДЛЫН ТОЙМ /2016.10.29-11.01/

A- A A+
ГАДААДЫН ХЭВЛЭЛ, МЭДЭЭЛЛИЙН ХЭРЭГСЭЛ, ВЕБ САЙТАД НИЙТЛЭГДСЭН МЭДЭЭ, НИЙТЛЭЛ, ҮЙЛ ЯВДЛЫН ТОЙМ /2016.10.29-11.01/

Авлигатай тэмцэх нь: АНУ-ын Гааль, хилийн хамгаалалтын байгууллага эрс шинэчлэл хийхээр чармайж байна

Эн-Пи-Ар. 2016.10.29. АНУ-ын Гааль, хилийн хамгаалалтын алба бол тус улсын хамгийн том хууль сахиулах байгууллага бөгөөд дотооддоо эрс шинэчлэл хийхээр зорьж байна. Засгийн газраас жил бүр 13 тэрбум долларыг хилийн хамгаалалт болон цагаачлалын үйл ажиллагаанд зарцуулж байгаа нь холбооны хэмжээний бусад хууль сахиулах байгууллагуудын төсвийг нийлүүлснээс ч их байгаа юм.

Энэхүү байгууллага нь 56 мянган ажилтан бүхий нүсэр бүтэцтэй хэдий ч хахууль авсан, эрх мэдлээ хэтрүүлж хүч хэрэглэсэн, хариуцлагаас зайлсхийсэн тухай гомдол, мэдээлэл тасралтгүй хүлээн авч байна. Дотоодын аюулгүй байдлын сайдын томилон ажиллуулсан бие даасан хяналтын зөвлөлөөс Гааль, хилийн хамгаалалтын газрын “сахилга, хариуцлагын тогтолцоо алдагдсан” байдалд нь хатуу сануулга өгсөн байна.

Эх сурвалж: http://www.npr.org/2016/10/29/499739689/combating-corruption-u-s-customs-and-border-protection-seeks-deep-reform

Салвадорын Ерөнхийлөгч асан авлигын хэргээр баривчлагдлаа

Ройтерс. 2016.10.30. Салвадорын Ерөнхийлөгч асан Антонио Сака төрийн өмчийг ашиглан шамшигдуулсан хэргийн улмаас баривчлагдсан болохыг тус улсын Прокурорын газраас мэдээлэв.

Сака тус улсын Ерөнхийлөгчийн албан тушаалыг 2004- 2009 онд хашиж байсан бөгөөд одоо бизнесийн үйл ажиллагаа эрхэлдэг. Түүний хамтаар тухайн үед Харилцаа холбооны сайдын алба хашиж асан Хулио Ранк, залуучуудын асуудал хариуцсан сайд асан Цезар Фюнес нарыг баривчилжээ. Эдгээр баривчилгаанаас хэдхэн цагийн дараа Сакагийн хувийн нарийн бичгийн дарга асан Элмер Чарла цагдаагийн газарт сайн дураараа очжээ. Түүнийг 18 сая ам.долларыг ашигласан завшсан хэрэгт татаад байна.

Өнгөрсөн гуравдугаар сард Салвадорын Дээд шүүхээс Антонио Сака болон түүний эхнэр Ана Лижиа де Сака нарыг иргэний хэрэгт татжээ. Учир нь Сакагийн Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацаа дуусах үед түүний дансанд байсан 5 сая долларын эх үүсвэрийг тэд тайлбарлаж чадаагүй байна.

Эх сурвалж: http://www.reuters.com/article/us-elsalvador-corruption-idUSKBN12U0R1

Авлига, хөгжил дэвшил

Вашингтон Таймс. 2016.10.31. Аливаа улс орны баян, ядуу байхыг шийдвэрлэдэг цор ганц хүчин зүйл нь юу байж болох вэ?

Засгийн газрын зардлын түвшин, татварын тогтолцоо, зохицуулалт, мөнгөний тогтвортой байдал зэрэг нь хэдийгээр маш чухал хүчин зүйлүүд боловч шийдвэрлэх хүчин зүйлүүд биш юм. Ийм хүчин зүйл бол хуулийн дэг журам юм. Энэ бол дэг журам нь ойлгомжтой, шударга, бүгдэд тэгш үйлчилдэг, мөн түүнчлэн авлигыг хүлцэн тэвчдэггүй тийм тогтолцоог илэрхийлдэг.

Мандан бадарч байсан улс орнууд, хүчирхэг гүрнүүдийн төгсгөл нь гадаадын дайсны улмаас бус харин дотоодын ялзрал доройтлоос үүджээ. Эртний Грек болон Ромын түүх ийм уналт мөхлийн тод жишээ болдог. Ужгирсан авлигад идэгдэж, хуулийн дэг журам дутагдсанаас Зөвлөлт Холбоот Улс болон Зүүн Европын улсууд дахь дэглэм нуран унасан билээ. Маш их авлигатай улс орнууд ихэнхдээ ядуу байгаа бол хуулийн дэг журам ноёрхсон, авлигын түвшин багатай ихэнх улсууд харьцангуй өндөр хөгжилтэй байна. Дараах жагсаалтад нэг хүнд ногдох орлогоороо дэлхийд эхний 10 байранд эрэмбэлэгдсэн баян орнуудыг харуулж байна.

Хамгийн хөгжингүй бөгөөд бага авлигатай 10 улс

Улс
1 хүнд ногдох орлого (Олон улсын доллараар)
Хуулийн дэг журмын эрэмбэ (191 улсаас)
Авлигын төсөөллийн эрэмбэ (178 улсаас)
1
Люксембург
101 926
10
10
2
Сингапур
85 209
12
8
3
Швейцар
60 535
5
7
4
Хонконг
56 720
14
18
5
АНУ
55 837
19
16
6
Ирланд
54 654
16
18
7
Нидерланд
48 459
9
5
8
Австри
47 824
8
16
9
Герман
47 268
15
10
10
Дани
46 635
2
1

Эх сурвалж: Нэг хүнд ногдох орлого, Дэлхийн Банк, 2015 он, Хуулийн дэг журмын индекс, Дэлхийн Эдийн Засаг / Дэлхийн Банк, 2015, Олон Улсын Авлигын Төсөөллийн Индекс, 2015

Энэ жагсаалтад багтсан улсууд бүгд хуулийн дэг журам болон авлигагүй байдлаараа дээгүүр байранд жагсаж, хамрагдсан улс орнуудын хэмжээнд эхний байр эзэлсэн 10 хувь дотор багтаж байгаа юм.

Эх сурвалж: http://www.washingtontimes.com/news/2016/oct/31/corruption-and-prosperity/

Британи бохир мөнгөнд живж байна” гэж авлигатай тэмцэх үйл ажиллагааны бодлогын судалгааны байгууллага үзэж байна

Туркс энд Кайкос Уикли Ньюс: 2016.10.31. Авлигын эсрэг үйл ажиллагааны тэргүүлэх судлаачийн үзэж байгаагаар авлигатай холбоотой бохир мөнгийг дэлхий даяар тараахад Их Британи голлох үүрэг гүйцэтгэж байна. Гэмт хэрэгтнүүд, татвараас зайлсхийгчид, хүний наймаачид, хар тамхины дилерүүд гэмт хэргийн замаар олсон бохир мөнгөө нэр нь үл мэдэгдэх оффшор компаниудаар дамжуулан Их Британид үл хөдлөх хөрөнгө худалдан авах замаар угааж байна.

Лондонгийн Цагдаагийн газрын мэдэгдсэнээр 2004 оноос хойшхи хугацаанд 180 сая паунд буюу 276 сая ам.доллартой тэнцэх хэмжээний үл хөдлөх хөрөнгийг авлигын гэмт хэргийн замаар олсон хөрөнгө гэж үзэж мөрдөн шалгажээ. Гэхдээ мөрдөн байцаагчид энэ тоо бол мөсөн уулын ердөө л орой хэсэг нь гэж үзэж байна.

Цагдаагийнхний үзэж байгаагаар татвараас зайлсхийх болон авлигын гэмт хэрэг бол Их Британи дахь бохир мөнгөний гол эх үүсвэрүүд боловч хар тами худалдаалах, хүн худалдаалах, хууль бус маркетингийн үйл ажиллагаа нь зохих хэмжээний байр суурь эзэлсээр байна.

Эх сурвалж: http://tcweeklynews.com/britain-awash-with-dirty-money-says-anticorruption-think-tank-p7472-127.htm

Авлигатай тэмцэхэд технологи тусалж байна: Шүүгч Нарасимха Редди

Индиан Экспресс. Хайдарабад. 2016.11.01. Патна дахь Дээд шүүхийн Ерөнхий шүүгч асан Нарасимха Редди Энэтхэгийн Өмнөд Төв Бүсийн Төмөр Замын удирдах газраас зохион байгуулж байгаа Хариуцлагыг өндөржүүлэх долоо хоногийн хүрээнд хийгдсэн “Шударга байдлыг өргөжүүлж, авлигыг арилгах үйл ажиллагаан дахь олон нийтийн оролцоо” сэдэвт семинарт оролцох үедээ технологи нь авлигыг бууруулж байна гэлээ. Тэрээр мөн төрөлхийн авлигач хүн гэж байдаггүй, хүүхдүүдэд нийгмийн үнэт зүйлийг сургаж, зан чанарыг нь төлөвшүүлж байгаа боловсролын уламжлалт тогтолцоо нь авлигыг ул мөргүй арилгахад чиглэх ёстой гэсэн санааг илэрхийлсэн байна.

Авлигатай тэмцэх үйл ажиллагаан дахь технологийн үүргийн талаар хөндөгдсөн асуудалтай холбогдуулан Өмнөд Төв бүсийн Төмөр Замын удирдах газрын гүйцэтгэх захирал Г.Гупта хэлэхдээ байгууллага дахь ил тод байдлыг нэмэгдүүлэхэд и-аукцион, и-тендер, олон нийтэд үйл ажиллагаагаа танилцуулах систем[7] тодорхой хувь нэмэр оруулж байна гэв.

Эх сурвалж: http://www.newindianexpress.com/cities/hyderabad/2016/nov/01/technology-is-helping-fight-corruption-justice-narasimha-reddy-1533763.html

Дуугарахгүй байж чадашгүй: Шүгэл үлээгч Нэгдсэн Үндэстний Байгууллага дахь авлигын нөхцөл байдлыг илчилж байна

Нью Американ. 2016.11.01. Расна Вара Нэгдсэн Үндэстний Байгууллагад ажиллаж байхдаа уг байгууллагын хэмжээнд өргөн тархсан авлига, статистикийн мэдээг санаатайгаар буруу ташаа мэдээлэх үйл ажиллагаатай тулгарсаар эцэстээ ямар нэг зүйл хийх хэрэгтэй гэж шийджээ. Гэвч тэрээр энэ талаар олон нийтэд мэдээлэхийг оролдоод хайр найргүй дайралт, гутаан доромжлолт, заналхийлэл, хууран мэхлэлт болон өөр олон хэлбэрийн эсэргүүцэлтэй тулгарсан.

Түүний бичсэн “Дуугарахгүй байж чадашгүй: Нэгдсэн Үндэстний Байгууллага дахь хааж хаацайлсан худал хуурмаг, авлига, халдашгүй эрх дархыг уудлан илчлэх нь” номонд өгүүлсэнчлэн энэ бүх хэрэг явдал хэр хэмжээнээс хол хэтэрсэн байна.

Нэгдсэн Үндэстний Байгууллагын хэмжээнд авлига болон хууль бус үйл ажиллагаа нь үнэн хэрэгтээ тогтолцооны шинжтэй болжээ. Энэхүү номонд зохиогчтой өөртэй тохиолдсон хэрэг явдал тун бага зай эзэлж байгаа бөгөөд дэлхийн хэмжээний энэ байгууллагыг доргиож нийтэд ил болсон болон дарагдаад чимээгүй өнгөрсөн олон тооны хэрэг явдлыг тусгажээ.

Эх сурвалж: http://www.thenewamerican.com/world-news/africa/item/24524-unsilenced-whistleblower-exposes-un-culture-of-corruption

СУДАЛГАА ШИНЖИЛГЭЭНИЙ АЛБА