ГАДААДЫН ХЭВЛЭЛ, МЭДЭЭЛЛИЙН ХЭРЭГСЭЛ, ВЕБ САЙТАД НИЙТЛЭГДСЭН МЭДЭЭ, НИЙТЛЭЛ, ҮЙЛ ЯВДЛЫН ТОЙМ /2016.11.01-02/

A- A A+
ГАДААДЫН ХЭВЛЭЛ, МЭДЭЭЛЛИЙН ХЭРЭГСЭЛ, ВЕБ САЙТАД НИЙТЛЭГДСЭН МЭДЭЭ, НИЙТЛЭЛ, ҮЙЛ ЯВДЛЫН ТОЙМ /2016.11.01-02/

Төрийн авлига, терроризмын хоорондын шалтгаант холбоо

Эй-Би-Си Нет. Сидней. 2016.11.01. ... Авлигын шинж чанар. Өмнө дурдсан болон бусад хэрэг явдлаас үзвэл өнөөдөр дэлхий дахинд үүсээд байгаа аюулгүй байдлын хамгийн гамшигт хямралуудын заримыг нь өдөөхөд авлига тодорхой хэмжээгээр түлхэц болсон байна. Ялангуяа шашны сэдэлтэй хүчирхийлэлтэй холбогдуулан авч үзвэл “Яагаад?” гэсэн хэцүү асуулт урган гарч ирэх болно. Авлигын ямар хүчин хүмүүсийг хэр хэмжээнээс хэтэрсэн зүйлийг хийхэд түлхэж байна вэ?

Өнөөгийн нөхцөл байдлаас үндэслэн дүгнэхэд авлигатай холбоотой дөрвөн элемент нь дээрх асуултад хариулт өгнө. Эдгээр нь нэгд, хохирогчдод тусч байгаа ичгүүр, гутамшиг, хоёрт, тэдний сул дорой байдал, гуравт, авлигын сүлжээний тогтолцоо, боловсронгуй байдал, дөрөвт, тэрхүү сүлжээгээр дамжуулан хулгайлж завшиж байгаа асар их хэмжээний хөрөнгө мөнгө зэрэг болно.

Эх сурвалж: http://www.abc.net.au/religion/articles/2016/11/01/4566741.htm

Украйны иргэд Донбас дахь дайн ба авлигыг тус орны хамгийн том асуудал гэж үзэв

Киев Пост. Интерфакс-Украйн. 2016.11.01. Олон улсын Бүгд найрамдахчуудын Институтийн хүсэлтээр социологийн судалгааны Рэйтинг байгууллагаас саяхан зохион байгуулсан судалгаанд оролцогчдын дийлэнх хувь нь Донбасын бүс нутагт болж байгаа дайныг тус улс дахь хамгийн том бэрхшээл гээд дараагийн асуудлаар нь засгийн газрын үйл ажиллагаан дахь авлигыг нэрлэсэн байна.

“Украйн Улсын хувьд тулгарч байгаа хамгийн том гурван асуудал юу вэ?” гэсэн асуултад судалгаанд оролцогчдын 53 хувь нь Донбас дахь дайн, 38 хувь нь засгийн газрын авлига, 29 хувь нь ажилгүйдэл, 27 хувь нь үнийн өсөлтөд тавих хяналт гэж хариулжээ. Судалгаанд оролцогчдын 4 хувь нь байгалийн хий, цахилгаан эрчим хүч, усны хомсдол гэж, мөн 4 хувь нь эд хөрөнгө өмчлөх эрхийн асуудал гэж, 1 хувь нь Орос хэлний статус гэж хариулсан тул эдгээр нь тийм ч чухал асуудлууд биш ажээ.

“Таны хувьд хамгийн чухал гурван асуудал юу вэ?” гэсэн асуултад оролцогчдын 48 хувь нь үнийн өсөлт гэж, 35 хувь нь Донбас дахь цэргийн мөргөлдөөн гэж, 33 хувь нь ажилгүйдэл гэж хариулжээ. Судалгаанд оролцогчдын 1 хувь дээрх 2 асуултад хариулахад хүндрэлтэй байна гэж үзсэн байна. Энэхүү судалгааг 2016.09.28-10.07-ны өдрүүдэд Украйны нийт нутаг дэвсгэрийг хамруулан зохион байгуулжээ. Гэхдээ ОХУ-д нэгтгэгдсэн Крым, байлдаан болж байгаа Донбас мужийг оролцуулаагүй байна. Судалгаанд 18 болон түүнээс дээш насны 2400 иргэнийг хамруулж, тэдний амьдарч байгаа байранд нь очиж ярилцлага авах хэлбэрээр явуулжээ.

Эх сурвалж: https://www.kyivpost.com/ukraine-politics/ukrainians-say-war-donbas-corruption-countrys-biggest-problems.html

Авлигын талаар мэдээлсэн 22 хүн 200 сая воны шагнал авна

Кэй-Би-Эс Уорлд. 2016.11.01. Авлига болон бусад хууль бус үйл ажиллагааны талаар мэдээлэл өгсөн 22 хүнд 206 сая воны шагнал болон урамшуулал өгсөн талаар Өмнөд Солонгосын Авлигатай тэмцэх, Иргэний эрхийн Комиссоос мэдээлэв. Иргэдийн мэдээллийн үндсэн дээр тус комисс нийтдээ 1.3 тэрбум воныг хууль зөрчигчдөөс хураан авч чадсан байна.

Эх сурвалж: http://world.kbs.co.kr/english/news/news_Dm_detail.htm?lang=e&id=Dm&No=122922¤t_page=7

Косовочуудын хувьд хамгийн том асуудал нь авлига, ажилгүйдэл

Си Ньюс. Приштина. 2016.11.01. Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хөгжлийн Хөтөлбөрөөс гаргасан тайланд дурдсанаар Косовагийн иргэдийн хувьд тулгарч байгаа хамгийн хүндрэлтэй асуудал бол авлига ба ажилгүйдэл юм. Түүнчлэн иргэдийн зүгээс төрийн байгууллагуудын авлигын эсрэг үйл ажиллагааг ямар ч үр дүнгүй байна гэж үзжээ.

НҮБХХ-өөс зохион байгуулсан Авлигын талаарх олон нийтийн санаа бодлыг тандах энэхүү судалгаанд оролцогчдын 39 хувь нь ажилгүйдлийг, 18 хувь нь авлигыг тэдний амьдралд учруулж байгаа хамгийн дарамттай асуудал гэж үзсэн байна. Тус улс нь Европын зүүн өмнөд бүсийн орнууд дунд хамгийн өндөр буюу 32.9 хувийн ажилгүйдэлтэй байгаа юм. Судалгаанд оролцогчдын 58 хувь нь сүүлийн 12 сарын хугацаанд тус улсын авлигын түвшин өөрчлөгдөөгүй хэвээр байгаа гэж үзсэн бол 31 хувь нь авлигын түвшин өссөн гэж, 12 хувь нь буурсан гэж үзжээ.

Төрийн байгууллагуудын авлигын тэмцэх үйл ажиллагааны талаарх сэтгэл ханамжийн байдлыг тандахад судалгаанд оролцогчдын 64 хувь нь энэхүү үйл ажиллагааг үр нөлөөгүй, эсхүл огтхон ч үр нөлөөгүй гэж үзсэн бол ердөө 7 хувь нь үр нөлөөтэй, эсхүл маш их үр нөлөөтэй гэж хариулжээ.

Иргэдийн зүгээс улс төрийн намууд, парламент, төрийн захиргааны төв байгууллагууд, шүүх, эрүүл мэндийн байгууллагуудыг авлигад хамгийн их автсан байгууллагууд гэж үзсэн бол шашны байгууллагууд болон цагдаагийн байгууллагыг авлигад хамгийн бага автсан байгууллагаар нэрлэсэн байна.

Судалгааны хүрээнд 1300 иргэнээс санал асуулга авч, төрийн байгууллагын 500 албан хаагчтай ярилцлага хийх замаар мэдээлэл цуглуулан дүн шинжилгээ хийжээ.

Эх сурвалж: https://seenews.com/news/corruption-unemployment-top-issues-for-kosovars-undp-545217

Авлигын талаар иргэдээс гаргаж байгаа гомдлыг хүлээн авахаа Мьянмарын Засгийн газар зарлалаа

Глобал Таймс. 2016.11.02. Мьянмар Улсын Төрийн зөвлөхийн яам[6]-наас улс орныхоо эдийн засгийн хөгжлийг түргэсгэхийн тулд хээл хахууль, авлигын талаар иргэдээс гомдол, мэдээлэл хүлээн авах болсноо зарлав.

Ямар ч хувь хүн гомдлоо захиа болон имэйл хэлбэрээр тус яамны дэд сайдын нэр дээр ирүүлж болно гэж мэдэгдэлд дурджээ. Засгийн газрын хариуцлагатай албан тушаалтнуудын зүгээс хээл хахууль, авлигын асуудалд холбогдож олон нийтийн ашиг сонирхлыг хөндсөн, зөрчсөн тохиолдлын талаарх гомдлыг нэн тэргүүнд хүлээн авч шалгах болно гэсэн байна. Гэхдээ шүүхэд хэлэлцэж байгаа болон гэм бурууг нь тогтоож ял шийтгэл ногдуулсан хэргийн талаар давхардуулан болон дахин гомдол гаргахгүй байхыг мэдэгдэлд сануулжээ. Гомдлын агуулга болон мэдээлэгчийн нууцлалын баталгааны талаар мэдэгдэлд дурдаад энэ талаар санаа зовохгүй байж болно гэжээ.

Эх сурвалж: http://www.globaltimes.cn/content/1015382.shtml

СУДАЛГАА ШИНЖИЛГЭЭНИЙ АЛБА