ГАДААДЫН ХЭВЛЭЛ, МЭДЭЭЛЛИЙН ХЭРЭГСЭЛ, ВЕБ САЙТАД НИЙТЛЭГДСЭН МЭДЭЭ, НИЙТЛЭЛ, ҮЙЛ ЯВДЛЫН ТОЙМ /2016.11.03-04/

A- A A+
ГАДААДЫН ХЭВЛЭЛ, МЭДЭЭЛЛИЙН ХЭРЭГСЭЛ, ВЕБ САЙТАД НИЙТЛЭГДСЭН МЭДЭЭ, НИЙТЛЭЛ, ҮЙЛ ЯВДЛЫН ТОЙМ /2016.11.03-04/

Авлигын хэргийг шүүхэд шилжүүлсэн анхны тохиолдол

Тринидад Экпресс. 2016.11.03. Тринидад ба Тобаго Улсын Ерөнхий прокурорын мэдэгдэж байгаагаар төрийн албан тушаалтнуудтай холбогдуулан мөрдөн байцаалт явуулсан авлигын анхны хэргийг шүүхэд шилжүүлжээ. Энэ хэрэгт Засгийн газарт албан тушаал хашиж байсан 9 хүн холбогдож байна.

Засгийн газрын хуралдааны дараа хийсэн хэвлэлийн бага хурал дээр тус улсын Ерөнхий сайд энэ талаар мэдэгдэл хийхдээ “үгсэн хуйвалдаж төрийн өмч хөрөнгийг өөрсдийн хувийн ашиг сонирхолд нийцүүлэн хууль бусаар ашиглан завшсан” эдгээр хүмүүс одоо шүүхийн өмнө зогсох болно гэлээ.

Эх сурвалж: http://www.trinidadexpress.com/20161103/news/govt-files-first-anti-corruption-case

Чикаго хотын тээврийн байгууллагын албан тушаалтан арваад жилийн турш авлига авч байжээ

Холбооны Мөрдөх Товчоо. 2016.11.03. Чикаго хотын тээврийн комиссарын туслахаар ажиллаж байсан Жон Биллс тус хотын улаан гэрэл дохио зөрчигчдийг илрүүлэх камертай холбоотой зохион байгуулалттай авлигын хэрэгт гүйцэтгэж байсан үүргийнхээ төлөө 10 жилийн хорих ял эдэлж байна. Тусгай агент Брайн Этчэл “Чикаго бол төрийн байгууллага дахь авлигаараа түүхэнд тод мөр үлдээсэн хот. Гэхдээ энэ хэрэг бол Чикагогийн стандартаар хэмжээд ч онцгой үзэгдэл болоод байна” гэлээ. Учир нь авлигын энэ хэрэг бараг 10 жил үргэлжилснээс гадна хахуулийн хэмжээ нь 600 мянган доллароос давсан байна.

Хэргийг мөрдөн шалгахад АНУ-ын Дотоод орлогын алба, Чикаго хотын Ерөнхий Аудиторын газар, АНУ-ын Прокурорын газрууд хамтран ажиллажээ.

Эх сурвалж: https://www.fbi.gov/news/stories/transportation-official-sentenced-in-red-light-camera-corruption-case

Ерөнхийлөгчийн хүүгийн эзэмшиж байсан тансаг ангиллын 11 машин хураагдлаа

Дэйли Майл. 2016.11.04. Экваторын Гвиней Улсын Ерөнхийлөгчийн хүү Теодорин Обианг мөнгө угаасан хэрэгт сэжиглэгдэн Швейцарт байцаагдаж байна. Женев хотын прокурорууд мөрдөн байцаалтын ажиллагааны хүрээнд Обиангийн эзэмшилд байсан тансаг ангиллын 11 автомашиныг хурааж Женев хотын нисэх буудалд авчирлаа. Эдгээр автомашины дунд 759 мянган евро буюу 669 мянган фунт стерлингийн үнэтэй Порше 918 Спайдер, 2 сая еврогоос дээш үнээр зарагддаг Бугатти Вейрон байгааг Л’Эбдо цахим сайт мэдээлжээ.

Одоо 47 настай Обианг нь энэ оны 6 дугаар сард эцгийнхээ шийдвэрээр Экваторын Гвиней улсын Дэд ерөнхийлөгчөөр томилогдсон юм. Түүний үйлдсэн авлига болон хөрөнгө завшсан хэргийг 2018 онд Францын шүүхээр хэлэлцэж эхлэх боловч шүүх хуралд ирүүлж чадах эсэх нь эргэлзээтэй байгаа юм.

Экваторын Гвиней улс нь Африк тивийн испани хэлт цорын ганц улс бөгөөд газрын тосны үйлдвэрлэлийн хэмжээгээрээ тивдээ гуравт ордог хэдий ч тус улсын иргэдийн ихэнх нь эндээс олж байгаа орлогын хувь хишгийг хүртэж чаддагүй гэж шинжээчид үздэг.

Эх сурвалж: http://www.dailymail.co.uk/news/article-3902532/E-Guineas-leaders-son-faces-Swiss-corruption-probe.html

Найробид болсон авлигын эсрэг цуглааны уур амьсгал хурцадлаа

Америкийн дуу хоолой. Найроби. 2016.11.04. Кенийн нийслэл Найроби хотод мягмар гаригт болсон авлигын эсрэг цуглааны уур амьсгал ширүүсч хүч хэрэглэсэн байдалд орлоо. Цагдаагийн ажилтан сэтгүүлч болон жагсагчийг зодож байгаа дүрс бичлэг хийгджээ.

“Идэвхтнүүдтэй биш авлигатай тэмц” зэрэг уриа барьж, “Авлигатай одоо л тэмц, үгүй бол огцор” гэсэн бичигтэй цамц өмссөн хэдэн зуун жагсагчид Найроби хотын Ухуру цэцэрлэгт хүрээлэнд цугларсан. Тэд Ерөнхийлөгч Ухуру Кеньяттагийн засгийн газрын үйл ажиллагаан дахь авлигын нөхцөл байдал улам хүндэрч байгаад дургүйцлээ илэрхийлж байна.

Кенийн Эрүүл мэндийн Яамны албан тушаалтнууд 300 сая ам.долларыг зориулалтын бусаар зарцуулсан хэрэг нийтэд илэрхий болсны дараа иргэд ийнхүү эсэргүүцлээ илэрхийлэн жагсаал цуглаан зохион байгуулах болсон байна.

Эх сурвалж: http://www.voanews.com/a/kenyan-police-fire-tear-gas-on-anti-corruption-protesters/3577438.html

Ямайка дахь авлигын нөхцөл байдлыг яаралтай хэлэлцэх шаардлагатай

Ямайка Глинер. 2016.11.04. Ямайкад төвтэй “Карибын олон улсын сүлжээ” байгууллагаас жил бүр зохион байгуулдаг цуврал лекцийн 12 дахь удаагийн арга хэмжээн дээр доктор Тревор Мунро илтгэл танилцуулав. Тэрээр Ямайка дахь архагшсан авлига нь тус улсын эдийн засгийн өсөлтийг сааруулж, нийгмийн үйлчилгээ болон нийгмийн хэм хэмжээ ноцтой байдлаар алдагдахад хүргэж байгааг илтгэлдээ онцлон дурдав.

“Авлигыг хязгаарлах нь – Ямайкын тулгамдсан асуудал” нэртэй түүний илтгэлд Ямайкын нийгэмд бүхэлд нь шингэсэн авлигын олон хэлбэр, тэдгээрийг шийдвэрлэх арга замыг тодорхойлжээ. Доктор Т.Мунро нь Транспаренси Интернейшнл байгууллагын Ямайка дахь салбар болох “Үндэсний шударга байдлын төлөөх үйл ажиллагаа” байгууллагын гүйцэтгэх захирлын алба хашдаг.

Эх сурвалж: http://jamaica-gleaner.com/article/lead-stories/20161104/munroe-outline-jamaicas-corruption-imperative

Хятадын төрийн өмчит компанийн захирал авлигын хэргээр шүүгдэж байна

Шанхай Дэйли. 2016.11.04. Хятадын Гуандун мужийн төрийн өмчит компани болох Гуандун Материалс Группын гүйцэтгэх захирал асан Жуан Яо хээл хахууль, төрийн өмчийг завшсан хэргээр шүүгдэж эхлэв. Түүний авсан хахууль, завшсан хөрөнгийн нийт хэмжээ нь 570 сая юань буюу 84 сая ам.доллар болсон байна.

Шүүх хурал Гуандун мужийн Маомин хотын дунд шатны ардын шүүх дээр болж байгаа юм. Прокурорууд түүнийг 2002- 2012 онд нийт 16.5 сая юаны хээл хахууль авсан, 1999-2009 онд дангаараа болон бусадтай хамтран 554 сая юаны төрийн өмчийг завшсан хэрэгт буруутгаж байна. 

Эх сурвалж: http://www.shanghaidaily.com/nation/flies-and-tigers/Former-Chinese-company-head-stands-trial-for-corruption/shdaily.shtml

СУДАЛГАА ШИНЖИЛГЭЭНИЙ АЛБА