ГАДААДЫН ХЭВЛЭЛ, МЭДЭЭЛЛИЙН ХЭРЭГСЭЛ, ВЕБ САЙТАД НИЙТЛЭГДСЭН МЭДЭЭ, НИЙТЛЭЛ, ҮЙЛ ЯВДЛЫН ТОЙМ /2016.11.02-03/

A- A A+
ГАДААДЫН ХЭВЛЭЛ, МЭДЭЭЛЛИЙН ХЭРЭГСЭЛ, ВЕБ САЙТАД НИЙТЛЭГДСЭН МЭДЭЭ, НИЙТЛЭЛ, ҮЙЛ ЯВДЛЫН ТОЙМ /2016.11.02-03/

Авлигын хэрэгт холбогдсон Ираны прокурор асан 135 удаа ташуурдуулах ял авлаа

Гардиан. 2016.11.02. Тегеран хотын Ерөнхий прокурор асан Саед Мортазави нь Ерөнхийлөгч асан Махмуд Ахмадинежадын үед Ираны нийгмийн халамжийн байгууллагыг удирдаж байхдаа төрийн өмч хөрөнгийг хувьдаа авч ашигласан гэмт хэрэгт буруутай болох нь тогтоогдож 135 удаа ташуурдуулах ялаар шийтгүүллээ. Ираны төрийн мэдлийн “Ириб” цахим сайтад мэдээлснээр түүнд төрийн өмч хөрөнгийг хувьдаа завшсаных нь төлөө 70 удаа, албан тушаалын чиг үүргээ биелүүлэлгүй хайхрамжгүй хандсан, төрийн өмчийг үргүй зарцуулсаных нь төлөө 65 удаа ташуурдах ял оноосон байна.

С.Мортазави нь М.Ахмадинежадын ойрын хүрээллийн хүн бөгөөд 2003- 2009 онд Тегеран хотын Ерөнхий прокуророор ажиллаж байхдаа хэвлэл мэдээллийн хэрэгсэлд хатуу хяналт тавьж 2 өдрийн дотор 18 сонинг хааж, иргэний эрхийн тэмцэгчид, идэвхтүүдэд хүнд ял шийтгэл ногдуулж байжээ. Иран гаралтай Канадын гэрэл зурагчин Захра Каземи 2003 онд Ираны Эвин шоронд нас барсан асуудалд С.Мортазави мөн холбогдож байжээ.

Ираны хүний эрхийн идэвхтнүүд С.Мортазавийг прокурорын албан тушаалд байхдаа шоронд хоригдож байгаад нас барсан улс төрийн ялтнуудын үхэлд холбогдсоныхоо хувьд шударга шүүхээр шүүгдэх ёстой гэж шаардаж байсан хэдий ч түүнд оноосон ташуурдах ялыг харгис хэрцгий, хүнлэг бус гэж мэдэгдлээ.

Эх сурвалж: https://www.theguardian.com/world/2016/nov/02/iran-saeed-mortazavi-former-prosecutor-sentenced-135-lashes-corruption

Болгарын 40 гаалийн байцаагч Лесово боомт дээр баривчлагдлаа

Индепендент Балкан Ньюс Эйженси. 2016.11.02. Болгарын Үндэсний Аюулгүй Байдлын Агентлаг[3] болон Дотоод Хэргийн Яамны хамтарсан ажлын хэсэг Болгар-Туркийн хилийн Лесово боомтын гаалийн үйл ажиллагаанд гэнэтийн шалгалт хийж авлига, хээл хахуульд холбоотой 40 гаалийн байцаагчийг баривчлав. Шалгалтын үйл ажиллагааг өглөөний 7 цагт эхлүүлж хилийн боомтын үйл ажиллагааг бүхэлд нь зогсоосон байна. Болгараас Турк руу зорчиж байгаа зорчигчдыг Лесово боомтоос өөр боомтоор нэвтрэхийг Болгарын Хилийн цагдаагийн газраас зөвлөжээ.

Эх сурвалж: http://www.balkaneu.com/40-bulgarian-customs-officers-lesovo-checkpoint-held-anti-corruption-bust/

Жон Гришамын “Шүгэлдэгч” номд авлигыг ноцтойгоор дүрслэв

Сиэтл Таймс. 2016.11.02. Жон Гришам бол Америкийн шилдэг зохиолчдын нэг төдийгүй нийгмийн асуудлуудыг шүүмжлэгч чухал хүн юм. Түүний бичсэн 30 гаруй романд хуулийн салбар болон нийгэмд тохиолдож байгаа шударга бус байдал, авлигыг гайхалтай чадварлагаар дүрсэлсэн байдаг. “Шүгэлдэгч” нэртэй түүний шинэ ном авлигын асуудлыг мөн хөнджээ. Номонд өгүүлэх түүх Флорида мужийн шүүгчдийн ёс зүйн хорооны мөрдөгч нар болох Лейси Столц, Хюго Хатч нар дээр нэгэн “шүгэл үлээгч” ирж “Америкийн хууль зүйн салбарын түүхэн дэх хамгийн авлигач” нь байж болох нэгэн шүүгчийг мөрдөх эсэхийг нь асууснаар эхэлдэг байна.

Эх сурвалж: http://www.seattletimes.com/entertainment/books/john-grishams-the-whistler-an-ambitious-look-at-corruption/

Кенийн Момбаса боомтын 13 албан хаагч авлигын хэрэгт татагдав

Ройтерс. 2016.11.02. Кенийн Момбаса боомтод ажилладаг 13 боомтын ажилтан болон гаалийн байцаагч нар чингэлэг тээврийн компаниудад татвараас зайлсхийхэд нь тусалж авлига, хээл хахуул авсан хэрэгт татагдав. Зүүн Африкийн худалдааны голлох том боомтуудын нэг болох Момбаса боомтын үйл ажиллагаан дахь авлигыг таслан зогсоох, үйл ажиллагааных нь чадавхийг дээшлүүлэх зорилгоор хийгдэж байгаа кампанит ажлын хүрээнд эдгээр гаалийн байцаагч болон боомтын албан тушаалтнуудын хэрэг илэрсэн байна.

Момбаса хотын шүүхэд хийсэн шүүхийн анхны хэлэлцүүлэг дээр тэдгээр албан тушаалтнуудад тулгаж байгаа ялыг сонсгоод 11 дүгээр сарын 15-нд болох дараагийн шүүхийн хэлэлцүүлэг болтол хүн тус бүрийг 500 мянган шиллинг буюу 5000 ам.долларын барьцаатайгаар суллажээ.

Эх сурвалж: http://www.reuters.com/article/us-kenya-port-idUSKBN12X1O6

Бангладешийн хууль тогтоогч хууль бусаар 100 сая ам.долларын хөрөнгө цуглуулаад шоронд оров

Стандарт. 2016.11.02. Бангладешийн эрх баригч Амави Лиг намыг төлөөлөн парламентад сууж байгаа хууль тогтоогч Абдур Рахман Боди 100 сая ам.долларыг хууль бусаар олж авсан, нуусан хэрэгтээ Дака хотын шүүхээс 3 жилийн хорих болон 1 сая долларын торгуулийн ял хүлээлээ. Шүүгч оноосон ялыг нь уншсаны дараа цагдаагийнхан түүнийг шорон руу шууд авч явсан байна. Амави Лиг нам долоон жилийн өмнө засгийн эрхэнд гарснаас хойш анх удаа тус намын гишүүн авлигын хэргээр ийнхүү эрүүгийн хариуцлага хүлээж байна. Бодигийн өмгөөлөгч нь шүүхийн шийдвэрт давж заалдана гэдгээ мэдэгдсэн байна.

Бангладеш улс Транспаренси Интернейшнл байгууллагаас гаргасан Авлигын төсөөллийн 2015 оны индексээр дороосоо 13-т эрэмбэлэгдэж хамгийн их авлигатай улсуудын тоонд багтсан юм.

Эх сурвалж: http://www.thestandard.com.hk/breaking-news.php?id=81697

Болив: Авлигатай тэмцэх зорилгоор бий болгосон Санхүүгийн байгууллагуудын мэдээллийг нэгтгэх систем хэрэгжиж эхэлжээ

Мондак. 2016.11.02. Авлигатай тэмцэх үйл ажиллагаанд шаардлагатай мэдээлэл болон төрийн өмчийг буцаан авах Нэгдсэн системийн нэг хэсэг болох Санхүүгийн байгууллагуудын мэдээллийг нэгтгэх систем 2016.09.01-ний өдрөөс хэрэгжиж эхэлсэн байна.

Энэхүү системийн талаар Боливийн Авлига, хууль бусаар хөрөнгөжихтэй тэмцэх, хөрөнгийг мөрдөн шалгах тухай хуульд заасан бөгөөд тус улсын Тогтолцооны ил тод байдал болон авлигатай тэмцэх яамны авлигыг хэргийг мөрдөн шалгах үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэхийн тулд холбогдох байгууллагуудаас мэдээлэл солилцох, түүнчлэн солилцсон мэдээллийн нууцлалыг хангах зорилготой юм.

Эх сурвалж: http://www.mondaq.com/x/539804/Financial+Services/System+For+Compilation+Of+Information+From+Financial+Entities+To+Fight+Corruption+In+Effect+As+Of+September+1

СУДАЛГАА ШИНЖИЛГЭЭНИЙ АЛБА