ГАДААДЫН ХЭВЛЭЛ, МЭДЭЭЛЛИЙН ХЭРЭГСЭЛ, ВЕБ САЙТАД НИЙТЛЭГДСЭН МЭДЭЭ, НИЙТЛЭЛ, ҮЙЛ ЯВДЛЫН ТОЙМ /2016.11.05-07/

A- A A+
ГАДААДЫН ХЭВЛЭЛ, МЭДЭЭЛЛИЙН ХЭРЭГСЭЛ, ВЕБ САЙТАД НИЙТЛЭГДСЭН МЭДЭЭ, НИЙТЛЭЛ, ҮЙЛ ЯВДЛЫН ТОЙМ /2016.11.05-07/

Өмнөд Солонгосын Ерөнхийлөгчийн ойрын туслахуудыг авлигын хэрэгт холбогдуулан баривчлав

БНСУ (Foxnews). 2016.11.06. Мөрдөн шалгах ажиллагааныхаа хүрээнд тус улсын прокурорууд ням гарагт Ерөнхийлөгч Пак Гын Хэ-ийн ойрын туслах асан 2 этгээдийг баривчлаад байна.

Төрийн эрхийг далдаас удирдах боломжийг өөрийн найз Чой Сүүн-силд олгосон хэмээн олон нийт Ерөнхийлөгчийг буруутгасны дараагаар Пак дараалан уучлалт гуйгаад байгаа билээ. Гэвч түүнийг албан тушаалаа өгөхийг шаардан жагсаж буй олон мянган хүний уур хилэнг Пакийн энэхүү наминчлал намжааж чадахгүй байна.

Ерөнхийлөгч Пак Гын Хэ-ийн найз Чойгийн удирдаж байсан ашгийн бус байгууллагуудад хандив өгөхийг шаардаж томоохон компаниудад шахалт үзүүлсэн хэрэгт сэжиглэн Пакийн бодлого, хамтын ажиллагааны нарийн бичгийн дарга асан Ахн Жон-Беом-ийг баривчлах тухай прокурорын хүсэлтийг Сөүлийн төвийн дүүргийн шүүх хүлээн авсан хэмээн шүүхийн хэвлэлийн төлөөлөгч Шин Жа-хван хэлсэн юм. Пактай ойр дотнын харилцаатай байсан Чойд Ерөнхийлөгчийн нууц материалыг дамжуулсан үндэслэлээр өөр нэг туслах асан Жун Хо-Сунг баривчлах шийдвэрийг шүүхээс мөн гаргасан байна.

Чойг төрийн асуудалд нөлөөлөхөөс урьдчилан сэргийлж чадаагүй, мөн гэр бүлийнхэн нь өөр нэг авлигын хэрэгт холбогдсон зэрэг асуудалтай холбогдуулан прокурорууд Ерөнхийлөгчийн иргэний асуудлын туслах байсан Боо Бюнг-Ву-гаас тайлбар авахаар шаардлага хүргүүлээд байна.

Өөрийн хэлэх үгийн төслүүдэд санал авахаар Чой-д өгч байсан гэдгээ Ерөнхийлөгч Пак хүлээн зөвшөөрсөн юм. Хэдий тийм ч тус улсын хэвлэл мэдээллийн хэрэгслээр онцлоод байгаа шиг бодлогын асуудлаар төрийн чухал шийдвэр гаргах, эсхүл Ерөнхийлөгчийн хувийн асуудалд Чой хөндлөнгөөс оролцож, нөлөөлж байсан гэдгийг Пак үгүйсгэсэн юм.

Чойг эрх мэдлээ урвуулан ашигласан, залилан хийх оролдлого хийсэн хэмээн буруутгаж өнгөрөгч долоо хоногийн эхээр баривчлаад байгаа юм.

Нийслэл Сөүл хотод олон мянган хүн оролцсон эсэргүүцлийн жагсаал болж Пакийг албан тушаалаа өгөхийг шаардаж байна. Гэвч сөрөг хүчний намууд Пакийг улсын дотоод асуудлаас ангид байлгах, эрх мэдлээ парламентаас томилогдсон ерөнхий сайдад шилжүүлэхийг шаардаж байгаа ч түүнийг албан тушаалаа өгөхөд томоохон нөлөө үзүүлж чадахгүй байна.

“Пак өөрөө албан тушаалаа өгч, прокурорт шалгуулах ёстой. Хэрэв тийм алхам хийхгүй бол улс төрчид түүнд итгэл үл үзүүлэх алхам хийх ёстой. Сүүлийн хэдэн долоо хоногийн хугацаанд Ерөнхийлөгчийн хувьд тэр бүх эрх мэдлээ алдсан” хэмээн Сөүл хотод болсон эсэргүүцлийн жагсаалд оролцогч олон оюутнуудын нэг болох Ким Сео-юон хэлсэн юм. Цагдаа нарын тооцоолсноор эсэргүүцлийн жагсаалд оролцогчдын тоо 45 000 орчим байсан бол, жагсаал зохион байгуулагчид оролцогчдын тоог 200 000 орчим хүн байсан гэж мэдэгдээд байна.

Ерөнхийлөгч Пак дээрх нөхцөл байдлыг тогтворжуулах зорилгоор 8 туслахаа халж, Ерөнхий сайд зэрэг засгийн газрын 3 албан тушаалд шинэ хүмүүсийг нэр дэвшүүлээд байгаа юм.

Өнгөрөгч Баасан гарагт олон нийтэд зарласан санал асуулгын дүнгээр Пакийг дэмжигчдийн хувь 5 хувьд хүрсэн байгаа нь хэдэн арван жил цэргийн дарангуйлалд байсан, 1980-аад оны сүүлээс ардчилсан тогтолцоонд шилжсэн Өмнөд Солонгос улсын өмнөх ерөнхийлөгчдөөс хамгийн бага түвшин болоод байна.

Ерөнхийлөгч Пак Гын Хэгийн бүрэн эрхийн хугацаа дуусахад 15 сар үлдсэн. Хэрэв Пак Гын Хэ албан тушаалаасаа огцорвол 60 өдрийн дотор сонгууль зохион байгуулагдах ёстой.

Эх сурвалж: http://www.foxnews.com/world/2016/11/06/south-korean-presidents-ex-aides-arrested-as-corruption-scandal-widens.html

Өмнөд Африкийн Зума “шоронгоос айхгүй байна” гэж мэдэгдэв

Өмнөд Африк. 2016.11.05. Мөрдөн шалгах ажиллагааны үеэр Засгийн газрын авлигатай холбоотой байж болохуйц нотлох баримт илрүүлснээс хэдэн өдрийн дараа тус улсын Ерөнхийлөгч Жакоб Зума шоронд орохоос айхгүй байгаагаа илэрхийлээд байна.

Өмнөд Африкийн Ерөнхийлөгч, 74 настай ноён Зумаг баян чинээлэг бизнес эрхлэгчтэй хууль бус харилцаатай байсан хэмээн буруутгаад байгаа билээ. Өөрөөр хэлбэл, мөрдөн шалгах ажиллагааны үеэр илрүүлсэн 355 хуудас бүхий тайланд Ерөнхийлөгчтэй ойр дотно байдаг энэтхэгийн баян чинээлэг гэр бүл болох Гуптагийн гэр бүлийнхэн Засгийн газрын томилгоонд нөлөөлөх гэсэн оролдлогыг ноён Зума хүлээн зөвшөөрсөн байгаа аж.

Тус улсад түүнийг албан тушаалаа өгөхийг шаардан Лхагва гарагт олон мянган хүн гудамжинд жагсаал зохион байгуулж байсан юм.

Энэтхэгийн Гуптагийн гэр бүлийнхэн уг асуудалд ямар нэгэн тайлбар хэлээгүй байгаа бөгөөд өмнө нь энэ талаар үгүйсгэсээр ирсэн юм.

Нельсон Манделагийн хамт Роббен аралд 10 жилийн турш улс төрийн хоригдол байсан ноён Зума өөрийн төрөлх муж Ква-Зулу Наталд олон нийттэй уулзалт хийх үедээ “Би шоронгоос айхгүй байна. Тэмцлийн үед би шоронд хоригдож байсан” хэмээн хэлсэн байна.

Эх сурвалж: http://www.bbc.com/news/world-africa-37885225

Нигерийн цагдаа нар авлигын эсрэг жагсаал /парад/ хийв

Нигер (Channels Television). 2016.11.06. Нигер Улсын Анамбра муж улсын Цагдаагийн газрын алба хаагчид цагдаагийн байгууллага дахь авлигын эсрэг жагсаал хийв. Цагдааг авлигач хэмээн үзэх олон нийтийн төсөөллийг өөрчлөхийн тулд энэхүү арга хэмжээг зохион байгууллаа хэмээн тус муж улсын цагдаагийн комиссар, жагсаалыг тэргүүлэгч Сам Окула хэлсэн юм. 

Мөн тус байгууллага авлигыг бууруулах чиглэлээр шинэ хөтөлбөр хэрэгжүүлэхэд бэлэн болоод байгааг тэрээр энэ үеэр онцолсон юм. 

Жагсаал хийх шийдвэрийг Цагдаагийн Ерөнхий газрын дарга Ибрахим Идрис гаргасан бөгөөд энэ нь Ерөнхийлөгч Мухаммаду Бухарийн авлигын эсрэг кампанит ажлын дагуу зохион байгуулагдаж байгаа хэмээн Ноён Окулаг хэлсэн юм.

Эх сурвалж: https://www.channelstv.com/2016/11/06/police-march-against-corruption-in-anambra/

Шилжилтийн үеийн Украинд авлигын эсрэг шүүх хэрэгтэй

Украин (Интерфакс). 2016.11.05. Шилжилтийн үеийн өнөөгийн Украинд авлигын хэргийг богино хугацаанд шийдвэрлэдэг, хохирлыг буцаан олгуулдаг авлигын шүүх хэрэгтэй хэмээн тус улсын Авлигатай тэмцэх Үндэсний товчооны дарга Артем Сытник хэлсэн байна. “Өнөөгийн шилжилтийн үед авлигын асуудлаар мэргэшсэн шүүх байгуулах хэрэгтэй байна. Харин ирээдүйд энэ төрлийн институц байх хэрэгтэй эсэхийг тодорхой хэлэх боломжгүй юм” хэмээн Бямба гарагт Киев хотноо болсон нэгэн хэлэлцүүлгийн үеэр мэдэгдсэн байна.

Гэмт хэргийг шалгах явцад хураасан, улсын орлого болгох боломжтой хөрөнгийн хэмжээ байнга нэмэгдэж байна. Энэ хөрөнгийн хэмжээ одоогийн байдлаар хэдэн тэрбум украин гривна (мөнгөн нэгж)-тай тэнцэж байгаа бөгөөд хохирлыг нөхөн төлүүлэх асуудлаар шүүх ямар ч шийдвэр гаргаагүй байна хэмээн Сытник мэдэгдсэн юм. Авлигын асуудлаар дагнаж, мэргэшсэн шүүх байгуулах нь мөрдөн байцаалт дуусах үеэс шүүхийн шийдвэр гарах хүртэл ихээхэн цаг зарцуулж байгааг арилгах боломжтой гэж Сытник онцолсон юм.

Эх сурвалж: http://en.interfax.com.ua/news/general/381738.html

СУДАЛГАА ШИНЖИЛГЭЭНИЙ АЛБА