ГАДААДЫН ХЭВЛЭЛ, МЭДЭЭЛЛИЙН ХЭРЭГСЭЛ, ВЕБ САЙТАД НИЙТЛЭГДСЭН МЭДЭЭ, НИЙТЛЭЛ, ҮЙЛ ЯВДЛЫН ТОЙМ /2016.11.08-09/

A- A A+
ГАДААДЫН ХЭВЛЭЛ, МЭДЭЭЛЛИЙН ХЭРЭГСЭЛ, ВЕБ САЙТАД НИЙТЛЭГДСЭН МЭДЭЭ, НИЙТЛЭЛ, ҮЙЛ ЯВДЛЫН ТОЙМ /2016.11.08-09/

Улс төрийн авлигад “Samsung” холбогдов

Өмнөд Солонгос (BBC) 2016.11.08. Ерөнхийлөгч Пак Гын Хэ-гийн улс төрийн авлигын хэргийг шалгахтай холбогдуулан тус улсын прокурорууд “Samsung Electronics” группийн байранд нэгжлэг хийгээд байна.

“Samsung”-ийг Ерөнхийлөгчийн ойрын найз Чой Сүүн-сил-ийн охинд мөнгөн дэмжлэг үзүүлсэн байж болзошгүй хэмээн прокурорууд сэжиглэж шалгаж байна. Өөрөөр хэлбэл, Чойгийн охины Герман дахь морин спортын сургалтын төлбөрт зориулан Чой болон түүний охины хамтран эзэмшдэг компанид 2.8 сая еврог өгсөн хэмээн “Samsung”-ийг үзэж байгаа юм.

Харин Чой нь ерөнхийлөгчтэй ойр дотно харилцаатай гэдгээрээ далимдуулан бизнесийнхнээс хандив нэхсэн, ерөнхийлөгчийн үйл ажиллагаанд нөлөөлсөн хэмээн буруутгагдан 11 дүгээр сарын 3-ны өдөр баривчлагдсан билээ.

Мөн прокурорууд Солонгосын Морин спортын холбоодод нэгжлэг хийсэн байна.

Дээрх асуудалтай холбогдуулан сүүлийн хэдэн өдрийн турш Ерөнхийлөгч Пак Гын Хэ-г албан тушаалаасаа огцрохыг шаардан тус улсын нийслэл Сөүл хотноо олон мянган Солонгосчууд эсэргүүцлийн жагсаал зохион байгуулж байгаа билээ.

Хатагтай Чой нь Ерөнхийлөгчийн дотнын найз бөгөөд өөрийн удирдаж буй сангуудад олон сая долларын хандив өгөхийг бизнесийнхнээс шаардсан, ерөнхийлөгчийн шийдвэр, үйл ажиллагаанд нөлөөлсөн, мөн түүнчлэн Ерөнхийлөгчийн өмсөх хувцасны сонголтыг ч хийж байсан хэмээн буруутгагдаад байгаа билээ.

Ерөнхийлөгч Пак дээрх үйл явдалтай холбоотойгоор телевизээр дамжуулан ард түмнээсээ уучлалт гуйсан бөгөөд хатагтай Чой Ерөнхийлөгчийн хэлэх үгэнд засвар хийдэг байсан гэдгийг хүлээн зөвшөөрсөн юм.

2012 оны 12 дугаар сарын сонгуулиар Пак нь БНСУ-ын хамгийн анхны эмэгтэй Ерөнхийлөгч болж сонгогдож байсан билээ.

Эх сурвалж: http://www.bbc.com/news/business-37904802

Авлигатай холбоотойгоор Михаил Саакашвилий Украин дахь албан тушаалаа өгөв

Украин (New York times) 2016.11.08. Гүржийн Ерөнхийлөгч асан Михаил Саакашвили Украин Ерөнхийлөгчийн авлигыг дэмжиж буй үйл ажиллагааг шүүмжлэн Даваа гарагт албан тушаалаа өгөв.

Ноён Саакашвили нь 2015 оны 5 дугаар сард Украины Ерөнхийлөгч Петро Порошенкогийн томилгоогоор Хар тэнгисийн бүсийн Украины Одесс хотын захирагчаар томилогдож байсан юм.

Саакашвили нь албан тушаалаа өгч байгаа шалтгаанаа түүний авлигатай тэмцэх үйл ажиллагаанд Ерөнхийлөгчийн зүгээс дэмжихгүй байгаатай холбон тайлбарласан байна.

Гүржийн парламентийн сонгуульд Саакашвилийн нам 10 сард ялагдсан нь түүнийг Гүржид буцан очих боломжийг мөн багасгаад байгаа юм.

Эх сурвалж: http://www.nytimes.com/2016/11/08/world/europe/mikheil-saakashvili-resigns-ukraine.html

Хөл бөмбөгийн дэлхийн аварга 2022: авлига, хүний эрхийн асуудлаас бусдаар Катар зохион байгуулагч орны статусаа бататгав

Катар (First post) 2016.11.07. Хөл бөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах 2022 оны тэмцээнийг зохион байгуулагч улсаар Катарыг сонгосон санал хураалтын үйл ажиллагаанд авлига, хээл хахуулийн асуудал байсан эсэхийг АНУ-ын Холбооны Мөрдөх товчоо, Швейцарийн хууль хяналтын байгууллага шалгаж эхэлсэн билээ. Өөрөөр хэлбэл, Олон Улсын Хөл бөмбөгийн холбооны Ерөнхийлөгч Зепп Блаттерыг албан тушаалаа өгсөний дараагаас уг асуудлыг шалгаж эхэлсэн байдаг. Авлига, хээл хахуулийн асуудлыг шалгаж байгаа хэдий ч Катарын тэмцээнийг зохион байгуулах хорооны тэргүүн “гэрээ байгуулагдсан” хэмээн итгэл төгс мэдэгдээд байна.

Өөрөөр хэлбэл, Хөл бөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг Катарт зохион байгуулах эрхийг хүчингүй болгосон ч тэмцээн Ойрх Дорнодод болно хэмээн орон нутгийн нэгэн сонинд тус тэмцээнийг зохион байгуулах хорооны Ерөнхий нарийн бичгийн дарга Хассан ал-Тавади мэдэгдээд байна. “Хөл бөмбөгийн 2022 оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээн анх удаа Ойрх Дорнодод, Араб, Лалын улсад, Катарт зохион байгуулагдах болно. “Гэрээ хийгдсэн”” хэмээн ал-Тавади мэдэгдсэн байна.

Мөн түүний хэлснээр булангийн оронд хөлбөмбөгийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгуулах хорооныхон дэлхийн хөл бөмбөгийн удирдах байгууллага болох Олон улсын хөл бөмбөгийн холбоотой “ерөнхийдөө эерэг” харилцаатай байгаа аж.

АНУ, Швейцарийн хууль хяналтын байгууллага 2015 оны 5 дугаар сараас эхлэн Хөл бөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах 2018 оны тэмцээнийг ОХУ-д, 2022 оны тэмцээнийг Катар Улсад зохион байгуулахаар санал хураах үйл явц авлигатай холбоотой байсан эсэхийг шалгаж байгаа юм.

Гэвч “Катарт айх зүйл байхгүй. Бидний хэрэг цэвэр гэдэгт би бүрэн итгэлтэй байна” хэмээн ал-Тавади мэдэгдсэн байна.

Мөн Катар Улсын хөл бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулахтай холбоотойгоор баригдаж буй дэд бүтцийг барихаар ажиллаж буй ажиллах хүчтэй холбоотойгоор хүний эрхийн байгууллагынхан шүүмжилсээр байгаа билээ. Тухайлбал, өнгөрсөн сард, тэмцээнийг зохион байгуулахаар төлөвлөж буй “Al-Wakrah” цэнгэлдэх хүрээлэнд ажиллаж байсан нэгэн ажилтан амь насаа алдсан юм.

Катар улс тэмцээний хүрээнд 12 цэнгэлдэх хүрээлэн барих бөгөөд цэнгэлдэх хүрээлэнгийн барилгын ажилд 10 тэрбум хүртэл долларыг зарцуулна хэмээн одоогийн байдлаар мэдэгдээд байгаа билээ.

Эх сурвалж: http://www.firstpost.com/sports/world-cup-2022-qatar-confirms-host-status-despite-corruption-human-rights-concerns-3093348.html

СУДАЛГАА ШИНЖИЛГЭЭНИЙ АЛБА