ГАДААДЫН ХЭВЛЭЛ, МЭДЭЭЛЛИЙН ХЭРЭГСЭЛ, ВЕБ САЙТАД НИЙТЛЭГДСЭН МЭДЭЭ, НИЙТЛЭЛ, ҮЙЛ ЯВДЛЫН ТОЙМ /2016.11.09-10/

A- A A+
ГАДААДЫН ХЭВЛЭЛ, МЭДЭЭЛЛИЙН ХЭРЭГСЭЛ, ВЕБ САЙТАД НИЙТЛЭГДСЭН МЭДЭЭ, НИЙТЛЭЛ, ҮЙЛ ЯВДЛЫН ТОЙМ /2016.11.09-10/

Хятадын “Sinopec” группийн захирал асан авлига, хээл хахуулийн хэрэгт буруутайгаа хүлээн зөвшөөрөв

БНХАУ 2016.11.9 (Reuters). Хятадын эрчим хүчний “том” группийн нэг болох “Sinopec”-ийн захирал асан хээл хахуульд 33 сая юань (4.87 сая ам. доллар) авсан гэдгээ хүлээн зөвшөөрлөө хэмээн Хятадын Коммунист намын авлигатай тэмцэх байгууллага мэдэгдлээ. Өөрөөр хэлбэл, газрын тосны салбарын ахмад ажилтан Ван Тианпу хээл хахууль болон авлигын хэргүүдэд буруутай болохоо шүүхэд хүлээн зөвшөөрлөө гэж Сахилгын хяналтын төв хорооны албан ёсны цахим хуудсанд мэдэгджээ.

Уг мэдэгдэлд дурдсанаар түүнд оногдуулах ялын талаар шүүх хараахан шийдвэр гаргаагүй байгаа аж.

Азийн газрын тос боловсруулагч хамгийн том компаниудын нэг болох “Sinopec”-ийн захирал асан Ванийг Коммунист намын авлигатай тэмцэх байгууллагаас шалгаж байсан бөгөөд намын хяналтад байдаг Хятадын шүүхээс түүнийг буруутай гэж тогтоох нь бараг л тодорхой зүйл байсан юм.

Эх сурвалж: http://www.reuters.com/article/us-china-corruption-idUSKBN1340B7

Авлигатай тэмцэх чиглэлээр олон улсын хамтын ажиллагаа чухал байна

БНХАУ 2016.11.10 (Xinhua). Хятадын Коммунист намын Сахилгын хяналтын төв хорооны дарга Ван Цишань Бээжин хотноо Пакистаны Үндэсний хариуцлагын товчооны дарга Камар Заман Чаудхриг Лхагва гарагт хүлээн авч уулзлаа.

Уулзалтын үеэр, хоёр улсын стратегийн хамтын ажиллагааны түншлэлийн нэг чухал хэсэг нь авлигатай тэмцэх үйл ажиллагаан дахь Хятад, Пакистаны хамтын ажиллагаа юм хэмээн дарга Ван онцлон тэмдэглэсэн юм.

Мөн Хятадын Коммунист намын 18 дугаар Төв хорооны 6 дугаар чуулганы нэгдсэн хуралдаанаар зөвхөн сүүлийн дөрвөн жилийн хугацаанд намын сахилга батыг бэхжүүлэх ажлын туршлагыг дүгнэснээс гадна авлигатай тэмцэх чиглэлээр шинэ арга хэмжээг авч хэрэгжүүлэх шийдвэрт хүрсэн хэмээн Ван энэ үеэр мэдэгдсэн юм. Эдгээр шийдвэрийн дунд авлигатай тэмцэх чиглэлээр олон улсын хамтын ажиллагааг бэхжүүлэх чиглэл ч багтаж байгаа аж.

Харин Чаудхри Пакистан дахь авлигатай тэмцэх байгууллагын үйл ажиллагаа, зохион байгуулалтын талаар мэдээлэл өгч, Хятадын авлигатай тэмцэх үйл ажиллагаа, түүний амжилтыг сайшааж байгаагаа илэрхийлсэн юм. Мөн Пакистан Улс олон салбар, чиглэлд Хятад улстай хамтран ажиллах, харилцан туршлага солилцох үйл ажиллагаагаа улам бүр өргөжүүлэх хүсэлтэй байгаа гэдгийг уулзалтын үеэр Чаудхри онцлон тэмдэглэсэн юм.

Эх сурвалж: http://news.xinhuanet.com/english/2016-11/10/c_135817956.htm

Гвиней дэх уул уурхайн хээл хахуулийн асуудалтай холбоотойгоор захирлын албан тушаалтнаа Рио Тинто түдгэлзүүлээд байна

2016.11.09 (Telegraph). Баруун Африкийн Гвиней дэх уул уурхайн төсөлтэй холбоотой талд олон сая доллар өгсөн нь ил болсны дараа дэлхийн уул уурхайн тэргүүлэгч Рио Тинто компани хээл хахуулийн асуудалд автаад байна.

Рио Тинтогийн төмрийн хүдэр олборлох Гвиней дэх “Simandou” төслийн үйл ажиллагаатай холбоотой нэгэн зөвлөхөд 10.5 сая долларын төлбөр хийсэн байгааг тус компаниас шалгаж байгаа бөгөөд энэ үйл ажиллагааныхаа хүрээнд эрчим хүч, эрдэс баялгийн асуудал хариуцсан захирал Алан Дэвисийг албан тушаалаас нь түдгэлзүүлээд байна.

Дээрх төлбөр хийгдэх үед буюу 2011 онд “Simandou” төслийн үйл ажиллагааг ноён Дэвис хариуцаж байсан аж.

Энэ оны 8 дугаар сараас дээрх төлбөр хийгдсэнтэй холбоотой э-мэйл Рио Тинтогийн удирдлагад ил болсон юм. Улмаар энэ талын мэдээллийг өчигдөр АНУ болон Их Британийн хууль, хяналтын байгууллагад өгсөн, “Австралийн хуулийн байгууллагатай холбоо тогтоох үйл ажиллагаа явагдаж байна” хэмээн тус компаниас мэдэгдсэн юм.

Мөн Рио Тинтогоос хууль, тогтоомжийн захирал Дебра Валентинаг албан тушаалаас нь буулгасан байна.

“Холбогдох бүх байгууллагын шалгалт, лавлагааны үйл ажиллагаатай Рио Тинто бүх талаар хамтран ажиллахад бэлэн байна” хэмээн тус компаниас мэдэгдээд байна.

Тус компанийн шинэ гүйцэтгэх захирал Жан-Себастьян Жакийн хэрэгжүүлж буй бүтцийн өөрчлөлтийн бодлогоор 7 дугаар сард Рио Тинтогийн эрчим хүч, эрдэс баялагийн асуудал хариуцсан захирлаар ноён Дэвисийг томилж байсан билээ. Дэвис нь мөн “Rolls-Royce”-ийн удирдах зөвлөлд ажиллаж байсан юм.

Өнгөрөгч сард Рио Тинто Хонконгийн хөрөнгийн биржид бүртгэлтэй уул уурхайн компани болох “Chinalco”-д өөрийн “Simandou” уурхайн эзэмшлийн 46.6 хувийг 1.3 тэрбум доллараар зарсан билээ. Мөн Доналд Трамп АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулсны дараагаар уул уурхайн салбарт Рио Тинтогийн хувцааны үнэ 5.5 хувиар өссөн байна.

Эх сурвалж: http://www.telegraph.co.uk/business/2016/11/09/rio-tinto-suspends-senior-exec-over-guinea-mine-bribery-claims/

СУДАЛГАА ШИНЖИЛГЭЭНИЙ АЛБА