ГАДААДЫН ХЭВЛЭЛ, МЭДЭЭЛЛИЙН ХЭРЭГСЭЛ, ВЕБ САЙТАД НИЙТЛЭГДСЭН МЭДЭЭ, НИЙТЛЭЛ, ҮЙЛ ЯВДЛЫН ТОЙМ /2016.11.10-11/

A- A A+
ГАДААДЫН ХЭВЛЭЛ, МЭДЭЭЛЛИЙН ХЭРЭГСЭЛ, ВЕБ САЙТАД НИЙТЛЭГДСЭН МЭДЭЭ, НИЙТЛЭЛ, ҮЙЛ ЯВДЛЫН ТОЙМ /2016.11.10-11/

Хятадын шүүхээс хээл хахуулийн хэргээр дэд сайд асанд 4 жилийн ял оногдууллаа

БНХАУ 2016.11.10 (JURIST). Хээл хахуульд 2.4 сая юань (354,000.58 ам. доллар) авсан хэрэгт буруутгагдаад байсан Хятадын дэд сайд асан Жан Лию-г Лхагва гарагт буруутай болохыг нь тогтоож 4 жилийн ял оногдуулаад байна.

Ажилд орохыг хүссэн хүмүүст тусалсан, мөн төсөл, төлөвлөгөөг баталсныхаа хариуд мөнгө авч байсныг шүүхээс тогтоон Лию-д Бээжингийн давж заалдах шатны 2 дугаар шүүхээс дээрх ялаас гадна 500,000 юань (73,750 ам. доллар)-ийн торгууль оногдуулсан байна. Гэм буруутайгаа хүлээн зөвшөөрсөн тул Лию-д оногдуулах боломжтой байсан ялаас ийнхүү хөнгөн ял оногдуулсан аж.

Си Зиньпин БНХАУ-ыг тэргүүлэх болсноос хойш тус улс авлигач албан тушаалтнуудын эсрэг тууштай тэмцэл явуулсаар байгаа билээ. Тухайлбал, хээл хахууль авсан хэрэгт буруутай нь тогтоогдсон Юньнаны Коммунист намын нарийн бичгийн дарга асан, 70 настай Бай Энпэйд цаазаар авах ял оногдуулсан хэмээн өнгөрөгч сард Хятадын албан тушаалтнууд мэдэгдэж байсан билээ. Мөн хээл хахууль авсан Генерал Гуо Босюнд Хятадын армийн шүүхээс 7 дугаар сард бүх насаар нь хорих ял оногдуулж байсан юм.

Хятадын Ардын дээд шүүхээс 4 дүгээр сард мэдэгдсэнээр онц их хэмжээний хээл хахууль авсан, авлигын гэмт хэргийн журмаар шамшигдуулсан гэмт хэрэгт хамгийн ихдээ цаазаар авах ял оногдуулна хэмээн тодорхойлж байсан юм.

Эх сурвалж: http://www.jurist.org/paperchase/2016/11/chinese-court-sentences-former-deputy-minister-to-4-years-for-bribery.php

АНУ дахь хээл хахуулийн хэрэгт Венесуэл хөл бөмбөгийн албан тушаалтан асан буруутайгаа хүлээн зөвшөөрөв

Венесуэл 2016.11.10 (Reuters). Дэлхийн хөл бөмбөгийн удирдах байгууллага болох Олон улсын хөл бөмбөгийн холбооны удирдах албан тушаалтнууд оролцсон өргөн цар хүрээтэй хээл хахуулийн хэргийг шалгах явцад Венесуэлийн Хөл бөмбөгийн холбооны Ерөнхийлөгч асан буруутайгаа хүлээн зөвшөөрсөн байна.

Олон улсын хэмжээний хөл бөмбөгийн тэмцээний хэвлэл мэдээллийн болон зах зээлийн эрхийг олгохдоо хээл хахууль авсан хэмээн Рафаэль Эскивелийг буруутгаж байсан бөгөөд АНУ-ын Бруклин дахь Холбооны шүүхэд тэрээр гэм буруутайгаа хүлээн зөвшөөрсөн байна. Эскивэл нь Венесуэлийн Хөл бөмбөгийн холбоог удирдахын зэрэгцээ Өмнөд Америкийн Хөл бөмбөгийн холбоо (CONMEBOL)-ны дэд ерөнхийлөгчийн албан тушаалыг мөн хашиж байсан билээ.

"Эскивэл нь хөл бөмбөгийн албан тушаалаа ашиглан, бусадтай хуйвалдан олон сая долларыг хээл хахуульд авсан ба хилийн чанад дахь банкнаас хуйвалдаанд оролцогчид нь Эскивэлийн данс руу хахуулийн мөнгийг шилжүүлдэг байсан” хэмээн АНУ-ын прокурорын мэдэгдэлд онцолсон байна.

Цюрих хотноо байрлах Олон улсын хөл бөмбөгийн холбооны хээл хахуулийн хэргийг шалгаж буй АНУ-ын хууль хяналтын байгууллагаас авлигын хэрэгт холбогдуулан буруутгагдаад байгаа 42 хүн, аж ахуйн нэгжийн нэг бол Эскивэл юм. Одоогийн байдлаар уг хэрэгт холбоотойгоор 19 хүн, 2 компани гэм буруутайгаа хүлээн зөвшөөрөөд байна.

Прокуроруудын үзэж байгаагаар олон улсын хэмжээний хөл бөмбөгийн тэмцээн, уралдааныг дамжуулах телевизийн болон бусад эрхийг олгохдоо Олон улсын хөл бөмбөгийн холбооны удирдах албан тушаалтнууд нийтдээ 200 сая гаруй ам долларыг хээл хахуульд авсан хэмээн үзэж буруутгаж байгаа билээ.

Өмнө нь АНУ-ын Хууль зүйн яамнаас мэдэгдэж байснаар 2015 оны 5 дугаар сард Швейцарын нэгэн тансаг зэрэглэлийн зочид буудлаас баривчлагдсан хөл бөмбөгийн 7 албан тушаалтны дунд Эскивэл байсан юм.

Эх сурвалж: http://uk.reuters.com/article/uk-soccer-fifa-court-idUKKBN135221

Авлигын эсрэг зоримог алхам хийж буй Моди Энэтхэгийг гайхшруулж байна

Энэтхэг 2016.11.10 (The Star). Бүртгэгдээгүй хөрөнгөтэй тэмцэх эрс арга хэмжээ авч хэрэгжүүлэх болсноо Мягмар гарагийн шөнө дунд Энэтхэгийн Ерөнхий сайд зарлав. Ерөнхий сайдын дээрх алхам Энэтхэгчүүдэд урьдчилан бэлтгэх хугацаа өгөөгүй байна. Өөрөөр хэлбэл, өндөр үнэ бүхий мөнгөн тэмдэгтийг гүйлгээнээс хасах замаар бүртгэгдээгүй хөрөнгөтэй тэмцэх арга хэмжээ авч байгаагаа Моди Зарласан юм.

Бэлэн мөнгөөр ихээхэн хэмжээний гүйлгээ хийгддэг Энэтхэг улсын хувьд Мягмар гарагийн шөнө дундаас эхлэн 500 болон 1000 руппигийн мөнгөн тэмдэгтүүдийг гүйлгээнээс хасаад байна. Улмаар тус улсын засгийн газар шинээр 2000 руппигийн мөнгөн тэмдэгтийг гаргаж эхэлсэн байна.

Өнөөг хүртэл, Ерөнхий сайдын хамгийн том амжилт бол борлуулалтын татварыг нэвтрүүлсэн явдал юм. Энэ татварыг нэвтрүүлснээр Энэтхэг улсад бизнес хийхэд илүү хялбар болж, зарим татварыг цөөрүүлсэн хэмээн олон нийт ихээхэн дэмжиж хүлээн авсан юм. Гэвч газар болон хөдөлмөрийн хууль, тогтоомжид шинэчлэл хийх Модигийн төлөвлөгөө амжилтгүй болж байсан бөгөөд зах зээл дэх “хар мөнгө”-тэй тэмцэх түүний энэ төлөвлөгөө мөн амжилтгүй болох магадлалтай юм.

“Энэтхэгийн бэлэн мөнгөний эргэлтийг авч үзвэл ихэнх Энэтхэгчүүд банкинд данс нээгээгүй байгаа. Жижиг бизнес эрхлэгчид, худалдаачид, гэрийн эзэгтэй нар л бэлэн мөнгө ашиглаж байгаа. Харин жинхэнэ буруутнууд мөнгөө хилийн чанадад алт, үл хөдлөх хөрөнгө зэргээр, эсхүл гадаадын татварын таатай бүсүүдэд хадгалж байгаа” хэмээн нэгэн намын хэвлэлийн төлөөлөгч Санжая Жха хэлсэн юм.

Тус улсын Сангийн сайд Ариу Жайтлэ “Doordarshan News” телевизэд ярилцлага өгөх үедээ Энэтхэг улсыг цаашид бэлэн мөнгө хэрэглэдэггүй улс болгохыг хүсч байгаа хэмээн хэлсэн байна.

Эх сурвалж: https://www.thestar.com/news/world/2016/11/10/modi-surprises-india-with-bold-anti-corruption-move.html

Авлигатай тэмцэх зорилгоор мөнгөн тэмдэгтийг хянах алхам хийж буй Энэтхэгийг ОУВС дэмжиж байна

ОУВС 2016.11.11 (Financial Express). Мөнгөн тэмдэгтэд хяналт тавих замаар авлигатай тэмцэх оролдлого хийж буй Энэтхэгийн алхмыг Олон Улсын Валютын сан (ОУВС) дэмжиж байгаагаа илэрхийлээд байна. Мөн ОУВС-аас онцолсноор Энэтхэгийн эдийн засагт бэлэн мөнгөний хомстол үүсгэхгүй байх тал дээр анхаарлаа хандуулахыг онцолсон байна.

Энэтхэг дэх татвараас зайлсхийх, өргөн тархсан авлигыг устгах зорилгоор гүйлгээнээс хамгийн том хоёр мөнгөн тэмдэгтээ хасах шийдвэрийг тус улсын Ерөнхий сайд Нарэндра Модигийн Засгийн газар гаргаснаас хойш тус улсын банкууд өчигдрөөс үйл ажиллагаагаа хэвийн явуулж эхлээд байгаа юм.

“Бид Энэтхэг дэх хууль бус санхүүгийн урсгал, авлигатай тэмцэх зорилгоор хэрэгжүүлж буй алхмыг дэмжиж байна. Мэдээж хэрэг Энэтхэгийн эдийн засгийн өдөр тутмын гүйлгээнд бэлэн мөнгөний оролцоо их байхад мөнгөн тэмдэгтийн шилжилт хийх энэ алхмыг мөнгөн тэмдэгтийн хомстол үүсэхгүй байхаар гүйцэтгэх ёстой” хэмээн ОУВС-ийн хэвлэлийн төлөөлөгч Гэрри Райс сэтгүүлчдэд мэдэгдсэн байна.

Энэтхэгийн хамгийн том мөнгөн тэмдэгт болох 1000, 500 руппигийн мөнгөн тэмдэгтийг гүйлгээнээс хассан шийдвэрийг Нарэндра Моди гаргаснаас 2 өдрийн дараа буюу Баасан гарагаас тодорхой тооны ATM-үүд ажиллаж эхэлсэн бол нийслэл Шинэ Дэли хот дахь зарим банкууд шинэ 2000 руппи (30 ам. доллар)-гийн мөнгөн тэмдэгтийг хүлээн авч эхлээд байна.

Эх сурвалж: http://www.financialexpress.com/economy/imf-supports-india-currency-steps-to-fight-corruption/443359/

СУДАЛГАА ШИНЖИЛГЭЭНИЙ АЛБА