ГАДААДЫН ХЭВЛЭЛ, МЭДЭЭЛЛИЙН ХЭРЭГСЭЛ, ВЕБ САЙТАД НИЙТЛЭГДСЭН МЭДЭЭ, НИЙТЛЭЛ, ҮЙЛ ЯВДЛЫН ТОЙМ /2016.11.12-14/

A- A A+
ГАДААДЫН ХЭВЛЭЛ, МЭДЭЭЛЛИЙН ХЭРЭГСЭЛ, ВЕБ САЙТАД НИЙТЛЭГДСЭН МЭДЭЭ, НИЙТЛЭЛ, ҮЙЛ ЯВДЛЫН ТОЙМ /2016.11.12-14/

Авлигын хэрэгт холбоотойгоор Ерөнхийлөгч Пакаас Өмнөд Солонгосын прокурорууд тайлбар авна

БНСУ 2016.11.13 (VOA news). Олон нийтийн зүгээс Ерөнхийлөгч Пак Гын Хэ-г албан тушаалаа өгөхийг шаардахад хүргэсэн, Ерөнхийлөгчийн үйл ажиллагаанд саад учруулсан авлигын хэрэгт холбоотойгоор Өмнөд Солонгосын прокурорууд Ерөнхийлөгчөөсөө тайлбар авч магадгүй болоод байна.

“Бид Ерөнхийлөгчөөс мягмар гарагт, эсхүл лхагва гарагт тайлбар авна” хэмээн Сөүлийн прокурорын нэгэн ажилтан “Ёнхап” мэдээний агентлагт мэдэгдсэн байна.

Ард иргэдийнхээ дунд Ерөнхийлөгчөөр хүлээн зөвшөөрөгдөх түвшин нь 5 хувь болж буураад байгаа Пак нь гэмт хэрэгт холбоотойгоор прокуроруудын асуултад тайлбар өгөх анхны Ерөнхийлөгч болж магадгүй байна.

Ерөнхийлөгчийн олон жил нөхөрлөсөн Чой Сун-шилийн удирдаж байсан хууль бус нөлөөллийн олон сая долларын схем нь Пакын улс төрийн нэр хүндийг унгаад байгаа юм. Өөрөөр хэлбэл, өөрийн найз Чойгийн удирдаж буй сангуудад Өмнөд Солонгосын том группүүдээс олон сая доллар өгөх хууль бус шаардлага тавьж байсан хэмээн Пакыг олон нийт буруутгаж байгаа юм.

Төрийн ямар нэгэн албан тушаал эрхэлдэггүй байж “тахин-шүтүүлэх” байдлаар Пакад нөлөөлсөн, төрийн үйл хэрэгт хошуу дүрсэн хэмээн Чойг буруутган шалгаж байгаа юм.

Ерөнхийлөгч Пакыг албан тушаалаа өгөхийг шаардан өнгөрөгч Бямба гарагт Сөүл хотноо олон зуун мянган иргэд жагсаал зохион байгуулсан юм.

Эх сурвалж: http://www.voanews.com/a/south-korean-prosecutors-to-question-president-park-about-corruption-scandal/3593997.html

Хөл бөмбөгийн авлигыг цагдаа нар шалгаж эхэллээ

Их Британи 2016.11.12 (Antigua-observer). Их Британийн хөл бөмбөгийн авлигатай холбоотой материалыг “Daily Telegraph” сонины сэтгүүлчдийн ил болгосон билээ. Уг материалыг цагдаа нар нягталж үзсэний дараагаар гэмт хэргийн мөрдөн шалгах ажиллагаа эхлүүлээд байна.

“Daily Telegraph” сониноос ил болгосон материал дунд Английн хөл бөмбөгийн багийн Ерөнхий дасгалжуулагч Сэм Эллардайсын нэр байсан бөгөөд мэдээлэл олон нийтэд ил тод болсны дараагаар тэрээр албан тушаалаа өгч байсан юм. Хэдий тийм ч, “энэ мөрдөн шалгах ажиллагаанд” Эллардайс багтаагүй хэмээн цагдаагаас мэдэгдээд байгаа юм.

Харин Ерөнхий дасгалжуулагч асан, 62 настай Эллардайсын мэдэгдэлд: “Намайг буруутгах ямар ч нотолгоо байхгүй гэдэгт би цаг ямагт итгэлтэй байсан. Английн хөл бөмбөгийн холбоог энэ асуудлыг аль болох хурдан шийдвэрлүүлэхийг шаардаж байна” гэжээ.

Одоогоор “Daily Telegraph” сонины мэдээлэлд үндэслэн шалгалт хийж буй Лондон хотын Цагдаагийн газрын эцсийн шийдвэрийг Английн хөл бөмбөгийн холбоо болон хөл бөмбөгийн дээд лиг (Премьер лиг) хүлээх л үлдэж байна.

Эх сурвалж: http://antiguaobserver.com/police-begin-football-corruption-investigation/

Хятад: Мөнгөн тэмдэгтийг гүйлгээнээс хасах нь дангаараа авлигыг зогсоох боломжгүй

Энэтхэг 2016.11.14 (India Today). Хятадын авлигын эсрэг кампанит ажиллагаанаас харахад хууль бусаар хил давуулсан хөрөнгийг буцаан авах ажил явагдаж байна. Харин Энэтхэг Улсын хувьд мөнгөн тэмдэгтийг гүйлгээнээс хасах шийдвэр гаргасан нь дангаараа авлигыг зогсоох боломжгүй юм хэмжээн Хятадын төрийн мэдээллийн сонинд онцлоод байна.

Илүү цаг хугацаа хэрэгтэй: Модигийн Засгийн газар авлигын эсрэг тэмцэл хийхийн тулд “илүү цаг хугацаа хэрэгтэй” хэмээн Хятадын Коммунист намын “Global Times” сонинд онцлон тэмдэглэсэн байна. Тухайлбал “авлигын бодит үнэн бол гэрээ хэлцэл зөвхөн бэлэн мөнгөөр хийгддэггүй, алт, үл хөдлөх хөрөнгө, хилийн чанад дахь хөрөнгөөр хийгддэгт л оршиж байгаа юм. Авлигын эсрэг олон төрлийн арга хэмжээг авч хэрэгжүүлж болно. Томоохон мөнгөн тэмдэгтийг гүйлгээнээс хасах нь хангалттай алхам биш” хэмээн уг сонинд нийтэлжээ.

Уг сонины тоймч Ай Жуны тодорхойлж байгаагаар “далд эдийн засаг дахь ихэнх бизнесүүд зөвхөн бэлэн мөнгөнд тулгуурлаж байгаа нөхцөл байдалд л Моди анхаарал хандуулсан байна” гэжээ.

Системийн шинэчлэл: “Авлигагүй Улсыг бий болгохын тулд мөнгөн тэмдэгтийг хасахаас ч илүү ихийг хийх ёстой. Хамгийн чухал хүчин зүйл бол системийн шинэчлэл хийх юм. Тиймээс, Шинэ Дэли Бээжингийн туршлагаас суралцах хэрэгтэй” хэмээн мөн нийтлэлд дурджээ.

Тоймчийн бичсэнээр Хятад Улс дахь авлигатай тэмцэх кампанит ажиллагаа нь “авлигын эсрэг эрх зүйн тогтолцоог бий болгоход” чиглэгдэж байгаа аж. Мөн “Энэтхэг Улстай харьцуулахад Бээжингийн арга аль хэдийн үр дүнгээ өгч эхэлсэн” хэмээн Ай Жун нийтлэлдээ дүгнэсэн байна.

Эх сурвалж: http://indiatoday.intoday.in/story/chinese-state-media-black-money-rot-modi-not-enough/1/810075.html

10 сая малайзын ринггитийн хээл хахуулийн хэрэгт 13 хүний гэрчээр татав

Малайз 2016.11.12 (PETALING JAYA). Төрийн өмчийн оролцоотой компанийн Ерөнхий менежерийн оролцсон 10 сая малайзын ринггитийн дүн бүхий хээл хахуулийн хэргийн мөрдөн шалгах ажиллагааны хүрээнд 13 хүнийг гэрчээр татаад байна.

“Энэ хэргийн мөрдөн шалгах ажиллагааны хүрээнд Малайзын Авлигатай тэмцэх хороо 13 хүнийг гэрчээр татсан. Энэ хэрэг шийдвэрлэгдэх хүртэл Малайзын Авлигатай тэмцэх хорооноос нэмэлтээр гэрч татах боломжтой” хэмээн нэрээ нууцлахыг хүссэн эх сурвалж “Bernama” агентлагт мэдэгдсэн байна.

Эх сурвалжийн мэдэгдэж байгаагаар Малайзын Авлигатай тэмцэх хороо уг хэрэгт холбогдуулан баривчлах ажиллагаа ч явуулах магадлал өндөр байгаа аж.

Төслийг хүлээлгэн өгөх хугацаандаа амжаагүй байсан ч үргэлжлүүлэн гэрээ байгуулах зөвшөөр өгч хээл хахууль асан хэрэгт сэжиглэгдэж буй 56 настай этгээдийг Малайзын Авлигатай тэмцэх хорооноос өчигдөр баривчилсан байна.

Ойрын эх сурвалжийн мэдээлж байгаагаар дээрх сэжигтэн нь малайзын нутагт нийтдээ 8 сая малайз ринггитээр үнэлэгдэх 9 тансаг зэрэглэлийн орон сууц эзэмшдэг аж.

Мөн Малайзын Авлигатай тэмцэх хорооноос мэдэгдэж байгаагаар тус хороо уг хэрэгт холбогдуулан 30,000 малайз ринггитийг бэлэн мөнгө хэлбэрээр, 2 ширхэг тансаг зэрэглэлийн суудлын авто машин, хүчин чадал бүхий 1 мотоцикл болон 2.5 сая малайз ренггитийг хадгалж буй хэд хэдэн дансыг царцаагаад байгаа юм.

Сүүлийн 6 жилийн хугацаанд, дээрх хэрэгт сэжиглэгдэж буй Ерөнхий менежерт дэмжлэг үзүүлэхээс татгалзан албан тушаалаа өгсөн дунд түвшний 20 дарга байгаа хэмээн “NST Online” цахим хуудсанд мөн мэдээлсэн байна.

Эх сурвалж: http://www.freemalaysiatoday.com/category/nation/2016/11/12/13-witnesses-called-up-in-rm10m-bribery-case/

СУДАЛГАА ШИНЖИЛГЭЭНИЙ АЛБА