ГАДААДЫН ХЭВЛЭЛ, МЭДЭЭЛЛИЙН ХЭРЭГСЭЛ, ВЕБ САЙТАД НИЙТЛЭГДСЭН МЭДЭЭ, НИЙТЛЭЛ, ҮЙЛ ЯВДЛЫН ТОЙМ /2016.11.14-15/

A- A A+
ГАДААДЫН ХЭВЛЭЛ, МЭДЭЭЛЛИЙН ХЭРЭГСЭЛ, ВЕБ САЙТАД НИЙТЛЭГДСЭН МЭДЭЭ, НИЙТЛЭЛ, ҮЙЛ ЯВДЛЫН ТОЙМ /2016.11.14-15/

Авлигын хэргээр 2014 оноос хойш 1000 гаруй төрийн албан хаагчийг баривчилсан

Малайз 2016.11.07 (The Malay Mail Online). Малайзын Авлигатай тэмцэх хороо 2014 оноос энэ оны 9 сар хүртэлх хугацаанд авлигын хэрэгт холбогдуулан Засгийн газрын яам, агентлагуудаас нийтдээ 1037 хүнийг баривчилсан байна.

2014 оноос одоо хүртэл авлигын хэргээр төрийн хэдэн албан хаагч баривчлагдсан болохыг Парламентын гишүүн Тан Кок Вай тодруулах хүсэлт тавьсны дагуу тус улсын Ерөнхий сайдын яам (ЗГХЭГ)-ын сайд Датук Паул Лов бичгээр хариу өгөхдөө дээрх дүнг ил болгосон байна.

Мөн дээрх хугацаанд 150 сая гаруй малайзын ринггиттэй тэнцэх хөрөнгийг хураасан, битүүмжилсэн байна.

Эх сурвалж: http://www.themalaymailonline.com/malaysia/article/more-than-1000-civil-servants-nabbed-for-graft-since-2014

Хээл хахуулийн хэргээр Оросын Эдийн засгийн хөгжлийн сайд баривчлагдлаа

ОХУ 2016.11.15 (New York Times). Газрын тосны томоохон гэрээтэй холбоотойгоор 2 сая ам. долларын хээл хахууль авсан хэрэгт Оросын эдийн засгийн хөгжлийн сайдыг буруутган баривчиллаа хэмээн тус улсын Мөрдөн байцаах хорооноос өнөөдөр мэдээллээ.

Баривчлагдаад байгаа 60 настай сайд Алексей Улюкаев нь 1991 оноос хойш Оросын түүхэнд баривчлагдаж буй хамгийн өндөр албан тушаалтан болж байна. Улюкаевыг өнгөрөгч шөнө дунд баривчилсан нь сүүлийн жилүүдэд харагдаагүй, Зөвлөлтийн үеийн тактикийг санагдуулам үйл явдал боллоо.

Ноён Улюкаев нь төрийн өмчит газрын тосны компанийн тодорхой хувийг төрийн өмчит газрын тосны өөр нэг компани болох Роснефтьэд худалдах зөвшөөрөл өгснийхөө хариуд 2 сая ам. доллар авсан хэмээн Мөрдөн байцаах хорооны хэвлэлийн төлөөлөгч Светлана Петренко мэдэгдээд байна.

Тус улсад 2014 оноос хойш үргэлжилж буй эдийн засгийн уналтын үед төрийн томоохон өмчийг, ялангуяа, түүхий эдийг худалдах үйл ажиллагааг Эдийн засгийн хөгжлийн сайд ноён Улюкаев удирдаж байсан юм.

Олигархаас хураан авсан, төрийн өмчид газрын тосны Башнефти компанийн тал хувийг авахаар Роснефть компани 5 тэрбум гаруй ам. доллар төлж байсан билээ.

Мөрдөн байцаагчид Улюкаевийн утасны яриаг хэдэн сарын турш хянаж байсан хэмээн хууль хяналтын байгууллагын тодорхойгүй эх сурвалжийг иш татан Интерфакс агентлаг мэдээлэв.

ОХУ эдийн засгийн хүндрэлтэй энэ үед хээл хахуулийн хэргээр хамгийн багадаа 3 муж улсын даргыг өмнө нь баривчилж байсан бол энэ удаа Кремлийн түвшний албан тушаалтнаас анхных болж байна.

Эх сурвалж: http://www.nytimes.com/2016/11/16/world/europe/russia-alexei-ulyukayev-detained.html?_r=0

Мексикийн 5 муж улсын захирагч асан 2016 онд авлигын хэрэгт буруутгагдав

Мексик 2016.11.14 (Insightcrime). Мексикийн 5 муж улсын захирагч асан нар 2016 онд авлигын хэрэгт буруутгагдсан нь тус улс дахь муж улсуудын түвшинд авлига хэр тархсан байгааг илэрхийлж байна.

Энэ оны хувьд Сонора, Чихуахуа, Кинтана-Роо, Веракрус хамгийн сүүлд Дуранго[4] муж улсын тэргүүн асан нар авлигын хэрэгт буруутгагдсан байна. Гэвч одоогийн байдлаар зөвхөн Сонора мужийн захирагч асан Гильермо Падрес Элиасыг баривчилсан байна.

Улсын прокурорын газраас энэ оны 11 дүгээр сарын 10-нд Элиасыг татвараас зайлсхийсэн зэрэг хэргүүдэд буруутган баривчлаад байгаа юм. Элиасыг өөрийн Сонора мужийн төсвөөс 8.8 сая ам. долларыг завшсан хэмээн буруутган баривчилсан хэмээн Улсын прокурорын газраас зохион байгуулсан хэвлэлийн бага хурлын үеэр мэдэгдсэн талаар “Sinembargo” агентлагаас мэдээлээд байна.

Мексик Улс нь өөрийн авлигач соёлыг устгаагүй гэдэг нь ойлгомж бөгөөд тус улсын “Partido Revolucionario Institucional” намын 20 дугаар зууны улс төрч Карлос Хэнк Гонсалес нэгэн удаа “улс төрч ядуу байна гэдэг нь муу улс төрчийн шинж” хэмээн тодорхойлж байсан билээ.

Эх сурвалж: http://www.insightcrime.org/news-briefs/five-former-mexico-governors-accused-of-corruption-in-2016

Олон улсын авлигын эсрэг бага хурал 12 сард болно

IACC 2016.11.15. Олон улсын авлигын эсрэг бага хурал бол төр засгийн тэргүүн, иргэний нийгэм, хувийн хэвшлийн төлөөлөл нэгэн дээвэр доор цугларч дэлхий дахины авлигын сорилт бэрхшээлийг хэрхэн даван туулах талаар хэлэлцдэг тэргүүлэгч хурлын нэг билээ. Уг бага хурлыг 1983 оноос хойш хоёр жил тутамд дэлхийн өөр өөр бүс нутагт зохион байгуулж байна. Бага хуралд дунджаар 135 улс орноос 800-2000 төлөөлөл оролцдог юм.

Панам хотноо 2016 оны 12 дугаар сарын 1-4-ний хооронд 17 дахь Олон улсын авлгын эсрэг бага хурал зохион байгуулагдахаар болоод байна. Уг бага хурлыг Панамын Засгийн газар, Олон улсын авлигын эсрэг бага хурлын Зөвлөл, Транспэрэнси интернэшнл байгууллага хамтран зохион байгуулах аж.

Сүүлийн гурван удаагийн хурал Тайланд, Бразил, Малайзд зохион байгуулагдаж байсан юм.

Эх сурвалж: http://iaccseries.org/about/previous-iaccs/

СУДАЛГАА ШИНЖИЛГЭЭНИЙ АЛБА