ГАДААДЫН ХЭВЛЭЛ, МЭДЭЭЛЛИЙН ХЭРЭГСЭЛ, ВЕБ САЙТАД НИЙТЛЭГДСЭН МЭДЭЭ, НИЙТЛЭЛ, ҮЙЛ ЯВДЛЫН ТОЙМ /2016.10.15-16/

A- A A+
ГАДААДЫН ХЭВЛЭЛ, МЭДЭЭЛЛИЙН ХЭРЭГСЭЛ, ВЕБ САЙТАД НИЙТЛЭГДСЭН МЭДЭЭ, НИЙТЛЭЛ, ҮЙЛ ЯВДЛЫН ТОЙМ /2016.10.15-16/

Европ, төв Азид авлигатай тэмцэх чиглэлээр Засгийн газрууд хангалттай ажиллахгүй байна

Транспэрэнси интернэшнл 2016.11.16 (ТИ). Европ, төв Азийн 42 улсын 60,000 орчим иргэдээс тэдний өдөр тутмын амьдрал дахь авлигын талаар судалсан “Хүмүүс ба Авлига: Европ, төв Ази” гэсэн гарчиг бүхий шинэ судалгааны тайланг Транспэрэнси интернэшнл байгууллагаас гаргаад байна.

Тус байгууллагын энэ удаагийн судалгаагаар дээрх бүс нутгийн 3 иргэн тутмын 1 нь өөрийн улсад тулгарч буй хамгийн том асуудлын нэгээр авлигыг тодорхойлсон байна. Улмаар Молдав, Испани, Косово улсад 3 иргэн тутмын 2 нь авлигыг хамгийн том асуудлын нэг хэмээн тодорхойлсон байгаа нь авлигатай тэмцэх чиглэлээр дорвитой үйл ажиллагаа явуулж эхлэх шаардлагатай байгааг харуулж байна.

Мөн судалгааны тайлангаас харахад Европ, төв Азийн бүс нутаг дахь авлигын эрсдлийг бууруулах чиглэлээр Засгийн газруудаас авч хэрэгжүүлж буй үйл ажиллагаанд иргэд сэтгэл хангалуун биш байна. Тухайлбал, судалгаанд оролцогчдын талаас илүү буюу 53 хувь нь авлигатай тэмцэх чиглэлээр өөрийн улсын Засгийн газар хангалттай ажиллахгүй байна гэж үзсэн байна.

Энэ бүс нутгийн өрхүүдэд авлига түгээмэл үзэгдлийн нэг болсон байна. Өөрөөр хэлбэл, 6 өрх тутмын 1 нь хээл хахууль өгсөн гэж хариулсан байна.

“Эрх баригчид ашиг хүртэж байгаа болохоор авлигыг устгах чиглэлээр Засгийн газрууд хангалттай түвшинд ажиллахгүй байна. Баялаг, эрх мэдэл, авлигын энэхүү төвөгтэй харилцааг эцэс болгохын тулд Засгийн газрууд ил тод байдлыг өндөр түвшинд хүргэх, ялангуяа, компаниудын жинхэнэ ашиг хүртэгч эздийг олон нийтэд ил болгох шаардлагатай байна” хэмээн тус байгууллагын дарга Хосе Угас мэдэгдэв.

Улс төрийн авлигыг бууруулах, ямар нэгэн айдасгүйгээр хүмүүс үгээ хэлэх боломжийг бий болгох зорилгоор Транспэрэнси интернэшнл байгууллагаас 4 үндсэн зөвлөмжийг уг тайланд тусгасан байна. Үүнд:

Европ, төв Азийн Засгийн газруудад лобби бүлэг болон лоббигийн бүртгэлийн талаарх дүрэм журмын ил тод байдлыг хангах, ингэснээр бодлогын шийдвэр гаргах үйл явцад хяналт тавих боломжийг бий болгоно.

Шүүгч, прокуроруудыг томилох, шилжүүлэх, албан тушаалаас халах системд ил тод байдлыг нэмэгдүүлэх, шүүх, прокурорын үйл ажиллагаанд өндөр албан тушаалтнуудын нөлөөг бууруулах замаар энэ системийн хараат бус байдлыг хангах.

Мэдээлэгчийг хамгаалах цогц хуулийг баталж, мөрдүүлэх.

Авлигын сурвалжлагч, мэдээлэгчийг дэмжих, урамшуулах, мэдээлэгч болсны дараахь эрхийг нь хамгаалах тогтолцоог бий болгох шаардлагатай гэжээ.

Прокуроруудын асуултад бэлтгэх хугацаа өгөхийг Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч хүсчээ

БНСУ 2016.11.15 (UPI). Авлигын хэрэгтэй холбоотой мөрдөн шалгах ажиллагааны хүрээнд прокуроруудын асуултад бэлтгэх хугацаа өгөхийг Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Пак Гын Хэ-гийн өмгөөлөгч хүссэн байна. Өөрөөр хэлбэл, тус улсын прокурорууд Ерөнхийлөгч Пакаас биечлэн асуулт асуух үйл ажиллагааг энэ лхагва гарагт зохион байгуулахаар төлөвлөөд байсан юм. Харин энэ Даваа гарагт Пакын албан ёсны өмгөөлөгчөөр томилогдоод байгаа Ёо Йонг-ха прокуроруудаас дээрх хугацааг хойшлуулах хүсэлт гаргасан аж.

Ерөнхийлөгчийн албан тушаалаа урвуулан ашигласан буюу өөрийн найзын удирдаж байсан ашгийн бус хоёр санд хандив өгөхийг Самсунг болон Солонгосын томоохон корпарацуудаас шаардсан хэрэгт Пакыг буруутгаж байгаа юм. Мөн Ерөнхийлөгчийн хэлэх үг (эдгээрийн зарим нь төрийн нууцтай холбоотой)-ийн төслийг найз Чой Сун-шилд өгөх зөвшөөрөл олгосон хэмээн түүнийг сэжиглэж байгаа юм.

Дээрх үйл явдалтай холбоотойгоор Пак нь 11 дүгээр сарын 3-ны өдөр ард түмнээсээ уучлалт гуйсан билээ.

Мөн Ерөнхийлөгч албан тушаалаасаа огцрох ямар ч төлөвлөгөөгүй байгаа талаар Пакын хэвлэлийн төлөөлөгч мэдэгдсэн нь тус улсад эсэргүүцлийн жагсаал гарахад хүргэсэн нэг алхам болсон юм.

Эх сурвалж: http://www.upi.com/Top_News/World-News/2016/11/15/South-Koreas-president-asks-for-more-time-to-prepare-for-questioning-by-prosecutors/5011479220515/

Нигерийн өөр нэг шүүгч авлигын хэрэгт буруутгагдлаа

Нигер 2016.11.15 (Anadolu Agency). Холбооны дээд шүүхийн шүүгч Аден Адемола[3] нь 7 хоногийн дотор албан ёсоор буруутгагдаж буй 2 дахь шүүгч болоод байна. Өөрөөр хэлбэл, мөнгө угаасан, насаа худал мэдүүлсэн, хахууль авсан хэрэгт 11 дүгээр сарын 8-нд Дээд шүүхийн шүүгч Сильвестр Нвутаг прокурорууд буруутгасан бол 7 хоногийн дараа буюу энэ 7 хоногийн эхээр хоёр дахь шүүгч Адемолаг мөн ижил төстэй гэмт хэрэгт буруутгаад байна.

Шүүгч Адемолаг Лагос мужид төрийн алба хашдаг эхнэр Олабовал Адемолагийн хамт 2013-2016 оны хооронд нэхэмжлэгч тал болон өмгөөлөгчдөөс 1,227,000 ам. доллар авсан хэмээн буруутгасан байна. Мөн түүний эхнэрийг нөхрийнхөө өмнөөс удаа дараа хээл хахууль авсан хэрэгт буруутгасан байна.

Дээрх хоёр шүүгч бол авлигын хэрэгт сэжиглэн 10 дугаар сарын эхээр баривчлагдсан 7 шүүгчийн хоёр нь юм. Эдгээр шүүгчдийн гэрт нэгжлэг хийх үеэр дотоод, гадаадын мөнгөн тэмдэгт нийлсэн 800,000 гаруй ам.доллартой тэнцэх хэмжээний мөнгийг гэрээс нь хураан авсан гэдгээ цагдаа нар мэдэгдээд байгаа билээ.

Эх сурвалж: http://aa.com.tr/en/africa/another-nigerian-judge-charged-for-corruption/685787

СУДАЛГАА ШИНЖИЛГЭЭНИЙ АЛБА