ГАДААДЫН ХЭВЛЭЛ, МЭДЭЭЛЛИЙН ХЭРЭГСЭЛ, ВЕБ САЙТАД НИЙТЛЭГДСЭН МЭДЭЭ, НИЙТЛЭЛ, ҮЙЛ ЯВДЛЫН ТОЙМ /2016.11.16-17/

A- A A+
ГАДААДЫН ХЭВЛЭЛ, МЭДЭЭЛЛИЙН ХЭРЭГСЭЛ, ВЕБ САЙТАД НИЙТЛЭГДСЭН МЭДЭЭ, НИЙТЛЭЛ, ҮЙЛ ЯВДЛЫН ТОЙМ /2016.11.16-17/

Эрэн сурвалжлагдаж байсан этгээдийг 13 жилийн дараа нутагт нь авчрав

БНХАУ 2016.11.16 (Reuters). Хятад Улсаас авлигын хэрэгт сэжиглэн хамгийн ихээр эрэн сурвалжилж байсан этгээдээ АНУ-аас эх оронд нь энэ Лхагва гарагт буцаан авчраад байна. Энэхүү ажиллагаа нь оргодол албан тушаалтнуудыг хилийн чанадаас авчрах оролдлого хийж буй Хятадын Коммунист намын томоохон ялалт болоод байна.

Зүүн Хятадын Жэжян мужийн Вэньжоу хотын барилгын товчооны дэд дарга асан Хатагтай Ян Шюзуг хилийн чанад нуугдан 13 жилийг өнгөрөөсний дараа Хятадын хууль хяналтын байгууллагууд буцаан авчраад байна хэмээн тус улсын Коммунист намын Сахилгын хяналтын төв хорооны цахим хуудсанд мэдэгджээ.

Өнгөрөгч оны 4 дүгээр сард Хятад Улс авлигын хэрэгт хамгийн ихээр сэжиглэгдэж буй 100 хүний нэрсийг гарган Интерполын “улаан булан”-д байршуулсан юм. Уг жагсаалтад байгаа хүмүүсийн ихэнх нь АНУ, Канад, Австралид амьдарч байсан билээ.

Ян нь дээрх жагсаалтын нэгдүгээрт эрэмбэлэгдэж байсан бөгөөд одоогийн байдлаар Хятадад авчраад байгаа 37 дахь оргодол болж байна хэмээн Сахилгын хяналтын төв хорооноос мэдэгдсэн байна.

Янгийн ах Ян Жинжунг мөн авлигын хэрэгт сэжиглэн эрэн сурвалжилж байсан бөгөөд 2015 оны 9 дүгээр сард Хятадад буцаан авчирсан нь АНУ-аас сэжигтнийг буцаан авсан Бээжингийн хамгийн эхний хүн байсан билээ.

Янг буцаан авчирсан нь Хятад-АНУ-ын авлигатай тэмцэх хамтын ажиллагааны чухал үр дүн байсан гэдгийг Хятадын Гадаад яамны хэвлэлийн төлөөлөгч Гэн Шуан энэ үеэр онцолсон байна.

Янг гэмт хэрэгт холбоотой байж болзошгүй гэж хууль хяналтын байгууллагаас үзэн мөрдөн шалгаж эхлэх үед буюу 2003 оны 4 сард тэрээр Хятадаас гарсан байдаг. Улмаар Хатагтай Ян Франц, Нидерланд дараа нь АНУ-аас улс төрийн орогнол хүсээд байсан юм.

Хатагтай Ян “орогнол хүссэн өргөдөлөөс татгалзах санаачилга гарган, бууж өгч, Хятадад буцан ирэх шийдвэр гаргасан” хэмээн Сахилгын хяналтын төв хорооноос мөн мэдэгдсэн юм.

Хятадын төрийн телевизүүдээр Янг “American Airlines” компанийн онгоцноос бууж, хоёр цагдаагийн хамт хилийн хяналтыг нэвтэрч байгааг дамжуулсан юм. Үүнээс гадна авлигын хэрэгт сэжиглэгдэж буй бусад этгээдүүдийг бууж өгөхийг ятган “Бид бол бүгд Хятадууд, бидний эх орон бол Хятад. Буцаад ирцгээ” хэмээн Янгийн хэлснийг телевизүүд дамжуулсан байна.

Хятадын дарга Си Зиньпиний авлигатай тэмцэх үйл ажиллагааны хүрээнд тус улс хилийн чанадад хөрөнгөө авч гарсан авлигач албан тушаалтнууд, бизнес эрхлэгчдийг эх оронд нь эгүүлэн авчрах “Үнэгний ав” ажиллагааг хэрэгжүүлж байгаа юм.

Вэньжоу хотын барилгын товчооны дэд даргын албан тушаалыг хашиж байхдаа 39 сая ам. долларыг завшсан хэрэгт буруутгагдаж буй Ян өнгөрөгч онд Ройтерс агентлагт ярилцлага өгөхдөө өөрийгөө гэм буруугүй гэдгээ мэдэгдэж, дээрх жагсаалтыг гэмт хэрэгтний нэрсийн жагсаалтаас илүүтэйгээр одоогийн эрх баригчдын өрсөлдөгчиддөө зориулсан улс төрийн үйл ажиллагаа хэмээн мэдэгдэж байсан юм.

Эх сурвалж: http://www.reuters.com/article/us-china-corruption-usa-idUSKBN13B0UX

Хөл бөмбөгийн дэлхийн аваргын тэмцээнтэй холбоотойгоор Оросын албан тушаалтан авлигын хэрэгт буруутгагдав

ОХУ 2016.11.16 (Washington times). Хөл бөмбөгийн 2018 оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгуулагдах цэнгэлдэх хүрээлэнгийн барилгын үйл ажиллагаатай холбоотойгоор Санкт-Петербург хотын дарга асан Марат Оганесяныг авлигын хэрэгт буруутган Оросын мөрдөн байцаагчид шалгаж байна.

Санкт-Петербург хотын дэд даргын албан тушаалыг 2013-2015 оны хооронд хашиж байсан Марат Оганесяныг 69,000 хүний суудал бүхий “Zenit Arena” хэмээх шинэ цэнгэлдэх хүрээлэнд нэгэн гэрээнээс 50 сая рубль завшсан хэрэгт сэжиглэн саатуулсан хэмээн тус улсын Мөрдөн байцаах хорооноос энэ Лхагва гарагт мэдэгдээд байна.

Мөн тус хотын одоогийн дарга Игорь Альбин өөрийн “Twitter” хуудсандаа “цэнгэлдэх хүрээлэнгийн нийт хохирол…700 сая рублийг давсан” хэмээн мэдэгдсэн юм.

Санкт-Петербург хотын уг цэнгэлдэх хүрээлэнг барих ажил бараг 10 жил үргэлжилж байгаа бөгөөд 2018 оны дэлхийн аваргын хагас шигшээ тэмцээнийг зохион байгуулахаар төлөвлөж байгаа юм. Одоогийн байдлаар “Zenit Arena” цэнгэлдэх хүрээлэнгийн зардал 1 тэрбум ам. долларыг даваад байгаа бөгөөд түүхэн дэх хөл бөмбөгийн хамгийн үнэтэй цэнгэлдэх хүрээлэнгийн нэг болоод байна.

“Zenit Arena” цэнгэлдэх хүрээлэнг энэ 12 дугаар сард ашиглалтад оруулах ёстой гэж Олон улсын хөл бөмбөгийн холбооноос үзэж байгаа юм. Учир нь уг цэнгэлдэх хүрээлэнд дараа жилийн “Confederations Cup” тэмцээнийг зохион байгуулахаар мөн төлөвлөөд байгаа юм.

Уг цэнгэлдэх хүрээлэнтэй холбоотой авлигын асуудлаас гадна зөвхөн сүүлийн 12 сарын хугацаанд цэнгэлдэх хүрээлэнгийн барилгад ажиллаж байсан 3 ажилчин нас бараад байгаа билээ.

Эх сурвалж: http://www.washingtontimes.com/news/2016/nov/16/st-petersburgs-ex-deputy-governor-faces-corruption/

Авлигатай тэмцэх байгууллагын даргыг чиглэж байсан Израилийн иргэнд ял оногдуулав

Румын 2016.11.16 (Times of Israel). Хувийн тагнуулын фирм “Black Cube”[4]-ийн израиль ажилтан Румын Улсын авлигатай тэмцэх байгууллагын даргыг дарамтлах, айлган сүрдүүлэх оролдлого хийсэн хэрэгт буруутайн нь тогтоогдож Лхагва гарагт Румын Улсад ял аваад байна.

Румын Улсын Үндэсний авлигатай тэмцэх прокурорын газрын дарга Лаура Ковэсигийн шадар гурван албан тушаалтныг айлган сүрдүүлэх ажиллагаа явуулсан хэрэгт Дэвид Гэкловицзийг буруутай болохыг тогтоож шүүхээс олон нийтийн үйлчилгээнд 80 өдөр ажиллуулах ял, мөн 2 жил 8 сарын хорих ялыг тэнсэх шийдвэрийг тус тус гаргасан байна.

Авлигатай тэмцэх прокурорын газрын дарга Ковэсийг авлигын хэрэгт буруутай болохыг тогтоох нотлох баримт илрүүлэх зорилгоор түүний багийн үйл ажиллагаанд нөлөөлж “дарамталсан”, “олон удаа утас болон э-мэйлээр сүрдүүлсэн” хэмээн прокурорууд түүнийг буруутгаж байсан бөгөөд уг үйлдэлдээ буруутай болохоо Гэкловицз хүлээн зөвшөөрсөн аж.

Мөн энэ удаагийн шүүх хурлаар тагнуулын “Black Cube” фирмийн өөр нэг ажилтан Рон Вэйнэр гэм буруутай болохоо хүлээн зөвшөөрсөн бөгөөд түүнд оногдуулах ялын шийдвэрийг 11 дүгээр сарын 28-нд гаргах юм. Харин “Black Cube”-ийн Израильд байдаг 3 дахь ажилтанг Румыны талаас баривчлагдах субьект болгосон байна.

“Black Cube” гэх энэхүү фирм нь өөрийн цахим хуудсандаа өөрсдийгөө “Израилийн элит тагнуулын нэгжүүдэд ажиллаж байсан туршлагатай хүмүүсийн бүлэг” хэмээн тодорхойлсон байгаа бөгөөд Израилийн Үндэсний тагнуулын агентлаг (Mossad)-ийн дарга асан Мэйр Даганыг тус фирмийн хүндэт ерөнхийлөгч хэмээн тодорхойлсон байна.

Хатагтай Ковэси нь Европын холбоонд 2007 онд нэгдэн орсон Румын Улсын авлигын эсрэг урьд өмнө нь байгаагүй кампанит ажиллагааг удирдан зохион байгуулж байгаа юм. Хэдий тийм ч Румын улсыг системийн авлигатай тэмцэхийг Брюссель шаардсаар байгаа билээ.

Анх 2012 онд Ерөнхий сайд асан Адриан Настасэг авлигын хэрэгт буруутган шоронд хорих ял оногдуулсан нь Европын холбооны хоёр дахь ядуу улс болох Румынд өөрчлөлт хийх хугацаа болсны шинж байсан юм. Улмаар өнгөрсөн сард Румын улсын нэгэн сайдыг авлигын хэргээр шоронд хорьсон бол өөр 8 сайд асан нарыг бусад авлигын хэргүүдэд холбогдуулан шалгаж байгаа юм.

Эх сурвалж: http://www.timesofisrael.com/israeli-convicted-for-targeting-romanias-anti-corruption-chief/

СУДАЛГАА ШИНЖИЛГЭЭНИЙ АЛБА