ГАДААДЫН ХЭВЛЭЛ, МЭДЭЭЛЛИЙН ХЭРЭГСЭЛ, ВЕБ САЙТАД НИЙТЛЭГДСЭН МЭДЭЭ, НИЙТЛЭЛ, ҮЙЛ ЯВДЛЫН ТОЙМ /2016.11.17-18/

A- A A+
ГАДААДЫН ХЭВЛЭЛ, МЭДЭЭЛЛИЙН ХЭРЭГСЭЛ, ВЕБ САЙТАД НИЙТЛЭГДСЭН МЭДЭЭ, НИЙТЛЭЛ, ҮЙЛ ЯВДЛЫН ТОЙМ /2016.11.17-18/

Ерөнхийлөгч Пак Гын Хэ-ийн авлигын хэргийг шалгахаар Солонгос Улс хууль батлав

БНСУ 2016.11.17 (The Star). Ерөнхийлөгч Пак Гын Хэ-ийн авлигын хэргийг тусгай прокуророор шалгуулахыг зөвшөөрсөн хуулийг Өмнөд Солонгосын Парламент батлаад байна. Тусгай прокуророор шалгуулах тухай хуулийг 300 суудалтай парламентийн гишүүдийн 196 нь дэмжсэнээр батлагдсан юм.

Энэ долоо хоногт прокурорууд Пакаас асуулт асуух байсан ч үүнд бэлтгэх хугацаа өгөхийг түүний хуульч хүсээд байгаа билээ.

Үндсэн хуульд заасан эрхийнхээ дагуу Пак нь дээрх хуульд гарын үсэг зурж баталгаажуулах, эсхүл хориг тавихад 15 өдрийн хугацаа байгаа юм.

Хуулийн дагуу тусгай прокурорын баг нь 60 хүнээс бүрдэх бөгөөд үүний 20 хүртэлх нь улсын прокуророос байх юм. Улмаар парламентаас батлаад байгаа хуулийг Пак соёрхон баталбал тусгай прокурор уг хэргийг шалгахдаа 90 өдрийг зарцуулах бөгөөд энэ хугацааг 120 өдөр болгон сунгах нэг удаагийн боломж байгаа юм.

Ерөнхийлөгч Пак улсын прокурор дахь танил талаараа дамжуулан хэргийг замхруулж магадгүй хэмээн сөрөг хүчний улс төрчид хардаж байгаа билээ. Тусгай прокурор шалгаж эхэлбэл улсын прокурорын шалгах ажиллагаа шууд зогсох болно.

Ерөнхийлөгчөө огцрохыг шаардан жагсаж буй олон зуун мянган Солонгосчуудын хувьд тус улсын түүхийн сүүлийн 30-аад жилд авлигын эсрэг хамгийн том жагсаал болж байгаа юм. Пакын бүрэн эрхийн хугацаа дуусахад 15 сар үлдсэн байгаа бөгөөд уг хугацаанаас өмнө албан тушаалаа өгвөл 60 өдрийн дотор сонгуулийг зохион байгуулах ёстой байдаг.

Эх сурвалж: https://www.thestar.com/news/world/2016/11/17/south-korea-passes-law-to-investigate-president-park-geun-hye-corruption-scandal.html

Хятад дахь хээл хахуулийн асуудлаа шийдвэрлэх зорилгоор ‘JP Morgan’ 264 сая ам. доллар төлөхөөр болов

АНУ 2016.11.17 (BBC). БНХАУ-д бизнес эрхлэхээр ажлын байрны шаардлага хангахгүй Хятадын өндөр албан тушаалтнуудын хүүхдүүдийг нэр хүндтэй хөрөнгө оруулалтын банкны ажилд авсан гэх хээл хахуулийн хэргээ шийдвэрлэх зорилгоор АНУ-ын банк ‘JP Morgan Chase’ 264 сая ам. долларын төлбөр төлөхөөр болов.

Дээрх схемийг “бусдын нэрээр хээл хахууль өгөх” хэмээн АНУ-ын Хууль зүйн яам тодорхойлсон юм. Уг хэргийг АНУ-ын Хууль зүйн яам болон Үнэт цаас, хөрөнгийн биржийн хорооноос 2013 оноос шалгаж эхэлсэн байдаг.

АНУ-ын Гадаад дахь авлигын эсрэг хуулийг зөрчсөнийхөө хариуд тус банк 130 сая ам. доллар, мөн Хууль зүйн яаманд 72 сая ам. доллар, Холбооны нөөцийн удирдах зөвлөлд 61.9 сая ам. долларыг тус тус төлөхөөр болсон байна.

АНУ-ын компаниуд бизнесийн зорилгоор гадаадын төрийн албан хаагчдад хээл хахууль өгөх явдлыг хориглосон Гадаад дахь авлигын эсрэг хууль нь хахуулийн эсрэг дэлхийн хамгийн чанга хуулийн нэг билээ.

Гадаадын төрийн албан хаагчдын хүсэлтээр сүүлийн 7 жилийн хугацаанд нийтдээ 100 орчим ажилтанг хөлслөн авч ажиллуулсан нь тус банк 100 сая гаруй ам. долларын ашиг хүртэх нөхцөлийг бүрдүүлсэн хэмээн Үнэт цаас, хөрөнгийн биржийн хорооноос мэдэгдсэн юм.

Эх сурвалж: http://www.bbc.com/news/business-38013723

Израилийн аюулгүй байдлын ажилтан авлигын асуудлаар баривчлагдав

Израиль 2016.11.18 (FT). Израилийн Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн дэд дарга, Ерөнхий сайдын аюулгүй байдлын зөвлөхөөр өнгөрөгч 2 дугаар сард Нетаньяхугийн томилж байсан Авриэл Бар-Йосефийг тус улсын тусгай мөрдөн шалгах нэгж “Lahav 433”-ээс баривчлаад байна.

“Хэдэн сарын өмнө эхэлсэн нэгэн мөрдөн шалгах ажиллагааны хүрээнд түүнийг хээл хахууль, мөнгө угаах гэмт хэрэгт сэжиглэж байна” хэмээн цагдаагийн хэвлэлийн төлөөлөгч Мики Росэнфэлд мэдэгдсэн юм.

Ерөнхий сайдын гэр бүлийн зарлага болон бусад гэмт хэргийн асуудалтай холбоотойгоор ноён Нетаньяху болон түүний эхнэр Сара нарыг шалгаж байгаа юм. Тухайлбал, өнгөрөгч 7 дугаар сард “Нетаньяхутай холбоотой гэмт хэргийн асуудлыг шалгаж байгаа” хэмээн Ерөнхий прокурор мэдэгдсэн бөгөөд тэр нь яг ямар асуудал болохыг тодорхой хэлээгүй юм.

Эх сурвалж: https://www.ft.com/content/e263e4ba-acda-11e6-9cb3-bb8207902122

Пассаик хотын дарга хээл хахуульд буруутайгаа хүлээн зөвшөөрөв

АНУ 2016.11.17 (Washington times). АНУ-ын Нью-Жэрси мужийн Пассаик хотын дарга тус хотын өрхийг орон сууцны нэгэн төсөлтэй холбоотой хоёр этгээдээс хээл хахуульд 110,000 ам. доллар авсан гэдгээ хүлээн зөвшөөрөөд байна.

Пассаик хотын дарга Алекс Бланко хээл хахууль авсан гэдгээ Ньюарк хот дахь Холбооны шүүхэд хүлээн зөвшөөрч, албан тушаалаасаа огцрох шийдвэр гаргасан юм. Одоогоор тус хотын зөвлөл Бланкогийн хашиж байсан албан тушаалд түр орлон гүйцэтгэгчийг сонгохоор хуралдаж байна.

Хээл хахууль авч 2008 онд 21 сар хоригдох ял авч, албан тушаалаасаа огцорч байсан хотын дарга Самуэль Ривэраг залгамжилж Бланко нь 2008 онд хотын даргаар сонгогдож байсан билээ.

Шүүхээс Бланкогийн үйлдэлд тохирох ялыг дараа оны 2 сарын 23-нд оногдуулахаар болсон бөгөөд 250,000 ам.доллар хүртэлх хэмжээгээр торгуулах, мөн 10 хүртэл жилийн ял авах боломжтой юм.

Эх сурвалж: http://www.washingtontimes.com/news/2016/nov/17/passaic-mayor-pleads-guilty-to-bribery/?utm_source=RSS_Feedutm_medium=RSS

СУДАЛГАА ШИНЖИЛГЭЭНИЙ АЛБА