ГАДААДЫН ХЭВЛЭЛ, МЭДЭЭЛЛИЙН ХЭРЭГСЭЛ, ВЕБ САЙТАД НИЙТЛЭГДСЭН МЭДЭЭ, НИЙТЛЭЛ, ҮЙЛ ЯВДЛЫН ТОЙМ /2016.11.20-21/

A- A A+
ГАДААДЫН ХЭВЛЭЛ, МЭДЭЭЛЛИЙН ХЭРЭГСЭЛ, ВЕБ САЙТАД НИЙТЛЭГДСЭН МЭДЭЭ, НИЙТЛЭЛ, ҮЙЛ ЯВДЛЫН ТОЙМ /2016.11.20-21/

ОХУ-д авлигатай тэмцэх ажлыг эрчимжүүлэх чиглэлээр Европын зөвлөлөөс өгсөн зөвлөмжийн ихэнхийг биелүүлжээ

ОХУ 11.20.2016 (РБК). Авлигатай тэмцэх Европын зөвлөлөөс ОХУ-д өгсөн зөвлөмжийн арван нэгийг бүрэн арван зөвлөмжийг хэсэгчлэн биелүүлсэн байна хэмээн ОХУ-ын авлигатай тэмцэх үндэсний бодлогод үнэлгээ өгөх ажлын хэсгийнхэн дүгнэжээ. 2014 онд ОХУ зөвхөн гурван зөвлөмжийг биелүүлсэн байсан бол 2016 онд ахиц гарсан хэмээн тайланд дурджээ. Тухайлбал, шүүгч болон олон улсын парламентын гишүүнд хээл хахууль өгөх явдлыг эрүүгийн гэмт хэрэгт тооцох, хээл хахуулийг тодорхойлолтыг өргөн хүрээнд томьёолох, сонгуулийн санхүүжилтийн хууль тогтоомжид өөрчлөлт оруулах, улс төрийн намын авч буй мөнгөн бус хандив, зээл зэргийг хянах эрх зүйн зохицуулалтыг сайжруулсан байна.

Давуу байдал бий болгохоор амлахад эрүүгийн хариуцлага ногдуулах тухай зөвлөмж хэсэгчилсэн биелэлттэй байна. Түүнчлэн бага хэмжээний хээл хахуулийн хэрэгт эрүүгийн хариуцлага ногдуулах хөөн хэлэлцэх хугацааг богино хэвээр байгаа юм.

Үүнээс гадна Эрүүгийн хуулийн саяхны өөрчлөлтүүдийг “Ухарсан алхам” хэмээн Европын зөвлөл дүгнэж байна. Үүнд албан тушаалтнаас эрх нөлөөгөө худалдах явдлыг хуульчилж өгөөгүйг онцолжээ. Төрийн зүгээс Сонгуулийн хороодод нөлөөлдөг байж болзошгүй гэсэн сонгогчдын итгэл, үнэмшлийг үгүйсгэх чиглэлээр ямар нэгэн алхам хийгдээгүй байгааг мөн тэмдэглэсэн. Түүнчлэн төрийн эрх мэдлийг ашиглан улс төрийн сөрөг хүчнийхнийг айлган сүрдүүлэх, төрийн албан хаагчид албан тушаалын байдлаа урвуулан ашиглах зэрэг бодитоор оршиж буй эрсдлүүд байгааг үнэлгээний ажлын хэсгийнхэн тэмдэглэж байна.

ХБНГУ, Дани, Франц, Чех, Швейцари, Швеци Улстай харьцуулахад ОХУ-ын ахиц гаргаж байгааг Ерөнхий прокурорын орлогч Александр Буксман цохон тэмдэглэсэн байна. Хэрэгжүүлэх боломжгүй Европын зөвлөлийн зөвлөмж байгаагүй, хэсэгчилсэн биелэлттэй байгаа нь тус улс арга хэмжээ авч байгааг илтгэж ОХУ олон улсын өмнө хүлээсэн үүргээ биелүүлэхэд хариуцлагатай ханддаг, Зөвлөмжүүд үндэсний хууль тогтоомжтой зөрчилдөж буй эсэхийг сайтар нягтлан шинжилдэг хэмээн Төрийн думын Аюулгүй байдал, авлигатай тэмцэх хорооны орлогч дарга Анатолий Выборный онцлов. Европын зөвлөлөөс өгч буй зөвлөмжүүдийн зарим нь өргөн баригдсан Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд тусгагдсан.

Эх сурвалж: http://www.rbc.ru/society/21/11/2016/58325eb89a79470abff0fd61

Авлигын асуудлыг шалгахад алагчилгүй хандах болно хэмээн Дуэртэй мэдэгдэв

Манила 11.21.2016 (Manila Bulletin). Эрчим хүчний зохицуулах хороонд алдаа дутагдал оршиж байгаа талаар гомдол гаргаж байсан хорооны гишүүн амиа егүүтгэсэн тул Ерөнхийлөгч Дуэртэ нэн даруй шалгалтыг эхлүүлэх, асуудлыг шударгаар шалгах үүрэг даалгавар өглөө. Авлигын асуудалд ороцоолдож буй албан тушаалтнуудад хэн ч байсан хариуцлага тооцохыг зорьж байна хэмээн Ерөнхийлөгчийн олон нийттэй харилцах албаны нарийн бичгийн дарга Мартин Анданар мэдэгджээ. Хэдийгээр шалгах болж байгаа боловч ямар байгууллага шалгахыг Анданар дурдсангүй. Учир нь Эрчим хүчний зохицуулах хороо нь эрчим хүчний зах зээлд өрсөлдөөнийг дэмжих, хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах үүрэгтэй бие даасан байгууллага юм. Тодорхой үнэ бүхий тендерийн үр дүнг хүлээн зөвшөөрүүлэх зорилгоор Эрчим хүчний зохицуулах хорооны гишүүн Вилад дарамт шахалт ирж байсан байж болзошгүй байна. Учир нь тэрээр үлдээсэн захидалдаа Эрчим хүчний зохицуулах хорооны дарга тендерт өөрийнхөө компанийг сонгуулах үүднээс дарамт шахалт ирж байсныг дурдсан байна. Энэ талаар Эрчим хүчний зохицуулах хорооны дарга ямар нэгэн тайлбар өгөөгүй байна.

Эх сурвалж: http://news.mb.com.ph/2016/11/21/duterte-orders-impartiality-in-erc-corruption-suicide-probe/

Дээд шүүхийн шүүгчийг авлига, мөнгө угаасан хэрэгт буруутгасан байна

Абужа 11.22.2016 (BBC). Шүүгч Силвестэр Нгвута-г буруутгаж буй 15 зүйлээр буруугүй гэж тэрээр мэдэгдэж байгаа. Түүнийг луйвар хийсэн, авлига авсан, мөнгө угаасан хэрэгт буруутгаж байгаа бөгөөд түүнээс хэд хэдэн паспорт олдсон юм. Бусад 7 шүүгч мөн буруугүй хэмээн мэдэгдэж байна. Өнгөрсөн жил сонгогдсон Ерөнхийлөгч Бухари авлигатай шийдвэртэй тэмцэнэ хэмээн сонгуульд ялалт байгуулсан ба авлигатай тэмцэх ажлын хүрээнд дээд шатны хэд хэдэн шүүгчдийг шалгуулах хэргийг эхлүүлээд байгаа юм. Өнгөрсөн сард Нигери Улсын Тагнуулын байгууллага хэд хэдэн шүүгчдийг шалгаж эхэлсэн ба шүүгчдэд нэгжлэг хийхэд 800000 ам. доллар бэлнээр олдсон байна. Үндэсний Шүүгчдийн зөвлөл шалгах ажиллагаа дуустал баривчлагдсан шүүгчдийг ажлаас нь түдгэлзүүлээд байна.

Эх сурвалж: http://www.bbc.com/news/world-africa-38053755

СУДАЛГАА ШИНЖИЛГЭЭНИЙ АЛБА