ГАДААДЫН ХЭВЛЭЛ, МЭДЭЭЛЛИЙН ХЭРЭГСЭЛ, ВЕБ САЙТАД НИЙТЛЭГДСЭН МЭДЭЭ, НИЙТЛЭЛ, ҮЙЛ ЯВДЛЫН ТОЙМ /2016.11.23-24/

A- A A+
ГАДААДЫН ХЭВЛЭЛ, МЭДЭЭЛЛИЙН ХЭРЭГСЭЛ, ВЕБ САЙТАД НИЙТЛЭГДСЭН МЭДЭЭ, НИЙТЛЭЛ, ҮЙЛ ЯВДЛЫН ТОЙМ /2016.11.23-24/

Авлигын хэргийн гол сэжигтнийг Испани Улсаас баривчлав

Испани Улс 11.22.2016 (BBC). Испанийн цагдаагийн байгууллага Испани, Бразилийн иргэншилтэй 43 настай эрэгтэйг Мадрид хотын нэгэн зочид буудлаас баривчилжээ. Тэрээр Бразилийн барилгын Одебрехт компанийн хуулийн зөвлөхөөр ажиллаж байжээ. Түүнийг төрийн өмчийн газрын тосны Петробас компанийн авлигын схемийг зохион байгуулсан хэмээн сэжиглэж байгаа аж. Төсвийн хөрөнгөөр зарлагдаж буй тендерт улс төрчдийг хахуульдаж санхүүгийн тааламжтай гэрээ хэлцэл хийж байсан авлигын схемийг шалгах ажлыг “Машин угаалга” хэмээн нэрлэсэн юм. Эхлээд Петробас компанийг шалгаж байсан бол сүүлдээ хээл хахуулийн сүлжээнд автсан олон компаниудыг хамруулав. Үүний нэг нь Латин америкийн томоохон барилгын компанид тооцогдох Одебрехт юм. Одебрехт компанийн захирал Марсело Одебрехт-д мөнгө угаасан, хээл хахууль өгсөн хэрэгт холбогдуулан 19 жилийн ял оноосон байна.

Мадрид хотод баривчилсан этгээдийн хувьд 15 сая ам. долларын хээл хахуулийг улс төрийн намд өгсөн хэрэгт сэжиглэгдэж байгаа бөгөд түүнийг Бразилиас АНУ-ыг дамжин Испанид ирсэн хэмээн таамаглаж байна. Тэрээр “Машин угаалга” үйл ажиллагаанд сэжиглэгдэж буй Испани Улсад баривчлагдсан анхны хүн юм. Рио хотын захирагч асан Сегио Сабрал-ыг “Машин угаалга” авлигын схемтэй холбоотой өнгөрсөн 7 хоногт баривчилсан юм. Улс төр, бизнесийн нэр нөлөөтэй хүмүүсийг уг хэрэгт холбогдуулан баривчилсан. Тухайлбал, Ажилчдын намын санхүүч Жоа Вакари, Цөмийн эрчим хүчний компанийн захирал асан Отон Луис Пинхеро Да Силва гэх мэт.

Эх сурвалж: http://www.bbc.com/news/world-latin-america-38064353

Банкны ажилтан хууль бусаар хөрөнгөжсөн байна

Сингапур Улс 11.23.2016 (Straitstime). Юео Жиавэй нь Швейцарийн хувийн БСАй[9] банкнаас гарсны дараа жил хагасын дотор хууль бусаар хөрөнгөжиж 23.9 сая ам.доллартай тэнцэх хэмжээний нууц хөрөнгөтэй болсон, мөнгө угаасан хэмээн прокурорууд үзэж түүнийг баривчлаад байна. 2014 онд банкнаас гарахад Юео-гийн хөрөнгө хоёр сая ам.доллар байсан 2015 онд түүний хөрөнгө 26 сая ам.доллар гэж тооцогдсон. Түүнийг Сингапурт гурав, Австрали Улсад хоёр үл хөдлөх хөрөнгөтэйг прокурорууд нотолсон. Харин Юео мөнгө угаасан асуудлыг үгүйсгэж байгаа юм.

Эх сурвалж: http://www.straitstimes.com/business/companies-markets/yeo-earned-24m-through-illicit-profits

Украины Засгийн газар авлигатай тэмцэх чиглэлээр Европын холбооноос 15 сая еврогийн тусламж авахаар болов

Украин Улс 11.23.2016 (ZN,UA). “Украин дахь Европын холбооны санаачилга” арга хэмжээний санхүүжилтийн хөрөнгийг Европын холбооноос гаргах гэрээний төслийг Засгийн газар батлав. Европын холбоо болон Дани Улс 16 сая еврогийн тусламжийг Украин Улсад авлигатай тэмцэх чиглэлээр өгч байгаа бөгөөд Европын холбоо 15 сая, Дани Улс бусдыг нь гаргаж буй аж.

Эх сурвалж: http://zn.ua/UKRAINE/pravitelstvo-ukrainy-soglasilos-prinyat-ot-evrosoyuz-15-mln-evro-na-borbu-s-korrupciey-231078_.html

Трампын хориг авлигын нөхцөл байдлыг дордуулна

АНУ 11.23.2016 (Washingtonpost.com). Шинээр сонгогдсон Ерөнхийлөгч гүйцэтгэх засаглалын албан тушаалтнуудыг ажлаас чөлөөлөгдсөнөөс хойш таван жилийн хугацаанд лобби хийхэд хориг тавихаар төлөвлөж байна. Уг санал ашиг сонирхлын зөрчлийг бууруулах ач холбогдолтой ч асуудлыг улам хүндрүүлнэ хэмээн зарим ажиглагчид үзэж байна. Лобби хийгчдийн үүргийг бууруулахын оронд хориг тавьснаар далд хэлбэрт оруулах аюултай аж. Үүний оронд лобби хийдэг мэдээллийг ил болгох, Конгрессийн чадварыг нэмэгдүүлэх зэрэг арга хэмжээ нь илүү үр дүнтэй юм. Трампын эдгээр санаа нь Шударга удирдлага, нээлттэй Засгийн газрын тухай 2007 оны хуульд тусгалаа олсон юм. Гэтэл найман жилийн дараа уг асуудал хэвээндээ ахиц гараагүй л байна. Үүний нэг шалтгаан бол Обамагийн Захиргаа лобби-ийн тодорхойлолтыг өөрчлөхийг оролдоогүйд оршиж байна. Өнөөгийн үйлчилж буй хуулиар лобби гэдэгт “улиралд нэг үйлчлүүлэгчийн нэрийн өмнөөс ажиллахдаа өөрийн цагийн 20 хувийг зарцуулж 5000 ам.долларын санхүүжилт олох” хэмээн тодорхойлсон. Уг тодорхойлолтод таарахгүй үйл ажиллагааг лобби гэж үзэхгүй юм. Тодорхойлолтод заагдсан хорин хувиас л татгалзахыг Трамп санал болгож байгаагаас өөр зүйлгүй. Түүний төлөвлөгөө ямар нэгэн тодорхой санал агуулаагүй байна.

“Лобби: Нийтийн алба, хувийн нөлөөлөл болон ашиг сонирхлын тэгш бус төлөөлөл” номд лобби нь манай засгийн газарт ямар нөлөө үзүүлж байгаа, хэрхэн шийдвэрлэх чиглэлээр судалгаа хийсэн юм. Лоббийг хориглосноор ямар нэгэн өөрчлөлт гарахгүй, харин албан хаагчдын лоббид оролцох оролцоо, эдгээрийг хэрхэн удирдах, зохицуулах Конгрессийн чадварыг дээшлүүлэх зэрэг саналууд тусгагдсан юм. Хэрэв Трамп болон Бүгд найрамдахчууд Засгийн газрын лоббийг цэвэршүүлэхээр зорьж байгаа бол хэд хэдэн санал байна. Үүнд: нэгдүгээрт, “Лобби” болон “лобби хийгчид”-ийн хуульд тусгагдсан тодорхойлолтыг өргөжүүлэх шаардлагатай. Хоёрдугаарт, мэдээллийг нээлттэй болгох. 1990-ээд оны дундуур батлагдсан Мэдээллийг ил байлгах хууль хуучирсан. Өнөө үеийн шаардлагыг хангахгүй байна. Гуравдугаарт, мэдээллийг бодитоор ил байлгах шаардлагатай байна гэжээ.

Эх сурвалж: https://www.washingtonpost.com/news/monkey-cage/wp/2016/11/23/trumps-lobbying-ban-might-actually-make-corruption-worse/

СУДАЛГАА ШИНЖИЛГЭЭНИЙ АЛБА