ГАДААДЫН ХЭВЛЭЛ, МЭДЭЭЛЛИЙН ХЭРЭГСЭЛ, ВЕБ САЙТАД НИЙТЛЭГДСЭН МЭДЭЭ, НИЙТЛЭЛ, ҮЙЛ ЯВДЛЫН ТОЙМ /2016.11.26-28/

A- A A+
ГАДААДЫН ХЭВЛЭЛ, МЭДЭЭЛЛИЙН ХЭРЭГСЭЛ, ВЕБ САЙТАД НИЙТЛЭГДСЭН МЭДЭЭ, НИЙТЛЭЛ, ҮЙЛ ЯВДЛЫН ТОЙМ /2016.11.26-28/

Египетийн шүүгч авлигын хэргээр эрүүгийн шүүхэд татагдав

Ахрам Онлайн. 2016.11.26. Египетийн шүүгч эрх мэдлээ урвуулан ашигласан, хээл хахууль авсан хэргээр өөр таван хүний хамт Александр хотын эрүүгийн шүүхэд татагдав. Хэрэгт холбогдсон шүүгч нь мансууруулах бодис хадгалсан гэмт хэрэгт холбогдогчоос 650 мянган египт фунтын хээл хахууль авсан үйлдэлд буруутгагдаж байгааг тус улсын прокурорын байгууллага мэдэгджээ.

Шүүгч албан тушаалаасаа огцрох хүсэлт гаргасныг Египетийн Хууль зүйн сайд хүлээн авсан байна. Өнгөрсөн долоо хоногт Египетийн бас нэг шүүгч 69 кг каннабис хадгалсан хэргээр эрүүгийн шүүхэд татагдсан байна.

Эх сурвалж: http://english.ahram.org.eg/NewsContent/1/64/250808/Egypt/Politics-/Egyptian-judge-referred-to-criminal-court-over-bri.aspx

Авлигын хэргүүд Путины Кремлийг задалж байна

Ньюсвийк. 2016.11.26. Кремль дэх эрх мэдлийн төлөөх тэмцэл улам ширүүсч байна. Оросын Холбооны Улсын Мөрдөн байцаах хороо 11 дүгээр сарын 15-нд Эдийн засгийн хөгжлийн сайд Алексей Улюкаевыг баривчилсан нь ажил үүргээ гүйцэтгэж байгаа сайд албан тушаалтныг баривчилсан 1991 оноос хойшхи анхны тохиолдол болж байна.

Улюкаевыг авлигын хэрэгт буруутгаж байгаа хэдий ч цаад учир шалтгаан нь өөр байна. Энэ үйл явдал нь үнэн хэрэгтээ ерөнхийлөгч Владимир Путины итгэлт хүн болох Роснефт компанийн гүйцэтгэх захирал Игор Сечин болон Оросын Засгийн газарт үлдэж хоцорсон либералуудын хоорондын өндөр түвшин дэх улс төрийн эрх мэдлийн төлөөх тэмцэл юм. Энэхүү улс төрийн ширүүн тэмцэл оросын хэвлэл мэдээллийнхний анхаарлыг маш их татаж байна.

Эх сурвалж: http://www.newsweek.com/putin-kremlin-wracked-corruption-charges-524133

Наба шоронгийн орголт: Пенжабын шоронгуудад эмх замбараагүй байдал, авлига ноёрхож байна

Хиндустан таймс. Чандигарх. 2016.11.27. Пенжаб мужийн 26 шоронд 23 мянган хоригдол ял эдэлж байна. Чанга дэглэмтэй Наба шоронд өнгөрсөн ням гаригт болсон хэрэг явдал Пенжаб мужийн шоронгуудад ноёрхож байгаа эмх замбараагүй байдал, авлигын талаар ахин сануулж байна.

Шоронгуудын үйл ажиллагааны утга учир нь алдагдаад үндсэндээ гэмт хэрэгтнүүдийн “шинэчлэлтийн төв” болоод байна. Гэмт хэрэгтнүүд, дээрэмчид тус мужийн шоронгуудыг гэмт бүлэглэлүүд дахин зохион байгуулагдах, шинээр нэгдэж нийлэх, шинэ гишүүдийг элсүүлэх, дараагийн гэмт хэргээ хамтран төлөвлөх үүр уурхайн болгоод байна. Тэд гар утас хэрэглэн шорон дотроос гэмт хэрэг үйлдэж, айлган сүрдүүлж, оргох төлөвлөгөөгөө боловсруулж байна.

Эх сурвалж: http://www.hindustantimes.com/punjab/chaos-corruption-rule-punjab-jails/story-erfW3xf6QnvwcgtydPdMGN.html

Нууц дэлгэгдэв: Олон сая фунтын авлигын талаарх нууц тайлан

Хералд Шотланд. 2016.11.27. Шотландын Хөдөлмөрийн намаас орон нутгийн захиргаанд сонгогдсон албан тушаалтнуудтай холбоотой 20 сая фунт стерлингийн өртөг бүхий гэрээтэй холбоотой хэргийг авлигын мөрдөн байцаагчид шалгаж эхэллээ. Сандай Хералд сонины газрын олж авсан нууц тайланд дурдсанаар Шотландын Умард Ланаркшир мужийн аудиторууд орон нутгийн захиргаанаас хувийн компаниудтай бараа, ажил, үйлчилгээ нийлүүлэх гэрээ байгуулахдаа үнийн дүнг хэт өсгөж төсвөөс олон сая фунт стерлингийг үргүй зарцуулсан болохыг олж илрүүлжээ. Нэг ханган нийлүүлэгч компани гэхэд 1.5 сая фунт стерлингийн гэрээн дээр 9 сая фунт стерлингийн төлбөр хүлээн авсан болох нь тогтоогдоод байна. Эдгээр гэрээ хэлцлүүдийг Жим МкКаб болон түүний орлогч Жим Смит нарын үед байгуулсан бөгөөд МкКаб, Смит нар энэ оны эхээр албан тушаалаасаа огцорсон юм.

Эх сурвалж: http://www.heraldscotland.com/news/14930662.Revealed__The_secret_multi_million_pound_corruption_report_at_scandal_hit_Labour_council/?ref=rss

Албан тушаалын томилгоонд мөрдөх журмыг 10 яам зөрчсөн гэж Саудын авлигатай тэмцэх комисс мэдэгдэв

Галф Ньюс. Манама. 2016.11.28. Саудын Арабын авлигатай тэмцэх чиг үүрэг бүхий байгууллагаас явуулсан мөрдөн шалгалтын дүнд тус улсын засгийн газрын 10 яам хууль бус томилгоо хийснийг илрүүлжээ. Назаха гэж нэрлэгддэг Саудын Арабын Авлигатай тэмцэх үндэсний комиссийн хэвлүүлсэн тайланд дурдсанаар Засаг захиргааны нэгж, орон нутгийн харилцааны Яам нь тус яамны сайдын хүүг яам дотроо албан тушаалд томилж өндөр цалин олгож байсныг тогтоожээ. Энэ хэргийг нийгмийн сүлжээнд тавигдсан мэдээллээс улбаалан илрүүлсэн байна.

Эх сурвалж: http://gulfnews.com/news/gulf/saudi-arabia/saudi-anti-corruption-commission-says-10-ministries-broke-hiring-rules-1.1936342

Бразилийн ерөнхийлөгч Темер авлигын хэрэгтэнд өршөөл үзүүлэх хуульд хориг тавина гэлээ

Би-Би-Си. 2016.11.28. Бразилийн ерөнхийлөгч Мишел Темер сонгуулийн кампанит ажилдаа зориулан хууль бусаар хандив авсан улс төрчдөд өршөөл үзүүлэх тухай хуулийн төсөлд хориг тавина гэдгээ мэдэгдэв. Бразилийн иргэд сүүлийн хэдэн долоо хоногийн турш энэхүү хуулийн төслийг эсэргүүцэж байгаа юм. Төрийн өмчит газрын тосны Петробрас компанитай холбоотой авлигатай хэргийн мөрдөн байцаалт ид явагдаж байх үед хуулийн төслийг боловсруулжээ. Ноён Темер өмнөх ерөнхийлөгч Дилма Руссефийг албан тушаалаасаа огцорсны дараа авлигыг устгана гэсэн амлалт өгч гарч ирсэн юм. Гэвч түүний засгийн газрын хэд хэдэн сайд нар эрх мэдлээ урвуулан ашигласны улмаас албан тушаалаа өгөөд байна.

Эх сурвалж: http://www.bbc.com/news/world-latin-america-38125549

СУДАЛГАА ШИНЖИЛГЭЭНИЙ АЛБА