ГАДААДЫН ХЭВЛЭЛ, МЭДЭЭЛЛИЙН ХЭРЭГСЭЛ, ВЕБ САЙТАД НИЙТЛЭГДСЭН МЭДЭЭ, НИЙТЛЭЛ, ҮЙЛ ЯВДЛЫН ТОЙМ /2016.11.28-29/

A- A A+
ГАДААДЫН ХЭВЛЭЛ, МЭДЭЭЛЛИЙН ХЭРЭГСЭЛ, ВЕБ САЙТАД НИЙТЛЭГДСЭН МЭДЭЭ, НИЙТЛЭЛ, ҮЙЛ ЯВДЛЫН ТОЙМ /2016.11.28-29/

Украйны их сургуулиуд дахь албан бус заншил болон авлига

Оссерваторио Балкани и Кавказо. 2016.11.28. Украйны их сургуулиудын профессоруудын орлогын нэг эх үүсвэр нь оюутнуудаас авдаг албан бус төлбөр юм. Гэвч энэ нь тус улсын ирээдүйд дарамт учруулж байна. Дээд боловсролын салбар дахь авлига нь Украйн дахь ноцтой асуудлуудын нэгд тооцогддог бөгөөд энэ нь ЗХУ-ын бүрэлдэхүүнд багтаж байсан ихэнх орнуудад түгээмэл үзэгдэл юм. Албан бус төлбөр хураамжийг хүмүүс ихэнхдээ байх ёстой зүйл мэт хүлээж авдаг аж.

Судалгааны дүнгээс үзвэл Украйны дээд боловсролын байгууллагуудад ажиллагсдын бараг тал хувь нь сүүлийн арван жилийн туршид авлига авч байгаа бөгөөд дээд боловсролын байгууллага дахь авлигын хэмжээг 47 хувь гэж үзсэн бол дунд боловсролын байгууллага дахь авлигын хэмжээг 44 хувь гэж тооцсон байна.

Эх сурвалж: http://www.balcanicaucaso.org/eng/Areas/Ukraine/Informality-and-corruption-in-Ukrainian-University-175454

Малайзын өндөр албан тушаалтнууд авлигад холбогдов

Страйт Таймс. 2016.11.28. Малайзын Авлигатай тэмцэх комисс Малакка, Жохор мужуудын захиргааны өндөр албан тушаалтан 2 хүнийг авлигын хэргээр баривчлав. Малакка мужийн захиргааны албан тушаалтан нь 55 настай бөгөөд төслийн зөвшөөрөл өгсний төлөө шан харамж нэхэх зэрэг авлигын шинж чанартай үйл ажиллагаанд холбогдсоны улмаас баривчлагдсан байна. Түүний холбогдсон хэрэг дээр өөр хүмүүс мөн шалгагдах бөгөөд банкин дахь нилээд тооны дансанд олон сая ринггит хадгалагдаж байгааг илрүүлэн битүүмжилсэн байна. Өөр нэг албан тушаалтан нь Жохор мужийн газрын харилцааны асуудал хариуцдаг бөгөөд албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж 16.75 акр газрыг өөрийн өмчлөлд шилжүүлсэн хэрэг үйлджээ.

Эх сурвалж: http://www.straitstimes.com/asia/se-asia/malaysia-detains-two-senior-officials-for-alleged-corruption

Гэрчүүд “өөрсдийн арьсыг хамгаалахын” тулд Монреал хотын захирагчийг авлигад буруутгаж байна гэж түүний өмгөөлөгч мэдэгдэв

Канадиан Пресс. Монреал. 2016.11.29. Монреал хотын захирагч асан Эйплбаумд ял тулгаж байгаа прокуроруудын нотлох баримт хангалтгүй бөгөөд өөрсдийн “арьсыг хамгаалах” гэсэн хэдэн гэрчийн мэдүүлэг дээр үндэслэж байна гэж түүний өмгөөлөгч мэдэгдэв. Эйплбаумыг засгийн газрын хууран мэхэлсэн, итгэл эвдсэн зэрэг нийт 14 гэмт хэрэгт буруутгаж байгаа боловч өөрөө алийг нь ч хүлээн зөвшөөрөөгүй юм. Түүний өмгөөлөгч Пьер Тийсдэйл Квебек хотын шүүхэд болж байгаа хуралдааны үеэр шүүгч Луй Провостод хэлэхдээ Эйплбаумын эсрэг мэдүүлэг өгч байгаа дөрвөн гэрч бүгд авлигын хэрэгт холбоотой бөгөөд ийнхүү эсрэг мэдүүлэг өгөхөөр зөвшөөрснийхөө дараа тэдний хэн нь ч албан ёсоор буруутгагдаж хэрэгт татагдаагүй гэлээ. Түүний үзэж байгаагаар гэрчүүд өөрсдийн үйлдсэн гэмт хэрэгтээ ял авахгүйн тулд өөрсдийн гэм бурууг Эйплбаум үүрүүлэх сонирхолтой байгаа ажээ. Майкл Эйплбаум нь Монреал хотын даргаар ажиллаж байхдаа орон нутгийн барилгын болон дэд бүтцийн компаниудад зөвшөөрөл өгснийхөө хариуд туслахаараа дамжуулан бэлэн мөнгө авсан хэрэгт буруутгагдаж байна.

Эх сурвалж: http://www.metronews.ca/news/canada/2016/11/28/final-arguments-in-ex-montreal-mayor-michael-applebaum-s-corruption-case.html

Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч албан тушаалаасаа огцроно гэв

Файненшл Таймс. Сөүл. 2016.11.29. Өмнөд Солонгос Улсын Ерөнхийлөгч Пак Гюн-Хе улс орноо бүхэлд нь доргиож байгаа авлигын хэрэг явдлын улмаас албан тушаалаасаа огцрох хүсэлтэй байгаагааг илэрхийлээд эрх мэдлээ шилжүүлэх үйл явцыг аядуу байдлаар зохион байгуулах шийдвэр гаргаж өгөхийг парламентаас хүслээ. Улс орны удирдлагын үйл ажиллагаанд зай завсар гаргахгүйн тулд хууль тогтоогчдын зүгээс хэлэлцэн баталсан хуваарийн дагуу албан тушаалаа шилжүүлэн өгөх болно гэж хатагтай Пак мэдэгдэв. Гэсэн хэдий ч түүний саналыг сөрөг хүчний улс төрчид хүлээн зөвшөөрөөгүй бөгөөд Ерөнхийлөгчид итгэл үзүүлэх эсэх асуудлаар зохион байгуулах парламентын санал хураалтын үйл ажиллагаанаас зайлсхийхийн тулд заль хэрэглэж байна гэж үзэж байна.

Эх сурвалж: https://www.ft.com/content/4657c7d2-b5fc-11e6-ba85-95d1533d9a62

Польшийн Эв санааны нэгдэл хөдөлгөөний нэрт зүтгэлтэн асан авлигын хэргээр саатуулагдав

Польшийн радио. 2016.11.29. Польшийн мөрдөн байцаагч нар 9 хүнийг авлигын хэрэгт сэжиглэн баривчилсний дотор сенатын гишүүн асан болон ардчиллын төлөөх Эв санааны нэгдэл хөдөлгөөны нэрт зүтгэлтэн нар багтаж байгаа талаар Польшийн мэдээллийн ПАП агентлаг мэдээлэв. Эдгээр 9 хүнийг Польшийн Авлигатай тэмцэх төв товчооны ажилтнууд тус улсын баруун өмнөд хэсэгт орших Вроцлав хотод баривчилсан байна. Баривчлагдсан хүмүүсийн дунд эрх баригчдын зүгээс одоогоор зөвхөн “Жозеф Р” гэж дурдаад байгаа Польшийн Сенатын гишүүн асан байна. Хэвлэлд мэдээлснээр тэрээр 2011 – 2015 онд сенатын гишүүн байхдаа Вроцлав хотын нэгэн компанитай холбоотой үйл ажиллагааныхаа төлөө баривчлагдсан байна.

Эх сурвалж: http://www.thenews.pl/1/9/Artykul/282102,Polish-exSolidarity-icon-detained-in-corruption-probe

Чехов хотын Мөрдөн байцаах газрын дарга асан хээл хахуулийн хэргээр 7 жилийн хорих ял авлаа

Крайм Руссиа. 2016.11.29. ОХУ-ын Мөрдөн байцаах төв газрын Москва мужийн Чехов хотын Мөрдөн байцаах газрын дарга асан Андрей Сурякин хээл хахуулийн хэргээр 7 жилийн хорих болон 600 мянган рублийн торгуулийн ял хүлээв. Түүнийг Эрүүгийн хуулийн 159 дүгээр зүйлд заагдсан залилан, 228 дугаар зүйлд заагдсан мансууруулах бодис хууль бусаар хадгалсан хэрэг болон 2015 оны 8 дугаар сард 3 сая рублийн хээл хахууль авсан хэрэгт буруутай гэж үзжээ.

Эх сурвалж: https://en.crimerussia.com/corruption/chekhov-ex-head-of-investigation-department-sentenced-to-7-years-for-bribery/

СУДАЛГАА ШИНЖИЛГЭЭНИЙ АЛБА