ГАДААДЫН ХЭВЛЭЛ, МЭДЭЭЛЛИЙН ХЭРЭГСЭЛ, ВЕБ САЙТАД НИЙТЛЭГДСЭН МЭДЭЭ, НИЙТЛЭЛ, ҮЙЛ ЯВДЛЫН ТОЙМ /2016.11.30-12.01/

A- A A+
ГАДААДЫН ХЭВЛЭЛ, МЭДЭЭЛЛИЙН ХЭРЭГСЭЛ, ВЕБ САЙТАД НИЙТЛЭГДСЭН МЭДЭЭ, НИЙТЛЭЛ, ҮЙЛ ЯВДЛЫН ТОЙМ /2016.11.30-12.01/

Дэлхийн худалдааны хүрээн дэх авлигын 40 хувь нь зэвсгийн худалдаанд холбоотой байна

Дойче Велле. 2016.11.30. Өмнөд Африкийн нийгмийн идэвхтэн Эндрю Фейнштейний “Сүүдрийн дэлхий” номноос сэдэвлэн бүтээсэн кино дэлхийн хэмжээний зэвсгийн худалдаан дахь авлигын цар хүрээг харуулжээ.

Өмнөд Африкийн парламентын гишүүнээр 1997 онд сонгогдсон Фейнштейн 2001 онд өөрийн харьяалагддаг нам болох Африкийн Үндэсний Конгрессийн шийдвэрийг эсэргүүцэж парламентаас өөрийн хүсэлтээр гарчээ. Тэрээр олон сая долларын өртөг бүхий зэвсгийн худалдаатай холбоотой сэжигтэй гэрээ хэлцлийг парламентаар хэлэлцэн зөвшөөрснийг эсэргүүцсэн бөгөөд парламентын гишүүний ажлаа өгснийхөө дараа тэрхүү зэвсгийн наймааны талаар өөрөө эрэн сурвалжилж судлан ном бичжээ.

Фейнштэйн судалгаагаа цааш гүнзгийрүүлэн дэлхийн хэмжээний зэр зэвсгийн худалдааны талаар эрэн сурвалжилж “Сүүдрийн дэлхий” номоо туурвисан бөгөөд энэ бүтээл нь кино болжээ. Тэрээр энэхүү номондоо дэлхийн хэмжээний худалдааны үйл ажиллагааны хүрээн дэх авлигын 40 хувь нь дангаараа зэр зэвсгийн худалдаатай холбоотой байгааг илчлэн харуулсан байна.

Эх сурвалж: http://www.dw.com/en/arms-deals-account-for-40-percent-of-corruption-in-world-trade/a-36584505

Бразилийн хууль тогтоогчид авлигын эсрэг хуулийн эсрэг санал өглөө

Гардиан. Бразилиа. 2016.11.30. Бразили улс даяар онгоцны ослын улмаас амь үрэгдсэн хүмүүсийн хойноос эмгэнэн гашуудаж байхтай зэрэгцээд тус улсын түүхэн дэх хамгийн том хэмжээний бөгөөд ноцтой авлигын хэргийг мөрдөж байгаа прокуроруудын зүгээс авлигын эсрэг хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийг хууль тогтоогчид баталвал бөөнөөрөө ажлаа орхино гэж сүрдүүллээ.

Хууль тогтоогчдыг өөрсдийг нь авлигын гэмт хэргээр шийтгэгдэх боломжийг багасгаж, прокуроруудын эрх мэдлийг хумьсан өөрчлөлтийг авлигын эсрэг хуульд оруулсан энэ хуулийг Бразилийн Конгрессийн доод танхим лхагва гаригийн өглөө хэлэлцээд санал хураасан бөгөөд өөрчлөлтийг 513 гишүүний 450 нь дэмжиж, 1 гишүүн татгалзсан байна. Бразилийн хөл бөмбөгийн Чапесоенсе багийн гишүүд, хэд хэдэн сэтгүүлчид зэрэг нийтдээ 71 хүний аминд хүрсэн онгоцны ослын дараа улс орон даяар гашуудаж байх үед энэхүү санал хураалт явагдав.

Төрийн мэдлийн Петробрас компанитай холбоотой асар өргөн хэмжээний улс төрийн авлигын хэргийг мөрдөн шалгаж байгаа прокурорын ажлын хэсгийн ахлагч Делтан Далланьол “улс үндэстэн бүхэлдээ эмгэнэн гашуудаж байх энэ эгзэгтэй цаг мөчийг тэд өөрсдийн тусын тулд ашиглалаа” гэв. Тодорхой тооны хууль тогтоогчдыг Петробрасын хэрэгт татан шалгах асуудал сөхөгдөхийн өмнөхөн Конгрессийн доод танхим ийнхүү мөрдөн шалгах ажиллагааг зогсоох оролдлого хийлээ гэж Далланьол үзэж байна.

“Ерөнхийлөгч Мичел Темер энэ хуулийн төслийг хууль болгон ёсчилж гарын үсэг зурвал ажлын хэсэгт байгаа бүр прокурорууд ажлаасаа халагдах өргөдлөө өгнө” гэж прокурор Карлос Фернандо Лима мэдэгдэв.

Хуулийн өөрчлөлтөөр хууль бусаар хөрөнгөжих гэмт хэргийн тодорхойлолтыг хасч, авлигын гэмт хэргийн талаар мэдээлсэн мэдээлэгчийг шагнах, хамгаалах зохицуулалтыг тусгасан заалтуудыг саармагжуулж, шүүгч, прокуроруудийн албан тушаалаа урвуулан ашигласан гэмт хэрэгт ногдуулах ял шийтгэлийг чангатгасан байна.

Энэхүү хуулийн өөрчлөлт прокурор, шүүгчдийг айлган сүрдүүлж, тэдний эрх мэдлийг сулруулах зорилгыг илт агуулсан гэж Бразилийн Ерөнхий прокурор Родриго Жано мэдэгджээ. Хуулийн өөрчлөлтийг гэхдээ Конгрессийн дээд танхим болох Сенат хэлэлцэнэ.

Эх сурвалж: https://www.theguardian.com/world/2016/nov/30/brazil-graft-scandal-anti-corruption-bill-congress

Ерөнхий Сайд Ли: Авлигаас ангид байхын тулд Сингапур маш их хичээдэг

МайСинЧью. Сингапур. 2016.11.30. Сингапурын Ерөнхий Сайд Ли Хсиен Лүүнг дэлхийн хамгийн бага авлигатай улс орнуудын нэг болсондоо хэр бахархдаг талаарх асуултад “Бид маш их хичээдэг” гэсэн хариулт өгөв. “Энэ бол амар хялбар зүйл биш боловч байнга хичээн зүтгэх зайлшгүй шаардлагатай байдаг. Ингэх нь аливаа зүйлийг зөв хийхэд тулгуур болж өгдөг. Бид цэвэр тогтолцоо, цэвэр нийтийн алба, удирдлагын цэвэр манлайллыг бий болгохыг хүссэн. Ийм тогтолцоог бий болгохын тулд бид маш их зүйлийг хийсэн” гэж Ерөнхий сайд ярилцлагынхаа үеэр цохон тэмдэглэжээ.

Транспаренси Интернейшнл байгууллагын гаргасан Авлигын төсөөллийн 2015 оны индексээр Сингапур улс 85 оноотойгоор дэлхийд 168 улсаас 8 дугаар байранд, Ази тивд 2 дугаар байранд оржээ.

Ерөнхий Сайд мөн “Авлигын асуудалд холбогдсон л бол өндөр албан тушаалтан, жирийн төрийн албан хаагч, сайд байх нь хамаагүй юм, хэн байхаас нь үл хамаараад мөрдөн шалгаж гэм зэмийг нь ялгаж тодруулах ёстой. Авлигатай тэмцэх үйл ажиллагааны хамгийн чухал хэсэг нь энэ юм. Түүнчлэн олон нийтийн хандлага ямар байх нь маш чухал. Хэрэв олон нийт авлигыг хэвийн зүйл мэт хүлээж авдаг болчихвол хэдэн ч хууль байгаад нэмэргүй” гэжээ.

Тэрээр мөн төрийн албан хаагчийн цалингийн талаар онцлон дурдсан байна. “Цалингаараа амьдарч чадахгүй байна, би гэр бүлээ тэжээх хэрэгтэй байна гэж хэлэхээр нөхцөл байдал үүсгэхгүйн тулд төрийн албан хаагчид, мөн түүнчлэн сайд нарт ч ялгаагүй шударга бөгөөд бодит байдалд тохирсон хэмжээний цалин өгөхийг хичээж ирсэн. Засгийн газарт ажилласан хүн баяжина гэж бодож болохгүй ч ядуу зүдүү байдалд орох ёсгүй” гэлээ.

Эх сурвалж: http://www.mysinchew.com/node/116244

СУДАЛГАА ШИНЖИЛГЭЭНИЙ АЛБА