ГАДААДЫН ХЭВЛЭЛ, МЭДЭЭЛЛИЙН ХЭРЭГСЭЛ, ВЕБ САЙТАД НИЙТЛЭГДСЭН МЭДЭЭ, НИЙТЛЭЛ, ҮЙЛ ЯВДЛЫН ТОЙМ /2016.12.01-12.02/

A- A A+
ГАДААДЫН ХЭВЛЭЛ, МЭДЭЭЛЛИЙН ХЭРЭГСЭЛ, ВЕБ САЙТАД НИЙТЛЭГДСЭН МЭДЭЭ, НИЙТЛЭЛ, ҮЙЛ ЯВДЛЫН ТОЙМ /2016.12.01-12.02/

Панам Пейперс дэлхийн хэмжээний нөлөөлөл үзүүлсэн төдийгүй одоо ч үргэлжилсээр байна

Паблик Интегрити. 2016.12.01. Панамын бичиг баримтууд нийтэд илэрхий болсон үеэс хойш хэдэн арван улс орны олон зуун сэтгүүлчид Моссак Понсека компанийн үйл ажиллагааны талаар 4700 гаруй өгүүлэл нийтлүүлжээ.

Энэхүү үйл явдал Олон улсын эрэн сурвалжлах сэтгүүлчдийн консорциум болон Германы өдөр тутмын Зюддойче Цайтунг сонин, бусад 100 гаруй хэвлэл мэдээллийн хэрэгслээр Панам Пейперсийн талаар анхны нийтлэл, өгүүллүүд гарснаас хойш тасралтгүй үргэлжилж байгаа бөгөөд Антарктидаас бусад бүх тивийн хэмжээнд олон зуун мянган хүмүүс гудамжинд гарч жагсан эсэргүүцлээ илэрхийлээд байна. Панама Пейперс тэр даруйдаа Твиттерийн хамгийн их жиргэлттэй сэдэв болсон. Исландын жагсагчид гашилсан иогуртаар, Пакистаны жагсагчид чулуугаар зэвсэглэн эсэргүүцлээ илэрхийлж байв.

Дэлхийн улс орнуудын гуравны нэг хувь буюу бараг 79 улсын цагдаа, татвар, гаалийн байгууллага, санхүүгийн болон зохион байгуулалттай гэмт хэргийг мөрдөн шалгах үүрэг бүхий прокурорууд, шүүгчид, парламент, мөн түүнчлэн компаниудын дотоод хяналтын 150 орчим хянан байцаах ажиллагаа, аудитын шалгалт, эсхүл мөрдөн байцаалтын үйл ажиллагаа явагдсан болохыг хэвлэл мэдээллийн хэрэгслийн мэдээлэл, албан ёсны мэдэгдлүүдээс харж болно. Хэдэн мянган татвар төлөгчид болон компаниудыг одоогоор мөрдөн шалгаж байна. Ирланд, Монгол, Панам зэрэг олон улс орны хууль тогтоогчид холбогдох хууль тогтоомжоо боловсронгуй болгож зохицуулалтаа чангатгах ажилд яаравчлан орсон.

Эх сурвалж: https://www.publicintegrity.org/2016/12/01/20500/panama-papers-have-had-historic-global-effects-and-impacts-keep-coming

Панамд болж байгаа Авлигын эсрэг олон улсын 17 дахь удаагийн бага хурал дээр халдашгүй байдлын асуудлыг онцлон авч үзэж байна

Транспаренси Интернейшнл. 2016.12.01. Дэлхийн хэмжээний удирдагчид, шинжээчид, идэвхтнүүдийг 2 жил тутамд цуглуулдаг Авлигын эсрэг олон улсын бага хурлын 17 дахь удаагийн хуралдаан өнөөдөр Панама хотод нээгдсэн бөгөөд авлигачдын халдашгүй байдлыг зогсоох, олон улсын санхүүгийн тогтолцоог цэвэршүүлэх асуудалд голлон анхаарал хандуулах юм. “Тэгш эрх, аюулгүй байдал, итгэлцэл дээр тулгуурлан хууль ёсыг сахиулах цаг нь боллоо” гэсэн ерөнхий сэдвийн хүрээнд явагдах энэхүү хуралдааныг Бүгд Найрамдах Панам Улсын Ерөнхийлөгч Хуан Карлос Варела Родригез нээж дэлхийн өнцөг булан бүрээс хүрэлцэн ирсэн 1500 гаруй зочин төлөөлөгчдөд хандан үг хэлэв. Бага хурлын үйл ажиллагаа 4 өдөр үргэлжилж 40 тусгай хуралдаан, 5 нэгдсэн хуралдаан зохион байгуулна.

Гватемал дахь халдашгүй дархан байдлын эсрэг олон улсын комиссын Комиссар Айван Веласкез, НҮБ-ын Хүний эрхийг хамгаалагч нарын нөхцөл байдлыг асуудлаархи Тусгай илтгэгч М.Форст, Перу Улсын Хууль зүй, хүний эрхийн сайд Мариа Соледад Перез Телло, НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын туслах М.Мартинез-Солиман, Эмнэсти интернейшнл байгууллагын Ерөнхий нарийн бичгийн дарга С.Шетти нар хуралдаан даргалагчаар ажиллана.

Эх сурвалж: http://www.transparency.org/news/pressrelease/anti_corruption_activists_target_impunity_at_17th_international_anti_corrup

Дэлхий даяар хээл хахуулийн хэмжээ өсч, үр дагавар нь мөнгөөр хэмжигдэхээргүй болж байна

Чикаго Трибюн. 2016.12.01. Авлига, хээл хахууль, гар хүндрүүлэх явдал нь дэлхийн эдийн засагт аюул учруулж буй бодитой бөгөөд хэмжээ нь байнга өсөн нэмэгдэж байгаа хүчин зүйлс юм. Түүнчлэн эдгээр хүчин зүйл нь мансууруулах бодис наймаалагчид, хүний наймаачид гэх мэт гэмт хэрэгтнүүдийн хэргээ үйлдэх зам мөрийг нь засч өгдөг. Олон улсын валютын сангийн тооцоолсноор жил бүр 1.5 их наяд долларын хэмжээтэй мөнгө хөрөнгө хээл хахуулийн хэлбэрээр гараас гарт дамждаг бөгөөд энэ нь дэлхийн дотоодын нийт бүтээгдэхүүний 5 орчим хувьтай дөхөж байна.

Авлигын улмаас учирч байгаа хор хохирол нь дан ганц мөнгөөр хэмжигдэхгүй. Авлигатай тэмцэх үйл ажиллагаа явуулдаг “Ти-Ар-Эй-Си-И Интернейшнл”[4] байгууллагын ерөнхийлөгч, үүсгэн байгуулагч Александра Враге “Хээл хахуульгүйгээр мансууруулах бодис зарж чадахгүй, хээл хахуульгүйгээр хүний наймаа хийх боломжгүй, тэр ч байтугай хээл хахуульгүй бол алан хядах үйл ажиллагаа явагдахгүй” гэв.

Тус байгууллагын гаргасан судалгааны дүнгээр хээл хахуулийн хэмжээ ихэсч, авлигын нөхцөл байдал хүндэрсэн дүр зураг харагдаж байна. Бизнесийн хүрээн дэх авлигын эрсдэлийн үнэлгээнд хамрагдсан 199 улс орны 60 орчим хувийнх авлигын эрсдэл 2014 оны түвшингээс нэмэгдэж, 32 хувийнх нь эрсдэл буурсан байна. Швед 10, Шинэ Зеланд 15, Эстони, Хонконг 17, Норвег 19 оноогоор хамгийн эрсдэл багатай улсуудын эхэнд жагссан бол Нигериа 99 оноогоор 199 дүгээр байранд орж бизнесийн хүрээн дэх авлигын хамгийн өндөр эрсдэлтэй орон болжээ[5]. Оросын Холбооны Улсын нөхцөл байдал сайжирч 2014 оонд 65 байсан бол энэ жилийн судалгааны дүнгээр 58 оноотой болсон. Харин Хятад улс хэдийгээр авлигын эсрэг хүчтэй тэмцэл хийж байгаа ч хоёр жилийн өмнөх 66 оны үзүүлэлт нь өөрчлөгдсөнгүй.

Нөхцөл байдал АНУ-ын хувьд хүртэл дордсон байна. Тус улсын авлигын эрсдэл 2014 онд 27 байсан бол 2016 онд 34 болж нэмэгдсэн. Хэдийгээр АНУ авлигатай хууль тогтоомжийн зохицуулалтаа сайжруулсан боловч бизнесийн болон засгийн газрын үйл ажиллагаа хоорондоо илүү их хамааралтай болж, иргэний нийгмийн байгууллагуудын зүгээс авлигын нөхцөл байдалд тавих хяналт суларснаас тус улсын авлигын эрсдэл нэмэгджээ.

Эх сурвалж: http://www.chicagotribune.com/news/sns-wp-bribery-c3b55204-b7ef-11e6-a677-b608fbb3aaf6-20161201-story.html

СУДАЛГАА ШИНЖИЛГЭЭНИЙ АЛБА