ГАДААДЫН ХЭВЛЭЛ, МЭДЭЭЛЛИЙН ХЭРЭГСЭЛ, ВЕБ САЙТАД НИЙТЛЭГДСЭН МЭДЭЭ, НИЙТЛЭЛ, ҮЙЛ ЯВДЛЫН ТОЙМ /2016.12.03-05/

A- A A+
ГАДААДЫН ХЭВЛЭЛ, МЭДЭЭЛЛИЙН ХЭРЭГСЭЛ, ВЕБ САЙТАД НИЙТЛЭГДСЭН МЭДЭЭ, НИЙТЛЭЛ, ҮЙЛ ЯВДЛЫН ТОЙМ /2016.12.03-05/

Пак Гын Хэ-г огцрохыг шаардан олон зуун мянган иргэд жагсав

БНСУ 2016.12.04 (ABC.net). Ерөнхийлөгч Пак Гын Хэ-г огцрохыг шаардан Сөүл хотод олон зуун мянган Солонгосчууд жагсаал хийв. Энэ удаагийн жагсаал нь сөрөг хүчний гурван намаас Ерөнхийлөгч Пак Гын Хэ-д итгэл үл үзүүлэх тогтоолын төслийг парламентад өргөн барьсны дараа болж байгаагаараа онцлог юм.

Пак Гын-Хэ-г эрх мэдлээ урвуулан ашиглаж Үндсэн хууль болон Эрүүгийн хуулийг зөрчсөн хэмээн буруутгаж байгаа энэхүү тогтоолын төсөлд тус улсын 300 суудалтай парламентын гишүүдийн 171 нь гарын үсэг зурсан байгаа юм.

Ерөнхийлөгчийн Хөх ордноос 100 хүрэхгүй метрийн зайд тулж ирсэн жагсагчид Пакийг албан тушаалаа нэн даруй өгөх, мөн Пак-ийг хэзээ, хэрхэн албан тушаалаа өгөхийг шийдвэрлэхийг парламентаас шаардаж байна.

"Тэр одоо болтол албан тушаалаа хашиж байна гэдэг бол үндэсний гутамшиг. Пак аль хэдийнээ албан тушаалаа өгөх байсан юм” хэмээн хоёр охиныхоо хамт жагсаалд оролцож буй, Сөүлийн 43 настай ээж Ким Жаэ-хва хэлсэн юм.

Албан тушаалаа урвуулан ашигласан хэрэгт буруутгагдаж буй найз Чой сүүн-шилийн удирдаж байсан сангуудад мөнгө төвлөрүүлэх зорилгоор Солонгосын том корпорациудыг хандив өгөхийг шаардсан, хуйвалдаан зохион байгуулсан зэрэг хэрэгт хатагтай Пак-ийг буруутгаж байна.

Харин Пак өөрөө дээрх хэрэгт буруугүй гэдгээ илэрхийлж, ард түмнээсээ хоёр дахь удаагаа уучлал гуйсан юм.

Итгэл үл үзүүлэх асуудлаар санал хураалт Баасан гарагт болж магадгүй. Учир нь Ерөнхийлөгч Пак Гын Хэ-д итгэл үл үзүүлэх асуудлаар парламентын санал хураалт 12 дугаар сарын 9-ний өдөр болно хэмээн сөрөг хүчний гурван намаас мэдэгдээд байна.

Өргөн баригдсан төслийг албан ёсоор нэгдсэн чуулганд танилцуулахаас өмнө парламентын нарийн бичгийн даргын газар хянадаг. Уг тогтоолын төслийг батлахад парламентын 2/3-ын санал авах хэрэгтэй байдаг бөгөөд уг асуудлыг батлахад сөрөг хүчний гурван намд Пак-ийн “Saenuri” намаас 28 гишүүний санал шаардлагатай аж.

Одоогийн байдлаар Пак-ийн “Saenuri” намын гишүүдээс уг асуудлыг дэмжих эсэх нь тодорхойгүй байгаа юм.

Жагсаал зохион байгуулагчдын үзэж байгаагаар Бямба гарагийн эсэргүүцлийн жагсаалд нийтдээ 500,000 хүн оролцсон гэж мэдэгдэж байгаа бол цагдаагийн 20,000 орчим алба хаагч бэлэн байдалд үүрэг гүйцэтгэсэн байна.

Эх сурвалж: http://www.abc.net.au/news/2016-12-04/south-koreans-march-near-presidential-house-demand-park-resign/8090544

Авлигаас урьдчилан сэргийлэх зорилгоор Вьетнамын худалдаа, аж үйлдвэрийн албан тушаалтнуудыг орлогоо мэдүүлэхийг шаардлаа

Ханой 2016.11.30 (Синхуа). Вьетнамын Худалдаа, аж үйлдвэрийн сайдын эрхлэх асуудлын хүрээнд үйл ажиллагаа явуулж буй групп, компаниудын захирлуудыг 2016 оны орлогоо мэдүүлэхийг шаардаад байна.

Худалдаа, үйлдвэрийн яамны цахим хуудсанд мэдэгдсэнээр авлигаас урьдчилан сэргийлэхийн тулд ил тод байдлыг нэмэгдүүлэх зорилгоор энэхүү шийдвэрийг тус салбарын сайд гаргасан аж.

Дээрх шийдвэрийн дагуу төрийн өмчийн оролцоотой компаниудын удирдлагууд болон тус яам, газар, хэлтсийн дарга нар бүгд өөрсдийнхөө орлогыг мэдүүлэх аж.

Худалдаа, аж үйлдвэрийн яамны хамгийн сүүлийн үеийн мэдээллээс харахад тус яамны доор үйл ажиллагаа явуулдаг компанийн захирлын сарын цалин 38-74 сая вьетнамын дон (1600-3200 ам.доллар) байгаа юм.

Эх сурвалж: http://www.shanghaidaily.com/article/article_xinhua.aspx?id=333561

Перу хээл хахуультай холбоотой хөлбөмбөгийн албан тушаалтнаа АНУ-ын талд шилжүүлэн өгөөд байна

Перу 2016.12.02 (Foxnews). Хөлбөмбөгийн зах зээл болон хөлбөмбөгийн тэмцээнийг телевизээр дамжуулах эрх олгохтой холбоотой Олон улсын хөлбөмбөгийн холбооны олон сая долларын хээл хахуулийн хэрэгт холбогдон буруутгагдаж байсан албан тушаалтнаа Перу улс АНУ-ын талд шилжүүлэн өгөөд байна. Өөрөөр хэлбэл, Перугийн Хөлбөмбөгийн холбооны тэргүүн асан Мануэль Бургаг арилжааны нислэгээр Баасан гарагт Нью-Йоркруу илгээсэн байна.

Олон улсын хөлбөмбөгийн холбооны хээл хахуулийн хэргийн мөрдөн шалгах ажиллагаатай холбоотойгоор Бургагийг 2015 оны 12 дугаар сараас хойш саатуулж байсан юм. Улмаар Бургаг АНУ-ын талд хүлээлгэн өгөх шийдвэрийг өнгөрөгч 6 дугаар сард Перугийн Дээд шүүхээс гаргасан бөгөөд одоогоос нэг долоо хоногийн өмнө түүнийг шилжүүлэх зарлигт тус улсын Ерөнхийлөгч Педро Пабло Кузниски гарын үсэг зурсан юм.

Бурга нь Перугийн Хөлбөмбөгийн холбоог арав гаруй жил буюу 2014 оныг хүртэл удирдаж байсан бөгөөд дээрх хэрэгт холбоогүй гэдгээ илэрхийлсээр ирсэн билээ.

Эх сурвалж: http://www.foxnews.com/world/2016/12/02/peru-extradites-ex-soccer-boss-to-us-on-bribery-charges.html

Сенатын тэргүүн Ренан Калхэйросыг авлигын хэрэгт холбогдуулан шалгана

Бразил 2016.12.02 (BBC). Бразилийн Сенатын тэргүүнийг авлигын хэрэгт буруутай байж болзошгүй хэмээн үзэж шалгах шийдвэрийг тус улсын дээд шүүхээс гаргалаа.

Ерөнхийлөгч Мишээл Тэмэрийн томоохон хамтрагч Ренан Калхэйросийг 2007 оны үед төрийн сангаас шамшигдуулсан хэрэгт буруутгаж байгаа юм. Тухайн үед Калхэйрос нь Сенатын тэргүүний албан тушаалаасаа огцорч байсан боловч 6 жилийн дараа дахин сенатын тэргүүнээр сонгогдсон юм. Хэдий тийм ч тэрээр энэ хэрэгт буруугүй гэдгээ илэрхийлсээр байна.

Энэ удаагийн хэргээс гадна 61 настай ноён Калхэйросыг төрийн өмчийн газрын тосны Петробрас компанийн авлигын хэрэгт холбогдуулан мөн шалгаж байгаа билээ.

Төсвийн хуулийг зөрчсөн болох нь тогтоогдсон өмнөх Ерөнхийлөгч Дилма Руссэффэд парламентаас итгэл үл үзүүлэхэд буюу өнгөрөгч 8 дугаар сард Тэмэр нь Ерөнхийлөгчийн албан тушаалыг хүлээн авсан юм.

Эх сурвалж: http://www.bbc.com/news/world-latin-america-38181200

Олон улсын 17 дахь авлигын эсрэг бага хурал: Шударга ёс, тэгш байдал, аюулгүй байдал, итгэлцлэлийн цаг үе бол одоо

ТИ 2016.12.04 (Transparency International). “Шударга ёс, тэгш байдал, аюулгүй байдал, итгэлцлэлийн цаг үе” сэдвийн хүрээнд зохион байгуулагдсан Олон улсын 17 дахь авлигын эсрэг бага хурал Панам хотноо амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө. Дөрвөн өдрийн турш зохион байгуулагдсан уг бага хуралд 130 улсаас 1600 гаруй хүн цуглаж дэлхийн авлигатай тэмцэх үйл ажиллагааны талаар 40 гаруй семинар, 5 нэгдсэн чуулган зохион байгуулагдаж хэлэлцүүлэг явагдсан байна.

Бага хурлаас шударга ёсыг бэхжүүлэх, тэгш, аюулгүй байдлыг хангах, итгэлцлэлийг нэмэгдүүлэх чиглэлээр тунхаг гаргасан байна. Бага хурлын тунхгийг http://www.transparency.org/files/content/pressrelease/ThePanamaDeclaration_17IACC.pdf -ээс үзнэ үү.

Дараагийн буюу Олон улсын 18 дахь авлигын эсрэг бага хурал 2018 онд Данийн Копенгаген хотноо зохион байгуулагдах юм. Хөгжиж буй улс орнуудад амьдралын нөхцөлийг сайжруулах, авлигатай тэмцэх чиглэлээр НҮБ-ын Тогтвортой хөгжлийн зорилгуудыг дэмжих зэрэг асуудлыг ирэх оны хуралд хэлэлцэх юм.

Эх сурвалж: http://www.transparency.org/news/pressrelease/17_international_anti_corruption_conference_the_time_for_justice_equity_sec

СУДАЛГАА ШИНЖИЛГЭЭНИЙ АЛБА