ГАДААДЫН ХЭВЛЭЛ, МЭДЭЭЛЛИЙН ХЭРЭГСЭЛ, ВЕБ САЙТАД НИЙТЛЭГДСЭН МЭДЭЭ, НИЙТЛЭЛ, ҮЙЛ ЯВДЛЫН ТОЙМ /2016.12.05-06/

A- A A+
ГАДААДЫН ХЭВЛЭЛ, МЭДЭЭЛЛИЙН ХЭРЭГСЭЛ, ВЕБ САЙТАД НИЙТЛЭГДСЭН МЭДЭЭ, НИЙТЛЭЛ, ҮЙЛ ЯВДЛЫН ТОЙМ /2016.12.05-06/

Хятадын авлигатай тэмцэх үйл ажиллагааны бараан тал: Нууц шоронгууд дахь тамлан зовоолт

БНХАУ 2016.12.06 (CNN). Хятадын Сахилгын хяналтын төв хороо бол Коммунист намын бүх 88 сая гишүүний авлигын асуудлыг мөрдөн шалгах эрх бүхий байгууллага билээ. Си Зиньпин тус улсын даргын албан тушаалыг 2012 онд авснаас хойш түүний томоохон зорилтуудын нэг нь авлигатай тэмцэх явдал байсан бөгөөд энэ хугацаанд Жоу Юнкан, Гуо Босюн зэрэг өндөр албан тушаалтнуудад хариуцлага тооцоод байгаа билээ.

Сахилгын хяналтын төв хорооны дэд дарга Вү Юлиан-ы мэдэгдэхдээ зөвхөн сүүлийн жилд авлигын хэрэгт холбогдуулан Сахилгын хяналтын төв хорооноос 300,000 орчин албан тушаалтны шалгасан байна. Си Зиньпин даргын авлигатай тэмцэх үйл ажиллагааны амжилтын ард өөр ямар нэг зүйл, хөдөлгөх хүч байгаа юу гэсэн асуулт урган гарч ирж байна.

“Авлигатай тэмцэх кампанит ажлын талаар хамгийн том асуулт болох. Хятадын энэхүү кампанит ажил үнэхээр авлигатай тэмцэх үйл ажиллагаа юу? Эсхүл улс төрийн өрсөлдөгчөө дарах алхам уу?” хэмээн АНУ-ын Жоржиа их сургуулийн Хятад судлалын тэргүүн Андрэй Вэдэманээс асуухад “Энд аль аль нь байгаа” хэмээн хариулсан байдаг.

Сахилгын хяналтын төв хорооноос шалгаж буй этгээдүүдээ ихэвчлэн тодорхойгүй хугацаагаар нууц газар саатуулдаг бөгөөд тэднийг хэрцгий байдлаар байцаадаг хэмээн “Human Rights Watch” ТББ-ын нэгэн тайланд онцолсон байна. Мөн “Си Зиньпиний авлигатай тэмцэх кампанит ажиллагаа ёс бус, хууль бусаар цагдан хорих системд суурилсан. Хэргийг нь хүлээлгэхээр сэжигтнүүдийг тамлан зовоож байгаа нь авлигатай тэмцэхэд нөлөөлөхгүй харин Хятадын шүүхийн системд итгэх итгэлийг үгүй хийж байна” хэмээн америк төвтэй “Human Rights Watch” ТББ-ын Хятад салбарын тэргүүн Софие Ричардсон мэдэгдээд байна.

Сэжигтнүүд амиа хорлохоос зайлсхийх зорилгоор тэдний ихэнхийг нь зочид буудал, ихэвчлэн 1-ээс доошхи давхарт, тусгаарлагдсан ханатай өрөөнд саатуулан шалгах ажиллагааг нууцаар явуулдаг хэмээн Азийн судлалын Коркийн Их сургуулийн Хятад шинжээч Жаки Шээхан хэлсэн юм.

“Human Rights Watch” ТББ-ын тооцоолсноор ихэвчлэн саатуулагдан шалгагдах явцдаа буруутайгаа хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан, дараа нь прокурорт шилжсэн энэ төрлийн хэрэг Хятадад 2015 онд 66,000 гаруй болсон бөгөөд мөн Хятад эрх зүйн системийн гадна ч мөн явагдсан байна. Тус байгууллагын тайланд онцолсноор сэжигтнүүдийг маш бага талбайтай өрөөнд байршуулдаг бөгөөд “бие мах бодь болон сэтгэл санааны олон төрлийн дарамт”-ыг тэдэнд үзүүлдэг байна. “Надад унтах эрх байхгүй байсан бөгөөд ямар ч хоол, унд өгөөгүй. Намайг зодсон...би бүх зүйлд буруутай байсан” хэмээн Сахилгын хяналтын төв хороонд шалгагдаж байсан, албан тушаалтан асан Бао Руйзи “Human Rights Watch” ТББ-д мэдэгдсэн байна.

“Даарах, өлсөх бол маш түгээмэл байдаг зүйл. Тэд мөн сандалтай нь хүлэх, зодох, төрөл бүрээр доромжлох, унтуулахгүй байх зэрэг олон төрлийн тамлан зовоох арга ашигладаг хэмээн” судлаачдад хуульч Зоу Лифэн хэлсэн байна.

Энэ төрлийн тамлан зовоох системээс зайлсхийхийн тулд саатуулагдсан этгээдүүд бараг л бүхий л зүйлийг хүлээн зөвшөөрдөг болохыг энд шалгагдаж байсан хүмүүс “Human Rights Watch” ТББ-д илэрхийлсэн байна.

Эх сурвалж: http://edition.cnn.com/2016/12/06/asia/china-shuanggui-communist-party-torture/index.html

Бразилийн Сан Паулод авлигын эсрэг жагсаал болов

Бразил 2016.12.05 (RT). Өнгөрөгч Ням гарагт Сан Пауло хотод 15,000 орчим бразилийн иргэд цуглаж эсэргүүцлийн жагсаал зохион байгуулав. Жагсагчид одоо үргэлжилж буй авлигатай тэмцэх үйл ажиллагааг дэмжиж байгаагаа илэрхийлэхийн зэрэгцээ авлигын хэргийг яллах үйл ажиллагаанд саад хийх гэсэн далд санаа бүхий конгрессын санал хураалтын үйл ажиллагаанд бухимдаж байгаагаа илэрхийлж байсан юм.

Жагсагчдын ихэнх нь үндэсний далбааны өнгө болох шар, ногоон өнгийн хувцас өмссөн байсан бөгөөд “Авлигач Конгресс” хэмээн бичсэн баннер барьсан байв. Тэдний ихэнх нь төрийн өмчид газрын тосны Петробрас компанийн авлигын хэргийн мөрдөн шалгах ажиллагааг удирдаж буй, мөн асуудлын төв болоод байгаа авлигатай тэмцэх хуулийг боловсруулсан шүүгч Серхио Морог дэмжиж байгаагаа илэрхийлж байсан юм. Үүнтэй ижил төрлийн олон мянган хүмүүс оролцсон эсэргүүцлийн жагсаал Рио-де-Жанейро зэрэг бусад хотуудад мөн болсон юм.

Өнгөрсөн долоо хоногийн Мягмар гарагт Конгрессын доод танхимд авлигатай тэмцэх хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлыг хэлэлцэн дэмжсэн юм. Уг нэмэлт, өөрчлөлтөөр одоогийн хэргийг шалгаж буй шүүгч, прокурорууд албан тушаалаа урвуулан ашигласан, бусдад дарамт шахалт үзүүлсэн бол хатуу хариуцлага тооцох зохицуулалт орсон байгаа бөгөөд уг хуулийг Петробрасын хэргээр шалгагдаж байгаа хууль тогтоогчид дэмжсэн аж.

Эх сурвалж: https://www.rt.com/in-motion/369248-brazil-anti-corruption-moro/

 Мексик Улс нэгэн авлигын хэрэгт шүүгдэгчээс 12 сая гаруй ам. долларыг хураан авчээ

Мексик 2016.12.05 (UPI). Мексикийн Вэракруз муж улсын захирагч асан Хавьер Дуарте-ийн хөрөнгийг хураан авсан байна.

Авлигын хэргийн мөрдөн шалгах ажиллагаатай холбоотойгоор өнгөрөгч 10 дугаар сард Дуарте албан тушаалаасаа огцорсон бөгөөд нэг долоо хоногийн дараа сураггүй алга болсон билээ. Улмаар Ерөнхий прокуроруудын ажилтнууд Вэракруз муж улсад байрлах Дуартегийн хөрөнгийг өнгөрөгч ням гарагт хураан авсан байна.

“Вэрэкруз муж улсаас хулгайлагдсан хөрөнгийг (12 сая ам. доллар орчим) буцаан авах үйл ажиллагааг зохион байгуулсан” хэмээн тус муж улсын одоогийн захирагч Мигель Ангел Янэс Линарэс мэдэгдсэн юм.

Дуарте нь зохион байгуулалттай гэмт хэрэг болон мөнгө угаасан хэрэгт сэжиглэгдэн шалгагдаж байсан юм. Хөрөнгө хураах үеэр нэрт зураач Хуан Миро, Руфино Тамайо, Фернандо Ботеро, Леонора Каррингтон нарын 17 зургийг мөн хураан авсан бөгөөд удахгүй дуудлага худалдаанд оруулах аж. Улмаар энэ хөрөнгийг хүүхдийн эмнэлгийг санхүүжүүлэхэд зарцуулах болно хэмээн Өнгөрөгч долоо хоногоос муж улсын захирагчийн үүргийг гүйцэтгэж эхэлсэн Янэс Линарэсийн хэлсэн юм.

Эх сурвалж: http://www.upi.com/Top_News/World-News/2016/12/05/Mexico-seizes-more-than-12M-from-ex-governor-accused-of-corruption/4691480949450/

СУДАЛГАА ШИНЖИЛГЭЭНИЙ АЛБА