ГАДААДЫН ХЭВЛЭЛ, МЭДЭЭЛЛИЙН ХЭРЭГСЭЛ, ВЕБ САЙТАД НИЙТЛЭГДСЭН МЭДЭЭ, НИЙТЛЭЛ, ҮЙЛ ЯВДЛЫН ТОЙМ /2016.12.06-07/

A- A A+
ГАДААДЫН ХЭВЛЭЛ, МЭДЭЭЛЛИЙН ХЭРЭГСЭЛ, ВЕБ САЙТАД НИЙТЛЭГДСЭН МЭДЭЭ, НИЙТЛЭЛ, ҮЙЛ ЯВДЛЫН ТОЙМ /2016.12.06-07/

Авлигын асуудлаар нээлттэй сонсгол зохион байгуулав

БНСУ 2016.12.06 (BBC). Өмнөд Солонгосын Ерөнхийлөгчийг асуудалд оруулсан авлигын хэргийн төвд байгаа Чой сүүн-шилийн охинд нэг морь өгсөн гэдгээ “Samsung” компани хүлээн зөвшөөрөөд байна. Ерөнхийлөгчийн авлигын хэрэгтэй холбоотойгоор тус улсын том бизнес эрхлэгчдээс хууль тогтоогчид асуулт асуух нээлттэй сонсгол зохион байгуулаад байна.

Сонсголын үеэр Ерөнхийлөгч Пак Гын-хэ-гийн холбогдоод байгаа сангуудад хандив өгсөн гэдгээ 8 компани хүлээн зөвшөөрсөн бөгөөд энэ үйлдэл нь ямар нэгэн давуу байдал олох зорилгогүй байсан гэдгийг тэд мөн илэрхийлсэн байна.

Тус улсын парламент уг хэрэгтэй холбоотойгоор Ерөнхийлөгчид итгэл үзүүлэх эсэх асуудлаар баасан гарагт санал хураалт явуулахаар төлөвлөж байгаа юм.

Мөн тус улсад Ерөнхийлөгч Пак Гын-хэ-г албан тушаалаа өгөхийг шаардан сүүлийн хэдэн долоо хоногийн турш томоохон хэмжээний эсэргүүцлийн жагсаал болж байгаа билээ.

Бүх намын гишүүдийн төлөөллөөс бүрдсэн ажлын хэсэг дээрх компаниудын захирлуудаас асуулт асуух сонсгол зохион байгуулах хэсэгт орсон байсан юм. Парламентын гишүүдээс бүрдсэн уг ажлын хэсэг нь хэн нэгнийг буруутайд тооцох эрхгүй юм. Хэдий тийм ч, тус ажлын хэсгийн даргын хэлснээр энэхүү сонсгол бол уучлал гуйх газар аж.

Ерөнхийлөгчийн дотны найз Чойгийн удирдаж байсан ашгийн бус сангуудад томоохон хэмжээний хандив өгсөн хэмээн дээрх компаниудыг прокурорууд буруутгаж байгаа юм. Харин хатагтай Чойг залилан хийх оролдлого хийсэн, дарамт шахалт үзүүлсэн зэрэгт буруутгаж байгаа юм.

Харин “Samsung” компанийг маргаантай байсан хоёр компанийг нэгтгэх үйл явцад дэмжлэг авах зорилгоор уг хандивыг өгсөн хэмээн прокурорууд үзэж байгаа билээ. “Samsung” компани нь одоогийн байдлаар Чойгийн удирдаж байсан хоёр санд нийтдээ 20.4 тэрбум вонь (17.46 сая ам. доллар) өгсөн байна.

“Samsung” компани хатагтай Чойгийн охин Чун Ёо-ра-гийн зөвхөн морин спортын сургалтад зориулан 3 сая ам. доллар өгсөн хэмээн прокурорууд үзэж байгаа билээ.

Сонсголын үеэр “Samsung” компани дээрх морины төлбөрийг төлсөн гэдгийг тус компанийн дэд захирал Ли Жаэ-юон баталж, харамслаа илэрхийлсэн юм.

Компаниудын зүгээс төрийн өндөр албан тушаалтны хүсэлтээс татгалзах боломжгүй байсан гэдгийг дээрх компаниудын нэг удирдлага сонсголын үеэр онцолж байсан юм.

Эх сурвалж: http://www.bbc.com/news/world-asia-38218132

Авлига, мөнгө угаах хэрэгтэй холбоотойгоор Жон Блок 15 жилийн ял авлаа

Өмнөд Африк 2016.12.06 (Mail & Guardian). Тус улсын эрх баригч “Африкийн Үндэсний конгресс” намын дарга асан Жон Блок болон “Trifecta Holdings” компанийн гүйцэтгэх захирал асан Христо Шолтц нарын авлига, мөнгө угаасан хэрэгт 15 жилийн хорих ял оногдууллаа хэмээн “News24” мэдээний агентлаг мягмар гарагт мэдээллээ.

Олон сая долларын луйвар, авлига, мөнгө угаасан хэрэгт Блок болон Шолтц нарыг мөн тус намын Нийгмийн хөгжлийн удирдах зөвлөлийн гишүүн Алвин Ботесийн хамт буруутгаж байсан бөгөөд 2015 оны 10 дугаар сарын 14-нд Блок, Шолтц нарыг хэрэгт буруутай болохыг нь тогтоосон бол харин Ботесыг буруугүй гэж тогтсон билээ.

Мөн тэдний хамт тус намын Нийгмийн хөгжлийн хэлтсийг тэргүүлэн ажиллаж байсан ажилтан Ёланда Ботаг буруутгаж байсан тэрээр хорт хавдраар өвчилж 2014 оны 12 дугаар сард нас барсан билээ.

Эх сурвалж: http://mg.co.za/article/2016-12-06-john-block-gets-15-year-jail-term-for-money-laundering-corruption

Тэрбумтанд оногдуулсан цаазын ялыг Ираны Дээд шүүх хэвээр үлдээв

Иран 2016.12.03 (Associated Press). Тэрбумтан Бабак Занжанд оногдуулаад байсан цаазын ялыг Ираны Дээд шүүхээс хэвээр нь үлдээлээ хэмээн тус улсын төрийн мэдлийн мэдээний агентлагаас мэдээллээ. Өөрөөр хэлбэл, мөнгө угаасан, улсын эдийн засагт хохирол учруулсан зэрэг хэрэгт буруутгагдан цаазын ял аваад байсан Бабак Занжанд оногдуулсан ялыг хэвээр нь үлдээх шийдвэр гаргасныг тус улсын “IRNA” агентлагаас бямба гарагт мэдээлсэн юм.

Анхан шатны шүүхээс 2016 оны 3 дугаар сард Бабак Занжан болон түүний хоёр хамтрагч тус бүрд нь цаазын ял оногдуулсан билээ.

Мөн Бабак Занжаны хоёр хамтрагчид оногдуулаад байсан цаазын ялыг Дээд шүүх хэвээр нь үлдээсэн хэмээн тус шүүхийн ахлах ажилтан Голам-Реза Ансарийн хэлснийг “IRNA” агентлаг мөн дамжуулсан юм.

Өмнөх Ерөнхийлөгч Махмуд Ахмадинежадыг засгийн эрх барьж байх үед үйлдсэн авлигын хэргүүдэд буруутган 2013 онд Занжаныг баривчилж байсан билээ.

Ираны тэрбумтнуудын нэг болох 41 настай Занжаны хөрөнгийн хэмжээг 14 тэрбум ам. доллар гэж тооцогддог бөгөөд Хасан Роуханыг тус улсын Ерөнхийлөгч болсны дараахан түүнийг баривчилсан билээ.

Эх сурвалж: http://abcnews.go.com/International/wireStory/irans-supreme-court-confirms-death-sentence-tycoon-43946462

СУДАЛГАА ШИНЖИЛГЭЭНИЙ АЛБА