ГАДААДЫН ХЭВЛЭЛ, МЭДЭЭЛЛИЙН ХЭРЭГСЭЛ, ВЕБ САЙТАД НИЙТЛЭГДСЭН МЭДЭЭ, НИЙТЛЭЛ, ҮЙЛ ЯВДЛЫН ТОЙМ /2016.12.07-08/

A- A A+
ГАДААДЫН ХЭВЛЭЛ, МЭДЭЭЛЛИЙН ХЭРЭГСЭЛ, ВЕБ САЙТАД НИЙТЛЭГДСЭН МЭДЭЭ, НИЙТЛЭЛ, ҮЙЛ ЯВДЛЫН ТОЙМ /2016.12.07-08/

Өмнөд Солонгосын авлига: Нээлттэй сонсголоор Чойгоос асуулт асуухаар болов

БНСУ 2016.12.07 (BBC). Өмнөд Солонгосын томоохон авлигын хэргийн ард байсан хэмээн буруутгагдаад байгаа Чой Сүүн-шилийг парламентын сонсголд авчирч асуулт асуухаар болоод байна.

Ерөнхийлөгч Пак Гын-хэ-тэй нууцаар хуйвалдсан зэрэг хэрэгт Чойг буруутгаж байгаа юм. Харин тус улсын парламент Баасан гарагт хатагтай Пак-д итгэл үл үзүүлэх эсэх асуудлаар сонсгол явуулж санал хураах юм.

Энэ долоо хоногт тус улсын парламент сонсголоор “Samsung”, “Lotte”, “Hyundai”, “SK”, “LG” зэрэг компаниудын тэргүүн нараас асуулт асуусан юм. Эдгээр компаниуд хатагтай Чойгийн удирдаж байсан сангуудад их хэмжээний хандив өгсөн гэдгээ илэрхийлсэн билээ.

Засгийн газрын хүсэлтэд компаниуд үгүй гэж хэлэх хэцүү байсан гэдгийг сонсголын үеэр дээрх компаниудын нэг захирал илэрхийлж байсан юм.

Хатагтай Чойг Ерөнхийлөгчийн хоёр туслахын хамт саатуулсан байгаа бөгөөд одоогийн байдлаар эрүүл мэндийн шалтгааны улмаас дээрх сонсголд гэрчээр оролцохоос татгалзсан юм. Гэвч Чой болон бусад гэрчүүд түүний дотор Чойгийн гэр бүлийн гишүүдийг ч мөн нээлттэй сонсголоор оруулах шийдвэрийг энэ долоо хоногийн лхагва гарагийн өглөө гаргаад байгаа билээ.

“Чой сүүн-шилийн шүүх хурал Чой сүүн-шилгүйгээр явагдаж байгаатай адил энэ сонсгол үр дүн муутай болж байна” хэмээн тус сонсголыг зохион байгуулах ажлын хэсгийн тэргүүн Ким Сун-таэ хэлснийг “Agence France Presse” мэдээний агентлаг дамжуулсан юм.

Засгийн газрын шийдвэрт зүй бусаар нөлөөлсөн Чойгийн буруутай үйлдлийг Ерөнхийлөгч хүлээн зөвшөөрч байгаагаа илэрхийлж удаа дараа ард түмнээсээ уучлал гуйгаад байгаа юм.

Эх сурвалж: http://www.bbc.com/news/world-asia-38232740

Израилийн парламентын гишүүн асан хээл хахуулийн хэргээр баривчлав

Израиль 2016.12.08 (Jerusalem post). Санхүүгийн болон сексийн хээл хахууль авсан хэрэгт сэжиглэгдэж байсан тус улсын парламентын гишүүн асанг лхагва гарагт баривчлаад байна. Мөн энэ өдөр нэр нь одоог хүртэл тодорхойгүй байгаа дээрх парламентын гишүүн асанг баривчлагдах хугацааг ням гараг хүртэл сунгах шийдвэрийг тус улсын анхан шатны шүүхээс гаргасан юм.

Хууль тогтоох эрх мэдлийг эдэлж байх үедээ нэгэн бизнес эрхлэгчдээс хээл хахууль авч байсан гэх хэрэгт буруутган сэжигтнийг мөрдөн шалгаж байгаа болохоо Израилийн авлигатай тэмцэх “Lahav 433” нэгжээс мэдэгдсэн юм.

Сэжигтний авсан хээл хахуулийн зарим нь сексийн шинж чанартай байсан аж. Эдгээр хээл хахуулийн хариуд дээрх парламентын гишүүн тухайн бизнес эрхлэгчид бодлогын дэмжлэг үзүүлдэг байсан аж.

Сексийн хээл хахуульд оролцсон гэх нэгэн эмэгтэйг хилийн чанадаас гэрчээр татсан байна. Улмаар лхагва гарагт сэжигтнээс байцаалт авах үеэр уг гэрчийн мэдүүлгийг хүлээн зөвшөөрөхгүй байгаагаа илэрхийлсэн аж.

Уг мөрдөн шалгах ажиллагааг Тел Авив дүүргийн прокурорын газар хянаж байгаа бөгөөд сэжигтнийг яллах эсэхийг шийдвэрлэх юм. Сэжигтэн нь 1999-2015 оны хооронд парламентын гишүүн байсан бөгөөд гишүүн байхдаа дээрх асуудлыг үгүйсгэсээр ирсэн юм.

Эх сурвалж: http://www.jpost.com/Israel-News/Police-detain-ex-MK-for-alleged-bribery-and-fraud-474756

Терроризм, авлига хоёр бол нэг зоосны хоёр тал

Пакистан 2016.12.08 (The news.pk). Пакистан Улс нэг зоосны хоёр тал болсон авлига, терроризм гэсэн хоёр бэрхшээлтэй тулгарч байна хэмээн тус улсын Үндэсний хариуцлагын товчооны дарга Камар Заман Чаудхру хэлсэн байна. Үндэсний хариуцлагын товчооноос авлигатай тэмцэх асуудлаар зохион байгуулагдсан нэгэн семинарын нээлтийн үеэр авлига, терроризмыг төмөр гараар шийдвэрлэх хэрэгтэй байгаа гэдгийг тэрээр илэрхийлсэн байна.

Үндэсний хариуцлагын товчоо авлигын эсрэг дайтаж байхад манай арми терроризмын эсрэг дайн хийж байна. Авлига бол ямар ч хил хязгааргүй зүйл, үүний эсрэг дэлхийн нэгдсэн арга хэмжээ шаардлагатай байна хэмээн тэрээр мөн онцолсон юм.

Унгар Улсыг шүүмжилсэн авлигатай тэмцэх бүлгээс тус улс гарав

Унгар 2016.12.07 (Fox news). Унгар Улсыг шударга бусаар шүүмжилсэн авлигатай тэмцэх, ил тод байдлыг нэмэгдүүлэх олон улсын санаачилга “Нээлттэй засгийн түншлэл”-ээс тус улс гарч байгаагаа мэдэгдээд байна.

“Нээлттэй засгийн түншлэл”-ээс гаргасан тайланд манай Засгийн газрын байр суурийг харгалзахгүйгээр Унгар Улсыг шүүмжилсэн хэмээн тус улсын Гадаад харилцааны сайд мэдэгдээд байна.

Эх сурвалж: https://www.thenews.com.pk/print/170512-Terrorism-corruption-two-sides-of-same-coin-NAB-chairman

СУДАЛГАА ШИНЖИЛГЭЭНИЙ АЛБА