ГАДААДЫН ХЭВЛЭЛ, МЭДЭЭЛЛИЙН ХЭРЭГСЭЛ, ВЕБ САЙТАД НИЙТЛЭГДСЭН МЭДЭЭ, НИЙТЛЭЛ, ҮЙЛ ЯВДЛЫН ТОЙМ /2016.12.10-12/

A- A A+
ГАДААДЫН ХЭВЛЭЛ, МЭДЭЭЛЛИЙН ХЭРЭГСЭЛ, ВЕБ САЙТАД НИЙТЛЭГДСЭН МЭДЭЭ, НИЙТЛЭЛ, ҮЙЛ ЯВДЛЫН ТОЙМ /2016.12.10-12/

Петербург хотод Дотоод хэргийн яамны өндөр албан тушаалтныг саатуулжээ

ОХУ. 2016.12.09 (Нэгдүгээр суваг). ОХУ-ын Дотоод хэргийн яамны аюулгүй албаны өндөр албан тушаалтныг их хэмжээний хээл хахууль нэхсэн хэрэгтэй холбогдуулан баривчилжээ. Худалдааны төвийн газар доорх машин зогсоолын газар бизнес эрхлэгч Константин Марченко, Сергей Зиновенко нарыг Холбооны аюулгүй байдлын албаныхан үйлдэл дээр нь саатуулсан байна. Уг хоёр этгээдийг ОХУ-ын Мөрдөн байцаах хорооны Мөрдөн байцаах удирдах газарт шалгаж байгаа “Деловые линии” компанийн тэрбум гаруй рублийн татвараас зайлсхийсэн хэрэг тус компанийн олон тооны данс дахь 1 тэрбум таван зуун сая рублийг царцаасан асуудлыг шийдвэрлэж өгнө гэж амлан зуун сая рублийн хахууль нэхсэн хэрэгт зуучлагчаар оролцсон хэмээн мөрдөн байцаагчид үзэж байна. Уг мөнгө Дотоод хэргийн яамны аюулгүй албаны 17 дугаар бүсийн удирдах газрын дарга Юрий Тимченкод зориулагдсан байжээ. Тэрээр өөрөө авлигатай тэмцэх ёстой нэгэн атал 11 дүгээр сараас 12 дугаар сарын хооронд нэг бус удаа зуучлагчаар дамжуулан 100 сая рубль өгөхийг шаардсан хэмээн Олон нийттэй харилцах удирдах газрын даргын ахлах туслах Сергей Капитонов мэдэгдсэн байна. Бага биш энэхүү мөнгөний хариуд өндөр албан тушаалтан логистикийн томоохон аж ахуйн нэгжид холбогдох татвараас зайлсхийсэн хэргийг зогсоох, дансуудыг царцаасан асуудлыг шийдвэрлэж өгнө хэмээн амлажээ. Дотоод хэргийн яамны аюулгүй байдлын хариуцсан албан тушаалтан урьдчилан 50 сая рублийг нэхсэн ба асуудлыг шийдвэрлэсний дараа үлдэгдлийг авахаар тохирсон байсан хэмээн Мөрдөн байцаах хорооны мэдэгдэлд дурджээ.

Юрий Тимченко болон түүний хамсаатнуудыг баривчилсан ба сэжигтнүүдийн гэрт нь нэгжлэг хийсэн байна. Смольнинскийн дүүргийн шүүх эдгээр гурван этгээдэд зохих арга хэмжээг авна. Батлагдаагүй мэдээллээр уг мөнгө зөвхөн Ю.Тимченкод төдийгүй Мөрдөн байцаах хорооны өндөр албан тушаалтнуудад зориулагдсан байж болох талтай хэмээн хэвлэл мэдээллийнхэн онцолж байна. Дотоод хэргийн яам болон Холбооны аюулгүй байдлын албаныхан өөрсдийн шалгалтыг явуулахаар болсон ба Москвагаас Петербургд мөрдөн байцаагчдын баг томилогдсон байна.

Эх сурвалж: https://www.1tv.ru/news/2016/12/09/315798-v_peterburge_zaderzhan_vysokopostavlennyy_sotrudnik_upravleniya_sobstvennoy_bezopasnosti_mvd

Авлигатай тэмцэх өдөр: Сэтгүүлчид тэргүүн эгнээнд

Парис. 2016.12.12 (thedailyblog.co.nz). Авлигатай тэмцэх олон улсын өдөр "Хил хязгааргүй сэтгүүлчид" байгууллагаас авлигын хэргийг илрүүлэхэд сэтгүүлчдийн үүргийг онцолж байна. Зарим нөхцөлд засгийн газрын дээд түвшинд гардаг авлигын хэрэг нь сэтгүүлчдэд мөн эрсдэл дагуулдаг тухай тэмдэглэжээ. Авлигад ихээр автсан улс орнуудад авлигын асуудлыг хөндөх нь аюул дагуулдаг, сэтгүүлчдийн хувьд хориотой сэдэв байдаг. Гэсэн хэдий ч баян, ядуу аль ч улсын сэтгүүлчид авлигатай тэмцэх тэмцлийн тэргүүн эгнээнд байдаг. Эрэн сурвалжлах сэтгүүл зүй нь ардчилал, хүний эрхийн зөрчил дагуулдаг авлигаас урьдчилан сэргийлэхэд тус нэмэр болдог.

Дайн, улс төрийн болон эдийн засгийн хямрал, дарангуйлагч дэглэмийн хэтрүүлэлт зэрэг нь авлигын үндсэн шалтгаан болдог ба Турк, Эритр, Сомали, Мексик, ОХУ, Малайз, Иран зэрэг улсад сэтгүүлчид хохирох нь их байдаг. Авлигатай тэмцэж ардчилал, хууль цаазат ёсны үндсийг хамгаалж буй хэвлэл, мэдээллийн хэрэгсэлд илүү өндөр түвшний хамгаалалт шаардлагатай байна хэмээн "Хил хязгааргүй сэтгүүлчид" байгууллагын Виржинигийн салбарын эрхлэгч Данглэс тэмдэглэжээ.

Эх сурвалж: http://thedailyblog.co.nz/2016/12/12/anti-corruption-day-journalists-on-front-line-at-risk-pacific-media-watch/

Малайзийн Авлигын эсрэг хороо олон нийтийн 80 хувийн дэмжлэг авахыг зорьж байна

Темерло. 2016.12.07 (www.themalaymailonlina.com). Малайзийн Авлигын эсрэг хороо авлигатай үр ашигтай тэмцсэнээрээ ирэх жил олон нийтийн 80 хувийн дэмжлэг авна гэдэгтээ итгэлтэй байна. Тус байгууллагад итгэх олон нийтийн итгэл өнгөрсөн жил 65.8 хувь байсантай харьцуулбал энэ жил 73 хувь болж өссөн. Бид олон нийтийн дэмжлэгийг 80 хувь болгохоор зорьж байна хэмээн тус байгууллагын орлогч дарга (Урьдчилан сэргийлэх) Датук Шамсун Бахарин Мохд Жамил мэдэгджээ.

Эх сурвалж: http://www.themalaymailonline.com/malaysia/article/macc-hopes-to-win-80pc-of-peoples-confidence-within-a-year

Авлигатай тэмцэх үндэсний бага хурлыг Шри Ланка Улс зохион байгуулж байна

Коломбо. 2016.12.06 (www.colombopage.com). Ерөнхийлөгч Майтрипала Сирисена-гийн ивээл дор Шри Ланк Улсын Засгийн газар авлигатай тэмцэх үндэсний хэмжээний хурлыг зохион байгуулж байгаа бөгөөд Ерөнхий сайд Ранил Викремесингх оролцоно. Хууль зүй, хэв журмын яам, Өмнөд хөгжлийн байгууллага, Хээл хахууль, авлигыг шалгах хороотой хамтран зохион байгуулсан хурал нь улс төрчид, төрийн болон хувийн салбарын өндөр албан тушаалтнууд, бусад холбогдох талууд болон олон нийтийг соён гэгээрүүлэх зорилготой юм.

Эх сурвалж: http://www.colombopage.com/archive_16B/Dec06_1481037542CH.php

СУДАЛГАА ШИНЖИЛГЭЭНИЙ АЛБА