ГАДААДЫН ХЭВЛЭЛ, МЭДЭЭЛЛИЙН ХЭРЭГСЭЛ, ВЕБ САЙТАД НИЙТЛЭГДСЭН МЭДЭЭ, НИЙТЛЭЛ, ҮЙЛ ЯВДЛЫН ТОЙМ /2016.12.13-14

A- A A+
ГАДААДЫН ХЭВЛЭЛ, МЭДЭЭЛЛИЙН ХЭРЭГСЭЛ, ВЕБ САЙТАД НИЙТЛЭГДСЭН МЭДЭЭ, НИЙТЛЭЛ, ҮЙЛ ЯВДЛЫН ТОЙМ /2016.12.13-14

Өмнөд Солонгосын прокурор асан дөрвөн жилийн ял авлаа

БНСУ. 2016.12.13 (The Associated Press). Өмнөд солонгосын шүүхээс прокурор асан Жин Кунг Жу-д дөрвөн жилийн ял оноожээ. Түүнийг 14.7 тэрбум вон буюу 12 сая ам.долларын гэрээ хэлцлийг өөрийн хүргэний өмчлөлийн компанитай хийх талаар Кореан эйр компанид шахалт дарамт үзүүлсэн хэрэгт ялласан байна. Харин түүнд Нэксон компанийн зарлаагүй хувьцаа худалдан авахын тулд мөнгө төлсөнтэй холбоотой хээл хахуулийн хэргийг нь цаагаатгасан талаар Сөүлийн төв дүүргийн шүүхийн хэвлэл, мэдээллийн төлөөлөгч Шин Дэ Ван мэдэгдсэн юм. Уг компанийн хувьцааг өнгөрсөн жил Японы компани худалдаж авснаар Жин Кунг Жу үлэмж хэмжээний ашиг олсон байна. Тэрээр 2010 онд Кореан эйр компанийн цэвэрлэгээний ажлыг өөрийн хүргэний компаниар гүйцэтгүүлэхийн тулд тус компанийн дэд ерөнхийлөгчид шахалт үзүүлсэн хэмээн шүүхийн шийдвэрт дурдсан байна. Жин Кунг Жу нь тухайн үед Кореан эйр компанийн бизнесийн хууль бус үйл ажиллагаатай холбоотой хэргийг хааж өгснийхөө төлөө өөрийн хүргэний компанид бизнесийн давуу байдал олгуулахаар шахсан байна. Цэвэрлэгээний ажлын тендер 14.7 тэрбум вон буюу 12 сая ам.доллараар үнэлэгджээ. Шүүхээс Кореан эйр компанийн албан хаагч Су Юун Вон-д уг хэрэгтэй холбоотойгоор хоёр жилийн ял оноожээ. Прокурор асан Жин нь дэд сайдын түвшний албыг хашиж байсан ба тус улсад ял хүлээж буй хамгийн өндөр түвшний прокурор аж. Түүнийг өнгөрсөн 8 дугаар сард албан тушаалаас нь чөлөөлжээ.

Эх сурвалж: http://abcnews.go.com/International/wireStory/south-korean-prosecutor-years-corruption-44157459

Олон улсын авлигын эсрэг өдрөөр авлигатай тэмцэхэд онцгой хүчин чармайлт гаргасан хүмүүст шагнал гардууллаа

Вена. 2016.12.09 (www.unodc.org). Олон улсын авлигатай тэмцэх өдрийг тохиолдуулан дэлхийн хэмжээнд авлигатай тэмцэх чиглэлээр онцгой үйлс бүтээсэн хүмүүсийг шагнав. Шагнал гардуулах ёслолд Катар Улсын Эрхэм дээд Эмир Шейх Тамин Бин Хамад Ал Тани, НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ки Мун зэрэг өндөр албан тушаалтнууд оролцов. Шагналыг инноваци, судалгаа, залуучуудын бүтээлч байдал, амьдралын турш хичээн зүтгэж үр дүнд хүрсэн амжилт зэрэг дөрвөн чиглэлээр гардуулжээ.

  • Амьдралын туршид хичээн зүтгэж үр дүнд хүрсэн амжилтын шагналыг Гватемал Улсын Ерөнхий прокурор Телма Алдана авчээ.
  • Авлигын чиглэлийн академик судалгааны шагналыг “Авлигатай тэмцэх болон хууль ёс” төрийн бус байгууллагыг үүсгэн байгуулагч, Скопия-гийн Аюулгүй байдлын факультетын хуулийн профессор Миодраг Лабович[13] болон Монреалийн Их сургууль, Торонтогийн Их сургууль, Сорбоны Их сургууль, Лилийн Католик Их сургуулийн, Төв Африкийн Католик Их сургуулийн хамтарсан судалгааны сүлжээ байгууллагууд хуваан хүртжээ.
  • Залуучуудын бүтээлч байдлын шагналын эздээр Грек Улсын “Залуучууд авлигын эсрэг” хөдөлгөөн болон Танзани Улсын ТМ Мьюзик (хөгжим, дуу ашиглан авлигын хор хөнөөлийг ухуулан таниулдаг хамтлаг) шалгарсан байна.
  • Авлигын эсрэг инновацийн шагналыг Афганистан Улсын ARTLORDS (гудамжны хананы зургаар олон нийтэд авлигаас урьдчилан сэргийлэх боловсрол олгож буй зураачдын хамтлаг) болон Палестины эрэн сурвалжлах сэтгүүлч Ханан Хандажи нарт олгосон байна.

Эх сурвалж: http://www.unodc.org/unodc/en/frontpage/2016/December/international-anti-corruption-day-recognizing-excellence-in-combatting-corruption.html

Энэтхэгийн Конгресс Кирен Рижижу-г огцрохыг шаардав

Шинэ Дэли. 2016.12.13 (indianexpress.com). Өөрийн төрөлх нутаг болох Аруначал Прадеш мужид баригдаж буй усан цахилгаан станцын төслийн хээл хахууль, луйврын асуудалд холбоотой тул Дотоод хэргийн яамны сайд Кирен Рижижуг огцрох ёстой хэмээн Конгресс үзэж байна. Рижу болон түүний үеэл Гобой Рижу нарыг Аруначал Прадешийн цахилгаан станцын томоохон төслийн туслан гүйцэтгэгч шалгаруулах явцад давуу байдал олж авсан, хээл хахууль, авлигад холбогдсон талаар 129 хуудас бүхий тайланг Зүүн хойд цахилгаан эрчим хүчний корпорациас гаргасан байна.

Эх сурвалж: http://indianexpress.com/article/india/congress-releases-purported-audio-clip-linking-kiren-rijiju-to-corruption-in-arunachal-hydro-project-4424861/

СУДАЛГАА ШИНЖИЛГЭЭНИЙ АЛБА