Индонезийн Авлигатай тэмцэх хороо улс төрийн дарамт, шахалтад өртөөд байна

A- A A+
Индонезийн Авлигатай тэмцэх хороо улс төрийн дарамт, шахалтад өртөөд байна

Аль ч улсын авлигатай тэмцэх байгууллага амжилттай ажиллаж, төрийн өндөр албан тушаалтнуудын авлигын хэргийг шалгаж эхэлмэгцээ улс төрийн дарамт шахалтад орж, хэвийн үйл ажиллагаагаа явуулах боломжгүй болох нь нэгэнт ердийн үзэгдэл болоод байгаа билээ. Үүний хамгийн тод жишээ бол Индонез улсын Авлигатай тэмцэх хороо (Corruption Eradication Commission-Авлигыг устгах, үндсээр нь устгах хороо гэсэн шууд утгатай) юм. Тус хороо нь 2002 онд байгуулагдсанаасаа хойш Индонези Улсын иргэдийн дунд хамгийн их нэр хүнд олсон төрийн байгууллага бөгөөд  олон улсын түвшинд шилдэг туршлага хэмээн сайшаагдсаар ирсэн юм. Тус хороо нь авлигын хэргийг мөрдөн шалгах болон прокурорын давхар эрхтэй тул үүсгэсэн хэргүүдийнхээ 99.9 хувийг шүүхээр шийдвэрлүүлж ажиллаж ирсэн.

Гэвч сүүлийн жилүүдэд улс төрчдийн зүгээс тус хорооны бие даасан, хараат бус байдлыг алдагдуулах, хэрэг мөрдөн шалгах, яллах үүргээ биелүүлэхэд нь хоёр төрлийн саад учруулсаар иржээ. Энэ нь байгууллагын чадавхийг дотроос нь сулруулах, хуулиар олгогдсон эрх мэдэл, зохион байгуулалтыг үндсээр нь өөрчлөх гэсэн хоёр төрлийн оролдлого юм. Эхний төрлийн улс төрийн дарамт нь хорооны төсөв, хүний нөөцийн тоог танах болон туршлагагүй, чадвар муутай дарга нар томилуулан ажиллуулж буйгаар илэрч байна. Төсөв санхүүгийн хүрэлцээтэй байдал нь байгууллага үйл ажиллагаагаа гадны нөлөөнд авталгүй хэвийн явуулах гол хүчин зүйл билээ. Гэвч олон жилийн туршид тус хороог нийт ажилтнуудынх нь зөвхөн талыг багтаах боломжтой банкны хуучин байранд хүчээр ажиллуулж ирсэн. 2017 онд жилийн нийт төсвийнх нь 26 хувь буюу 19.3 сая ам долларыг хассан. 2015 оны 12 сард Төлөөлөгчдийн их хурлаас авлигатай тэмцэх салбарт ажилласан туршлагагүй 5 комиссар буюу даргыг нэр дэвшүүлж, Ерөнхийлөгч Жоко Видодо томилсон нь хорооны бие даасан байдлыг сулруулах гэсэн оролдлого гэж Олон улсын эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллага болон “Транспэрэнси интернэйшнл” шүүмжилж байсан юм.                

Хүрэлцээгүй жижиг байранд, хангалтгүй төсөв, туршлагагүй удирдлагуудтай байсан ч байгууллагын ажилтнууд сайн засаглалыг хөгжүүлэх өөрийн үүргээ хэвээр гүйцэтгэж байснаараа олон нийтийн хүндэтгэлийг хүлээсэн. Хороо байгуулагдсанаас хойш Индонезийн иргэд хорооны хүч чадлыг доройтуулж, сулруулах оролдлого гарах бүрт гудамжинд гарч жагсан, хамгаалсаар ирсэн юм. 

Хоёрдугаар төрлийн дарамт шахалт нь хорооны хуулиар олгогдсон эрх мэдэл, зохион байгуулалтыг үндсээр нь өөрчлөх оролдлого юм.  Хороо энэ бүх хугацаанд амжилттай ажиллаж ирсэн нь бие даасан байдлыг нь түүнийг үүсгэн байгуулсан хуульд “Хороо нь өөрийн үндсэн үүрэг болох мөрдөн шалгах болон яллах үүргээ бүх төрлийн гадны нөлөөллөөс ангид гүйцэтгэх эрхтэй” хэмээн баталгаажуулсан явдал байв. 2006 онд Үндсэн хуулийн шүүхээс уг эрхийг нь мөн ахин баталгаажуулж, тайлбарласан ч өнөөг хүртэл дээрх хуулийн заалтыг удаа дараа өөрчлөх гэсэн оролдлогууд гарсаар байна.

Эх сурвалж