Филиппиний Ерөнхийлөгч шүүх засаглалын эсрэг

A- A A+
Филиппиний Ерөнхийлөгч шүүх засаглалын эсрэг


Конгресс дахь Ерөнхийлөгчийн холбоотнууд Дээд шүүхийн ерөнхий шүүгчийг татан буулгахаар ажиллаж байхтай зэрэгцэн Ерөнхий прокурорын эсрэг мөн адилхан арга хэмжээ авна хэмээн Ерөнхийлөгч Родриго Дутерте заналхийлсэн байна. Шинжээчид түүний дээрх үйлдлүүдийг тус улсын ардчиллын эсрэг хийж байгаа том дайралт хэмээн үзэж байна.

Төлөөлөгчдийн тэнхимийн гишүүд ерөнхий шүүгч Сереног мэргэжлийн ёс зүйн алдаа гаргасан, хөрөнгө орлогоо бүрэн гүйцэд мэдүүлээгүй хэмээн буруутгаж байгаа ч ерөнхий шүүгч энэ мэдэгдлийг няцаасан байна. Ирэх 11 дүгээр сард Ерөнхий шүүгчийн эсрэг нэмэлт сонсголууд Ерөнхийлөгчийн талын төлөөлөгчид зонхилсон тэнхимд болох юм. Ерөнхий шүүгч Сереног Дутертегийн өмнөх Ерөнхийлөгч томилжээ. Ерөнхийлөгч Дутертегийн 2016 онд эхлүүлсэн, мянга мянган хүн хууль бусаар амиа алдаад байгаа хар тамхины дайныг Серено шүүмжилсэн нь сөргөлдөөн үүсгэх шалтгаан болжээ. Шүүхээр албан ёсоор тогтоогоогүй байхад хар тамхины хэрэгт холбогдсон гэх шүүгчдийн нэрсийг олонд ил болгосон Ерөнхийлөгчийн үйлдлийг хэрээс хэтэрсэн гэж Серено шүүмжилсэн юм. Өнгөрсөн 9 дүгээр сард Ерөнхийлөгч болон түүний гэр бүлд хамаарах 20 сая доллар бүхий банкны нууц дансуудыг илрүүлэн шалгаж байгаа тухайгаа зарласан Ерөнхий прокурорыг ажлаас нь чөлөөлнө гэж Ерөнхийлөгчийн зүгээс мэдэгдээд байна. Филиппиний Ерөнхийлөгчийн дээрх үйлдлүүдэд дотоодын зарим иргэд болон олон улсын зүгээс шүүмжлэлтэй хандаж байна. 

Эх сурвалж