Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн дагуу нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн этгээд хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлэг (ХАСУМ)-ээ Авлигатай тэмцэх газраар хянуулах үүрэгтэй билээ. Энэ хүрээнд хянуулахаар ирүүлж буй ХАСУМ-ийг Авлигатай тэмцэх газар хэрхэн шийдвэрлэдэгт тус газрын Судалгаа шинжилгээний албанаас сар тутмаар дүн шинжилгээ хийж танилцуулдаг байна. 2017 оны 8 дугаар сард Авлигатай тэмцэх газрын хянан шийдвэрлэсэн ХАСУМ-ийн талаарх мэдээллийг тоймлон хүргэе.
Авлигатай тэмцэх газарт 2017 оны 8 дугаар сард 509 мэдүүлэг хүлээн авч, өмнөх сарын үлдэгдэлтэй нийт 577 мэдүүлгийг хянан шийдвэрлэжээ. Ирүүлсэн мэдүүлгийн тоог байгууллагаар нь авч үзвэл Цагдаагийн ерөнхий газар 68, аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг даргын Тамгын газар 88, Хил хамгаалах ерөнхий газар 31, Онцгой байдлын ерөнхий газар 30, Гадаад харилцааны яам 23, Зэвсэгт хүчний жанжин штаб 23, Төрийн банк 20, Оюуны өмч, улсын бүртгэлийн газар 18 мэдүүлэг тус тус ирүүлсэн нь хамгийн олон болж байна. Энэ нь дээр нэр дурдсан салбар, байгууллагуудад 2017 оны 8 дугаар сард хамгийн олон томилгоо, шилжилт хөдөлгөөн хийгдсэн гэсэн үг юм.
Тэгвэл аймаг, нийслэлээр нь авч үзвэл Улаанбаатар хотод 484, Дорнод, Сэлэнгэ аймагт тус бүр 9, Баянхонгор, Хэнтий, Хөвсгөл тус бүр 8, Орхон 7 мэдүүлэг тус тус ирүүлсэн нь хамгийн олон гэгдэж байна. Харин Баян-Өлгий, Архангай, Булган аймгаас харьцангуй цөөн тооны ХАСУМ ирүүлжээ.
2017 оны 8 дугаар сарын байдлаар төрийн тусгай албан тушаалд 225, төрийн захиргааны албан тушаалд 148, төрийн үйлчилгээ 90, төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээд 52, төрийн улс төрийн албан тушаалд 45 мэдүүлэг ирүүлсэн нь хамгийн өндөр дүн юм. Эдгээрийн 270 нь удирдах, 7 нь бусад албан тушаал байгаа бол 300 нь гүйцэтгэх албан тушаал байна.
Авлигатай тэмцэх газар 2017 оны 8 дугаар сард ХАСУМ-ийг дараах байдлаар шийдвэрлэжээ. Тухайлбал, ашиг сонирхлын зөрчил үүсээгүй 86.7 хувь, ажлын байрны тодорхойлолт болон хуульд заасан шаардлага хангаагүй 6.4 хувь, ашиг сонирхлын зөрчил үүсэх нөхцөл байдал бий болсныг анхааруулсан 2 хувь, томилсон тушаал, захирамжийг хүчингүй болгуулахаар буцаасан 2 хувь томилох эрх бүхий байгууллага, албан тушаалтнаас ирүүлээгүй 1.1 хувь, ашиг сонирхлын зөрчилтэй гэж ойлгогдохуйц нөхцөл байдал бий болсон 0.7 хувь, холбогдох материал дутуу 0.7 хувь, хуулийн үйлчлэлд хамаарахгүй болон ашиг сонирхлын зөрчил илт үүсэх нөхцөл байдал тогтоогдсон 0.2 хувийг тус тус эзэлж байв.