Нэг сая орчим төрийн албан хаагч хөрөнгө, орлогоо мэдүүлдэг

A- A A+
Нэг сая орчим төрийн албан хаагч хөрөнгө, орлогоо мэдүүлдэг

Вьетнамын Уул уурхай, байгаль орчны яамны ахлах ажилтан Нгуен Шуан Куан орон нутгийн компаниудад шалгалт хийж явах үедээ зочид буудлын өрөөнөөс 17600 ам доллар болон хувийн компьютертэй цүнхээ алдсанаа цагдаад мэдүүлжээ. Тус улсын төрийн албан хаагчдын жилийн цалингийн орлого 5000 ам.долларт хүрдэггүй байтал албан томилолтоор яагаад ийм их хэмжээний мөнгөтэй явсан болон үүнийг хөрөнгө, орлогын мэдүүлэгтээ тусгаагүй нь олон нийтийн анхаарлыг гойд татаж байна.

Төрийн албан хаагч их хэмжээний мөнгөө хулгайд алдах тохиолдол Вьетнамд олон гардаг нь Авлигын эсрэг хууль болон хөрөнгө, орлогын мэдүүлгийн хяналт, шалгалтын зохицуулалт асар муу түвшинд байгааг харууллаа гэж олон нийт үзэж байгаа аж. Вьетнам Улс 2007 оноос төрийн албан хаагчдын хөрөнгө, орлогын мэдүүлгийг авч эхэлсэн бөгөөд 2013 онд Засгийн газрын тогтоолоор мэдүүлэг өгөх албан хаагчдын тоог нэмж нэг саяд хүргэсэн байна. Төрийн албан хаагч дотоод, гадаадад эзэмшиж буй бэлэн мөнгө, хадгаламж, бэлэг, хувьцаа, авто машины нийт үнэ нь 2400 ам.доллараас илүү тохиолдолд хөрөнгө, орлогоо мэдүүлэх үүрэгтэй. Жил тутам хөрөнгө, орлогоо мэдүүлдэг нэг сая орчим албан хаагчийн зөвхөн 3 нь л худал мэдүүлсэн гэсэн дүн 2016 онд гарчээ. Үүнээс өмнө энэ тоо 5 байсан аж.               

Тус улсын хуулийн хамгийн дутагдалтай тал нь төрийн албан хаагчдын мэдүүлгийг олон нийтэд ил болгодоггүй явдал хэмээн шинжээчид үзэж байна. Төрийн албан хаагчид мэдүүлгээ дээд удирдлагадаа хураалгадаг бөгөөд албан хаагч тушаал дэвших, шинээр ажилд томилогдох, эсвэл гомдол ирсэн тохиолдолд л хяналт шалгалтыг явуулдаг нь учир дутагдалтай ажээ.