АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗРЫН ХЭЛТЭС, АЛБАДЫН ДАРГА НАР МЭДЭЭЛЭЛ ХИЙВ

A- A A+
АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗРЫН ХЭЛТЭС, АЛБАДЫН ДАРГА НАР МЭДЭЭЛЭЛ ХИЙВ

2017 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн хэвлэлийн бага хуралд Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Т.Баярхүү, Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтсийн Хяналт шалгалтын албаны дарга, ахлах комиссар Л.Сүх-Очир, Мөрдөн шалгах хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Э.Идэрцог нарын хийсэн мэдээллийг танилцуулъя.

Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Т.Баярхүүгийн хийсэн мэдээлэл

Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөр батлагдан гарснаас хойш 1 жилийн хугацаа өнгөрч байна. Энэ хугацаанд Засгийн газар Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх төлөвлөгөөг баталсан бөгөөд Авлигатай тэмцэх газарт хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын алба байгуулагдан хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлыг нэгдсэн зохион байгуулалтаар ханган ажиллаж байна. Хөтөлбөрийг хэрэгжүүлэх, авлигаас урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд Авлигатай тэмцэх газрын ажлын хэсгүүд авлигын эсрэг хууль тогтоомжийн хэрэгжилттэй газар дээр нь танилцах, олон нийтийн дэд зөвлөлийн гишүүдтэй гэрээ байгуулах, арга зүйн удирдлагаар хангах зорилгоор төрийн бүх шатны байгууллагуудад ажилласан. Ажилласан дүнг 2017 оны 10 дугаар сард хэлэлцэж хууль тогтоомжийн хэрэгжилтийн нөхцөл байдал, илэрсэн зөрчил, дутагдлын талаар дээрх байгууллагуудын удирдах, дунд шатны болон төсөв санхүү хариуцсан ажилтнуудад мэдээлж, зөвлөмж өгсөн талаар өмнөх хэвлэлийн хурлаар мэдээлэл өгсөн. Энэ удаагийн мэдээллээр үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх хүрээнд авлигаас урьдчилан сэргийлэх, олон нийтийг соён гэгээрүүлэх чиглэлээр 11 дүгээр сард хийсэн ажлын талаар товчхон мэдээлэл өгье.

Үүний өмнө дараах 2 асуудалд онцгойлон тайлбар хийх шаардлагатай байх гэж үзэж байна. Тиймээс албан ёсны мэдээлэл гараагүй байхад хэвлэл, мэдээллийн хэрэгслээр тарааж буй бодит байдалд нийцэхгүй мэдээллийг ялгаж салган хүлээж авч байгаа гэж найдаж байна. Нэгдүгээрт, яам, агентлаг, нийслэл, дүүрэг, төрийн өмчит хуулийн этгээдэд, орон нутагт ажиллах явцад илэрсэн зөрчил, дутагдлуудын зарим нь Авлигатай тэмцэх газрын харьяалан шалгах, хяналт тавих асуудал биш боловч эдгээр зөрчлүүд нь ашиг сонирхлын зөрчил үүсэх, авлига, албан тушаалын гэмт хэрэг үйлдэгдэх гол үндэс суурь нь болдог. Мөн эдгээр зөрчлийг холбогдох байгууллагуудад нь хуулийн хүрээнд шилжүүлж байгаа. Хоёрдугаарт, Авлигатай тэмцэх газарт хэн нэгэн албан тушаалтныг улс төрийн болон бусад зорилгоор “харлуулах”, “чадах”, өрсөлдөгчөө “зайлуулах” гэсэн зорилготой гомдол, мэдээлэл иргэн, аж ахуйн нэгжээс ирүүлдэг асуудал орон нутагт байна. Баримтаар тогтоогдохгүй, ам дамжин ярьсан хов живийн шинжтэй зүйлсийг шалгуулахаар өгөөд Авлигатай тэмцэх газар шалгахгүй байна, хуйвалдаж байна гэх яриа гаргадаг асуудал улс төрийн үйл явц идэвхитэй өрнөж байгаа үед түгээмэл гарч байна. Түүнчлэн төрийн албан хаагчид улс төржиж, хуваагдан талцсан байдалтай. Үүнээс үүдэн төрийн үйлчилгээ цалгардаж, иргэдийг чирэгдүүлдэг, зохиомол эрэлт бий болгож, түүнд тулгуурлан авлига, хээл хахууль үүсгэх нөхцөл бий болгож байгаа асуудлууд ч гарч байна.

Орон нутагт ажилласан талаар товчхон мэдээлэл өгье. Нийтлэг байгаа зөрчлүүд дээр зарим аймгийн нэрийг дурдаж жишээ татсан бөгөөд зөвхөн тэр аймгийг онцолж байна гэж ойлгож болохгүй юм. Ажлын хэсгүүдийн үзэж танилцсан материалын хувьд 2016, 2017 оныг хамарсан гэдгийг мөн дурдах хэрэгтэй байх. Мөн Эрүүгийн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль шинэчлэн найруулагдаж 2017 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс хүчин төгөлдөр үйлчилж эхэлсэнтэй холбоотойгоор өмнө нь зөрчилд тооцогддог байсан албан тушаалтны үйлдлүүд авлигын гэмт хэрэгт тооцогдох үндэслэлтэй болсон. Өөрөөр хэлбэл, Эрүүгийн хуулийн 22 дугаар бүлэгт заасан зарим төрлийн гэмт хэрэг бодит хохирол шаардахгүй хэлбэрийн бүрэлдэхүүнтэй болсныг та бүхэн мэдэж байгаа. Энэ оны 11 дүгээр сард Авлигатай тэмцэх газрын ажлын хэсгүүд 21 аймаг, тэдгээрийн 98 сумын төрийн байгууллагуудад ажиллаж, хууль тогтоомжийн хэрэгжилттэй газар дээр нь танилцлаа. Түүнчлэн аймгийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн дэргэд ажиллах “Авлигаас урьдчилан сэргийлэх олон нийтийн дэд зөвлөл”-ийн гишүүдтэй гэрээ байгуулж, үйл ажиллагааг нь эхлүүллээ. Орон нутагт ажиллах явцад дараах нийтлэг асуудлууд гарч байна. Үүнд:

Засаг даргын нөөц хөрөнгийг зохих журмын хэрэгжилтийг хангахгүй, үр ашиггүй зарцуулдаг. Шагнаж урамшуулах, төлбөр тооцоо хийх, арга хэмжээ зохион байгуулах, тэмдэглэлт ой, баяр, наадам тэмдэглэх, хандив, тусламж, хүндэтгэл үзүүлэх зэрэг арга хэмжээнд зарцуулдаг. Жишээлбэл, Сангийн сайдын 2012 оны 239 дүгээр тушаалаар баталсан ”Засаг даргын нөөц хөрөнгийн зориулалт, зарцуулалтын нийтлэг журам”-ын 2.1.3-т “Засаг дарга хуулиар олгогдсон бүрэн эрхээ хэрэгжүүлэхтэй холбоотой цаг үеийн шинжтэй зарим арга хэмжээг санхүүжүүлэх” гэснийг баримтлан 2016 онд Сүхбаатар аймагт Засаг даргын захирамжаар шагнал урамшуулалд 83.800.000 сая төгрөг, дэмжлэг, буцалтгүй тусламжид /нийгмийн халамжаас олгодог тэтгэмжийг давхардуулан олгодог/ 18.900.000 төгрөг, хүлээн авалтын арга хэмжээнд 41.400.000 төгрөг бусад буюу нутгийн зөвлөлийн байрны ашиглалтын зардал, цагаатгал гэх мэт зардалд 152.406.498 төгрөгийг тус тус зарцуулсан байна. Харин 2017 оны захирамжаар шагнал, урамшуулалд 38.946.000 төгрөгийг, дэмжлэг, буцалтгүй тусламжид 24.405.800 төгрөгийг, хүлээн авалтанд 24.465.220 төгрөгийг, бусад зардалд 119.694.745 төгрөгийг зарцуулсан.

Дархан-Уул аймгийн Засаг даргын орлогч 2016 онд аймгийн Засаг даргад урьд авч байсан албан тушаалын 6 сарын цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэмж олгоход шаардагдах 8,101,374.00 төгрөгийг Засаг даргын нөөц сангаас гаргах захирамж гарган тухайн өдөртөө олгон шийдвэрлэсэн нь Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 7 дугаар зүйлд заасныг зөрчсөн байна. Хөвсгөл аймгийн Засаг даргын нөөц хөрөнгөнөөс 2017 оны захирамжаар 30 сая төгрөгийг улсын цол авсан бөхөд, Архангай аймгийн Цэнхэр суманд улс, аймгийн цол авсан бөх, докторын зэрэг хамгаалсан хүнд хүндэтгэл үзүүлэх зэрэг арга хэмжээ зохион байгуулах, зочид төлөөлөгчдийн байр, хоолны мөнгийг төлөх зэрэгт Засаг даргын нөөц хөрөнгийн дийлэнх хувийг тус тус зарцуулсан байна. 

Сум хөгжүүлэх сангийн зээл олгох сонгон шалгаруулалт ил, тод нээлттэй бус. Өөрийн аав ээж, ах, дүү хамаатан садан зэрэг хамаарал бүхий этгээддээ давуу байдал олгож зээл олгодог. Зээлийг тухайн сумын онцлогийг харгалзан үзэхгүй олгодог. Зээлийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулдаг, хяналт сул, эргэн төлөлт хийдэггүй, орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгийг үр ашиггүй зарцуулсан, эзэнгүйдүүлсэн байна. Жишээлбэл, Увс аймгийн Наранбулаг суманд сум хөгжүүлэх сангаас 20 сая төгрөгийн зээлийг тоосгоны үйлдвэр барих зориулалтаар олгосон боловч өнөөг хүртэл үйлдвэр баригдаагүй, зээлийн эргэн төлөлт хийгдээгүй байна. Шалтгаан нь тухайн суманд байгаа шавар тоосго хийхэд шаардлага хангаагүй гэх. Дорноговь аймгийн Даланжаргалан суманд ИТХ-ын даргын хамаарал бүхий этгээдийн бичсэн шаардлага хангахгүй төсөлд 20 сая төгрөгийн зээл олгосон, Увс аймагт 20 сая төгрөгийн зээлийг төрийн сангийн ажилтны нөхөр нь авсан, Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргаар ажиллаж байсан хүний хамаарал бүхий этгээд /тухайн суманд байнга оршин суудаггүй/ сум хөгжүүлэх сангаас 16 сая төгрөгийн зээл авсан тохиолдлууд байгаа бөгөөд шийдвэр гаргахдаа мөн л хуульд заасны дагуу ашиг сонирхлын зөрчил үүссэн талаар мэдэгдэл, тайлбар гаргаагүй. Зээл нь өнөөг хүртэл төлөгдөөгүй, зээлийг зориулалтын бусаар зарцуулсан байна.

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлд заасны дагуу аймаг, сумын Хурал хуульд заасан хязгаар, шаардлагад нийцүүлэн орон нутгийн зарим татвар, төлбөр, хураамжийн хувь хэмжээг тогтоодог байтал ИТХ-ын Тэргүүлэгчид  шийдвэр гаргаж төлбөр хураамж тогтоосон зөрчлүүд орон нутагт түгээмэл гарч байна. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2 дахь хэсэгт “Төлөөлөгчдийн хурлын ажилд оролцсон байдлыг харгалзан тэдгээрт Тэргүүлэгчид урамшуулал олгож болох бөгөөд хэмжээ, олгох журмыг нь аймаг, нийслэлийн Хурал баталж, шаардагдах зардлыг орон нутгийн төсөвт тусгана” гэж заасан байдаг. Жишээлбэл, Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын ИТХ-аас урамшуулал олгох шийдвэр гараагүй байхад Тэргүүлэгчид урамшуулал олгох тогтоол гаргаж  шийдвэрлэсэн байна. Хэнтий аймгийн Баянхутаг сумын ИТХ-ын Тэргүүлэгчдийн тогтоолоор эрүүл мэндийн шинжилгээний үнэ тухай, тогтоолоор түрээсийн төлбөрийн жишиг үнэ, тогтоолоор шүлхий өвчин гарсантай холбогдуулан постоор өнгөрч буй авто машинаас авах хураамжийг тус тус тогтоосон байна. Дорноговь аймгийн Сайншанд сумын ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2016 оны 44 дүгээр тогтоолоор Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль болон Газрын тухай хуулиар аймаг, сумдын ИТХ-д олгосон бүрэн эрхийг хэрэгжүүлэн сумын 2016 оны Газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд нэмэлт, өөрчлөлт оруулж, иргэнд амины орон сууцны болон аж ахуйн нэгж байгуулагад төмс, хүнсний ногоо, үр тариа, жимс тариалах зориулалтаар эзэмшүүлэх газрын байршил, хэмжээг тогтоосон. Төв аймгийн Эрдэнэ сумын ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2017 оны 15 дугаар тогтоолоор Байгаль орчныг хамгаалах тухай хууль болон Ойн тухай хуулиар аймаг, сумдын ИТХ-д олгосон бүрэн эрхийг хэрэгжүүлэн Ойн сангаас бэлтгэх модны хэмжээ, хуваарь баталсан. Говьсүмбэр аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2016 оны 53 дугаар тогтоолоор Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль болон Төр, сүм хийдийн харилцааны тухай хуулиар аймаг,нийслэлийн ИТХ-д олгосон бүрэн эрхийг хэрэгжүүлэн “Зүүн Чойр” хийдэд шашны үйл ажиллагаа явуулах зөвшөөрлийг 3 жилийн хугацаатай олгосон.

Төрийн захиргааны албан тушаалтан, улс төрийн албан тушаалыг давхар хашдаг. Өөрөөр хэлбэл, аймаг сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч сумын Засаг даргын Тамгын газрын дарга, аймаг дахь газрын дарга зэрэг албан тушаалд давхар ажиллаж байна. Жишээлбэл, Баян-Өлгий аймгийн Бугат, Баяннуур, Алтай, Буянт, Өлгий сумын Засаг даргын Тамгын газрын дарга, Өлгий сумын ИТХ-ын нарийн бичгийн дарга, аймгийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтсийн ерөнхий нягтлан бодогчийн албан тушаалд сумын ИТХ-ын төлөөлөгч 7 хүнийг томилсон нь Төрийн албаны тухай хуулийн 15.1.8-д аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын төлөөлөгчөөр сонгогдох, аж ахуйн нэгж, нам, олон нийтийн бусад байгууллагад орон тооны албан тушаал хавсран гүйцэтгэхийг төрийн жинхэнэ албан хаагчийн үйл ажиллагаанд хориглоно гэж заасныг зөрчиж байна. Хэнтий аймгийн Боловсрол соёлын газрын дарга, Улсын бүртгэлийн хэлтсийн дарга, орон нутгийн өмчийн албаны дарга, Хүнс хөдөө аж ахуйн газрын дарга, Хөдөлмөр халамж үйлчилгээний газрын Хөдөлмөр эрхлэлтийн хэлтсийн дарга, Биеийн тамир, спортын газрын дарга, Байгаль орчин, аялал жуулчлалын газрын дарга, Хан Хэнтий байгалийн цогцолборт газрын дарга зэрэг 8 төрийн захиргааны албан тушаалд аймгийн ИТХ-ын төлөөлөгчид давхар ажиллаж байна. Говь-Алтай аймаг дахь Мэргэжлийн хяналтын газрын дарга, Хөдөлмөр халамж үйлчилгээний газрын дарга, Газрын харилцаа, хот байгуулалтын газрын дарга, Есөнбулаг сумын Засаг даргын Тамгын газрын дарга зэрэг 4 албан тушаалтан аймгийн ИТХ-ын төлөөлөгч, Орхон аймгийн Жаргалан сумын ИТХ-ын төлөөлөгч сумын Засаг даргын Тамгын газрын дарга гэх мэтээр ажиллаж байна. Улс төрийн албан тушаалтнууд төрийн захиргааны албан тушаалд ажиллахыг эрх бүхий албан тушаалтнаас шаарддаг, албан тушаал өгөхгүй бол улс төржиж, намчирхах зэргээр тухайн албан тушаалтныг огцруулах асуудал ярьж, төрийн үйл ажиллагааны тогтвортой байдлыг алдагдуулдаг хор уршиг дагуулж байна.

Төрийн албан хаагчдыг үндэслэлгүй халдаг, чөлөөлдөг. Уг асуудал нь захиргааны хэргийн шүүхээр шийдвэрлэгдэж, ажилд нь эргүүлэн томилох шийдвэр гардаг. Мөн ажилгүй байх хугацааны цалин хөлсийг олгуулах зэргээр улсын төсөвт зохиомол ачаалал үүсгэдэг асуудал түгээмэл байна. Жишээлбэл, Ховд аймагт захиргааны хэргийн анхан шатны шүүхээс төрийн албанаас үндэслэлгүй халсан, чөлөөлсөн учир хуучин эрхэлж байсан ажилд нь эргүүлэн томилох, ажилгүй байсан хугацааны цалинг олгох 12 шийдвэр гарсан байна. 2016 онд Дархан-Уул аймгийн Засаг дарга, Засаг даргын Тамгын газрын дарга нар бүрэн эрхийнхээ хугацаанд 18 төрийн албан хаагчдыг үндэслэлгүйгээр төрийн албанаас чөлөөлсөн шүүхийн шийдвэр гарсан. Нэр бүхий албан хаагчид нь захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргасныг шүүх хүлээн авч ажилд нь эргүүлэн томилох, ажилгүй байсан хугацааны нийт 96,964,192.00 төгрөгийг нэхэмжлэгчид олгох шийдвэр гаргажээ. Завхан аймгийн Засаг даргын Тамгын газар болон Засаг даргын эрхлэх асуудлын хүрээний агентлагуудад 2016-2017 онд 50 хүнийг бүтцийн өөрчлөлтөөр албан тушаалаас нь чөлөөлж нийт 76,237,881 төгрөгийн тэтгэмж олгосон, мөн онуудад 15 хүн шүүхийн шийдвэрийн дагуу эргэн томилогдон нөхөн олговорт 14 хүнд улсын төсвөөс 27,931,796 төгрөг олгосон байна.

Хүчингүй болсон хууль тогтоомжийг үндэслэн иргэдэд хүнд суртал, чирэгдэл учруулж болохуйц нөхцөл байдлыг бий болгосон. Түүнчлэн авлига гарч болох нөхцөл боломж бүрдүүлсэн байж болзошгүй шийдвэрүүд гаргаж байна. Жишээлбэл, Баянхонгор аймгийн Эрүүл мэндийн газрын даргын 2016 оны тушаалуудаар нэр бүхий эмч нарт “Эрүүл мэндийн даатгалын сангаас жороор олгох эмийн хөнгөлөлт үзүүлэх эмээр үйлчлэх жор” бичих эрхийг олгож, заримынх нь эрхийг хассан байна. Энэхүү шийдвэртэй танилцахад хүчингүй болсон хуулийн зүйлийг үндэслэсэн, нийгмийн даатгалын байгууллагын хуулиар хэрэгжүүлэх чиг үүргийг үндэслэл болгосон нь иргэдэд чирэгдэл учруулж болохуйц нөхцөл байдлыг бий болгосон зохицуулалт болсон байна. Мөн тус аймгийн Мэргэжлийн хяналтын газар нь Сангийн сайд, Байгаль орчны сайдын хамтарсан тушаалаар баталсан “Байгаль орчны хууль тогтоомжийн зөрчлийг илрүүлсэн буюу зөрчлийн талаар бодит мэдээлэл өгсөн иргэн урамшуулал олгох журам”-ыг хүчин төгөлдөр үйлчилж байхад Мэргэжлийн хяналтын газрын дарга нь хуулиар тусгайлан эрх олгоогүй байхад ижил төрлийн журмыг давхардуулан баталсан, журам батлахдаа хуульд байхгүй зүйл, хэсэг, заалтыг үндэслэл болгосон байна. Мөн нийтээр дагаж мөрдөх хэм хэмжээ тогтоосон журмыг улсын нэгдсэн бүртгэлд бүртгэхдээ Хууль зүй, дотоод хэргийн яамнаас хуулийн үндэслэл болгосон заалтыг нягтлаагүй нь харагдаж байсан ба дээрх нөхцөл байдлууд нь авлига, ашиг сонирхлын зөрчил үүсэх, үүсч болзошгүй нөхцөл байдлуудыг бий болгож байна.

Цэнхэрмандал сумын ИТХ-ын Тэргүүлэгчид албан тушаалын байдлаа ашиглан хуулиар олгогдоогүй асуудлаар шийдвэр гаргаж Авлигын эсрэг хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.7 дахь хэсэгт заасан зөрчлийг гаргасан байна. Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын ИТХ-ын Тэргүүлэгчид 2016 оны 33 дугаар тогтоолоор өөрсдөдөө сар бүр урамшуулал олгохоор шийдвэрлэсэн ба тогтоолд үндэслэл болгосон Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.3, 25 дугаар зүйлийн 25.1 заалтуудад урамшуулал олгохтой холбоотой зохицуулалт байхгүй байна. Дундговь аймгийн Хулд суманд жонш олборлодог 4 аж ахуйн нэгжээс сар бүр 500 мянган төгрөг бэлнээр авдаг, уг мөнгийг санхүүгийн тайлан тооцонд оруулаагүй. 2017 оны 1 дүгээр сараас хойш, аж ахуйн нэгжийн олборлосон жоншны тонн тутмаас 6000 төгрөгийн хураамж хууль бусаар авдаг. Хураамж авах ямар нэгэн шийдвэр гараагүй. Ажлын хэсэг тухайн аж ахуйн нэгжүүд нь тусгай зөвшөөрөлтэй эсэх талаар нарийвчлан судлаж байна. Өмнөговь аймгийн Засаг даргын Тамгын газар Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 17 дугаар зүйлийг зөрчин аливаа баяр, тэмдэглэлт өдрүүдээр ажилтан, албан хаагчдын нэг өдрийн цалинг хандив болгон авсан, хандив өгсөн иргэн, аж ахуйн нэгжтэй холбоотой шийдвэр /тендер, эрх олгох/ гаргасан тохиолдол түгээмэл байна.

Дээрхээс гадна Төрийн албаны тухай хууль болон бусад салбарын хуульд заасан шаардлага хангаагүй хүмүүсийг албан тушаалд томилдог. Томилохдоо Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд заасны дагуу хувийн ашиг сонирхлын мэдүүлэг хянуулахгүй томилдог. Хуульд заасан хугацаанд хөрөнгө орлогын мэдүүлэгээ гаргадаггүй тохиолдол аймаг бүрт байна. Жишээлбэл, Увс аймгийн Наранбулаг суманд төрийн албаны шалгалт өгөөгүй, дээд боловсролтой, төрийн албанд 3-аас доошгүй жил ажилласан байх хуулийн болон ажлын байрны шаардлагатай албан тушаалд уг шаардлага хангаагүй хүнийг томилон ажиллуулж байсан. Түүнчлэн эхнэр, нөхөр, төрсөн дүү, хүргэн бэр гэх мэт өөрийн хамаарал бүхий этгээдүүдтэй холбоотой тушаал, шийдвэр гаргахдаа сонирхлын зөрчлийн тухай хуульд заасан мэдэгдэл, тайлбар гаргадаггүй. Жишээлбэл, сумын төсөв, мөнгөний дийлэнх хувь нь дотуур байрны хүнс, сургуулийн үйл ажиллагааны зардалд зарцуулагддаг. Ховд аймагт сумын Засаг даргаар нөхөр нь сургуулийн захирлаар эхнэр нь ажиллаж байгаа тохиолдол байна. Сумын төсвөөс тодорхой мөнгөн хөрөнгийг сургуулийн захиралд шилжүүлж, захиран зарцуулах эрх олгохдоо ашиг сонирхлын зөрчил үүсч байгаа талаар хуульд заасны дагуу мэдэгдэж, тайлбарлаагүй, энэ талаар ямар ч ойлголтгүй байна. Өмнөговь аймгийн Засаг даргын Тамгын газрын албан тушаалтан өөрийн хувь эзэмшдэг ресторанд зочид төлөөлөгчдийн хүлээн авалт зохион байгуулах, сургалт, семинарт сум орон нутгаас ирсэн төлөөлөгчдийг хамарсан арга хэмжээг зохион байгуулж Засаг даргын нөөц хөрөнгөөс мөнгө шилжүүлсэн. Ингэхдээ хуульд заасны дагуу ашиг сонирхлын зөрчил үүсч буй талаар мэдэгдэж тайлбарлаагүй байна.

Үр дүнгийн урамшууллыг ажлын үзүүлэлтийг харгалзан үзэхгүйгээр шударга бусаар олгодог, төрийн албан хаагчид өөрт нь хуулиар олгогдоогүй эрхийг хэрэгжүүлдэг, төрийн үйлчилгээ хууль, дүрэм, журмын дагуу явагдах хэм хэмжээ алдагдсан, хуулиас давсан тушаал, шийдвэр гаргадаг, журам баталдаг зэрэг асуудал түгээмэл байна. Жишээлбэл, Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын ИТХ-ын Тэргүүлэгчдийн тогтоолоор Татварын ерөнхий хуулийг зөрчин татварын хэмжээ тогтоосон байна. Тодорхой төрлийн нэг удаагийн үйлчилгээ эрхэлсний татвар гэж иргэд, аж ахуйн нэгжээс төлбөр авч, уг төлбөрийг хандивын дансанд төвлөрүүлсэн байна. Дархан-Уул аймаг дахь Улсын бүртгэлийн хэлтэс өргөдлийн 4 төрлийн маягтыг өөрсдөө хэвлэж 100-200 төгрөгөөр иргэдэд худалдаалж байсан. Өвөрхангай аймгийн Тарагт, Зүүнбаян улаан, Арвайхээр зэрэг сумдад Сангийн сайдын 2012 оны 239 дүгээр тушаалаар баталсан ”Засаг даргын нөөц хөрөнгийн зориулалт, зарцуулалтын нийтлэг журам”-ыг өөрсдөө дур мэдэн тайлбарласан журмыг давхардуулан гаргасан. Өөрөөр хэлбэл журмын 2.1.3-т “Засаг дарга хуулиар олгогдсон бүрэн эрхээ хэрэгжүүлэхтэй холбоотой цаг үеийн шинжтэй зарим арга хэмжээг санхүүжүүлэх” гэсэн заалтыг шагнал урамшуулал олгох, зочид төлөөлөгчдийн зочид буудал, хоолны зардал гаргаж болохоор журамласан байна. Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2-т “Тусгай зөвшөөрөл шаардахаас бусад төрлийн аж ахуйн үйл ажиллагааг хууль тогтоомж, стандарт шаардлагад нийцүүлэн, зөвхөн татварын байгууллагад бүртгүүлсний үндсэн дээр чөлөөтэй эрхэлж болно” гэснийг зөрчин Булган аймгийн Хутаг-Өндөр суманд тусгай зөвшөөрөл шаардахгүй аж ахуйн үйл ажиллагаанд Засаг даргын орлогч ямар нэгэн эрх зүйн үндэслэлгүй зөвшөөрөл олгож байсан. Дорнод аймгийн Боловсрол, соёлын газрын дарга нэр бүхий 2 албан хаагчид Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн дагуу цалингийн шатлал 6 сар бууруулах сахилгын шийтгэл ногдуулсан байх ба 2016 оны 12 дугаар сард дээрхи 2 албан хаагчид үр дүнгийн урамшуулал олгосон байна. Дорнод аймгийн Хөлөнбуйр сумын Засаг дарга 2016 оны 1 дүгээр сарын 4-ний өдөр 1 албан хаагчид 2 сарын үндсэн цалин 15 хувиар бууруулах сахилгын шийтгэл ногдуулаад сарын дараа уг этгээдийг үндсэн цалингийн 30 хувиар шагнасан байна.

Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.6 дахь хэсэгт “Төрийн албан хаагч сахилгын шийтгэл ногдуулсан өдрөөс хойш нэг жилийн дотор сахилгын шийтгэл хүлээгээгүй бол түүнийг сахилгын шийтгэлгүйд тооцно” гэж заасан бөгөөд тухайн байгууллагуудын дотоод журамд сахилгын шийтгэлтэй ажилчин, албан хаагчдад тухайн жилд урамшуулал олгохгүй байхаар тусгасан байна. Өөрөөр хэлбэл хариуцлага алдсан албан хаагчид сахилгын шийтгэл ноогдуулж цалинг хасаж, бууруулсан боловч урамшуулал, шагнал хэлбэрээр буцаан олгож, хэлбэрийн төдий хариуцлага тооцож байна.

Худалдан авалтыг зохион байгуулахдаа төсөвт өртгийг нэмэгдүүлж төсвийн үр ашигтай байх зарчмыг алдагдуулдаг, гэрээт ажлыг хүлээн аваагүй байж санхүүжилт бүрэн олгосны улмаас үлдэгдэл ажлаа хийлгэж чаддаггүй. Жишээлбэл, Хэнтий аймгийн Мөрөн суманд 2014 онд 63 сая төгрөгөөр нээлттэй тендер зарлаж Мах нядалгааны цех барьж ашиглалтад оруулсан байна. Гэтэл уг цехийг сумын иргэн С нь 2014 оноос хойш мал нядалгааны чиглэлээр үйл ажиллагаа явуулан ашиглаж байгаа боловч сумын Засаг даргын Тамгын газартай байгуулсан гэрээ байхгүй, түрээсийн төлбөр төлөөгүй 3 жил үйл ажиллагаа явуулж ашиг олж байна. Уг мал нядалгааны цех сумын Засаг даргын Тамгын газрын үндсэн хөрөнгөд бүртгэлтэй байв. Ховд аймгийн төвд цэцэрлэгжүүлэлтийн ажил хийлгэхдээ 20 сая төгрөгийн үнийн дүнтэй тендер зарлаж, ажил гүйцэтгэх гэрээ байгуулан ажилласан боловч 7 сая төгрөгийн ажил хийгдээгүй, хүлээн авсан актгүйгээр санхүүжилт бүрэн олгосон, уг ажлыг гүйцэтгэж байсан орон нутгийн өмчит хуулийн этгээд татан буугдсан байдалтай байна. Дорноговь аймагт усан спорт сургалтын төвийг шинэчилж, өргөтгөл барих нээлттэй тендер зарлаж 2 компани саналаа ирүүлсэн. Уг сонгон шалгаруулалттай холбоотой гомдлыг Сангийн яам хянан үзээд захиалагчийн төсөвт өртгөөс өндөр үнийн санал ирүүлсэн компанийг шалгаруулсан байх тул тендерийг хүчингүй болгож, дахин зарлах шийдвэр гаргасан. Гэтэл дахин тендер зарлалгүйгээр уг ХХК-тай гэрээ байгуулсан. Хөвсгөл аймгийн Галт суманд гал унтраах зориулалттай автомашин худалдан авах тендер шалгаруулалт явагдсан. 12500 ам.долларын үнэ бүхий бут сөөг услах зориулалт бүхий автомашиныг 58 сая төгрөгөөр худалдан авсан. Уг машин зориулалтын бус байсан учир улаан өнгөөр будсанаас болж өнөөг хүртэл улсын бүртгэлд бүртгүүлж тээврийн хэрэгслийн дугаар аваагүй, зориулалтын дагуу ашиглаж чадаагүй байна. Завхан аймагт сумын Засаг даргын төрсөн дүү сумын төрийн байгууллагуудыг нэгдсэн халаалтад оруулах, халаалтаар хангах ажлын тендерийг авч, ажлыг гүйцэтгэсэн. Хамаарал бүхий этгээдтэй холбоотой шийдвэр гаргахдаа хуульд заасны дагуу ашиг сонирхлын зөрчил үүссэн талаар тайлбар гаргаагүй байна. Мөн дээрхээс гадна Үнэлгээний хороонд орсон албан хаагчид ашиг сонирхлын зөрчил үүссэн, үүсээгүй талаар хуульд заасны дагуу мэдэгдэл гаргаж, тайлбарладаггүй, мэдэгдэл гаргасан ч хэлбэрийн төдий бөглөдөг, А3 сертификатгүй хүнийг үнэлгээний хороонд оруулдаг, ажил хүлээн авсан эсэх нь тодорхойгүй буюу акт үйлдээгүй байгаа зэрэг зөрчлүүд аймаг, сумдад түгээмэл байна.

Авлигатай тэмцэх газрын ажлын хэсгүүд өөрийн харьяалан шалгах асуудалд хамаарах зөрчлүүдийг таслан зогсоох, буруутай этгээдэд хариуцлага тооцуулах, гэмт хэргийн шинжтэй үйлдлүүдэд нарийвчилсан шалгалт хийж эрүүгийн хэрэг үүсгэн шалгах, зарим журам, зааврыг хянан үзэж хүчингүй болгуулах, зохицуулалтыг боловсронгуй болгох зэрэг асуудлаар эрх бүхий байгууллагатай хамтран ажиллах, зөвлөмж хүргүүлэх  зэргээр ажиллаж байна. Цаашид зарим мэдээллийг хуульд заасан хүрээнд олон нийтэд нээлттэй мэдээлэх болно.

Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтсийн Хяналт шалгалтын албаны дарга, ахлах комиссар Л.Сүх-Очирын хийсэн мэдээлэл

Засгийн газар шинээр байгуулагдсантай холбоотойгоор Засгийн газрын гишүүн болон агентлагийн даргаар томилогдсон нийт 17 албан тушаалтны хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө орлогын мэдүүлгийг Авлигын эсрэг хуулийн 10 дугаар зүйлийн 10.3-т заасан хугацаанд бүртгэн хүлээн авсан байна.

Хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийн хяналтын талаар:

2017 оны 10 дугаар сарын 25-наас 11 дүгээр сарын 24-ний өдрийг хүртэлх хугацаанд нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 955  этгээдийн хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг хүлээн авснаас 805 этгээдийн мэдүүлгийг хянан шийдвэрлэсэн бөгөөд уг хугацаанд Цагдаагийн ерөнхий газар, Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газар, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Завхан аймгаас ирүүлсэн урьдчилсан мэдүүлэг нь бусад байгууллагатай харьцуулахад өндөр дүнтэй байна.

Хяналт шалгалтаар тухайн албан үүргийг гүйцэтгэхэд илт ашиг сонирхлын зөрчилтэй 2 нэр дэвшигч тогтоогдсон. Үүнд “Дорнод бүсийн эрчим хүчний систем” ТӨХК-ийн Сүхбаатар салбарт томилогдохоор нэр дэвшсэн иргэн Г-гийн хамаарал бүхий этгээд нь тухайн байгууллагад ажилладаг нь хуульд заасан хориглолт зөрчигдөхөөр байх тул Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.7 дахь хэсэгт заасныг хэрэгжүүлж  ажиллах талаар “Дорнод бүсийн эрчим хүчний систем” ТӨХК-д хариу мэдэгдсэн. Улаанбаатар-Мандалговийн цахилгаан дамжуулах агаарын шугам, дэд станц барих болон Эрдэнэтийн дулааны цахилгааны цахилгаан станцын шинэчлэлийн төсөлд томилогдохоор нэр дэвшсэн Б нь Эрчим хүчний тоног төхөөмөржийн худалдааны чиглэлээр чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг компанийн үүсгэн байгуулагч, хувь эзэмшигч, түүний хамаарал бүхий этгээд нь мөн тус компанийн хувь эзэмшигч байгаа нь нэр дэвшсэн албан тушаалын эрхлэх асуудлын хүрээнд шууд болон шууд бусаар нөлөөлөх, албаны бүрэн эрхээ хэрэгжүүлэхэд ашиг сонирхлын зөрчил үүсч болох нөхцөл байдал тогтоогдсон тул Эрчим хүчний яаманд хариу мэдэгдсэн.

Өргөдөл, гомдол, мэдээллийн хяналт шалгалтын талаар: 

2017 оны 10 дугаар сарын 25-наас 11 дүгээр сарын 24-ний өдрийг хүртэлх хугацаанд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас ирүүлсэн албан тушаалтны авлига, ашиг сонирхлын зөрчлийг шалгуулахаар хандсан нийт 49 өргөдөл, гомдлыг хянан шийдвэрлэсэн, одоо ажиллагаанд 77 гомдол, мэдээллийг хянан шалгаж байна. Өргөдөл, гомдол, мэдээллийг агуулгын хэлбэрээр нь нь авч үзвэл, албан үүргээ гүйцэтгэхдээ ашиг сонирхлын зөрчил гаргаж, албан тушаалтанд тавигдах хориглолт, хязгаарлалтыг зөрчсөн, ашиг сонирхлын зөрчилтэй хууль бус томилгоотой холбоотой мөн аймаг, сумын ИТХ-ын тэргүүлэгч, төлөөлөгчид төрийн захиргааны албан тушаалд томилогдон ажиллаж байгаа тухай гомдол мэдээлэл түлхүү байна. Орон нутгаас Баян-Өлгий, Булган, Ховд аймгуудаас ирүүлсэн өргөдөл, гомдол бусад аймгуудтай харьцуулахад өндөр дүнтэй байна. Орхон аймгийн ИТХ-ын төлөөлөгч Ж нь төлөөлөгчөөр сонгогдон ажиллаж байхдаа Байгаль орчин, аялал жуулчлалын газрын даргын үүрэг гүйцэтгэгчээр буюу Төрийн захиргааны албан тушаалд томилогдсон, мөн Өвөрхангай аймгийн болон Арвайхээр сумын ИТХ-ын төлөөлөгч У, О нар нь аймгийн Хөдөлмөр, халамж үйлчилгээний газрын даргаар, мөн тус газрын Нийгмийн халамжийн хэлтсийн даргаар ажиллаж байгаа нь Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1-д "Албан тушаалтан энэ хуулиар зөвшөөрснөөс өөр ажил, албан тушаал давхар эрхлэхийг хориглоно" гэж заасныг зөрчсөн нь тогтоогдсон тул арга хэмжээ авхуулах, зөрчлийг арилгуулахаар холбогдох албан тушаалтанд албан бичиг хүргүүлсэн. Нийслэлийн Баянзүрх дүүргийн ... дүгээр цэцэрлэгийн эрхлэгч А нь удаа дараа ашиг сонирхлын зөрчил гаргасан, мөн төсвийн тухай хууль, бусад холбогдох хуулиудыг зөрчсөн талаарх гомдол мэдээллийг хянан шалгахад цэцэрлэгийн эрхлэгч А нь өөрийн хамаарал бүхий этгээдийн хувийн ашиг сонирхлыг хөндсөн захиргааны акт, шийдвэр гаргасан тул түүний гаргасан зөрчилд хариуцлага тооцуулахаар албан бичиг хүргүүллээ. 

Албан тушаалтны хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлгийн хяналт шалгалтын талаар:

Хяналт шалгалтаар хөрөнгө, орлогын мэдүүлгээ зөрчилтэй мэдүүлсэн Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газар, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Ашигт малтмал, газрын тосны газрын нийт 12 албан тушаалтанд хариуцлага тооцуулсан байна. Тухайлбал, 3 албан тушаалтанд Авлигын эсрэг хуулийн 13 дугаар зүйлийн 13.8.1-д заасан “сануулах”, 9 албан тушаалтанд 13.8.2-д заасан албан тушаалын цалингийн хэмжээг бууруулах сахилгын шийтгэлийг тус тус ногдуулсан байна. Мөн төлөвлөгөөт хяналт шалгалтын хүрээнд Батлан хамгаалахын яам, Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар болон харьяа агентлагууд, Эрчим хүчний яам зэрэг байгууллагын холбогдох албан тушаалтнуудын хөрөнгө, орлогын мэдүүлгийг хянан шалгаж байна.

Албан томилолтоор ажиллахад аймаг орон нутагт гарч буй нийтлэг зөрчил: 

Төрийн албаны тухай хууль болон бусад салбарын хууль, тогтоомжид заасан шаардлага хангахгүй этгээдийг нийтийн албанд томилох, нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн этгээдийн хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг хянуулахгүйгээр томилох зөрчил буурахгүй байна. Тухайлбал, Ховд аймгийн хэмжээнд 15 нэр дэвшигчийн хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг Авлигатай тэмцэх газарт хүргүүлэн дүгнэлт гаргаагүй байхад томилсон бол Сүхбаатар аймгийн хэмжээнд 23 нэр дэвшигчийг мөн дүгнэлт гаргаагүй байхад тухайн албан тушаалд томилсон байна. Түүнчлэн Сүхбаатар аймгийн хэмжээнд албан тушаалд томилогдсоноос хойш 30 хоногийн дотор хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлгээ гаргаагүй, хугацаа хожимдуулж мэдүүлсэн 17 албан тушаалтан байна. Энэ бүхэнд бид хариуцлага тооцуулахаар хандаж байгаа. Сум хөгжүүлэх сантай холбоотой зөрчил, дутагдал сум бүхэнд нийтлэг байна. Зээлээ олгохдоо иргэдээ таниад өгчихдөг, дараа нь эргээд зээлээ төвлөрүүлж авах болохоор иргэнээ танихаа больчихдог. Хүнээ олохгүй байна гэдэг, шүүхдэж байна гэж тайлбар хэлдэг. Ямар үедээ таньж өгөөд, ямар үедээ танихгүй болдгийг ажлын хэсгүүд цаашид улам нарийвчлан шалгана. Дорноговь аймгийн Замын-Үүд суманд цэцэрлэгийн, мөн соёлын төвийн барилгыг царцаасан асуудал байгаа. Өчнөөн тэрбум төгрөг авсан мөртлөө барилга байшингаа хүлээлгэж өгөөгүй зэрэг асуудлуудыг ажлын хэсэг газар дээр нь үзэж танилцсан, цаашид холбогдох хуульд заасан арга хэмжээнүүдийг авч ажиллана.

Мөрдөн шалгах хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Э.Идэрцогийн хийсэн мэдээлэл

2017 оны эхний 11 сарын байдлаар гэмт хэргийн шинжтэй 575 гомдол, мэдээлэл бүртгэгдсэн нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 190-ээр буюу 49.5 хувиар өссөн. Гэмт хэргийн шинжтэй 575 гомдол, мэдээллийг хянан үзсэнээс 128 гомдол, мэдээлэл буюу 22.2 хувьд хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, 332 гомдол, мэдээлэл буюу 57.7 хувьд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзаж, 74 гомдол, мэдээлэл буюу 12.8 хувийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлж 41 гомдол, мэдээллийн үлдэгдэлтэй, шийдвэрлэлт 92,9 хувьтай ажиллалаа. Хуульд заасан харьяаллын 481 холбогдогчтой 367 эрүүгийн хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулсан. Мөрдөн шалгах ажлын дүнг өмнөх оны мөн үетэй харьцуулахад мөрдөн шалгасан хэрэг 157-гоор буюу 68.2 хувиар, шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт шилжүүлсэн хэрэг 35-аар буюу 64.8 хувиар, хэрэг бүртгэлийн хэрэг хаах саналтай прокурорт шилжүүлсэн хэрэг 33-аар буюу 84.6 хувиар, харьяаллын дагуу шилжүүлсэн хэрэг 18-аар буюу 78.2 хувиар, үлдэгдэл хэрэг 90-ээр буюу 147.1 хувиар тус тус өсч, нэгтгэсэн хэрэг 21-ээр буюу 60.1 хувиар, түдгэлзүүлсэн хэрэг 12-оор тус тус буурсан. Мөрдөн шалгасан 367 хэргээс 171-ийг буюу 46.5 хувийг шийдвэрлэсэн. Гэмт хэргийн улмаас 65 тэрбум 312,2 сая төгрөгийн хохирол учирснаас мөрдөн байцаалтын шатанд 3 тэрбум 416.2 сая төгрөгийг нөхөн төлүүлж, орон сууц, автомашин, барилга байгууламж, тоног төхөөрөмж, газар, дансан дахь мөнгө зэрэг 32 тэрбум 32 сая төгрөгөөр үнэлэгдэх эд хөрөнгө, бэлэн мөнгийг битүүмжлэн хамгааллаа. Мөн хугацаанд шүүхээр 34 хэргийг шийдвэрлүүлж 7 тэрбум 034,1 сая төгрөгний хохирлыг төлүүлэх шийдвэр гаргуулсан байна.   

Мөрдөн шалгах хэлтсийн мөрдөгч нар Авлигатай тэмцэх газрын даргын баталсан удирдамж төлөвлөгөөний дагуу 2017 оны 10 дугаар сарын 26-ны өдрөөс 11 дүгээр сарын 26-ны хооронд нийт 30 хоногт 21 аймаг, 70 орчим суманд  ажиллалаа. Ажлын явцад удирдамжид заасны дагуу аймаг, орон нутгийн төсөв, санхүү, худалдан авах ажиллагаа, орон нутгийн төсөв, түүний бүрдүүлэлт, гүйцэтгэл, төсвийн байгууллагын өөрийн үйл ажиллагааны орлого, төсвийн данснаас өөр дансанд төвлөрүүлсэн хандивын болон бусад орлого, төрийн сангийн нэгдсэн данснаас гадна арилжааны банкинд нээсэн дансны талаарх мэдээлэл, худалдан авах ажиллагааны төлөвлөгөө, түүний гүйцэтгэл, Орон нутгийн хөгжлийн сан, Сум хөгжүүлэх сан, Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан, хөдөлмөр, нийгмийн хамгааллын чиглэлээр хэрэгжүүлж буй арга хэмжээ, санхүүжилт болон Засаг даргын нөөц хөрөнгийн зарцуулалт зэрэгтэй газар дээр нь танилцаж ажилласан.

Дээрх ажлын явцад түлхүү ажиллагдсан зүйл гэвэл төсвийн болон орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авахдаа Төрийн болон орон нутгийн өмч хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийг  нэг мөр хэрэгжүүлдэггүй, хэрэгжүүлсэн ч хэлбэр төдий, нэр хэмээсэн байгаа байдал тогтоогдож байна.        

  • Тендерийн баримт бичгийг боловсруулахдаа тендерийн баримт бичгийн стандартыг барихгүйгээр өөрсдийн буюу хамаарал бүхий компаниуддаа зориулан, тэдгээрийн ерөнхий шалгуур үзүүлэлт болон санхүү, техникийн нөхцөлд тохируулан тендерийн баримт бичиг боловсруулдаг.
  • Сонгон шалгаруулалт явуулахдаа тендерийн баримт бичгийн шаардлага буюу төрийн болон орон нутгийн өмч хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 14-16 дугаарт заасан шаардлага хангаагүй компанийг сонгон шалгаруулдаг.
  • Харьцуулалтын аргаар явуулах үнийн дүн бүхий бараа, ажил үйлчилгээ худалдан авах ажиллагаа зохион байгуулж байгаа хэдий ч Төрийн болон орон нутгийн өмч хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.4 дэх заалт буюу “Харьцуулалт амжилтгүй болсноос гэрээ байгуулах эрх олгоогүй бол гэрээ шууд байгуулах аргыг хэрэглэж болно” гэсэн заалтыг үндэслэн  шууд гэрээ байгуулах нөхцөл рүү оруулж улмаар хамаарал бүхий компаниудтай шууд гэрээ байгуулдаг. 
  • Дээрх хуулийн 14-16 дугаар зүйлд заасан шалгуур үзүүлэлт хангаагүй компаниуд хуурамч баримт бичиг бүрдүүлснийг худалдан авах ажиллагааны алба нь өөрсдөө тодруулга хэлбэрээр олж тогтоосон мөртлөө энэ талаар Сангийн яаманд мөн хуулийн дагуу уламжлах ажиллагаа явуулдаггүй.
  • Худалдан авах албанууд тендерт оролцогч компаниудын ерөнхий шалгуур үзүүлэлтийг үнэлэхдээ нүдэн хяналтаар баримт бичгүүдийг хянаж байгаа нь эргээд нөгөө талдаа нийгэмд “зөвхөн цүнхний компаниуд олноороо шалгарч байна” гэсэн эргэлзээ төрүүлэхэд хүрч байна.