З.Баасанням: Авлигатай тэмцэх бидний түншлэлийн ажиллагаа өнөөдрөөс эхэлж байна

A- A A+
З.Баасанням: Авлигатай тэмцэх бидний түншлэлийн ажиллагаа өнөөдрөөс эхэлж байна

-“Олон нийтийн хяналт ба хамтын ажиллагаа” сэдэвт сургалтыг нээж Авлигатай тэмцэх газрын Тамгын хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар З.Баасаннямын хэлсэн үг-

Эрхэм хүндэт нөхөд өө, хатагтай, ноёд оо!

Олон нийтийн дэд зөвлөлийн гишүүд ээ!

Юуны өмнө Олон нийтийн дэд зөвлөлийн гишүүнээр сонгогдсон Та бүхэнд баяр хүргэе!

Улсын Их Хурал Авлигын эсрэг хуулийг шинэчлэн баталж, 2006 оны 11 дүгээр сарын 1-ний өдрөөс даган мөрдөж эхэлснээр Монгол Улсад анх удаа авлигатай тэмцэх тусгай байгууллага-Авлигатай тэмцэх газар байгуулагдан ажиллаж байна.

Авлигын эсрэг хуулийн дагуу Монгол Улсын Авлигатай тэмцэх газар нь авлигын эсрэг олон нийтийг соён гэгээрүүлэх, авлигаас урьдчилан сэргийлэх, авлигын гэмт хэргийг илрүүлэх зорилгоор гүйцэтгэх ажил, хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт явуулах, хуульд заасан албан тушаалтны хөрөнгө, орлогын мэдүүлгийг хянан шалгах ажлыг зохион байгуулах чиг үүргийг хэрэгжүүлдэг.

Авлигатай тэмцэх, түүнээс урьдчилан сэргийлэх,  авлигын нийгмийн хор аюулыг олон түмэнд ойлгуулж, авлигыг үл тэвчих үзлийг төлөвшүүлэх ажил дан ганц Авлигатай тэмцэх газрын ажил гэж ойлгож болохгүй юм. Нийгмийн энэ сөрөг үзэгдлийг арилгахад төрийн болон төрийн бус байгууллага, хэвлэл мэдээллийн хэрэгсэл, хувийн хэвшил,  иргэд, олон нийтийн идэвхтэй оролцоо, дэмжлэг туслалцаа, хамтын ажиллагаа зайлшгүй шаардлагатай.

Авлигын эсрэг  хүчтэй тэмцэл өрнүүлж амжилтад хүрсэн улс орнуудын туршлагаас үзэхэд авлигатай тэмцэх гэдэг нь зөвхөн авлигачдыг барьж хорихыг урьтал болгохоос илүүтэйгээр авлигаас урьдчилан сэргийлэх ажлыг олон нийтийн дунд хамгийн оновчтой арга хэлбэрээр зохион байгуулж, авлигыг үл тэвчих уур амьсгалыг нийгэмд төлөвшүүлэхэд бүх анхаарлаа хандуулж байна.

Мөн Авлигын эсрэг  хууль хуулийн дагуу Авлигатай тэмцэх газар нь иргэний нийгэм, хувийн хэвшил болон бусад холбогдох талуудтай хамтран ажиллаж, тодорхой үйл ажиллагаа явуулах үүрэгтэй.

2016 онд УИХ-аас Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг баталлаа. Авлигатай тэмцэх ажил нэгдсэн нэг бодлого чиглэлээр явах үндэсний хөтөлбөртэй боллоо.Энэ чухал баримт бичиг нь монгол төрийн авлигын эсрэг бодлогыг тодорхойлсны зэрэгцээ хөтөлбөрт тусгагдсан олон арга хэмжээ нь авлигын эсрэг үр дүнтэй механизмыг бий болгох нийгмийн бодит шаардлагын илэрхийлэл болсон гэж үздэг.

Авлигатай тэмцэхэд олон талын идэвхтэй, үр дүнтэй оролцоо чухал байдаг. Нийгмийн тал бүрийн институцын, ялангуяа иргэдийн хувь нэмэр, оролцоо зайлшгүй шаардлагатай. Тийм ч учраас Монгол Улсын 2005 онд соёрхон баталсан НҮБ-ын Авлигын эсрэг конвенцид иргэний нийгмийн оролцоог чухалчилсан байдаг.

Төрийн байгууллагын үйл ажиллагаа, төсөв санхүүгийн зарцуулалтад тавих иргэдийн хяналтын тогтолцоог зохистой бүрдүүлэх нь тулгамдсан асуудлын нэг болоод байна. 

Дээрх нөхцөл байдлыг бүхэлд нь шийдвэрлэх боломж олгосон Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөр буюу 6 жилийн бодлогоо Монгол Улс тодорхойлсныг би дээр дурдсан. 

Энэ бүгдийг харгалзан Үндэсний хөтөлбөрт стратегийн шинэчлэл болохуйц нэг чухал зорилтыг манай байгууллага санаачлан тусгуулсан. Энэ бол  “авлигаас урьдчилан сэргийлэх үйл ажиллагаанд иргэд, олон нийтийн хяналт, иргэний нийгмийн байгууллагын үүрэг, оролцоог нэмэгдүүлэн, идэвх санаачилгыг дэмжих” явдал юм. Уг зорилтыг хангах чиглэлээр Авлигатай тэмцэх газрын төлөвлөсөн ажлаа эхлүүлж байна. Өөрөөл хэлбэл, “орон нутгийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл болон яам, агентлагийн дэргэд авлигаас урьдчилан сэргийлэх олон нийтийн хяналтын дэд зөвлөлийг байгуулах ажил улсын хэмжээнд өрнөж байна.

Ийм учраас төрийн албан хаагчдын хууль бус үйлдэл, хүнд суртал, авлига, ашиг сонирхлын зөрчлийг мэдээлэн, хууль бус үйлчилгээнээс татгалзаж чаддаг тийм үзлийг иргэдэд төлөвшүүлэх ёстой. Үүний тулд манай байгууллага иргэдийг авлигын эсрэг соён гэгээрүүлэх, шударга ёсны ойлголт, мэдлэг олгох, мэргэжлийн туслалцаа, зөвлөгөө өгөх зорилгоор Олон нийтийн төвийг нээн ажиллуулж эхэллээ.

Авлигын эсрэг хуульд заасны дагуу төрийн үйлчилгээг олон шат дамжлагагүй болгох, ажилтнууддаа албан үүргээ гүйцэтгэхдээ баримтлах ёс зүйн хэм хэмжээ, хийж болох, эс болох үйлдлүүдийг нарийн зааглаж боловсронгуй болгоход та бүхний үүрэг, оролцоо нэн чухал гэдгийг тэмдэглэн хэлмээр байна.

Манай байгууллагаас авлигатай тэмцэх, урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх, сургалт сурталчилгааны ажлыг өргөн олон нийтэд хамгийн  хүртээмжтэй  арга, хэлбэрээр хүргэж, тайлбарлан таниулахад хэвлэл мэдээллийн хэрэгсэл, сэтгүүлчид, иргэний нийгэм, бололцоотой бусад бүх байгууллагатай олон нийтийн дэд зөвлөлөөрөө дамжуулан нягт хамтран ажиллах боломж бүрдлээ гэж үзэж байна.

Энэ ажлын эхлэлийг бид өнгөрсөн жил тавьж, Олон нийтийн дэд зөвлөлийн ажиллах журмыг Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн дарга бөгөөд Хууль зүй, дотоод хэргийн сайдтай хамтран баталж, барьж ажиллах баримт бичигтэй болгосон. Төсөв, санхүүгийн хүндрэл энэ ажлын явцад нөлөөлж, энэ оны төсвийн тодотголоор санхүүжилтийн асуудлыг шийдвэрлэж, Та бүхэнтэй гэрээ байгуулж, ажилд нь оруулах боломжтой болсон.

Авлигатай тэмцэх, шударга ёсыг бэхжүүлэх, авлигыг үл тэвчих үзэл, хандлагыг бий болгоход иргэд, олон нийт голлох үүргийг гүйцэтгэх учиртай.  

Түүнчлэн тендер зарлах, шалгаруулах ажиллагааг ил тод, нээлттэй явуулах, төсөв, хөрөнгийг үр ашигтай захиран зарцуулах, төсвийн удирдлагыг хэрэгжүүлэх шийдвэр, үйл ажиллагаа ил тод, нээлттэй, ойлгомжтой байх, түүнд олон нийт хяналт тавих мэдээллийн тогтолцоог бүрдүүлж чадвал авлигаас урьдчилан сэргийлэх үйл ажиллагааны үр дүнг сайжирна гэж бид найдаж байгаа.

Бид нийгмийн эрэлт хэрэгцээг мэдэрч ажиллах ёстой. Төрийн үйлчилгээг авахад иргэнд ямар хүндрэл учирч байна, хаана хүнд суртал байна, ямар байгууллага хаалттай ажиллаж байна, хэн гэдэг албан тушаалтан ёс зүйгүй дураараа аашилж, хууль бус шийдвэр гаргаж байна, хэний хөрөнгө, орлого өсч, үндэслэлгүй хөрөнгөжиж байгааг тогтоож, илрүүлж чаддаг, хэлж чаддаг, харж, тэмцэж чаддаг байх ёстой.

Авлигын эсрэг үйл ажиллагаанд Та бүгдийг оролцуулснаар авлигатай тэмцэх хүчин чармайлтыг эрчимжүүлэх, авлигыг үл тэвчих үзлийг төлөвшүүлэх, төрийн үйлчилгээний шалгуурыг нэмэгдүүлэх, хариуцлагыг өндөржүүлэх боломж бүрдэнэ.

Иргэд, олон нийтийн мэдээлэл авах, авлигагүй, хүнд сурталгүй төрийн үйлчилгээ хүртэх эрхээ эдлэх, төрийн үйлчилгээнд тавих иргэдийн шалгуурыг нэмэгдүүлэх, авлигын талаарх олон нийтийн мэдлэгийн түвшинг дээшлүүлэх зэрэг олон ажлыг бид хамтдаа үр дүнтэй хэрэгжүүлж чадна гэдэгт итгэж байна.

Өнөөдрийн сургалтаар Авлигын эсрэг хууль тогтоомж, Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд тус дэм болох олон талын мэдээлэл авах болно. Тухайлбал, Авлигын эсрэг хууль, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай хууль, Сонирхлын зөрчлийн хууль, Тендерийн хууль, Төсвийн хууль, Шилэн дансны тухай, Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийн тухай хууль, Олон нийтийн дэд зөвлөлийн ажиллах журам гээд судалж байж Та бүхэн зөв, шударга ажиллах нь тодорхой.  

Та бүхэн барьж ажиллах хууль, журамтайгаа сайн танилцаж, гэрээгээ сайн судлаарай. Олон нийтийн дэд зөвлөлийн гишүүн Та бүхний үг, үйлдлээс манай байгууллагын үйл ажиллагаа, нэр хүнд давхар хөндөгдөнө гэдгийг мартаж болохгүй.

Авлигатай тэмцэх бидний түншлэлийн ажиллагаа өнөөдрөөс эхэлж байна.

Авлигатай тэмцэх иргэдийн түүчээ болж хүрэлцэн ирсэн Та бүхэнд сургалтын ажиллагаанд амжилт хүсье.